ТУГ
Тугийн тухай шүлэг намайг бичлээ гэж
Тун олон хүн гайхаж магадгүй
Уужим талын дураараа шүлэгч
Улаан туг хоёр сэтгэлд нь
хамт багтахгүй байж магадгүй
Гэвч би туггүйгээр амьдрахгүй
Гэгээн үнэний тулд туггүйгээр тэмцээгүй
Энэ улаан тугийн дор сая саяараа жагссан
Эгэл түмний ижил эгэл ард байна.
Гаднаас нь хараад юм бүхнийг дүгнэгчдэд
Гартаа туг бариад хэзээ ч би харагдаагүй
Талбай дээр их жагсаалын дэргэд
Ташаа тулаад зогсож байсан байх
Өвлийн пальтоны энгэр задгай тавиад
Өндөр гоголь малгай хазгай дараад
Сахлаа засаж духаараа харсан хүн
Савхин бээлийтэй дув дуугай явсан байх.
Гэвч би өмссөн хувцас шигээн биш
Гэр орон өссөн нутаг шигээн
Эглийн эгэл хүн хүний л ижил хүн
Эх оронтой ард түмэнтэй иргэн.
Гэртээ арван зургаан цагийн ажилтай
Гэргийдээ хүүхэд шиг хайртай
Айлдаа алаг бяруу шиг номхон
Архи уудаг тамхи татдаг ийм л хүн.
Зүрх сэтгэл дотор минь , гэвч улаан туг мандаж явдаг юм
Зүйрлэшгүй хайраар би улс орондоон, туг шиг үнэнч явдаг юм
Яруу шүлгийнхээ мөр бадаг бүхэн дээр
Ялгуусан улаан тугаа сэтгэлээрээ би мандуулдаг юм.
Хаа газрын айлд ороход
Халуун цай хоолоор дайлдаг
Харин би хүн төрөлхтнийг
Халх шүлгийн сайнаар дайлна.
Сайн шүлгийг минь шилж байгаад
Сараар сонирхоно уу жилээр сонсоно уу
Гайгүй нэрэлхэлгүй ирж бай та –
Гагцхүү миний нас богинохон
Амьсгаа хураах өдрөө хүртэл
Ард овгийг шүлгээр дайлах
Аз заяандаа би бахархсаар
Алдхан биеэ тамлаж яваа юм.
Хэнзхэн биетэй минь хамт төрж
Хэт нутгаас минь халин гарч
Хэн гуайн ч өмнө намайг зоригжуулсан
Хэвлэгдээгүй гүн ухаан мину.
Өөртэй минь хамт бүү нөгчөөрэй
Өнөр нөхдөд минь эхнэрт минь
Өлгийтэй хүүд минь шүлэгт минь
Өв болон үүрд үлдээрэй.
Энэнээс өөр гүн ухаан хэрэггүй
Эрхэм өдөр ирэхдээ л ирнэ
* Эзэнт төрийн хэмхэрхий банзан дээр
Эрхэм нэрийг минь бичнэ * гэдэг шиг
Ад үзэгдсэн номын минь гар бичмэлийг
Алтаар үнэлэх цаг заавал ирнэ.
ХYН
Хөр цасан цавцайж түлээ модгүй даарваас
Хөдсөн дээлийн оронд хөдсөн дээл нь болж
Хүндэт ээжийгээн нөмөрлөхгүй бол
Хүү нь болж заяасны хэрэг юу билээ.
Хэл ам дэгдэж манай гэрийг чиглэвээс
Хэрэм хана нь болж
Амьдралын ганц ханиа аврахгүй юм бол
Амраг нь болж явсаны хэрэг юу сан билээ
Аюулт дайн дэгдэж дайсан нааш өндийвөөс
Алтан хилийн нь оронд амьд хил нь болж
Ийм сайхан орноо хамгаалахгүй юм бол
Иргэн нь болж төрсний минь хэрэг юу сан билээ.
Хүнд бэрх цагт нь хүнийхээ төлөө зовохгүй бол
Хүн болж төрсний минь хэрэг юу сан билээ!
ЗАЛУУ НАС
Хөрстийн амьдралд хөл алдсан
Хөлчүүхэн зүрхний минь тольтон дээгүүр
Шувууны сүүдэр шиг дайраад өнгөрсөн
Шунхан улаан залуу нас мину.
Амттан бүхний амтыг мэдэлгүй
Асгаж явсан залуу нас минь
Өнгөтөн бүхний өнгийг бодолгүй
Yрж явсан залуу нас минь.
Зуны шөнийн нойрыг тоолгүй
Зуун гурван учралыг мөрөөсөж
Зураг шиг охидыг тэрэг шиг дайрч
Зуурдхан мандсан залуу нас минь.
Өвлийн есийн жаврыг тоолгүй
Өөр хүний авгайд сэтгэл хаяж
Өрхний үзүүр шиг дэрвэж явсан
Өлчирхөн тэнэг залуу нас минь
Даанч чи минь удсангүй…
Даавуу хүрэм савхин бээлий шигээ
Дассан сурсан годон гэзэгтүүд шигээ
Дардан зам дээр үлджээ – залуу нас минь!
Улаанбаатарын чулуун засмалаар
Урагшаа, хойшоо, баруун тийшээ, зүүн тийшээ
Дотоод үйлдвэрийн хүнд шаахайг
Долоохон хоногт точийлдож явахдаа
Хүний сайн мууг зүүдлээ ч үгүй
Хүүхэд шиг өссөн залуу нас минь
Хүүхний сайхныг таниа нь үгүй
Хүүрзгэнэ шиг өссөн залуу нас минь.
Ангарайтсан нөхөдтэй үдшийн цагаар
Адуу шиг пижгэнэсэн залуу нас минь
Айлын чийдэн хага чулуудаад
Авирлаж явсан залуу нас минь.
Аавын хүүгийн шүр шиг хацрыг
Алгадаж явсан залуу нас минь
Адилхан нөхдийнхөө хамрын цусыг
Асгаруулж явсан залуу нас минь.
Yзсэнээ мартаж дуулснаа тогтоохгүй
Yүрдийн юм шиг дургиж явахдаа
Yймээнт хорвоогоос дахиад олдошгүй
Yнэнч ханийнхаа дэргэдүүр өнгөрч
Хоног төдий зуурдхан ханилах
Хотын хүүхний өнгөнд хууртаж
Ариухан цусаа түүний төлөө
Асгаж явсан залуу нас минь.
Оюутан ахуйн дэврүүн шүлгийн
Онгод цадигаар бялхаж явахдаа
Орчлон хорвоогийн нарийн учрыг
Олчихлоо хэмээн төөрч явсан
Ариунаас ариухан залуу нас минь
Арваадхан жилийн ханилгаатай байжээ
Халуунаас халуухан залуухан цаг минь
Хаврын үер шиг хугацаатай юмсанжээ.
Аяа хөөрхий хүний залуу нас гэж
Авч ч болдоггүй, өгч ч болдоггүй
Хэлгүй байгалийн дуугүй зарлигаар
Хэсэгхэн олддог шагнал юмуу даа.
Бусдын лангуунд энэхүү шагналаа
Бутархай мөнгө шиг тарааж хаясаар
Хүйтэн хорвоод нэг мэдэхнээ
Хүмүүний үр нүцгэрдэг байна.
Сайн ханиас хагацсан хойноо
Санан санан гунихардаг шиг
Болоод өнгөрсөн хойноо залуу насаа
Бодон бодон харуусдаг байна.
Баяртай, залуу зандан нас минь
Барилдсан гэж бодвол би ойчжээ
Уралдсан гэж үзвэл би хоцорчээ
Арилжаа наймаа хийсэн юмсанж гэвэл харин
Атархан биеийнхээ эрүүл мэндийг өгч
Алдар шүлэг хоёрыг чинь авчээ.
Хөрстийн амьдралд хөл алдсан
Хөлчүүхэн зүрхний минь тольтон дээгүүр
Шувууны сүүдэр шиг дайраад өнгөрсөн
Шунхан улаан залуу нас мину! Баяртай!
НУТГИЙН УУЛ БИД ХОšР
Энэ уул бид хоёр
Эр нөхөд шиг ижил дасал болсон юм
Харийн газар уулаа би мөрөөсдөг
Харин уул намайг мэддэггүй биз
Энэ уулын энгэрт төрсөн юм гэнэ билээ
Эхний мөрөө шороон дээр нь гаргаж
Эр хүн болж ууландаа би өслөө.
Насанд хүрч хүүхэнд сэтгэл алдаад
Намрын орой энд гэгэлзэнхэн сууж үзлээ
Найрагч болж холын нутгаас ирээд
Нанчид сөгнөнхөн бужигнаж бас үзлээ
Элдэв өнгөөр би өсөж өтөлж хувирлаа
Энэ уул харин огт хувирсангүй
Эхээс мэндлэхэд минь ямар байсан тэр хэвээрээ
Эцэг өвгөдийн үед ийм л байсан байна.
Төрөхийн минь өмнө энэ уулын бэлд
Төрийн төлөө хүн хүнээ буудсан байна
Ангийн тэмцлийн хатуу ширүүн онуудад
Ажиг ч үгүй энэ уул харж зогссон байна
Магадгүй үүгээр цэл залуу Сүхбаатар
Магсаржав вангийн цэрэгт байхдаа
Yдэлж хооллож явсан байж мэднэ
Хатан ахайгаа хүнтэй хардаж
Хамраа огтолсон нүгэлт хаан
Бүтэл нь хазайж төрийн тамгаа ганзагалаад
Бүрхэг шөнө энэ уулын бэлд уйлж явсан ч юм билүү
Эзэн Чингисийн морьт цэрэг
Энэ уулын бэлд тулалдаж явсан ч юм билүү
Эртний Хүн улсын Түмэн шаньюй гэгч
Эр бор харцагаараа ан хийж явсан ч юм билүү
Тэр байтугай насанд эртний олон галвыг үзээд
Тэнгэрийн мянган оныг олон олноор үдээд
Өөр болсон юмгүй энэ уул сүндэрлэн байна
Өвгөн болсон юмгүй энэ уул сүмбэрлэн байна.
Өвгөн болсон би харин энгэр бэлд нь нойрсон байна.
Хан уулын нас уул шигээ их юм
Хажууд нь миний нас
Хатуу хүндийг туулаагүй над шигээ өчүүхэн юм.
Халуун сэтгэлт хүн би хан ууланд дуулж явна.
НАМРЫН ТУХАЙ БОДОЛ
Намар аа гэж юу сан билээ.
Наран шарсан тал сан билүү
Найранд барьсан ая сан билүү
Нахийтал сойсон морь сон билүү
Аяа хөөрхий
Намар аа гэж юу сан билээ.
Дуулъя даа би намар юугаа
Дууланхан байж уйлъя даа
Зүү шиг цэмцгэр ээжээс төрсөн
Зүрх шиг улаан хөвгүүн явахдаа
Намар аа гэж юу байдгийг
Насандаа мартамгүй ойлгож билээ.
Алаг утсаар захалж оёсон
Алга дарам алчуур дотор
Дундуурхан бооход ч багтах байсан
Дурлал – хагацал минь учирч билээ
Намуухан зүрхийг минь анх сүлбэсэн
Наалинхай харцны торгон үзүүрийг
Нандигнанхан дурсахдаа би
Намараа ! гэж шүүрс алднам.
Намайгаа орхиод шувуу шиг буцсан
Насан багын амрагаа бодохоор
Найдваргүй хагацлыг анх үзүүлсэн
Намрын салхин амтагднам даа.
Дуулъя даа би намар юугаа
Дууланхан байж уйлъя даа
Ханагар тал тоосронхон байна
Хамхуул өвс торолзонхон гүйнэ л
Хатсан өвс тасранхан хийснэ л
Хайран чиг зуны минь гурван сараа
Аяа хөөрхий алтанхан шаргал мөртлөө
Юугаар ч цэцэглүүлэшгүй намар
Юутай чи уйтгартай юм бэ.
Зүггүй насаа орхиод ирсэн
Зүүн зүгийн уудам талд минь
Зүрх нь эмтэрсэн монгол найраг
Зүйтэйхэн дуугаа дууланхан гэгэлзэж
Уулын оройг ширтдэгсэн дээ
Уулын тэр оройд гишүүний
Улаахан навч зүрх шиг
Унан тусан сэржигнэнэм билээ
Дуулъя даа би намар юугаа
Дууланхан байж уйлъя даа
Хусан модны нарийн үзүүр
Хуурай салхинд уйлагнан байна уу даа
Хун цэнгийн цагаахан жигүүр
Yүлэн цаагуур дэвэнхэн одно уу даа
Баяр баярын нь охь манлай
Бат сэтгэлийн нь онгон сахиус –
Бадамын талиман нүдтэй төрсөн
Миний л нэгэн алдрай.
Цагаа ирэхэд хунгийн далавч шиг
Цайранхан далланхан одох болов уу даа
Сэрүүн бүсийн нуур шиг би
Сэнгэнэн уйрмагтаад үлдэх болов уу даа
Аяа хөөрхий
Намар аа гэж юу сан билээ.
Амьдралын өдрүүд олон ч гэлээ
Алагтай цоогтой байдаг юм.
Амьтны үрс олон ч гэлээ
Аягтай маягтай байдаг юм.
Хүний амьдрал урт ч гэлээ
Хүйтэнтэй халуунтай байдаг юм.
Хөвгүүд охид олон ч гэлээ
Хүслэнтэй хяслантай байдаг юм.
Амаар балгасан архийг чинь дээ хө
Хамраар гаргахад хатуухан байдагаа
Аалиар учирсан амрагийг чинь дээ хө
Хаяад явахад хэцүүхэн байдагаа
Жүнзээр уусан архийг чинь дээ хө
Цунзаар уухад хатуухан байдаг аа
Зүрхээр учирсан амрагийг чинь дээ хө
Зуурдаар хаяхад хэцүүхэн байдаг аа.
Эд бараа хуучрахад гарз нь үгүй яа
Эдлээд өнгөрсөн хүний аз гэдэг юм аа
Энхрий сэтгэл хуучрахад гарзтайханаа
Энэхэн яваа насны эз гэдэг юм аа.
Төрсөн бие үхэхэд гашуудах нь үгүй яа
Төвөг багатай үхэхийг аз гэдэг юм аа
Төвлөрсөн сэтгэл мөхөхөд гашуудалтайхан аа
Төөрч явдаг хайрын эз гэдэг юм аа
Зуны сэрүүхэн бороо
Хөшиг татан зүсэрнэ
Зулын гол шиг цэмцгэр
Хөөрхөн бүсгүй зутарна
Чулуун замгүй газраар
Шулуун явахын аргагүй
Алд хүрэхгүй шалбаагийг
Алхаад гарахын эрхгүй
Гадсан шөвгөр өсгийт нь
Газар шигдэж зовооно
Хөлөө тушсан банзал нь
Хөдлөх аргагүй шарлаана.
Хөдөлгөөн бүхэн хоригдож
Хөгшөхөд бэлдсэнээ ухаарна.
Орчлонд олон хүн мэндэлж
Орчлонг олон хүн гэтэлж
Орлого зарлага хоёр
Ургах мөхөх хоёр
Амсхийхгүй
Алаглах юм даа!
Даан ч гарзтай хүмүүс
Дараа дараагаараа явчих юм.
Огт хэрэггүй хүмүүс ч
Олон мянгаараа төрөх юм.
Yхэх ч яамай төрөхийг л
Yр дүнтэй болгомоор юм.
Сургууль элээгээд ч
Сурсан эрдэмгүй
Сул цээжилж өнгөрөөдөг
Суулга шиг хүмүүс байх юм.
Ном уншаад ч
Нотолсон ойлгоцгүй
Нойрмоглон эвшээдэг
Ногоорсон тэнэгүүд байх юм.
Тэгсэн байтлаа бүжигт
Тэлээгээ тасартал гүйж
Дэлгүүрийн арын хаалганд
Дэлүү шиг наалдах юм.
Адгийн тэднийг том тогоонд
Амьдаар нь чанаж болгох сон.
Оддыг шөнө харахад
Олон ч гэж жигтэйхэн
Очтой гэж жигтэйхэн
Одоохон нэг нь ирээд
Орчлонг Икар шиг мөргөмөөр
Омголон хурц харагдах юм.
Охидыг өдөр харахад
Олон ч гэж жигтэйхэн
Онгон ч гэж жигтэйхэн
Одоохон нэг нь ирээд
Зүрхийг минь зүсэн хатгах
Зүү шиг хурц харагдах юм.
*Монгол архины бөглөө*
Модны хожуул шиг бөх юм
Хавдаж хөштөлөө балбаад
Хагалах нь холгүй онгойлгох юм
*Московская* - гийн бөглөө
Мөгөөрс шиг зөөлхөн юм
Унжсан сэртгэрээс нь бариад
Урах мөртлөө онгойлгох юм
Монгол хүүхнийг бол
Мориор элдээд ч барьдаггүй
Ондоо зарим нь бол
Оройхон өөрөө ирнэм билээ.
Архи хүүхэн хоёр
Адилхан гэдэг ортой ч юм уу даа.
Хөгшин залуугүй уугаад л
Хөдөө гадаагүй суугаад л
Зон олон маань нэг л
Зовсон шинжтэй байх юм
Ажлын бүтээл багадаад л
Арын хаалга ихсээд л
Улс орон маань нэг л
Унасан шинжтэй байх юм
Дэгжин бүсгүйн цүнхэнд
Дэвтэр харандаа байхгүй
Yнэнч нөхрийн нь зүдрэл
Yр дүнгүй зүтгэл.
Оройн бүжгэн дээр гээгдэх
Онгон улаан зүрх бий
Ядуу шүлэгчийн өвөрт
Янчаан төгрөг байхгүй.
Залуу насны нь зүдрэл
Жаргал үзээгүй зүтгэл
Амьддаа өөрөө сонсохгүй
Алдар гавьяа нь бий!
Их хэргийг бүтээх гэж
Их хүмүүс төрдөг аж
Иймгүйсэн бол орчлон
Ингэж хөгжих ёсгүй санж.
Манайхан шиг жирийн тэнэгийг
Мандуулж орхиод эцэст нь
Хамаг соёлоо даруулах юм бол
Харанхуй бүдүүлэг байх юм санж.
Хөдөл тэртээ уулс
Хөх л буданд дуниарч
Хөвчин их дэлхий
Хөлөө жийгээд нойрсжээ
Хөмсөг байхгүй нүд шиг
Хөлчүү наран дуниарч
Хөх л манхан тэнгэр
Хөмөрч аваад ширтжээ.
Хоёр их эрхсийн
Хооронд хавчуулагдсан
Утсан голтой бид нар
Улайсанхан тарчилнам.
Зохиол бичнэ гэж
Зориуд хураасан цаасанд
Золигийн муу бясаа
Зоргоороо өндгөлжээ.
Гэргий минь цэвэрлэж
Гэмтэн бясааг цээрлүүлж
Хэлэх муу үг олохгүй
Хэтэрсэнийг нь гайхаж байна.
Yгүй гэргий минь
Yүнийг хараагаад яахав
Цаасанд салхи оруулаагүй
Цалгар намайг хараа.
Яруу найраг өндөглөөгүй хойно
Явуул бясаа өндөглөх нь тэр!
Жолооч болъё гэвэл чи
Жор номыг нь үзэхээсээ
Зам дээр хэвтээ хадаасыг
Зайлуулж сурах хэрэгтэй
Амьдрал хэмээх гинжинд хөтлүүлж
Авгай хэмээх жанжинд жадлуулж
Алжаасаар гутарсаар харьж яваа
Аягүй салхитай жихүүн өдөр
Намайг гэнэт дуудлаа
Наалинхай болоод ялдамхан
Нас биед минь нэвт шингэсэн
Нарийхан хонгор дуу байлаа.
Эргэж харлаа…Аяа!
Эр л залуу биеийн минь
Эмгэнэл баясал хоёртой
Эгнэгт холбоотой явсан
Арабка минь чи
Арван жил бодсон бодол
Арван жил зүүдэлсэн зүүд
Амрагхан найз минь байлаа!
Аяа би ингэх гэж
Арван жил мөрөөсөж
Аглаг цөлийн аянчин шиг
Ангаж цангаж явлаа
Арван жилийн цангаагаа
Алиман улаан хацар дээр
Шатаж газардсан онгоц шиг
Шархтай зүрхээрээ тайллаа.
Гунихарч бодолд дарагдан
Гудамжны сандалд удтал суулаа
Yлээх салхинд бие зарайж
Yгдэрсэн ханиад босож ирлээ
Гэвч би хаашаа очих вэ
Гэр орон үгүй боллоо
Гэргий Нина байхгүй боллоо
Гэгээн дурлал ийнхүү сөнөлөө.
Өнөөдөр мартын найман
Өөрийн амраг Нина чамдаа
Өгөх бэлэг юу ч алга
Өчүүхэн миний сэтгэл л байна
Яруу найрагчийн сэтгэл гэвч
Ямар ч эрдэнээс үнэтэй билээ
Гардаж авах азтай хүн
Галав эринд ховор билээ
Май! Миний сэтгэл!
Маргааш буцааж авна гэхгүй
Yүрд чамдаа өглөө.
Хүнд нэгийгээ муулж
Хүсэл бахыг нь хангах гэдэг
Дайчин хороогоо буруу захирч
Дайсанд тугаа алдахтай адил
Хурц мэс арьсыг зүснэ
Хурц үгс сэтгэлийг зүснэ.
Аажуухан нэг сар би
Архины лонхонд гүйлээ
Аяа хөөрхий
Амьдрахын тавилан мину!
Алдаа ослоос чиг
Айгаа нь үгүй дээ
Алдрайхан чамаасаа
Уйдаа нь үгүй дээ
Алсын зорилгоосоо ч
Ухраа нь үгүй дээ
Аялгуу дуунаасаа ч
Урваа нь үгүй дээ
Амгалан тэнэг сэтгэлийн л
Алдаа гэмээ нь алдаа даа.
Архины нөхрийг олоход
Аравхан алхах хэрэгтэй
Амьдралын нөхрийг олоход
Арвинхан алхах хэрэгтэй.
Буруугий нь өөрөө ажаад
Бусдадаа зөвийг нь хэлэх гэж
Бугын гуна шиг насаа би
Будан дунд бүрэлгэж явнам.
Хэтэрхий тоогүй явна даа гэж
Хэзээ ч намайг бүү өрөвдөцгөө
Хэрэгтэй бол түүх өрөвдөж
Хэдэн нулимс хожим дусаана биз.
Шүлгийн дэвтрээ улаанаар хавтасласан нь
Шүрийг бус цусыг дүрсэлсэн юм
Шүүн тунгаасан үг бүхний минь
Yсэг тутамд миний цус буй.
Хамаг бүхэн хаалттай
Хатуу чанд заалттай
Солгой хөгжим шиг үед
Согтуурах шиг жаргал алга.
АМРАГТАА БИЧИХ ЗАХИДАЛ
1.
Yйлийн үртэй зүрх минь
Yхлийн шарханд тарчиланхан
Өргөст цэвдэг замбуулин дахь
Өдрийн одон чамайгаа гэсээр
Ухаан минь дэнтэй дунтай
Урьхан хаврын салхи залгиж
Ууж согтууран тэнүүчилж явнам
Улсаас алдхан уйлж явнам.
2.
Хатуухан тарчиг насны минь
Ханьхан амраг Нина минь
Хархан үс минь цайгаагүй байхад
Хагацлын зовлонг амсцгаалаа даа.
Хаврын сарын арван гурванд
Хайран чиг зүрхээ нийлүүлцгээж дээ
Хагацна гэж л хагацсангүй
Хадмын муугаас хагацлаа даа.
3.
Намайг чи минь
Насаараа ч харааж болох юм.
Найргаараа би чинь
Нартад чамайг дуулна.
4.
Хамгийн сүүлд гудамжнаа
Халуун нулимсаа унаганхан
*Амаржихаар өвдлөө* гэж хэлсэн
Аяархан дууг чинь би сананам
Зангираад гарсан тэр нулимс
Залуудаа эдэлсэн зовлонгийн
Хамаг гашууныг шингээсэн юм шиг
Хачин булингартай байж билээ
Аяархан гоморхосон дуу чинь
Аварга бөмбөрцөг бүхэлдээ
Өвдөнхөн шаналаж байх шиг
Өр зүрхийг минь зүсэж билээ
Аяа үүнийг чинь би санасаар явнам
Алдрайхан бор нүдэн мину!
5.
Далдын зовлонгоо мартах гэж
Дарсны аагт сэтгэлээ хуурч
Дараалан өнгөрөх хоног бүрийг
Хөлчүүрэнхэн туулж явнам.
Орчлон хорвоод сая мэндэлсэн
Охин үрээ нүдэндээ үзэхгүй
Онгон нүүрийг нь ганц үнсэхгүй
Орох ч эрхгүй тэнэж явнам.
Аяа миний бор нүдэн минь
Алдаа бүхнийг минь уучлан давж
Аргадан хайрлаж гоморхон уйлж явсан
Амрагийн дээд амраг минь ээ!
Yхэхээс минь наана уулзвал чи
Yйлдсэн хэргийг минь уучлаарай даа.
6.
Зургаан хүнийн дунд бол
Тэнэгийг нь намайг гээрэй
Зуун хүний дунд бол
Цэцнийг нь намайг гээрэй.
Тэнэг цэцэнг хослуулж
Тэрслүүд төрөх үйлтэй
Чиний муу Чойном чинь
Чин үнэнч хүн юм сан даа.
Эвдэрч дээ. Гэхдээ намайг
Энхрий чи минь эвдээгүй
Эрхэм нөхөд минь эвдээгүй
Энэхэн үе минь эвдлээ дээ
Хайрт чамдаа би улс төр гэдэг
Хар дарсан зүүдийг яриад ч яахав!
7.
Нээрэн шүү улс төр гэгчийг
Нэвтэрхий цайлган санаатай
Амраг чам шиг минь хүн
Амар хурдан ойлгохгүй ээ!
8.
Гарцаагүй хожимдсон тэр цагт
Ганихарч битгий уйлаарай
Гараад ирсэн нулимсаа
Тас зуугаад залгиарай
Нулимс цус хоёрт дуртай
Нууцхан алдрын эздэд
Өөрийнхөө болон миний мууг
Өрсөж битгий үзүүлээрэй
Уйлна гэдэг хуучин юм
Урьд чинь олон эхнэр
Ургах нар шиг хань амрагаа
Улс төрөөр залгиулж орхиод
Зайсан толгойг ч урсвал урсмаар
Залуу хөгшингүй уйлж явсан юм.
9.
Харин чи сэтгэлээ чангалж
Хан хурмастын гурван дагина шиг
Хайртай гурван охиныг минь
Хамгаалж хүн болгоорой
Будаг шунхаар хөөцөлдөөд өнгөрөх
Булбарай тэнэгүүд болгоно уу
Аавынхаа санааг гүйцээж өгөх
Алдар цуутан болгоно уу
Өөрөө мэдээрэй би чинь
Өөр ертөнцөөс харж байя
Зэмтэй бурууг хийвэл
Зевс тэнгэр болж ниргэнэ шүү.
10.
Амрагхан бор нүдэн минь
Алагхан энэ хорвоо дээр
Чин үнэнч юмгүй гэдгийг
Чи нэгэн цагт ойлгоно
Ойлгосон цагтаа тэнэгүүдтэй
Олон үг солихоос дургүйцэж
Хэн бүхэнд инээх инээдийг
Хэрэггүй гэдгийг чи мэднэ
Нойрноос өөр эрлэг дайсангүй
Номоос өөр эрхэм ханьгүй
Яг ийм болж чадвал чи
Яахав дээ хүн болж гэж бодоорой.
Аяа хайрт минь баяртай!
Ахин учрах болов уу даа!
ШУВТАРСАН ЦАГААН БУМБА
Унтаад бослоо. Толгойноос
Уусан юмны гэг арилжээ
Уудлаад үзлээ. Хармаанаас
Улаан мөнгөний сүүлч нь дуусжээ.
Төгрөг гуйлаа. Өгөхөөсөө
Төвөгшөөх хүн олон болжээ
Сав гуйлаа. Айлуудаас
Сайн санаатан ховор болжээ
Хоршоонд орлоо. Өгөхөөсөө
Хойгуураа зарах нь их болжээ
Арайхан оллоо. Уухаасаа
Амьтанд алдах нь их болжээ
Шууд хэлэхэд одоо үе
Шувтарсан цагаан бумбандаа буужээ.
Шүлэглэсэн роман бичлээ гэж
Шүүмжид би бумбадуулсан
Гайгүй хүн гэж намайг магтаад
Гаадамба гуай бумбадуулсан
Сүрхий хээгүй явлаа гэж
Сүрэнжав маань бумбадуулсан
Уух савах нь ихэдлээ гэж
Улаан хамар бумбадуулсан
Алга болоод ирсэнгүй гэж
Авгайдаа Бадарч бумбадуулсан
Ардач үзэлтэн байлаа гэж
Ажлаасаа Нямдорж бумбадуулсан
Дотроо бодолтой хүн бүхэн
Дор дороо бумбадуулжээ.
Хөшиг татсан сэрүүн бороонд
Хөлрөх адил цонхны шил
Усан дуслаар бөнжигнүүлэн
Уйлж байгаа ч юм уу даа
Хөгшид өвгийн маань эл хуль нутаг
Хөдөө сумын минь бөглүүхэн төв
Урьдын бага нас сэтгэлд орж
Уйлмаар ч байгаа юм уу би.
Бороо хураар тэнгэр уйлахуй
Болор шил ч уйлдаг юм уу даа?
Цонхыг уйлахад хүний сэтгэл ч
Цочирдож бас уйлдаг юм уу даа.?
Yүл цонх сэтгэл гурав
Yерлэх усан хэлхээтэй ч юм уу даа!
БОДОЛ
Галбын салхинд элэнхэн
Ганихран сүүмэлзэх толгод
Газар тэнгэрийг тэлэнхэн
Гангаран сүүтэлзэх зэрэглээ
Санаа шүүрс алданхан
Сайхан амраг гэгэлзэх шиг
Цэвэрхэн чөлөөт салхин
Цэлгэрхэн цэнхэр тал мину.
Анх л багын насаа
Амрагийн зөөлөн шивнээ
Архаг тортог суугаагүй
Алсын тухай мөрөөдөл
Сархдын хор шингээгүй
Санаа амархан хайр
Бодлын хар санаагүй
Ботго шиг торомгор үе.
Ээжийнхээ идэр насан
Энэ бүхнээ орхисон
Эртний туульсын өлгий
Ээрэм цайдам тал мину!
Алсын холоос чинийхээ
Алтанхан зэрэглээг ширтнэм
Асар тагт шиг сүмбэрлэх
Борхон толгодоо зүүдэлнэм.
Яст мэлхийн зоо шиг
Ялтсан хуягтай гүвээн дээр
Салхидсан ганц тэмээ
Салж нийлэн сүүмэлзнэм.
Элсэн сайрт замхардаг
Эрэг нь үгүй горхин
Эрчлээд хаясан утас шиг
Эвхэрч хөврөн гялалзнам.
Говийн борхон дэрс
Горхийн хөвөөнд сүүмийнэм
Гоёхон амрагийн минь мөр
Дэрсэн дунд замхарчээ.
Орчлонг анх амсуулсан
Онгон багын Дууяа минь
Онгосон улаан алчуурыг чинь
Одоо болтол харсангүй л.
Хажууханд маань үүрссэн
Хазаарт морины дуутай цуг
Арван зургаатын минь инээд
Арвин талдаа замхарчээ.
Он жилийн алчуур
Олон дахин далласаар
Өнгөрсөн дуртгал дороос
Өвгөрсөн зүрх минь догдолном.
Алтан бага нас өнгөрч
Азай бууралтсан тэргүүнээ
Архины шилтэй хамт
Аваачиж нутаглуулна гэхээс
Борлог манхан толгод минь
Босон суун зэрэглээтнэм
Болчимгүй явсан нас минь
Түүний дундаас тодорном.
Аяа тал минь
Аав л ижий хоёр шиг
Амраг хагацал хоёр шиг
Амьдрал мөхөл хоёр шиг
Чи билээ…
Намайг дуудах
Нарийхан хонгор дуу
Ард минь сонсотном
Ард гэтэл хэн ч алга.
Урд минь сонстов
Урагш хартал бас алга.
Унтах нойрт сонстов
Унтаад сэрэхэд бас алга.
Энэ юу сан билээ? Гэж
Эргэн хурган чагнав
Энхрий бор нүдэнгээ
Санан байж л чагнав
Намайг дуудах
Нарийхан хонгор дуу
Хашаа байшин бүхнээс
Хар зам мод чулуунаас
Утасны шон бүхнээс
Ургамал мод бүхнээс
Уулнаас тэнгэрээс
Уураг тархинаас цуурайлнам.
Намайг дуудах
Нарийхан хонгор дуут
Амрагхан бор нүдэн минээ
Айдаа юу ч гэхэв.
Гэмшин гэмшээд хожимдож
Гэртээ би харьж чадахгүй чиг
Гагцхүү
Намайг дуудсаар байна
Нарийхан хонгор дуу…
ШYЛГИЙН ТУХАЙ ШYЛЭГ
Хаанаас чинь ийм цэцэн цэлмэг үг гардаг юм бэ гэж
Хачирхаж зарим нь тоглоом шоглоомоор асуух юм.
Хаана гоё үг байна гэж эрж сурч яваагүй болохоор
Хариулах үгээ л харин, өөрсдөөс нь гуймаар байна.
Тохойн чинээ нялхаасаа хагацал өнчрөл үзэж
Тоглоом ихтэй орчлонгийн хатуу дарсыг балгаж
Тоост энэ хорвоогийн хар цагааны ялгааг
Томоо суугаагүй мөрөндөө үүрч өссөний минь гэрч
Эрх танхил насыг минь ээрүүл адил эргүүлж
Эмзэг булбарай биед минь ааруул адил шохоорхож
Эгчмэд бүдүүн биеийнхээ нууц бүхнийг таниулсан
Эл дол хүмүүсээр энхрийлүүлж явсаны минь үлдэц
Хол нутгийн усыг аяны замд залгилж
Хорин хэлийн хөвгүүдтэй алаг цооггүй үерхэж
Хор эм хоёрыг амсах асгах зэрэгцэж
Хотын хүйтэн гудамжинд цэнгэж явсаны минь хүч
Алд энэхэн биеийнхээ эрүүл мэндийг сүйтгэж
Алт мөнгөөр үнэлэшгүй залуу насаа шийтгэж
Анир чимээгүй шөнөөр нойргүй суусны минь ач
Ардынхаа цэцэн үгийг дутуухан холбож сурсан юм.
МАРГААШ
Маргааш! Энэ ямар сонстож байна?
Магад танд шинэ өдөр шинэ өнгө сонстоно уу?
Мартсаныг санах үлдсэнийг бүтээх
Маргааш гэдэг яруу өдөр – (тэгвэл) –
Мандтугай!
Эгэл шүлэгч би*тугай*- гий нь хэлэе
Эрхэм нөхөр та*Ура*- гий нь хашгир!
Энэ зуун маань лоозонд дуртай юм
Эсэргэн үеэ л би мандтугай гэнэ!
Өнөөдрийн залгамжлагч нь маргааш билээ!
Өндрийн залгамжлагч нь намайг хэлнээ
Өргөний залгамжлагч гэж нарийныг хэлнээ
Өөрийн залгамжлагч гэж үр хүүхдээ хэльеэ!
Yр хүүхэд гэж эл биеийн минь тасархай
Yйл явдал алдар нэрийн минь хэлтэрхий
Yзэж туулсан жаргал зовлонгийн минь
Yргэлжлэл болж нэгэн охин мэндэлсэн юм.
Цэнгэлээр дульхан энэ баргар өдрүүдэд
Цэцэнд нь магтуулж тэнэгт нь зүхүүлж
Торон цаана замхрах нэр юугий минь зүүсэн
Тохойн чинээ охиноо би Хулан гэж нэрлэсэн
Эмээлт морин гатлаагүй хонгор шар цөлийн
Элсэн долгион дунд од зурах шиг дүүлж
Эрмэг хумбан туураараа говийн судсыг ханаж
Эрдэнэ болсон усыг нь олж хүртдэг амьтан
Салхинаас бусад нь унаагүй атар онгон зоондоо
Сансрын одыг тоолсон дэнсний суман судалтай
Сартай хонгор духандаа самбай шингэн хөхөлтэй
Сажлаа зөөлөн алхахдаа ч санаж сэрэхийн аястай.
Байгалийн эрх чөлөөг унаган хошоортоо зууж
Барын арьсан говьд унахдаа тэмцэж төрсөн
Уламжит энэ гөрөөсний домог болсон нэрийг
Учир мэдэхгүй нялхсын зүүн чихэнд шивнэхдээ
Алтан говийн хулан шиг эрх дураараа явахгүй ч
Аав шигээ ингэж элдэв дээдэст дарлуулж
Атомын энэ зуунд Ромын боол шиг бөхийх
Ардын бор тавилангаас алхам урагшлаг гэсэн юм!.
Тэгэхдээ миний охин гэдэг миний бие учраас
Тэрэг унаж торго өмсөж мандлаа ч гэсэн
Тэнэг өсөж тэнэж өлсөж гандлаа ч гэсэн
Тэмцэж зорьсон чигээс минь өөр зүгт явж болохгүй.
Аз жаргалгүй энэ хар бор тавилангаас маань
Алхам урагшлахдаан ардаан мартаж болохгүй
Ард гэдэг энэ даруу боловч эрэлхэг хөрснөөс
Анх ургаснаа хаа ч хэзээ ч мартаж болохгүй!
Уян сэргэг бие чинь өдөр цагаар цэцэглэж
Уран Тицианы зурсан өнгөт дагина шиг мандавч
Зүрх судсанд чинь ядуу ардын цус
Зүүд мөрөөдөл бийг мартах эрх байхгүй!
Халиу булган дээлд хааны гүнж шиг булхаж
Хар тэрэгний суудалд хайвж дайвж явсан ч
Халуун хүйтэн хоёрт хувцастай хувцасгүй явсан
Хазгай мурий эцгийгээ мариаж чи болохгүй!
Эцэг чинь хэдийгээр хазгай мурий ч гэлээ
Элэг зүрхний нь тэмүүлэл хазгай мурий байгаагүй
Эхээс анх төрөхдөө хазгай мурий байгаагүй
Эрдэм бүтээл хоёрт эрүүл мэндээ өгсөн юм!
Хаврын хавсарганд чи орос монголоор харааж
Хамар амаа таглаад оцойж ярвайх хэрэггүй
Хайр хяслын дундуур ээж бид хоёр чинь
Халх нутгийн шороон дунд үнсэлдэн баярлаж явсан юм.
Зүймэл царсан шалтай хан ордон шиг өрөөнд
Зүйл зүйлийн цэцгэс цонхон дээр ярайлгахдаа
Зүдүү ядуу бид хөлсний байр булаалдаж
Зүүрмэглэн чичирч чамайг хөхүүлж суусныг бодоорой
Тэгэхдээ охин минь чи эрх дураараа цэнгэ!
Тэнгэрээр нисэж тэнгисээр хөвж зугаал!
Уран цагаан туфли дээр ээрүүл адил бүжиглэ
Усан болор жүнзэнд алтан сархад залгил!
Согт инээ уйл! Харин хувцсаа бүү тайл!
Солиор алиар цуур! Харин улсаа бүү муул!
Амтлах сайхныг амтлаж, эдлэх сайныг эдэл!
Алдхан биеэ жаргааж хэрэгтэй бол бас зовоо!
Эл биеийн минь тасархай хуруун чинээхэн чамайг
Эрх чөлөөт иргэн Хулан хүүхэн таныг
Энэ хэсэг газар дээр эзэн хүн шиг яваг гэж
Эх эцэг хоёр чинь хатуу ширүүнийг нь үүрсэн юм.
Яруу найрагч байлаа гээд аав чинь энэ газраар
Явган мацаж өссөнөөс авто хөсөг унаагүй
Ял зэмлэл гэдэг сүүдэр шиг дагаж байснаас
Янчаан мөнгөний хэрээр ч ууж ханаж үзээгүй.
Хорин хэдтэй ээжид чинь гоёлын туфли олох гэж
Холын зам туулж Дархан хотын дэлгүүрт
Орос хүнийг царайчилж хаалгыг нь сахиж зогсоод
Олж чадалгүй буцсан нь ганц бус шүү хүү минь!
Хэдий тийм боловч өөрийнхөө энэ үеийг
Хэт нь чиний үзэх өнөр баян цагаар
Дуудлагын эдлэл шиг хэзээ ч би солихгүй
Дутуу хатуу ч гэсэн цаг үедээ хайртай би!
Ховор буурай ч гэлээ миний энэ цаг үе
Хорвоогийн гүн ухааныг алд биед минь хүртээж
Хорин хэдхэн насанд минь авьяас алдар шагнаж
Хор эм хоёрыг хайр гамгүй амсуулсан юм.
Дутуу дулим ч гэсэн шүлэгчийн жаргал эдлүүлж
Дугуй хөлтэй ч гэсэн цэвэр монгол хүүхний
Дур сэтгэлийн сайханд хүүхэд адил эрхлүүлж
Дуутай минь цуг шороот гудамжаар алхуулсан юм.
Аав чинь энэ үедээ хайртай байлаа
Алдаг оног эрх чөлөөндөө хайртай байлаа
Амьдрал тасраагүй боловч ээжид чинь хайртай байлаа.
Архи ном үзэг…Хуландаан хайртай байлаа.
Иргэн Хулан та миний маргааш мөн
Ирээдүй өөд алхах миний хөл минь мөн
Их хаалгыг нь татах миний гар минь мөн
Ийм учраас
Маргааш гэдэг цоо шинэ бүхэн
Мандтугай! гэж би бичье.
ШYЛГИЙН ШИВНЭЭ
(Дууль наймтууд)
ЭРДЭНЭЧИМГЭЭД ЗОРИУЛНА
Цэнхэртээд байгаа хангай л хайрхан чинь
Цээжин талдаа цастай л байна даа хө
Цэвэрхэн чиг төрсөн Эрдэнэчимгээтэйгээ
Цэцгийг нь гарахаар уулзая даа хө
Зүүн Сэлбийн ус нь болбол
Зүүдэн дундаа нойрсож байнаа хө
Зүйтэйхэн чиг төрсөн Эрдэнэчимгээтэйгээ
Зүлгийг нь гарахаар уулзая даа хө.
ВСТУПЛЕНИЕ
Хайрын уурхай нээх луужингийн зүү гэмээр
Хав хархан цамцтай цагаан цээж дүүхэлзэв л
Хатир жороо морь шиг усан тэлмэн нүдэнд нь
Хатуу цемент хана халуу дүүгэх шиг санагдав
Зүр шиг сайхан цогцос зүүн хөлөөрөө тэнцэж
Зүү шиг цэмцгэр бэлхүүс хотос хотос гэв л
Зүү шиг цэмцгэр түүнээс дурлалын долгион тархаж
Зүүн хөлийн нь өлмий зүрхэн дээр минь гишгэв л
ВВЕДЕНИЕ
šохор хатирах өлмий зүрхэн дээр минь нижгэнэвч
*šо!* гэж үзээгүй эр хүний зүрх сэн
šроол үгүй хагацал дээр түлхэн түлхэн бөхийлгөвч
*Байя!* гэж хэлээгүй эл дол сэтгэл сэн
Усан тэлмэн харцны чинь пулемёт адил шүршилтэнд
Урьдын шархтай зүрх минь тэсээ гэж үү шүтээн минь!
Уруул амны чинь интоорт, шүлс залгин хорхойсовч
Учир зовлон тоочиж чөлөө гуйдаг юм билүү дээ …
1.
Хонгорхон сэтгэл хичнээн зөөлөн байваас
Хорвоогийн тоглоом төчнөөн хатуу байдгийг
Yзсэн цэцэн үзээгүй тэнэг хоёрын
Yүрэх зовлон дүндээ дүн ч юм уу даа
Учрыг мэдсэн хүн өөрийгөө захирах гэж
Уураг тархин дотроо битүү зовлон эдэлнэм
Учир мэдэггүй хүн өрөөлийн хойноос үхэж
Улаан зүрхээ зүсэж ужиг зовлон амснам
2.
Онолын цэц хаялаа гэж та битгий дургүйц
Охин хонгор дүүгээс минь ялгаа юу байх вэ!
Орчлонг чамаас нуугаад би хаана нь үлдэх вэ
*Оонын хоёр эврийг ороож барьж болдоггүй юм*
Хатуу хэцүү амьдралд намайг чамтай уулзуулсан нь
Хаа холын ерөөл биш нас биеийн хяслан биз
Хар сайхан мэлмийг чинь харахгүй явах нь яав гэж
Халаг дурсан зовох урьд насны минь үйл байх яая гэхэв!
3.
Зөрүүд хатуу цагийн минь зөгнөл зүүдэнд оролгүй
Зөв буруу хоёрын минь зөрөг зам дээр учрах гэж
Гурван навчис доороо нуугдаж ургасан гүзээлзгэнэ шиг
Гунигтайхан гоо бүсгүйтэн өнгө зүстэй өсөө юү дээ?
Учиръя гэж учраагүй чиний буруу ч юм уу
Учирсанаа мартаж чадаагүй миний буруу ч юм уу
Уул уулын оргил шиг залуу насны оргил хавьд
Уруудах өгсөх хоёр ингэж учрах ч гэж дээ
4.
*Чамгүйгээр би яаж амьдарна даа!*…гэж
Час улаан торго шиг залуу насан гунихардаг
*Надгүйгээр чи яаж ч амжина билээ!*… гэж
Наргил зандан мод шиг ахимаг насан ганихардаг
Одоо тэгвэл би аль ч гунигт нь хамаарахгүй
Орон тоо завсардсан хороо хорины алдуул шиг
Залуу хөгшин хоёрын заагт бэлчих наснаас
Заавал биднийг уулзуулсан заяа тавиланд уурснам
5.
Хажуу дахиа эзлэх гэдэг хаант төрийн ёс юм
Харснаа авах гэдэг хайр хүслийн жам юм.
Ханагар энэ хорвоод хүний сувдаг сэтгэл
Ханаж цадсан түүх миний мэдэхэд байхгүй
Учир иймээс чамайг амрагаа болгож авахаар
Ужиг хүйтэн шөнүүдэд янз янзаар бодлоо би
Угаас ер нь эрцүүл түрэмгий зантай хойно доо
Уучилна биз дээ миний аминч энэхэн яриаг?
6.
. . . .. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .. . . .
. . . . . . . . . . . . . . .: . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
7.
Yнсэхээс эр нь буцахгүй, үнсүүлэхээс эм нь няцахгүй
Yзэсгэлэн залуу насаа үрэн таран хийхээс ч буцахгүй
Yхэх төрөхийн завсар дахь үйлт цэнгэлд улайрдаг нь
Yй түмний ёс хойно гайхах нь ч юу байх вэ!
Цаана нь гэтэл миний амь настай холбоотой
Цагдаж зогсоож болохгүй алс хэтийн зорилт байна
Цанхуй цэцэг шиг чиний амьдрал - дурлалтай холбоотой
Цайруулж уучилж боломгүй айл гэрийн зөрөлт байна
8.
Алиахан бага насны амгай зуузайнд хөтлүүлж
Алтнаас үнэтэй цагаа цэцэрлэгт үрж болохгүй
Анир чимээгүй дүнсийх ажил бүтээлийн өрөөнд
Амрагжин гоогийн нулимсаар шүлэг бичиж болохгүй
Хонгор чиний насанд үзэмж тэгширч өсөөд
Хорвоогийн элдэв ёсыг үнэрлээд өнгөрч болохгүй
Хоол нойроо ч хайрлалгүй бүжиглэж ханах сан гэхээс
Хоёр хөл чинь загатнаж орон гэр чинь давчиднаа.
9.
Агуу их хорвоогийн хууль гэдэг хатуу
Ажил гоёл хоёрын хувцас хүртэл тусдаа
Алтаар сэлэм давтаж, сувдаар шил зүсдэггүй
Алмаасаар шүд бүрж, торгоор бөгж хийдэггүй.
Жирийн харахад ялгаагүй ч тавилан гэдэг амаргүй
Жимс самар хоёр нэгэн мөчирт ургадаггүй
Чимхээр эс бол нэгэн савтай хоолонд
Чихэр давс хоёрыг ханатал нь хийж болдоггүй.
10.
Дагаж явахаас давж болохгүй миний ёс
Дайрч гарахаас тойрч барахгүй чиний нас
Арга ч үгүй ингэж ацан шалаанд оржээ.
Алтан сайхан хормоо алдаж уулзсан хохь нь ээ!
Гудамж зээлийн газраар наргиж тургиж явахдаа
Гуулин хөгжмийн аясаар найгаж найзалж байхуй даа
Гурван навчис доороо нуугдаж ургасан жимсэнд
Гутал шүргэн өнгөрч харалгүй явсан заяа минь
11.
*Дурлал хүчтэй байдаг!* гэж номын цитат хашгирч
Дуугүй ихэмсэг хорвоог духаараа мөргөөд дийлэхгүй
Савангийн хөөс их ч хүн зодож болдоггүй
Сахлын тонгорог хурц ч гуалин зүсэж дийлэхгүй
*Байгалийг хүн захирна!* гэж ажлын лоозон давтаад
Баригдах биегүй заяаг баглаж хүлж барахгүй
Элбэг сархад байлаа ч цай чанаж болохгүй
Эм тан байлаа ч хоол хийж болохгүй…
12.
Орчлонг согтоох үзэмж шүлэг бичихэд нэмэргүй
Орчлонг багтаах ухаан ч бүжиг хийхэд нэмэргүй
Оноож өгсөн тавиланг зөрүүлж хэрэглэж болдоггүйгээс
Од цэцэг хоёр нэг вааранд ургасангүй
- Тэргүүлэгч цэцэг болоосой гэж од доошоо тонгойном
- Тэнгэрийн од болоосой гэж цэцэг дээшээ өндийнөм.
Тэр хоёр гэвч бараа бараагаа л харалцнам
Тэнгэрийнх нь тэнгэртээ, газарынх нь газартаа… Халаг гэж!
ЭПИЛОГ
Жилийн хугацаа арван хоёр сартай билээ дүүхэй минь
Жирийн цаг арван хоёр тоотой билээ хүүхэй минь
Жинхэнэ дурлалын аяганд жимсний дарс дүүргээд
Жимийж тамшаасан шүлэг минь арван хоёр нугалаатай яа
Баяртай хонгор минь би шүлгийн шувуу
Бараахан мэлмийд минь бууж л шумбаад явлаа
Насны минь намар навчсаа гөвөөд горьгүй нь
Нарлаг холын тэнгэртээ ганганасхийгээд одъё уу даа.
ДУУЧНААС БИ ГАНЦХАН ДУУ ХYСНЭМ
Гансарсан зүрхэнд минь яруухан үнэнийг ярих
Ганцхан дууг би танаас сонсох сон гэсэн юм
Ган төмөр уярам гучин хоёртын хэлбэлзэлээр
Гангаран туналзах хоолойг чинь таалан чагнах сан гэсэн юм.
Аравдугаар сарын хорин хоёрын наран
Арван зургаан цаг дөчин минутыг зааж
Алсын цэнхэр хэц дээр алтан мутраараа тулж
*Радиогоор Цэвэлсүрэн дуулна* гэх шиг
Сэвэлзсэн салхи ч чимээ чагнан тогтов
Сэргэлэн болжмор ч дуу хүсэх шиг тогтов
Сэтгэлийн минь барометр – олон шархтай зүрх ч
Сэрүүн тунгалаг яваа даа дуу чагная гэж тогтов
Тог тог гэсээр цагийн савлуур дайвалзана
Тооцоо хэмжээт үе цааш цаашаа дайвалзана.
Тольт зүрхэн дээр минь битүү гуниг зангирна
Торгон тэнгэрт бас намрын будан замхарна
Чихээ мушгиулсан радио чив чимээгүй духайна.
Чийгт байшингийн хаалганд цоожны өнцөг цухуйна
Цэнхэрлэж байгаа агаарт өргөст торны минь дээгүүр
Цэвэлсүрэнгийн дуу өндөр аван цойлно…
Ангир шиг нисэх дууны мянган метрээс шүүрэх
Радио хэмээх шидтэн цоожны цаана чимээгүй
Аюулхай зүрх минь давчидсан миний нэгэн сэтгэл
Ая дуугаар цангаж энгэрээ маажин гансарна
Гансарсан зүрхэнд минь яруухан үнэнийг ярих
Ганцхан дууг би танаас чагная гэсэн юм.
Уул ус тал та биднийг зааглаж
Урлаг соёлын хагацлаар уйтгарт зүрхэн уйлж байна.
1957 ОНЫ ЗУН
Холын тэр алтанхан зун
Хойд нутгийн анхилуун салхи
Хурц нар ширүүн бороо нь
Хурамхан зүүдэлсэн зүүд юм сан уу?
Улаанбаатарын дуу шуугиант
Униар татсан цэнхэр өглөө
Горхийн хөвөөн дэх үдийн халуун
Гомбосүрэн, Бүдээ нар мину!
Хашааны ёроолд багсайж ургасан
Халгай шарилж нь хүртэл нэг л ондоо
Харийн орны анхилуун духинээс
Хамаагүй дотно зүрхэнд шингэсэн
Рашааны хөлийн нарийн гудамжнууд
Айлын хаалганы таван номер
Алтан шар торгон дээлтэй
Амрагхан Роза санагдах нь юу вэ?
Хорвоо ертөнцийн гижиг шиг явсан
Хорин нэгхэн насан дээрээ
Хоромхон амсаад орхисон зун минь
Хожим нь ингэж үнэд орох гэж!
Аяа хөөрхий энэ дэлхий дээр
Амьдралын замыг муугүй тууллаа
Гуниг баяслын алагхан дугарааг
Гучин дөрөв амсаж тогтоолоо
Зун шиг зун, хүүхэн шиг хүүхэн
*Зуурдын цэнгэл нойргүй шөнө*
Зураг шиг байгаль торго шиг зүлэг
Зул шиг нөхөд олныг үзлээ
Тэгтэл цөмөөр тавин долоон оны
Тэр зуныг гүйцэмгүй санагдана.
Хамгийн энгийн хамгийн богинохон
Хачин зун байжээ… Бодохоор одоо
Зүрх сэтгэл уяраад ирэх юм.
Зүйлийн бодол ундраад ирэх юм
Уйлсан нулимс дотогшоо урсахдаа
Улайссан зүрхэн дээр шар-р хийх юм.
Олон зунаас түүн шиг зун
Орчлонд дахиад олдоо гэж үү
Олон хүүхнээс Роза шиг нь
Одоо дахиад учраа гэж үү…?
Тэр зуны тэнэгхэн шүлэг шиг
Тэмүүлэл итгэл цагаан санаа
Тэнгэрлэг aйзам миний шүлэгт
Тэгтлээ одоо дуулдаа гэж үү?
Шувуу шиг явахдаа түүнтэй учирсан
Шургааг хашааны бөгчим талбар
Шавар байшингийн чийгтэй сүүдрийг
Ямар байгаль орлож чадах вэ?!
Халх даяар дуурссан хойно минь
Ханилсан нөхөд олон боловч
Хаалга гаднаас түгжиж өгсөн
Хар Гомбосүрэнг гүйцээ гэж үү?!
Зуны наранд цангахаас хашралгүй
Зуурдын бороонд халшралгүй
Хурганы багачуул шиг хөтлөлцөж явсан
Хуруухан чинээ Роза мину!
Холын тэр алтанхан зун
Хойд нутгийн анхилуун салхи
Хорин нэгэн настай минь хамт
Хоромхон зуурын зүүд байж дээ…
Д.РАВЖААГИЙН ДУРСГАЛД
Замбуутивийг элээсэн өв их түүхийн
Загал буурал санчиг болсон өвгөн их найрагчаа!
Зарчим их өвгийн минь үхэшгүй мөнхийн хүслийг
Залгамж бидэнд дуулсан өвтэгш их ухаантан!
Бийрийн торгон үзүүрээр чулуун янтайг цоортол
Биеийн алжаалыг тэвчсээр, билүүдэн бодон сууж
Билгүүн сэцэн найргийнхаа шад бүрийг хэлхэхдээ
Биднийг гэсэн сэтгэлээ үсэг бүхэнд нь шингээжээ та!
Арван ес дэх зууны феодалын балар үеэс
Алт торгонд хучаастай ноён хутагтын суудлаас
Атомын энэ зууны эрдэмт хүмүүсийг бишрүүлэх
Агуу үнэнийг айлдсан уужим буурал өвөө мину
Онгон талын нүүдэлчний морин дэл дээр дамжиж
Он цагийн шалгалтыг бүрэн бүтэн давсан
Олон дуунд бараа сүр тань тод байна.
Орчлонгийн мэргэд дотор яруу дүр чинь сод байна.
Алдарт Гүр – Эмирийг Азийн магнайд духдуулсан
Агра мөрний усан дээр Таж – махалыг цогцлуулсан
Аравын догшин гүрэнд *Сархадын дууллыг* бүтээсэн
Агуу тэр хүмүүстэй зэрэг булаалдах нь магад байна.
Хорол тоонон дор аргал түлсэн нүүдэлчин
Хорвоогийн сонгодог цэцнийг ариун сүүгээрээ угжсаныг
Хорин зууны түүхэнд алтан бэхээр тэмдэглэж
*Хоосон ядуу Дулдуйтын Данзанравжаа* гэж бичсүгэй.
БУУДУУЛСАН ШУВУУНЫ ГАНГАНААН
Хэн мэдэх вэ дээ
Хэн гуай л
Дулаахан орондоон
Дугжирч байсан юм байх
Уяхан пүрштэй ор
Усны давалгаан шиг намалзан
Улаан торгон хөнжилд
Ум зандан шиг авхайтайгаан
Хүний орчлонг мартаж
Хүслийн туйлд шартаж
Одеколон хулмас хоёрын
Онцгой үнэр өрсөлдөнө…
Цэнгэлдэн согтож
Цэмцийсэн дэрэн дээрээ
Хоёр амтаар буудуулсан юм шиг
Хос толгой нам унтав гэнэ.
- * Эрхт тэнгэрт дураар цойлсон
Энэхэн биеийг минь буудна билээ л
Энэхэн биеийн минь хэлтэрхий дээр
Эрүү толгой дугжирна билээ л
Жижиг өдийг минь дэрлэлээ гээд
Жигүүр урган нисэх үү дээ та!
Атга махыг минь идлээ гээд
Амьд мөнх явах уу даа та?
Тэнгэрийн хүрээлэнд надруу цацсан
Тэр үхэл өөрт чинь оногдоноо
Усны шувуу хүн гуай хоёрын
Утсан амь дүндээ дүнээ хө
Өөрийг чинь тэгээд арилсан хойно
Өд сөд минь хэвээр үлдэнэ ээ
Муу хүний нэр нь ч үлдэхгүй газар
Сайн шувууны өд нь үлдэх ёс бий!*
Хэн мэдэх вэ дээ
Хэн гуай л
Дулаахан орондоон
Дугжирч байсан юм байх.
Өөр амьтан бол би хүн болохсон гэхсэн
Өөрөө хүн болохоор юу ч гэх билээ
Хүн байх гэдэг бага хэргээ !
Хүслээ бүтээж илүү гарах хэрэгтэй
Гэтэл хүнээс илүү явах цагт
Гэтэж шагайх өстөн дайсан мундахгүй
Эсвэл амьтны адаг явна аа гэхэд
Эцэг эхийн алдар нэрийг хайрлах юм.
НАЙЗ НАРТАА БИЧСЭН ЗАХИДАЛ
Найз л та нартаа би захидал бичихийн учир
Нас л биеийн минь үдийн халуун өнгөрлөө
Найраг шүлгийн минь үүлэн сүүдэр нимгэрлээ
Наргиан даргиан үзэл бодол минь хувирлаа
Yеийн та нартаа би захидал бичихийн учир
Yзэх ёстойг үзэж дуулж болохыг дууллаа
Yг цаг хоёроо хэмнэдэг цаг минь боллоо
Yймээн аймаан багын зан минь хувирлаа
Өөрийн гэсэн үедээ зэргийн нөхдөө олж
Өглөө жиргэх болжморын өрөөсөн жигүүр болж
Өнөр их найргийн тэнгэрээр цойлж явахдаа
Өнөөдрийг бодвол би овоо л явсан байж магадгүй
Намайг ямар байсныг яг л тэр өдрүүдийн минь
Найраг шүлэгтэй хамт сэтгэлдээ үүрд хадгалаарай
Найрын дугарааг орхиж найзын ёсыг огоорч
Нам гүмхэн буланд нарлах цаг минь үлдлээ
Саваагүй нь үнэн гэлээ ч шүлэгч хүний сэтгэл
Салхины чиг заадаг дунд сургуулийн багаж шиг
Өглөө заасан чигээ орой солих учиргүй ч
Өсөх өтлөх хуульд хэмжээ гэж байдаг байна
Хүний мөс гэж би хүнд сайныг боддог сон
Хүмүүсийг гэсээр яваад өөрөө хохирох ёсон байна
Хүртсэн энэ бие олдсон авьяас хоёртоо
Хүнийрхүү явах юм бол амьдрсаны хэрэг юу вэ ?
Амьдрал гэж би залуу цагийн мөрөөсөл
Алдаа оноо алагласан алсын харгуй зам
Амраг бүсгүйн хүзүүн дээрх цус хурсан толбо
Архин дээр унших шүлэг найз нар гэж боддог сон
Эдэлсэн хураасан юмгүй алдрын титэм өмсөх
Эхнэрээ хоолгүй орхиод архидаж завхарч явах
Эрх чөлөөний тухай ам мэдэн дэмийрэх
Энэ бүхэндээн би өөрөөсөө ч хайртай явлаа
Ингэж явлаа гээд гийсэн нь аль вэ ? гэж
Ихэнх хүмүүс асуудагсан ( тэд ч бас тэнэг байж )
Эрэггүй урссан гол шиг хавийн газрыг чийглэж
Элсэн биедээ хүртэл цэцэг ургуулж явсан юм.
Залуу цагийн нөхөдтэй салхи залгиж явсных
Замбуутивийг ойлгож хүмүүсийн ёсыг таньжээ
Зүрхний тольтон дээр минь тонгочиж өсөх шүлгийн
Зүүд зөнд багтамгүй онгод цадигийг олжээ.
Саванд буцалсан юмны гарах нүхийг бөглөвөөс
Санаандгүй нэг газраараа тэсэрч урагдах ёс бий
Сагсуу залуу насандаа дэндүү задгай явсных
Сайн бүхнийг ч оллоо муу нэрийг ч хүртлээ
Одоо яахав надад эрлийн биш бүтээлийн цаг
Олохын төлөө бус олсон оо эдлэхийн төлөө үе
Овон товонтой замаар үсээ цайтал тэнэж
Орчлонд гайхуулах юм шүлгийн төдий үлдэж…
Эсэн бусын дэвэргэл зугаа наадам хэрүүл
Энд тэндхийн үдэшлэг гашуудал талархал дурлал
Элбэг сэтгэл гаргах туслах услах цуслах
Энэ бүхэн баяртай үймж дарвиж ханалаа
Шидийг олох эрдэм хутгийг олох увидасыг ч
Шимтэж сурах сан гэж нойргүй хонохын гарз
Шинээр бичих шүлэгт л нэгэн шад нэмэхгүй юм бол
Шинжлэх ухааны хойноос мацах цаг алга байна.
Хэн нэгнийг гийгүүлэхгүй юм бол ялихгүй туслаад ч яахав
Хэрэв өөрөө хохирох юм бол гийгүүлж туслах ч яамай
Амьтанд балаггүй л явбал агуу тус минь тэр
Аминдаа арчтай байвал алдар гавьяа минь тэр.
Хүнд хүн хэрэгтэй гээд хүртсэн бүхэнтэй наалдсанаас
Хүндлэх ёстой нөхөр тоотойхон байвал дээр
Хэтэрхий задгай нөхөр юу уруу ч түлхэж магадгүй
Хэт нь тэгээд хүнд зүсэм талх л үнэнч байна.
Сайхан хүүхэн ч гэсэндээ цаанаа ямар хүн бэ
Сар шиг гялгар мөртлөө хүйтэн цэвдэг бол яана
Сав болоод хэмжээ нь бусдын л адил болохоор
Саруул гэгээн дүр нь шүлэгт л хэрэгтэй юм шив.
Шүлэг бие хоёрыг минь хумсын төдий хүндэлдэг бол
Шүдтэй шүдгүй хамаагүй хар цагаан ялгаагүй
Нойрт жаахан сэргэг амьдралд жаахан үнэнч бол
Номтой номгүй яамай бие нь л бүтэн бол
Эцсийн эцэст тэгээд өөрөө өөртөө нөхөр
Эрслээд ирэх аюулд өөрөө өөртөө үнэнч
Энэнээс бусад нь цөм хуурамч байдгийг ухаарлаа
Эрх чөлөө гэдэг хүнд биш өөрт байна
Аргиж наргиж явсан урьдын нөхөр чинь хувирч
Адайр зожиг өвгөн улсын дунд замхарнаа
Алтан сайхан өдрүүдэд миний ямар явсныг
Алаг хонгор зүрхэндээ найз нар минь хадгалаарай
Харин ганцхан юм үүрд хэвээрээ үлдэнэ
Харанхуй шөнөөр очсон ч үүдээ яаран тайлж
Хан хорвоогийн чихэнд чимэг болгон барих
Халх шүлгээр би чинь хэнийг ч гэсэн дайлна.
Урьдын адил би шүлгэндээн үнэнч явна
Унан босон ханилсаных шүлэгтэйгээн үхнэ
Уруулын тухай сархадын тухай хүний тухай бичнэ
Улсын тухай засгийн тухай харин бичихгүй
Найрагч явна гэдэг бусдын харахад сайхан ч
Нас биед цөвтэй хатуу хөдөлмөр юм байна
Хорин хэдэн насныхаа чөмгийг дундартал суусан
Хоолгүй өдөр нойргүй шөнөөрөө хорвоод би бахархана.
Буруу ч бай зөв ч бай өврийн хулгар дэвтэр дээрхи
Бусад хэний ч бичээгүй өөрийн шүлгээрээ баярхана
Алдсан ч бай оносон ч бай шүлгийн минь зовлонг хуваалцаж
Архидаж наргиж явсан нөхдөөрөө би омгорхоно.
Насан бага л цагаас миний чиний гэлгүй
Найраг хэмээх ээжийн нэгэн сүүгээр амласан
Биеийн биш сэтгэлийн ахан дүүс минь
Бишгүй их наргилаа жинхэнэ шүлгээн бичье!
ШОРОНГИЙН МӨЧЛӨГӨӨС
Төрсөн бие эндэж
Төрийн хэрэгт чихэгдэж
Төмөр сараалжны дотор
Төөрч будилж суухад
Бусад бусдын дотроос
Буурал ээж минь санагдана
Охид охидын дундаас
Отгонхуар минь бодогдоно.
ӨНГӨРСӨН ШӨНӨ ЗYYДЭНД ЮУ ОРОО ВЭ?
Өнгөрсөн шөнө зүүдэнд юу ороо вэ ?
Өнгөт хархан мэлмийгээр духайсхийж ирээд
Өөдөөс минь дув дуугай ширтэсгээд
Өнийн явдлаар зүрхийг минь яах гэж л хөндөнө вэ ?
Хоёрхон бие хайргүйдээ салсангүй
Холдон холдон алслах харгуй замын эрхээр
Холширхон бага нас л биеийн зоригоор
Хонгор гэнэн сэтгэлээ өнчрүүлэнхэн явсан сан
Орчлон чинь оосор бүчгүй юмаа…
Оноо алдаа хоёрын минь үзүүр харагдахгүй юм
Олон даваатай хувьхан заяаны замаараа
Ойчин босон мацсаар маргааш өөдөө зүтгэх юм
Өнгөрсөн шөнө зүүдэнд юу ороо вэ ?
Өдөт шувууны жигүүр шиг ижилдэнхэн явахдаа
Өөртэй чинь би дэндүү дотно явсан юм байлгүй
Өвдөөд байна зүрх минь, өвдөөд байна даа сэтгэл минь…
ЦЭРМАА
Хөөрхий дөө миний Цэрмаа
Хөхрөөд байгаа их хотын
Альхан байшингийн ямархан өрөөнд
Амьдран суугаа болдоо миний Цэрмаа
Торонд орсон шувуухай шиг
Шоронд орсон найзынхаа тухай
Дуулаа болов уу миний Цэрмаа
Дуулаад уйлаа ч болов уу даа миний Цэрмаа.
Амьдралын даваа өндөр юм даа Цэрмаа минь
Арван түмэн нугачаатай юм даа Цэрмаа минь
Адал их хорвоогийн хүсэл хяслын талбарт
Арай ч эрт уулзаж дээ чи бидэн хоёр
Yд дундын сүүдэр шиг хоёр бага амьтан
Yерхэн найгаж явсан хотын бор гудамж
Yүр шөнийн зүүдэнд минь одоо ч гэсэн
Yзэгдээд байх юм даа хонгорхон Цэрмаа минь
Дээс харайж зураас гишгээд
Дэвхцэж байсан мухар гудамж
Гахай чулуудаж, кагор тоглоод
Ганирч байсан зах газар
Ээж аавынхаа тааруулсан мөнгийг
Эвхэж атгаад талханд гүйсэн
Усны гудамж, Төмөрчний гүүр
Улаанбаатар минь санагдаж байна
Эрвээхэй туузаа саяхан авч
Эрээн даавуугаар гоёж явсан
Хээрийн цэцэг шиг арван зургаахан насыг чинь
Хэнээс ч илүү мэднэ ээ Цэрмаа минь
Хөл бөмбөгийн хаалга болдог
Хөглөгөр цүнхээ саяхан орхиж
Хөвчийн гацуур шиг ургаж явсан
Хөвүүн насыг минь чи мэднэ ээ
Ааруул шиг чулуугаар Туулын усанд
Арван гурав долоолгон байж
Амьдрал дурлал хорвоогийн тухай
Анхан ярьсан миний Цэрмаа
Цэнхэрлээд байгаа их хотын
Цэлийгээд байгаа олон гудамжны
Альхан талд нь ямархан байшинд
Амьдран суугаа болдоо миний Цэрмаа.
МИНИЙ АЛАГ НОХОЙХОН
БОДОЛ БОДОЖ БАЙНА УУ ДАА
Yдшийн нам гүмд дэргэд минь зогсоод
Yнэнч дагуулын нүдээр өлмийг минь ширтээд
Yл мэдэг зөөлнөөр сүүл юүгээ ганхуулж
Миний алаг нохой бодол бодонхон байна уу даа?
Өнөөдрийн халуунд сүүдэр дор хөрвөөсөөр
Өнгөт торгон зүс чинь баахан тоос болжээ дээ
Саяхан зүүсэн улаан даавуу хүзүүвч чинь
Салбайгаад бүр унжиж санжиж гүйцжээ дээ
Эвий алаг минь сагсгархан шаазгай минь
Эрхлэнхэн наадаж үүгээр түүгээр гүйгээд
Эр хонгор дуугаар гав гав гэж хуцаач
Эзнийгээ дууриаж бодолд юунд дарагдаа вэ?
Саяхан их цэхэр нүдэн гөлөг байсан даа
Сагсалзсан хөдсөн бээлий шиг амьтан байж билээ
Одоо тэгэхэд том нохой болчоод бодлогоширч суух юм.
Орчлон гэдэг хурдан юм даа алаг минь
Чи орчлон гэдгийг мэдэх үү дээ ингэхэд
Чих ч үгүй сүүл ч үгүй бөөрөнхий юм бий шүү
Чинээлэг ядуу хоёрт чадалтай дорой хоёрт
Чиний зүс шиг алаг юм байдаг юм шүү
Над шиг хүн ч гэсэн чам шиг нохой ч гэсэн
Настай балчир эрдэмтэй тэнэг цөмөөр
Нарт орчлонгийн хэлгүй хуульд захирагдаж
Наашаа инээн цаашаа уурлаж явдаг юм шүү дээ
Эзэн чинь одоо үдшийн чимээгүйд ганцаараа
Элгэндээ гараа зөрүүлээд бодлогоширч байна
Алаг нохой минь чиний нүдээр намайг хэрвээ
Анзаарч харвал ямар байгаа бол доо өдийд
Дуу шуу баяр хөөр нь хэдийнэ арилаад
Духаараа шагайж алсын алс өөд гөлрөөд
Дундаа ганц нугарч хоёр хөмсөг нь мөргөлдөөд
Дуулим хорвоог огоорсон юм шиг суугаа болов уу
Өнөөдөр эзэн минь юу болчих оо вэ гэж гайхна уу?
Өрөвдөнхөн илбэж аманд минь ёотон хийж
Өвчүүг минь мааждагаа яачхаа вэ гэж бодно уу?
Өөрөө тэгээд бодол бодонхон байна уу алаг минь
Нээрэн би уйтгартай байна аа алаг минь нуугаад яахав
Нэгэн сайхан хүнийг мөрөөсөнхөн сууна нэрэлхээд яахав
Нойр хоолноос илүү хүчит нэгэн мөрөөсөл байдаг юмаа
Нохой болохоор чи мэдэхгүй байна аа алаг минь
Над шиг барааны саван адууны мах ханхлуулаагүй
Нартад бас цэвэр цээл амьтан гэж байдаг юм.
Анивчин хоёр хөмсгөө салгасхийгээд мишээхээр нь
Наалинхай аашинд нь сэтгэлийн шарх эдгэрдэг юм
Өлөн суугаагүй унаган цагаан магнайг нь
Өнгийж ирээд мушгирсан хилэн хар согсоотой
Өвлийн цасанд дуссан улаагана жимсний шүүсэрхүү
Өнгө ягаан уруултай цэмцгэрхэн амьтан байдаг юм
Нахилзах сайхан бэлхүүс нь зулзаган хусны хэвтэй
Нарийн цээл хоолой нь минь лимбэний хөгтэй
Найзтай зөөлөн ааш нь намрын салхины аястай
Насанд ганцхан заяах цэвэрхэн амьтан байдаг юм
Сайхан тийм хүнээс өртөө шуудан дамжиж
Сарын газраас ирэх захидлыг би хүлээж сууна
Сарын газраас ирэх захидал дотор хавчуулаастай
Сархад адил согтоох энхрийлэлийг би хүсэж байна
Ойлгох болов уу даа алаг минь ганцхан нохойд биш
Орчин үеийн хүнд бас энхрийлэл хэрэгтэй
Нээрэн шүү хүний сэтгэл энхрийлэлээр дутагдаж явдгийг
Нэг настай нохой байтугай тавин хэдтэй хүн ухаараагүй юм
Алаг минь дээ чамайг би энхрийлдэг шиг
Амьд хүмүүс амьдыгаа энхрийлж сураасай
Аргагүй л бид нэгэн сармагчингаас үүссэн юм гэж
Амин голоосоо хайрлан энхрийлдэг болоосой
Бүжиг дээрээс үдэш авчирсан хүүхнийг
Бухэл шөнөжингөө энхрийлэх бага хэрэг л дээ
Өглөө нь явуулчихаад хойноос нь нулимж
Өнөөх даавууг нь сэжиглэж сольдог бол ямар энхрийлэл байх вэ?
Yгүй бол амьдад нь аль мууг нь үзээд
Yхсэн хойно нь хоосон энхрийлээд юу хийх вэ
Yнэн бол үнэнээрээ энхрийлэл бол энхрийлэлээрээ
Yүрд мөнх байгаасай даа алаг минь
Анир чимээгүй үдэш оддын шивнээ дуулдам
Арван зургааны саран ойрхон юм шиг харагдана
Алаг нохой минь бас миний боддогийг бодоогүй ч
Амин хувьдаа бас нэгийг сэтгэх мэт зогсоно уу даа !
ӨВЛИЙН ХУВЦАС
Хөөрхий хоригдлуудад өвлийн норм
Хөвөнтэй хувцас тавьж өглөө
Эрх чөлөөний маань оронд засаг
Энэ удаа бүлтийтэл гоёлоо
Зүйдэл шиг алаг цоог болохоос
Зүүнээсээ дөнгөж сая гарсан дээлүүд
Хоригдол хүүхнүүдийн элдэв нэрийг
Хойно өмнөөсөө зүүсэн дээлүүд
Тортой хашааны уйдсан эрчүүлд
Торго дурдангаас илүүтэй санагднам
Бүгдээр дамжуулж эргүүлж тойруулж
Бүтэн сайны зах шиг шуугилдана.
Должин, Янжин, Цагаач ч гэх шиг
Долгор, Дулам, Тогооч ч гэх шиг
Цэрэннадмид, Ичинхорлоо ч гэх шиг
Цэвээнсугар, Дуламсүрэн ч гэх шиг
Эрдэнэчимэгээ, Нина, Сувдаа
Эрэнцэнханд, Зина, Роза
Энэ бүхэн өөрснөө ирчихсэн юм шиг
Эр хүн гэдэг бас уяхан ч юм уу даа
Шинэ даалимба хөвөн ханхалсан
Ширүүхэн хувцас нөмөрч байхдаа
Тэртээ Луусангийн олон маануудаас
Тэвэрч байх шиг аятайхан санагдана
Хувцас тавиулсан анхны шөнө
Хулгайч бүхэн амгалан нойрсоно
Хорих газрын ядрал уйтгараа
Хоромхон мартаж янагсан зүүдэлнэ
Эрээн алаг ч гэсэн энэ хувцас
Эмэгтэй хүний гараар бүтсэн юм
Хоригдол ч болсон эмэгтэй хүн
Хорвоогийн зовлонг хөнгөрүүлж өгнөм.
YСЭЭ ХЯРГУУЛАХАД БОДСОН ШYЛЭГ
Хадуур барьсан үхдэл мэт
Харгалзагч та
Халиурсан үсийг минь
Авах сан гээд байвал
Ав л даа
Авсан үс ахиад ургана
Ахиад авбал дахиад ургана
Ургасан үсийг та нар авахаас
Ургуулах толгойг та нар
Авах сан гэж бодовч
Авч чадахгүй ээ !
Эрх чөлөөтэй явахдаан
Эрэлхэж
Эмэгтэй хүний нүднээс бөмбөрүүлсэн нулимс
Энд амтагдана
Эрэмгий залуу насандаан
Эндүүрч
Эр нөхрийн хамраас дуслуулсан цус
Энд чамлагдана
Ээжийгээн зовоохон
Элгийг нь
Эмтэлж явсан зовлон гуниг
Энд амтагдана
Талын шар тарвагыг
Тарчлааж
Тамлаж алсан нүгэл хилэнц
Энд амтагдана
Энэхүү шорон гэгч гашууны эх оронд
Эрх чөлөөтэйдөөн нулимж явсан бүхний
Эрдэнэ мэт сайхан амт амтагдана
Эр нөхөр гэж
Эндүүрч явсан дайсны
Эхүүн муухай амт амтагдана
Дэргэдээс нь хараад ойлгоогүй явсан ертөнцийн
Гашуун үнэн амтагдана
Дээрээс отсон сэлэмний ирнээс дуссан
Нөхрийн цус амтагдана
ЭВЛЭРЭЛ
Амьдралтай эвлэрээгүй явсан
Атар онгон толгой би
Аймшигт шорон тантай
Албын хүчээр эвлэрье
Булангаас онилсон харуулыг
Буудчих вий гэж айсандаа биш
Нуруу уруу чичсэн жадыг
Нугасалчих вий гэж тэвдсэндээ бус
Өлөн шээс шиг шөлийг чинь
Өгөхөө болих вий гэсэндээ бус
Yмхий зооринд чинь би
Yүрд сууна гэсэндээ ч биш
Гагцхүү үйлийн эрхээр
Гашуун агаад үнэний хүчээр
Түмнийг залгисан их шорон чамтай
Түр ч гэсэн гар барьчихъя
Халуун наранд явах цагт
Хамраа чимхээд ч шагаймгүй
Харанхуй өмхий хавчигт чинь
Хавчигдахын эрхэнд эвлэрье
Саруул чөлөөтэй явах үед
Салхин доогуур нь ч оромгүй
Ижлээ худалдсан хулгайчтай чинь
Идэлцэхийн эрхэнд цуг сууя
Тэнхлүүн амьдарч явахад
Тэжээсэн нохой ч тоохгүй
Өлөнгийн шүүс шиг бантанг чинь
Өлбөрөхгүйн эрхэнд амсъя
Наранд явахад дайралдсан газраа
Намалдаглаж баймаар хуягтай чинь
Гараа хүлээстэй дарлуулахгүйн тулд
Гаран гартлаа эвлэрье
Өгнө байхаа гэж горьдсондоо бус
Өршөөнө байгаа гэж сөгдсөндөө бус
Өвдөнө зовно гэж айхдаа ч бус
Өчүүхэн амиа аврахдаа ч бус
Yсэн буурал ээждээ
Yнсүүлэх юм үлдээх гэж
Бүлтийтэл харсан амрагтаан
Бүтэн бүрэн очих гэж
Жаргасан нөхөдтэйгөөн дуулах гэж
Зовсон түмэнтэйгээн уйлах гэж
Дутуу дуугаа тэдэндээ
Дуулахын тулд би эвлэрье !
ШОРОНГИЙН ДУУ
Эль хуль - чимээгүйн дунд
Ужиг хатуу шорон
Эрлэг номун хааны орд мэт
Улсын төв шорон
Энэ зууны чимээг
өргөст тороор хориглож
Энд гагцхүү
хар төмөр ноёрхоно
Хана хэрмийн түгжээ
төмөр харжигнанхан
Хаалга үүд бүхэн нилдээ
төмөр тас нясхийн
Хатуу бат цоож цөм
төмөр янхийж
Халуун гарт хийсэн хүйтэн гавны
төмөр шархийнэ
Харуулын хутган жад
төмөр хараалаар харааж
Харгалзагчийн бууны замаг
төмөр тушаалаар тушааж
Хоригдол ачдаг тэрэгний
төмөр чингэлэг цантаж
Хоол ундны аяга
төмөр инээдээр инээж
Бос ! Суу ! гэсэн команд
төмөр авиагаар цуурайлж
Болохгүй ! Хортглоно ! гэсэн үгс
төмөр амьсгалаар давтаж
Бодит орчлонгоос ангид
төрийн чанга шоронд
Босоо хэвтээ цөм
төмрийн эрхшээлд сөгдөнө
Хүн энд
хэлгүй . . . . . . болон хувирч
Хүйтэн төмөр энд
хэмжээгүй эрхээ эдлэнхэн
Гагцхүү энд л дуулж болох –
Гав гинжний эртний дууг дуулж байна.
ТОД ХАРАА
Нэрэлхэвч нэрийн номоор бага гэгчээр
Нэрийг нь өгөхдөө ч эцэг эх нь
Толгойдоо гэгээ багатайгаа нуталж
Тодхараа гэж хүүгээ нэрлэсэн юм байх …
Бүрэнхий хонгилд бууны нохой шиг өсөж
Бүгчим өмхий агаараар нь хооллож суусаар
Бүдэг хараатай болсон Тодхараа
Бүрэн зэвсгээ агсаад намайг дуудав
Өвлийн шөнийн уртыг хороож
Өмхий шоронгийн хонгилд шүлгээ уншихыг
Өмнө нь эсвэл мод шиг номхон зогсож
Өглөө болтол нүдээ ч цавчихгүй байхыг
Хорин минут шаардаад бүтэхгүйд нь уурлав
Хонзон болгож түүний бүдүүлэг ааш нь дэндэв
Хоригдол хүүхнүүдийн өмнө бүх хувцсыг нь тайчиж
Хойш урагш нь алхуулан бүтэн цаг зугаацав
Гуйх ёсгүй уучлалыг түүнээс би гуйж
Гудайх ёсгүй толгойгоо түүнд би бөхийж
Гучин гурван жил хуримтлуулсан соёл иргэншилээ
Гутамшигтайгаар түүний өмнө тайлж хаяв
Гагцхүү та нарын өмнө би
Гаран гартлаа араатан болон хувирахаас
Yнэн шударгын өмнө та нар шиг
Yүрд араатан болж чадахгүй ээ.
ДУРЛАЛ
Дурлал гэдэг энэ орчуулгын хачин үг
Дуулиан ид хадааж байх тавиад онд
Амраг хайрын тавцанд би гарч
Аминыхаа * Ромео - Жульетт * - г би тоголсон
Өрөөлийг би хэцүүхэн хайрладаг байсан юм
Өөрөө тэр хайрандаан шатчихдаг байсан юм
Өр зүрхээн олон дахин бусдад
Өшиглүүлж хариуд нь өшиглөж явсан юм
Хорвоод хүн үүссэн цагаас эхлээд
Хорьдугаар зууны намайг хүртэл
Дурлал хайр гэдэг ийм л байсан юм санж
Дуурайснаас биш нээсэн юм алга аа !
Гэхдээ хүн хуучрахаас дурлал хуучирдаггүй
Гэнэн сэтгэл элэгдэхээс дур хүсэл хуучирдаггүй
Агаар хоол зүүд нойр шиг давтан давтан
Амтлан жаргаж болдог ид шидтэй эд юм
Дурлал гэгчээр би гэр барьж ч үзлээ
Дун цагаан ордон харш ч бүтээлээ
Дутуу дулим овоохой босгож ч явлаа
Дуусаад нурахаараа бүгд адилхан юм санж
Янаг хайрын тавцанд би олон удаа
Янз бүрийн комеди ч тоглолоо, трагеди ч тоглолоо
Ялж байна гээд ялагдаж ч үзлээ
Ялагдах тусмаа амттай юм билээ
Одоо бодоход тэр тавцан дээр би
Олсон нь бага алдсан нь их байна
Яамай тэгэхдээ хүн алсангүй хүнд алуулсангүй
Ял ч үгүй хувь нэмэр ч үгүй харин
Янаг дурлалын тавцан дээр
Яго болоогүй гавьяа бий
НУТГИЙН ДУУ
Дуулж чаддаггүй мөртлөө дуунд дуртай би
Дуу дууны дундаас түүнд л дуртай гэж
Дуулим хээр талын ардын сайхан дууг
Дурланхан бахарханхан чагнанаа би
Босоо чихтэй шаргын нь янцгаах дуу шингэсэн
Боржигин хөгтэй хуурын нарийн хялгасан дээгүүр
Бор харцагын дэвэлт шиг суналзанхан дэгдэх
Боргил чийрэг гарын дөрвөн өндгөн доороос
До мажор хэмээх цэвэр сайхан эгшигтэй
Дорнын уужим нутгийн цээлхэн дуу уянгалахад
Дов сондуул дунд нь тоглож өссөн миний
Дотор болоод сэтгэл догдлолгүй яах вэ
Дөрвөлжин чихтэй торхоо тэмээн нуруунд тэгнэж
Дөмөн дөмөн алхаагаар тэртээх замыг туулж
Амны усанд алхуулдаг нутгийн бор хүүхэн
Айргийн сөнгийн дэргэд хоолой засан суухад
Хулсан алаг лимбэний зургаан нүхэн дээгүүр
Хурын усан дусал шиг үсрэн дэгдэх хуруунаас
Хун цэнгийн дуу шиг яруухан эгшиг дуулдахад
Хуурчин хүүгийн зүрх булиглалгүй яах юм бэ
Дууны нь жигүүр дор залуу насыг амсаж
Дурлал жаргал хоёртоо хөлчүүрэнхэн өссөн би
Дуулим тэр нутагтай судас бүхнээрээ холбоотойгоос
Дуулж чаддаггүй мөртөө дуунд би дурлаж явдаг юм.
ЭХНЭР
Сар шинийн өглөө айлын бүсгүй
Шар дурдан бүсээ алдалж байгаад ороов
Шанх тавьсан үсээ илбэж байгаад тольдов
Шавхийсэн нуруугаа хотойж байгаад эргэв
Дөрвөн босоо нугалаастай хүрэн торгон дээлийн
Дөлөлзөхөөр нь үзэгдэх аржгар хурган дотор
Хажуу талдаа товчтой шөвгөрдүүхэн хром
Хазгайдуухан тавьсан хар минжин малгай
Өндөрдүүхэн нуруунд нь зохино гэдэг нь ванлий
Өчигдөрхөн энэ хүн ямаршуухан байлаа
Өрх гэрийн ёроол дахь нэргүй нэгэн зарцаас
Өнөөх харцуултай чацуухан иргэн болоод гарав
Зочилж ирсэн айлдаа дуу шуутай угтуулж
Зоог өрсөн ширээнээ суу суу гэж уриуллаа
Ихэнх өдрийг дуусан эр хүнээс дутсангүй
Инээж наргив гэнэ. Хундага өргөв гэнэ
Эр нөхрийн хаанчлалт нэгэн хэмийн тэврэлт
Энгэр хормой нь салбарсан тостой дан тэрлэг
Эрх нь дэндсэн хүүхдүүдтэйгээ хашхичиж байдаг хэрүүл
Өргөөд даагдаж өгдөггүй усны том хувин
Өчнөөн шүүрдээд хэвээрээ хог шороотой шал
Өдөржин дуусдаггүй ажил өнөөх хөө тортог
Ард нь холоо хоцорч нуруу нь тэнийх шиг болов
Ахиад тийшээ очихгүй эрх олсон шиг санав
Наран тонгойх үед айлын бүсгүй харив
Нарийн ширийн гоёлоо авдарт эвхэж хийв
Хүрэн торгоны оронд халтар тэрлэг нөмөрч
Хүйтэн хар зуухны аман дээр нь бөртөгнөв
Даарч зутарсан багачуул нь уйлан шуугьж бүслэв
Далан задгай ажил гэрт гадаагүй угтав
Даян дээрхийн өндрөөс далайн ёроолд унав
Дараах цагаан сар хүртэл 365 хоног.
Гуч хүрсэн бол та долоон жилийн хойно намайг ойлгоно
Гуч хүрээгүй бол чи олон жилийн хойно намайг ойлгоно
Гуравхан хаврын дараа дөч хүрнэ тэгэхдээ би
Гуниа нь үгүй харин баярлахын учир гэвэл
Залуу зандан явахын хор бүхнийг амсаж
Зартай цуутай явахын тэр бүхнийг эдэлж
Замбуутивийн нүүрэн дээрээс ховх арчуулах дөхсөн
Задгай дураар амьдрал минь саяхнаас тогтож байна
Цагаан жигүүрт цахлай далайн шуургыг хүсэх шиг
Цайлган залуу насанд дарвин наргихыг мөрөөсөж
Цаг хугацаа бүхнээ цаг үе шиг урсгаж
Цагдаж зогсоох аргагүй цанхаалж явсан байх юм
Алдаа оноо ихтэй эх орны минь өвөг
Алтны сайхан бүхнийг Хүннүгийн үед хаясан шиг
Аминдаа арч багатай энэ нэгэн бие минь
Амрагийн сайхан бүхнийг залуу насандаа гээжээ
Нойр хоолны оронд хотын гудамж түйвээж
Ном эрдмийн оронд хортой шингэн залгилж
Нохой явдаг жимийг бурхан явдаг замшиг
Номин дэлхий дээрээс буруугаар шилж явсан
Арван зургаан наснаас гучин гурвыг хүртэлх
Аюултай тэр давааг ахин давахыг хүсэхгүй
Амь дүйтэй шуурга ашгүй жаал намдах
Азай буурал өдрүүд минь алтнаас үнэтэй байна
Гуч хүрсэн бол та долоон жилийн хойно намайг ойлгоно
Гуч хүрээгүй бол чи олон жилийн хойно намайг ойлгож магадгүй
Гулсалт нуралт ихтэй амьдралын зам гэдэг
Гуч бус дөчин даваа байж сая тэгширдэг байна.
БYСГYЙД
Бүсгүй минь та гоо үзэмж гэдэг
Бүтэн тоннын үрлэн бөмбөгөө
Р.Чойном гэдэг тусгаар тогтносон
Энэ Бүгд Найрамдах Зүрхэн дээр минь хаялаа
Биеэ даасан амьдралын минь
Сүүлчийн цайз нуран уналаа
Би шатаж байгаа туг шиг ганхлаа
Битгий тамла бүр гүйцээгээд аль
Алаг нүдний чинь учиртай харц
Аюул ихтэй лазерын туяа шиг
Эр биеийн минь тэнгэрт нэвтэрч
Эрх чөлөөт амьдралын минь онгоцыг шатаалаа
Бэлэн шүлгийнхээ тэнгэрээс би чинь
Бэх шиг хар утаа татуулан
Унаж явна хонгор бүсгүй минь !
Унахдаа чам дээр унах нь !
Энэ – Давхилт биш Зогсолт !
Энэ – Дайсагнал биш Дурлал !
Амраг дурлал гэдэг угаас
Амттайхан дутуу үхэл билээ !
Онгон дурлалын дарсанд согтоод
Орчлонг хүн мартдаг юм
Халуун шүлэг хүйтэн компот болж
Харах хараа алдагдан явах чиг хазайдаг!
Хорвоо ертөнцийг би
Хосгүй нарийн хардаг байлаа
Хонгорхон үзэмжээрээ чи
Хоёр нүдийг минь сох хатгалаа
Yүрд чи хөтөлж явах юм бол
Yнэн сохор болсон ч яамай
Ариухан дүрийг чинь харж авснаасхойш
Ахиад би юугаа ч харах гэх вэ !
Тархи толгойгоо ажиллуулахгүй бол
Таргалж хамаг бие нь сэргэнэ
Дотор ухаанаа үргэлж тордвол
Долоон зовлого үргэлж турна
Ядуу ард ихэмсэг сайд хоёр
Яавч нэгэн гэрт багтдаггүй шиг
Хүний бие толгой хоёрын
Хүсэл нь хэзээ ч тохирдоггүй байна.
Дээхнэ үед нэг хүүхэн надад
Дэндүү сайхан харагдсан юм сан
Дэргэдэх найзад минь улам ч илүү
Дээдийн сайхан санагдсан байж
Хувийн жаргалыг нь найзаасаа
Хулгайлах зоригтой байснаас
Замбуулингийн ёсыг хүндэлж
Зайлж өгөх зүрхтэй байя даа гэсэн юм
Эдүгээ гэтэл нэг хүүхэн надад
Энхрий дотно харагдах юм…
Эмэгтэй дүү минь тэр бүсгүйтэй
Надаас өмнө муудсан юм санж
Өстөн хүнийг нь дүүгийнхээ дэргэд
Өвөртөлж хэвтээд эвдрэлцсэнээс
Өдий хүртэл болоод явсан юм
Өгөр мод шиг ганцаар явахаас.
Тэнд нэг бүсгүй … жишээлбэл та
Тэнгэрийн дор ганцаараа юм шиг
Идтэй дурлалын хүчтэй цэнгэлээр
Илүүдэж хоёрдож гуравлаж явах юм
Энд нэг хүн тухайлбал би
Эрх жаргалаас хориотой юм шиг
Дурлах дурлуулахын хүчит тэжээлээр
Дутагдаж хоосон хөхийж явах юм
Илүүгий чинь би харж байгаа шиг
Дутуугий минь та бас ойлгоод
Дундаа зохицож болохгүй гэж үү?
Тэндэх илүү эндэх дутуу хоёрыг
Тэгшитгэж өгдөг зоотехник
Тэгэхдээ хүний зоотехник олдоосой …
Хөдөлж юм оролдож байгаа хүн бүхэн
Хөдөлмөрийн баатар мөн !
Хөдөлмөрийн баатрын алтан тэмдэг зүүгээгүй ч
Хөлөрсөн хөлс нь алтан соёмбо мөн!
Алтан соёмбыг Улсын Их Хурал
Арав хорьхон гэж хэмжээ тогтоогоогүй
Ахиад хичнээн л бол төчнөөн бий
Авах эзэд нь авах хөдөлмөрөө хийцгээж л авна
Яруу хөдөлмөрөөс хэзээ ч ухралгүй
Явж давшиж чадсан хэн хүн
Ялж баатар болно дамжиггүй
Хүн бүхэн харин
Хүссэн зүтгэснийхээ зоргоор
Хүндэт яруу найрагч болчихгүй !
ЗАРИМ ОРОЙ
Тарчилж намайг яаж зовж байгааг
Танил бүсгүй минь мэддэг ч болоосой
Тайван сайхан орой гадаа уулзаад
- Та яагаа вэ ? гэж асуудаг ч болоосой
Хөндлөнгөөс нь чамайг хархад
Хөл чинь газар хүрэхгүй л явах юм
Хөгжилтэй цовоо аашны чинь цаана
Хөндүүр гуниг байдаг ч юм уу хэн мэдэх вэ
Бүстэй бүсгүй хүн бие биеийнхээ
Бүр нарийнийг ямар мэдэх биш
Алаг зүрхнийхээ ёроолыг шавхаж
Аль алиндаа ямар хэлэх биш …
Харин би л чамд яримаар байна
Хайхарч хэрвээ сонсдог сон бол чинь
Урьд харин сонсоё гэсэн хүн байхад
Уудалж ярих дургүй байж билээ …
Одоо би гэрээ санасан хүүхэд шиг
Орой болохоор гадаа ганцаар зогсох юм
Бутархай мөнгөө цувуулж гээсэн хүн шиг
Буруу зөвгүй газар шагайгаад гэлдрэх юм
Хэн нэгэнд өр алдчихсан юм шиг
Хэнгэнэтлээ санаа алдах юм
Хэнтийд биш цөллөгт байгаа юм шиг
Хэцүүхэн ганцаардаж дээ би чинь
Зураг шүлэг ном ч хэрэггүй
Зуун нөхөд байгаад ч хэрэггүй
Хааяа ингэж ганцаардан гиюүрэх
Хачин өвчин орчлонд байдаг юм
Орчлон тэгээд адармаа гаргаж
Ойртуулж биднийг дасгахгүй юм
Орой оройдоо чи бид хоёр
Нэг нь гялалзаж нэг нь бүүдийж явах юм.
Сайна уу ? гэвэл
Сайн ! гэчихдэг
Сайхан инээвэл
Муухан ярвайчихдаг
Данхыг нь сэгсэрвэл
Давсгүй цайтай
Дахиад орвол
Давгүй царайтай
Наахнуур яривал
Намжир хаямтгай
Наалдаад ирвэл
Өвчин тоочимтгой
Дээлтэй баримал шиг
Дэрийсэн хүүхэнтэй
Дэндүү найзалбал
Дэмий дээ, дэмий.
ШӨНИЙН САЛХИ
Байшингийн гэгээвчин цаана
Бараан шөнө гиншиж байна
Хартай хортой эхнэрийн дотор шиг
Хар салхин исгэрч байна.
Уйтгарт бодлууд намайг бүслээд
Унтах нойрыг минь зулгааж байна
Уйлж үлдсэн хүүхнүүдийн сүнс
Уурсаж нийлээд шуурч байна уу даа ?
ЗАМ
Өлгийнхөө дэргэдээс би холын аянд гарсан
Өнхөрч мөлхөж хөл нүцгэн гишгэж
Өсөж дэгдэж өтөлж бөгтийж
Өөрийн нэгэн замыг нэгэн насаараа хэмжиж явна
Нялуунгүй үнэнийг хэлдэг болохоор
Шулуунгүй бартаат зам оногджээ
Бартаа бүхэнд амь нас минь
Баларч сүйрэх шахаж явлаа
Улс улсаас хаяа тусгаарласан
Уулын орны хилийн зураг шиг
Yй олноос туурга тусгаарласан
Yзэл бодлын минь хил болсон
Атираатай нарийхан улаан замаараа
Амьдрал минь хүнд тэрэг шиг гэлдэрлээ
Аралд нь хатсан ясан хэдрэг морь болж
Аргагүй би биеийн туйлд хүрлээ
Унаган багын цэцэг жимст зам
Ус гаталж уул давсан зам
Улаан галыг зүсээд гарсан зам
Урьд минь биш хойно минь зурайжээ.
Алтан навчис унах намрын ойд
Амраг бидэн хоёрын зам салж
Алхах тутам цас мөс нь зузаарсан
Амьтан хүнгүй замд би ганцаардлаа
Харалган буучид хөлөө буудуулсан чоно
Хан ууланд шархаа хазлан хэмлэх шиг
Хүнд сайн яваад хүнээс олсон шархаа
Хүйтэн цөлд би ганцаар хэмлэж явна …
МЭРЭГ
Алтайн цаадах хасаг заншлаар
Аз заяагаа би мэргэлэж сууна
Тал нутгийнхаа дөчин нэгэн чулууг
Таван толгойд хуваан тасалж сууна
Энэ бүсгүйтэй уулзвал яах бол гэж
Эрээ цээргүй танилцвал яах бол гэж
Эрхэлж бүр дасалцвал ямар бол гэж
Эцэстээ бүр ханилбал ямар бол гэж
Гурав дахин татаж үзлээ
Гурван гурвын ес тасаллаа
Таслах болгонд сайн төлөг
Таван толгой дүүрэн буулаа
Тэгсэн чинь гол юм аа мартчихаж
Тэр намайг тоох эсэхийг мэргэлэсэнгүй.
ГИЮYРЭЛ
Уужим тэнгэр үүрэглэн дунайж
Уул толгод сүүмэлзэн дуниарч
Улаан наран үүлэнд шингээд
Утаа хүртэл хийсэлгүй тогтох
Обломовын төрсөн газар шиг
Оройн нам гүмд би ганцаар
Онгон сэтгэлт *Хүний хүүний*
Очих ирэхийг ажиглан суунам
Гайтай мөчийн тавилан дагаж
Гал тогооны нь халаадан завсар
Галзуу хайраа хавчуулаад орхивол
Гарч орохдоо гээчихдэг болов уу
Хол ойроос өглөө оройд
Холхисон залуус түүнийг минь олоод
Хоорондоо жаахан инээлдэж шоолоод
Хог дээр аваачаад хаядаг болов уу
Амрагтай хүний амрагаас нууж
Асман хуц шиг загная гэвэл
Мөрөөдөл дэврэлээр ч юугаа хийх вэ
Мөргөлдөх эвэр л хэрэгтэй юм сан
Эзэд ихсийн зугаа гаргах
Эртний Ромын гладиаторууд шиг
Эр хүн байж эр хүнийхээ эсрэг
Эмгэнэлийн илд өргөхөд хүрвэл
Хээрийн тосгонд уйдсан эмсийн
Хэл амны загатнаа гаргаж
Улай хүссэн дэггүй багачуулын
Уухай болоод өнгөрөхөөс цаашгүй …
Дуулим хорвоогийн аль ч насанд
Дурлал бүхэн хохирол нэхдэг
Халх байтугай аль ч нутагт
Хайр бүхэн гарз шаарддаг
Тэглээ ч гэсэн нэр бие хоёроо
Тэр чигээр нь гарзанд өгвөл
Тэнгэрийн дагина шиг амраг байсан ч
Тэврэх биегүй хохь нь болбол
Торхтой дарь уруу шүдэнз хавирсан
Томоогүй хүүхдийн үлгэр болох тул
Том гунигийг зүрхэндээ үүрсээр
Тойрохоос яахав энэхэн жаргалыг
YYРЭЭР БИЧСЭН ШYЛЭГ
Yүрээр миний хошуу
Yнсэлтэнд цуцаа юм уу
Yзэг бэх хоёр минь
Yүрэглэн нозоороо юм уу
Ард шүлэгчийн зүрх
Амрагийн өвөрт үлдээ юү
Ардаг онгон үгс нь
Айлын гэрт хоцроо юу
Хэлхье гэсэн шүлэг
Хэцүү ч болсон байх шиг
Хэлье гэсэн үг
Хэрэггүй ч болсон байх шиг
Урд хойд айлуудын
Урт хошуутнууд байтугай
Улин хуцдаг нохос хүртэл
Унтаж байдаг цагаар
Хаалгаа түгжихээр нүцгэн боссон
Хайртай миний амраг бүсгүй
Харанхуй тэнгэрийн зүүн хойд дээврийг
Хатгаж цоолсон цолмон од
Бид гурав л унтаагүй
Бие биеэ гэрчлэн үлдэв
Тэнд энд юу ч гэлцсэн
Тэнгэрийн олмон хэнд ч хэлэхгүй
Ам халаад яаж ч хуучилсан
Амраг бүсгүй минь хүнд ярихгүй
Харин би л шүлэгтээн хэлнэ
Хайрт найзууддаа уншиж өгнө
Нөгөөдөр нь болоход нууц задарч
Нөхөр дайсан хоёр ялгагдахаа болино.
Яахав тэглээ гээд бидний
Яс махнаас хорох биш
Хатан дэлхийд бидэн хоёр
Хайрласан хайраараа бахархана
Хонгор бүсгүйн дээрээс
Yүл манан шиг нөсөрч
Хорин нэгдүгээр зуунаар
Yрлэн бөмбөг цацсан
Халх шүлэгчийн махан бод
Хатуу зөөлөн ихийг үзсэн
Хангай говь хүний өөрийнд
Хайраас бусдыг нь дийлж үзсэн
Намрын харз шиг мэл харцтай
Наалинхай амрагаа хожим би
Монгол шүлгээр залуу хэвээр нь
Морьтон арддаа үлдээнэ.
М.ЦЭРЭНДУЛАМДАА
Дасаж янагласан хонгор минь ээ
Дахиад нэг шүлгийг минь уншаач
Даанч би чамдаа хайртай шигээ
Даанч бас богинохон настай шүү
Амраглалын сайханд хууртаад
Аюул бүхнийг мартаж болно
Уран шүлгийн үгэнд хууртаад
Урьдах хойтохоо мартаж болно
Сайхан чамайгаа хараад би
Сартай хорвоог мартаж болно
Муухай хүүгээ хараад чи
Муу бүхнийг мартаж болно
Харин яруу найрагчийн ард
Хариугүй ойрхон ирсэн үхлийг мартаж болохгүй
Хорвоогийн ганц үнэн тэр болохоор
Хоёр чихээ таглаад ч нэмэргүй
Янаг хонгор минь бүү гайх
Яанаа ийнээ гэж бүү гунихар
Ярих юмаа олж ядаад үүнийг хэлээгүй
Янгуурхаж үхлээр далайлгахдаан үүнийг хэлхээгүй
Амьтан бүхэн хориглож байхад
Амраглаж чи бидэн хоёр дассан
Аргагүй амрагийн хориггүй сэтгэлийг
Аймаг сумаараа дийлдэггүй юм билээ
Одоо би чинийх хонгор минь
Орчлонд би өөр хэнийх ч биш
Олны ам сайн ч байсан муу ч байсан
Осолгүй нэгэн шүлэгч чинийх болжээ
Алагтай цоогтой энэ хорвоо дээр
Авьяас адармаа хоёрыг үүрч төрсөн
Ард шүлэгчийн өнөөдрөөс хойших
Амьдрал, алдаа, алдар, амраглал, амралт
Цөм чиний юм !
Бүгдийг нь чи мэднэ
Бүтээл бүтээлийн дээдээр ургуулна уу
Бүтээлэг даавуун доогуур шургуулна уу
Бүр гэр тэрэгний морь болгоно уу
Бүгдийг нь чи мэднэ.
Харин ганцхан юмыг чи мэдэхгүй
Хайрлаж байсан ч
Хайр нь хуучраад харааж байсан ч
Хардаж, эсвэл чи өөрөө мэхэлж байсан ч
Хайхралгүй нэг л аюумшигт өдөр
Хагацал гэдэг сүрт аюул ирнэ
Түүнийг хойшлуулж урагшлуулж чи мэдэхгүй
Чин зүрхний хэмжээ харгалзалгүй
Чи үлдэж би явна
Чивэл нүгэлт хорвоогийн бахыг хангаж
Чи минь арчаагүй охин шиг уйлан хайлна.
Тэгээд яруу найрагч алга болно
Тэртээ Батноровын дулаахан харанхуй шөнүүд
Тэмтэрч нуугдаж бие биедээн очдог байсан
Тэсгэлгүй хайрт хүн чинь алга болно.
Багтартлаан чамайг тэвэрч байсан цээж
Баруун шон дээр нь 23/6 гэж сийлсэн тэр гар
Байшингийн ханан дээр зүрх зурсан хуруу
Байн байн чамайг муурч унатал үнссэн хошуу
Байхгүй болно !
Өдөр сар жилүүд
Өнгөрсөөр зузаан гуниг нимгэрнэ
Өнөө зуны нар шиг халуун хайр
Өнө эртний үлгэр домог шиг хоцрогдоно.
Байдал ямар байлаа ч гэсэн тэр цагт чи
Батноровын дэвтрийг минь сөхөх үү ?
Орчлонд ганцхан чамайг гэж явсан шүлэгчийн
Онгироо мөрүүдийг дахин унших уу ?
Цонхыг чинь тогшиход наддаан
Цочирдож байсан шигээ зүрх чинь
Хорин настай бүсгүйн өндөр хүчдэлээр
Хорвоог мартан догдолж чадах болов уу ?
Хэрвээ чадах бол чинь би
Хэцүү үхлийг зуун жилээр хойшлуулж чадна
Чадахгүй гэвэл өнөөдөр ч би
Чамайгаан орхиод нүд анихад бэлэн байна.
Хайрт чинийхээ бөгжийг би чинь
Хамгийн жижиг хуруундаа зүүлээ
Хайр гэдэг үл үзэгдэх бөгжийг харин
Хамгийн том тархиндаан хадгаллаа.
Хүний сайхан үр
Миний сайхан амраг минь !
Яахав бусдын нүдэнд чи
Ямар харагддаг нь хамаагүй
Яруу найрагчийн нүдэнд л чи
Яруу найраг болж харагддаг юм
Өөрийн минь харснаар хараагүй хүн
Өөчлөөд өөчлөөд шүлэглэхгүй
Өөрөөс минь илүүгээр харлаа ч тэд
Өргөж бас илүү шүлэглэж чадахгүй
Олж харснаараа би
Онож чамайгаа шүлэглэнэ
Зургаас амьд шүлгээрээн зурж
Зуун зууныг давуулан үлдээнэ.
Хүний сайхан үр
Миний сайхан амраг минь !
БАТНОРОВТ ЧИ БИДЭН ХОšР УЧИРЛАА
Уйтгартай газар Батноров л гэх юм
Усгүй модгүй хөгжилгүй л гэх юм
Улаанбаатараас би чамайгаа олоогүй
Учирч энэ л Батноровт даслаа даа
Батноров устай байлаа гээд
Балгах устай нь сэтгэл холбох биш
Батноров модтой байлаа гээд
Баахан модтой нь хайраа хуваалцах биш
Эхнэр хүүхдийн хов жив ихтэй
Эл хуль төвд нь чамтайгаа даслаа
Эрчтэй салхинд улаанаар эргэдэг
Элсэн дээр нь чамтайгаа даслаа
Хотод бол бульдозерын хусуурааар
Ховх түрмээр тэр муу байшин
Хоёрхон биеийн минь учран жаргах
Хорвоогийн ганц диваажин минь байлаа
Хавар цагийн өвөлжөө шиг клуб нь
Харахад муухай ч түүн дотор нь
*Халуун цас*- ыг үзэж суухдаа
Хамгийн анхны үүд минь нээгдсэн
Харилцаа холбооны өмгөр байшин
Хайстай мод нэгдлийн контор
Харанхуй шөнө унтардаг гэрэл
Энэ бүхэн биднийг учруулсан…
Баяр, гуниг, аймшиг, тайвшрал
Бараан шөнийн хомсхон жаргал…
Бас гоморхол, хайрлалаа амссан
Батноровыг бид мартаж чадахгүй.
Хоёр жигүүрийнхээ нэгийг таслуулсан шувуу шиг
Хонгор чамайгаа явуулчхаад би
Энэ байшин клуб холбоог хараад
Элэг зүрх шимшрэн гуниглах байхдаа
Урьтаад би явчих юм бол
Учран дассан уяхан чи минь
Усан нүдэлж гав ганцаараа
Уяатай ботго шиг үлдэх байхдаа
Амраг дурлал маань урвах юм бол
Аль ч газраас би Батноровт ирээд
Анхан чамтай үнсэлдсэн газар дээр
Амьсгал юугаа хураах болно.
БОДОЛ
Өчигдөрхөн чи бид хоёр бие биенээ таньдаггүй байлаа
Өнөр олны аль аманд үнэмшиж намайг чи, чамайг би
Өөчилж эсвэл үл тоон, гэтэл бас сонирхон
Өөр зуураа альбомын зураг шиг хааяа нэгнийгээ хардаг байлаа.
Намайг чамтай дасгах хувь заяаны цаг нөхцөл бүрдэж
Чамайг надтай дасгах хором мөчийн бололцоо бүхэн тохирч
Ард найрагч хоёрын хоёр зүрх бие биеэ эрэлд дуудсан
Агуу их өдрийн өчүүхэн агшинг би хэзээ ч мартахгүй
Эхэлж гох мултлах азтай сугалаа чиний зүрхэнд таарч
Рэнчиний хүүгийн зүрх Батноровын нэгэн байшингийн урд орон дээр нь
унасаан
Бууныхаа амыг эсрэг өргөх аргагүй уйлж унасан зүрх минь хөөрхий
Буг ч болсон бурхан ч болсон чамайгаан гэж бөмбөрлөө
Найрагчийн зүрхийг хөсөр сөгдүүлсэн чиний зүрх
Надад хосгүй чи өөрөө агуу гайхамшигтай хүн юм.
Алаг нүдний чинь сормуусанд хөтлөгдөн хаашаа л бол тийшээ
Аргагүй би чиний өмнө арчаагүй өчүүхэн амьтан юм.
Тэгтэл зуун жилийн хойно хүн төрөлхтөн
Тэмдэглэж чиний тухай дуурсах болов уу хайрт минь
Тэвчээр алдаж чамайгаа гэж гүйгээд чамдаа зэмлүүлж байсан
Тэнэгхэн амраг миний тухай дурсаж хөшөө баримал бүтээнэ.
Цемент чулуугаар ихэмсэгхэн боссон аварга бие минь
Цэрэндуламыгаа үгүйлж ирэх зууны ертөнцөд ганцаардан зогсоод
Амрагийг минь дурсаач, яруу шүлгүүд минь түүний хүч шүү дээ гэж
Ач гучдаа хэлье гэвч ам хөдлөх чадалгүй чулуун нүдэндээ чулуун нулимстай
зогсоно.
Гэвч хожмын хүмүүс надад хөшөө босгохоос би урьтаж
Гэрэлт ховоод хонгор чамайгаа шүлгээрээ тунхаглалаа
Гэмлэж зэмлэсэнч, дэврүүлж магтсан ч хэвээрээ байх миний шүлгүүд
Гэрэл зургууд тайлбар зүүлтэйгээн ном болон үлдэнэ вий.
Мэдээж тэр номд энэ зун надад дурсгасан чиний зураг хэвлэгдэнэ.
*Мэндбаяр овогтой Цэрэндулам найрагчийн амраг* гэж
Зургийн чинь ард наймтын үсгээр товч тайлбар хэвлэнэ.
Зуун жилийн дараах зураг хуар шиг хүүхнүүд чамд минь атаархана.
Азтай хүүхэн бэ гэж
Эрэгтэй нь ч хэлнэ
Эмэгтэй нь ч хэлнэ зургийг чинь шүтнэ.
Агуу их хүн гэж намайг тэд бодно, бас шүтнэ гэвч
Энэ биеийг минь бичсэн шүлэгтэйгээ адил байгаагүйг тэд мэдэхгүй
Эглийн эгэл, ядуугийн ядуу нэгэн ард явсан гэж тэд бодохгүй
Бас чамайг минь авааль нөхрөөсөө салж эс зүрхлэн
Батноровын хөндийд уйлж явсан зовлонтон гэж тэд итгэхгүй
Эмэгтэй нь нөхөртөө зодуулж
Эрэгтэй нь цаг үедээ зодуулсан ядуу хос
Энэ зуунд уйлж явсныг минь ирэх зуунд мэдэхгүй
Тэдний мэдэх нь энэ хоёр ч ёстой жаргасандаа гэж шагшина.
Тэр нь дээр, бүтээлчийн зовлонгоор бүтээлчийн жаргал олддог юм.
Харин чи бид хоёрт энэ зууны маань өгсөн ганц жаргал бол
Харанхуй пин, алд хүрэхгүй гэрт дэлэм хүрэхгүй модон ор
Гучин гурван хоног билээ.
НАМАЙГ ХYЛЭЭ
Гэнэхэн горьдлоор яах юм бэ
Гэгэлгэн гунигаар ч яах юм бэ
Гэргийн биш болзоотийн ёсоор
Намайгаан хүлээ !
Элдэв цуурхал дурдсан ч хүлээ
Этгээд таг чиг болсон ч хүлээ
Энэ хорвоод чи минь эс бол
Хэн намайг хүлээх юм бэ.
Чийгтэй харанхуй шөнө ч
Чимээ чагнан хүлээгээрэй
Хурц нартай өдөр ч
Хувьдаа харуулдан хүлээгээрэй
Сумын бяцхан шуудан дээр
Сураг тавин хүлээгээрэй
Суудаг байшингийхаа цонхоор
Хараа тавин хүлээгээрэй.
Уух халуун цайгаа
Yлээн үлээн хүлээгээрэй
Унтах дулаан нойроо
Yргээн үргээн хүлээгээрэй
Хайрлаж байсан хайрыг минь
Санан санан хүлээгээрэй
Ханилж явсан газруудаа
Дурсан дурсан хүлээгээрэй
Зургаан сар болсон ч
Ирнэ гэж хүлээгээрэй
Зуун жил болсон ч
Итгэл тасралгүй хүлээгээрэй
Насанд ганцхан дурлалын
Нандин бүхнээр хүлээгээрэй
Намайг үхлээ ч гэсэн
Цэвэр хэвээрээ хүлээгээрэй.
УЛААНБААТАРААС ЦЭРЭНДУЛАМДАА БИЧСЭН ЗАХИДАЛ
Алагхан хорвоогийн учир таниагүй
Арван зургаан насны минь зүүд шиг
Ашидхан тайван хөдөө тэртээд
Амрагхан чи минь сайн сууна уу
Нуурын шувуу шиг ижилдэн дассан
Нутгийн зуныг санан санан
Нууцхан гунигаа ганцаараа үүрч
Нулимс юугаа унагаж сууна уу.
Суусан явсан дурсгалт газар
Сумын төв эл хульхан
Хүү чинь тэнд үгүй болохоор
Хүйтэн баргар байгаа болов уу
Амраглан дассан сэтгэл гэдэг
Аргалж болдоггүй хэцүү болохоор
Аймгаас очдог шуудангийн замыг
Амьтнаас нууцгай ширтэн байна уу.
Зүрх зүссэн шинэхэн шарх
Зүйрлэж болом тэр замын
Холын үзүүрт би чинь чамайг
Хонон өнжин санасаар явна.
Хүний хүнийг санана гэдэг
Хүнд боловч амттай байдгийг
Идэр насандаа анзаарах нь үгүй
Ийм л хэцүү дасдаг юм байна.
Атар талдаа дураар өссөн
Ард шүлэгчийн уяхан зүрх
Алагхан нүдэнд чинь үйж унах
Аавын үеийн ерөөл юм байх
Энэ хүртэл зоргоороо явсан
Рэнчингийн хүүгийн бие сэтгэл
Эрэвгэр хөөрхөн хөмсгөнд чинь дэгээдүүлэх
Ээжийн үеийн төөрөг юм байх
Бум бужигнасан хотын газар
Бузгай охидын давалгаан дунд
Заяаны эрхээр холбогдон урсах
Завины адил ганцаардан явахад
Эрэвгэр хөмсөгтэй чамтай минь
Эн зэрэгцэх нь үгүй байна.
Дүрлэгэр нүдэн амрагтай минь
Дүйж харагдах нь алга байна.
Дүүжин холын цэнхэр уулсыг
Дүүлээд гарах чадал байвч
Дурласан зоргоор хайрт чамдаа
Дуулаад хүрэх арга нь үгүй л …
Уужим холын будант хөндийг
Уухилаад гарах тэнхэл байвч
Уярсан зоргоор чам юугаан
Уулзан тэврэх боломж үгүй л …
Алагтай цоогтой энэхэн хорвоод
Азаар дутуу төрсөн юм байлгүй
Амраг чамтайгаа дураар жаргах
Алхам газар ч олддог болоосой
Хожих дуртай энэхэн замбуулинд
Хоншоор дутуу төрсөн юм байлгүй
Хонгор чамтайгаа ханатал жаргах
Хонхор хонгил ч олддог болоосой.
Зүйтэй янагийн мөрөөсөл болж
Зүдэрсэн зүдрэлээ хэлье гэвэл хө
Зүүн тийшээ үлээх салхин дээр
Зүрхээ тавиад явуулах юм сан.
Нууцхан амрагийг санааширлаа
Нутлан багтаан хэлье гэвэл хө
Нутгийн үүлэнд нь бол
Нулимсаа дайгаад илгээх юмсан
Жаахан зургийг чинь ширтэн суухад
Жаргалын дунд зовлон амтагдах юм.
Золгож хааяа чамайгаа зүүдлэхэд
Зовлонгийн дундах жаргал амтагдах юм.
Өдрийн бодол шөнийн зүүдээ
Өгүүлж чамдаа тоочъё гэвэл
Бие сэтгэлийн зовол жаргал
Бичгийн дэвтэрт багтахгүй юм.
ЭЭЖДЭЭ АЙЛГАЖ ХЭЛСЭН YГС
Ээж ээ надад юу ч хэрэггүй
Энхрийлэл ч хэрэггүй, зэмлэл ч хэрэггүй
Эм тан ч хэрэггүй
Хутга, туухай ч хэрэггүй
Эхнэр ямар нь ч хэрэггүй
Гагцхүү Цэрэндулам л хэрэгтэй.
Амьдрал цэнгэл нь олдохгүй бол
Адаглаад бараа нь хэрэгтэй
Амраг хайр нь олдохгүй бол
Алаг нүд нь хэрэгтэй.
Алд бие нь олдохгүй бол
Зураг хөрөг нь хэрэгтэй
Амьд үхсэн сураг нь хэрэгтэй
Өөр юу ч хэрэггүй, ээжээ
Өрөвдөөч дээ намайг ээжээ
Өрвийтөл харанхуй шөнөөр
Хүүгий чинь гээд ирдэг байсан
Өнчин янзага шиг тэр амьтныг
Өрөвдөөч хайрлаач эжии минь
Хүний бүсгүй үрийг та эс өрөвдвөл
Хүй дэлхийд ямар ээж өрөвдөх юм бэ.
Хүсэхгүй байгаа бол байг л дээ
Хүүд чинь таны мянган энхрийлэл хэрэггүй.
Амрагийн минь эсрэг хэлсэн ганц үг чинь
Алаг зүрхийг минь зуу огтолж байгааг
Аяа эжий минь та мэдэж байна уу
Аавд минь та урьд хайртай байгаагүй гэж үү.
Хонгор янагийн минь надад тэмүүлсэн хайрыг
Хорин хэдэн насандаа та дайраагүй гэж үү
Хоёр нүднийхээ нулимсыг арчин арчин явж
Хотод хоригдсон аавруу минь очоо нь үгүй гэж үү.
Өөрийг чинь тэгж явахад хэн нэгний ээжий
Өөчилж ингэж хэлсэн бол танд ямар байх вэ.
Хэлүүлэх өөтэй байгаа амрагийн минь буруу юм уу
Хэрэгсэлгүй тэмүүлж байгаа нь миний буруу юм уу.
Цэцэг өргөс алагласан энэ л хорвоо дээр ижии минь ээ
Цэрэндулам үгүй бол хүүгий чинь зүрх цоо хатгуулаад байна аа.
Цэцэн тэнэг холилдсон энэ л замбуулинд ижий минь ээ
Цэрэндулам үгүй бол хүүгий чинь тархи юу ч бодож чадахгүй нь ээ.
Муухай хүү гэж алаг үрийг чинь хүн хэлээгүй байхад
Муу хүүхэн гэж амрагийг минь та хэлж яах нь вэ.
Алдаа дутагдлын минь шарх бүхнийг та элгээрээ хаагаад
Амьтанд хавчигдсан хүний үрийг ингэтлээ юунд өөчлөө вэ.
Хан хорвоод цорын ганцхан ижии танаа би
Хайрлах гомдох уурлах зэрэгцээд байна аа.
Өссөн биеэ эвдэж уйлан хайлан эх хүн болохдоо та
Өөрийнхийгөө хайрлая, өрөөлийнхийг хялайя гэж ээж болоогүй биз дээ.
ЗУСЛАНГИЙН УЯНГАТ ДУУ
Зүйл зүйлийн цэцэг хуараа хө
Зүлгээ дагаад ургаа юу даа хө
Зүйтэй төрсөн чи минь ээ хө
Зүрхээ дагаад учраа юу даа хө.
Хайтан сэндэр цэцэг хуараа хө
Хангайгаа дагаад ургаа юу даа хө
Халуун журмын чи минь ээ хө
Хайраа дагаад учраа юу даа хө.
Хүжийн үнэрт цэцэг хуараа хө
Хүрээ татаад ургаа юу даа хө
Хуний жаахан чи минь ээ хө
Хүслээ дагаад учраа юу даа хө.
ЗАРИМ ЗАРИМДАГУУДАД ЗОРИУЛСАН ШYЛЭГ
Загатнаагүй ч гэлээ миний гар
Заримуудад зориулж ганц шүлэг бичилгүй горьгүй нь
Замбараагүй дээ биш ч энэ хорвоо
Зарим нэг юмсаар гуа биеэ гутаажээ.
Замбуулин хэдий арвин тусмаа
Заваан юм төдий элбэг болжээ.
Заримдаг гийгүүлэгч ес байтал
Заримдаг хүн ерэн хувийг нь эзлэхэд хүрчээ.
Өөрснийгөө тэд хэзээ ч мэдэж чадахгүй байж
Өрөөл бусдыг тэд хэзээ ямагт
Өөчилж муучилж ховлож амьдрах нь
Өтөг шивхээр хооллогч өт хорхой мэт буюу.
Дөмгүүр ганган явбал дээрд үзэж нударган гэнэ.
Дөнгөж хувцастай явбал доорд үзэж гуйлгачин гэнэ.
Олонтой явбал атаархахдаа завхуул гэнэ
Орь ганцаар явбал аархахдаа зайгуул гэнэ.
Улаан мөнгө өөрөөсөө харамлаад өөрснөө
Ууж чадахгүй явж уусан хүнийг архичин гэнэ
Уу ид гэж зүгээр яваа хүнийг шахаж шахчихаад
Улаандаа гарсан ховдог гэж дэлхий дахинд зарлана.
Авгайгаасаа саллаа гэж өөрөө хаягдсан юм шиг уурлана
Авалгүй ганц бие явбал өөрөө суух албатай юм шиг муулна.
Амар мэндийг нь асуувал ярвалдаад хариу дуугардаггүй байж
Адилхан дуугүй өнгөрвөл их зан гаргалаа гэж уйлчих шахна.
Дориухан алхвал дайрчих шахлаа гэж гомдол тоочно
Доройхон явбал өөрөө дайрчих гээд хөл гар гишгэлнэ.
Мөнгө харуулчихвал гуйж авчхаад эргүүлж өгөхгүй
Мөнгөгүй цагтаа уулзвал нэг нүдээр харахгүй цааш эргэнэ.
Гэтэл энэ маань өөрөө ямар хүн бэ ?
Гэм буруугүй хазгай гишгэдэггүй ариухан амьтан уу ?
Гэвэл бас үгүй ээ ! Энэ хорвоод төрөөд
Гэтэж, тагнаж, ховлож, хутгаж явахаас өөрийг сурсангүй.
Ний нуугүй хэлэхэд булай бүхнийг үйлдээчин
Нийгмийн бөөс болж бусдын талхыг үмхээчин.
Зарим ийм заримдагчуудад зориулж өөрсөн шиг нь
Заваан шүлэг нэгийг бичлээ хайран ч гар минь !
МУУР
Айлын хаалга тэсгээдэггүй ногоон Доо гуай шиг
Айхтар хулгайч муур хаяагаар шургав.
Амьсгаадсан Доо гуай Хандтайгаа саймшрах шиг
Ам чөлөөгүй муур шалир шалир зажлав
Хэрэггүй ч гэсэн хэрэгтэйдээ хэрэгтэй
Хэн гуайн Хандыг Доо гуай аваад явчсан шиг
Хэт сайхан биш ч өчигдөрхөн чанасан
Хэсэгхэн зайдсыг минь муур аваад явчлаа.
Ирсэн шуудангаар над дээр
Их бууны сум дэлбэрэв
Ижий минь дарийг нь нухаж
Дүү хүүхэн маань тусгалыг нь тааруулжээ.
Гаргуундаа гарсан муу шүлэгчийг
Газар дээр нь үнсэн товрог болгочихоод
Эх охин хоёр өдийд тэнд
Эрхэм гавьяатан шиг цайлж суугаа.
Аальгүй хүүхэн хөхрөх шиг гөлгөн нохой
Ам чөлөөгүй яргин хуцав.
Архи уусан хүн хурхиран унтах мэт
Алс бөглүүд *Иж* мотоцикл пажигнав.
Нөхөр нь эзгүй явсан Халтар хүүхний
Нөхөөстэй хаалга ёслолын буудлага мэт тас няс !
Нөгөөх мотоцикл тэр л хавьд дуугаа хурааж
Нөмөрсөн хөнжил шиг хэн хүнгүй таг чиг !
Элгэн түмнийхээ зовлон зүдүүрийг цуглуулж
Эгэл шүлэгч хуудас цаасан дээр зовдог юм.
Ядуу чадуу бүхний жаргал цэнгэлийг нийлүүлж
Яруу найрагч хүн хундага дарсан дээр жаргадаг юм.
Бишид хүний нэгэн насандаа амсахыг
Бичгийн хүн нэгэн суудал дээр амсдаг юм.
Иймийн учир хөөрхий бидний нас богинохон
Илүү харагчдад өөлүүлж чичлүүлэх нь хамгийн түрүүнд !
ХYYХЭД МИНЬ
Усны шувууны ангаахай шиг
Улаан цурав нялхаас чинь
Уцаарлаж үглэж явсныг минь
Уучлаарай хүүхдүүд минь
Дэргэд чинь байхад та нарын
Дэггүй, зүггүй, бүтэлгүй, бодолгүй нь
Дэндүү юм шиг санагдаад
Дэглэж сургах гэж зүдэрсэн сэн
Томоо суух чинь удаадаад
Тоглож шуугих чинь ихдээд
Барьсан тавьсан чинь дандаа л
- Байг ! Битгий ! гэж зандчуулж
Тарьсан хэрэг чинь тоо байхгүй
Татсан асгасан чинь тойм байхгүй
Хийсэн бүхэн чинь дутуудаад
Хий л аав чинь уурладаг сан …
Гэсэн атлаа та нарыг
Гэрээс гаруутаа санадаг сан
Хол ойр хөндий явахдаа
Хоёр дахь шөнөөсөө зүүдэлдэг сэн.
Томоогүй багын тэнэгхэн явдлууд чинь
Том хүний цэцэрхэлээс ч сайхан
Хашхираан, шуугиан, уйлаан чинь
Хаанахын ч хөгжмөөс илүү санагддаг.
Гадна бие минь тэртээд явавч
Дотно бие минь гэртээ үлдээд
Yдэш өглөөгүй намайг чангааж
Yргэлж яарсаар гэрээн зүглэдэг …
Хэрүүлийн нэмэр гэж мэдсээр байж
Хэврэгхэн тоглоом, харандаа, цаас
Элдэв чихэр цүнхэндээ чихэж
Эцэг хүний ачаа хүндэрдэг …
Харааж загнасанд минь гомдоо болов уу гэж
Халуун байвал халаа болов уу гэж
Хайрам хүйтэн бол даарч байгаа болов уу гэж
Харанхуй байвал айж байгаа болов уу гэж
Хувцас хунар нь хиртээ болов уу гэж
Хуруу гараа түлээгүй байгаа гэж
Өлсөж цангаж суугаа болов уу гэж
Өдөр шөнөгүй боддог юм.
Халыг минь та нар марталгүй гоморхож
Хайрыг минь ойлгоогүй ч байж болно.
Зүсийг минь та нар андахгүй ч гэлээ
Зүрхийг минь таниагүй ч байж болно.
Yглэдэг эрүү маань далд орлоо гэж
Yүрд чөлөөтэй амар боллоо гэж
Балчир цагийнхаа гэнэхэн ухаанаар
Баярлаж ч болно миний хойноос …
Надаас хойш алдаж оноход чинь
Нартаас би олдохгүй ч байж болно
Эсвэл надаас цэцэн аав ч олдож болно
Энэ нь надад хамаагүй ээ !
Гарыг чинь ганзаганд
Хөлийг чинь дөрөөнд хүргэж
Одоо давгүй боллоо гэдгийг нүдээрээ үзээд
Орхихдоо сэтгэл амар нүд аних гэсэн юм.
Эцгийн энэхүү бодол минь биелбээс
Эцсийн мөч хувийн үхэл минь яамай !
Энэхэн бие минь та бүхэн болоод
Эргэх хорвоод залуусан үлдэх юм чинь !
Усны шувууны ангаахай шиг
Улаан цурав нялхаас чинь
Уцаарлаж үглэж явсныг минь
Уучлаарай хүүхдүүд минь.
БИ ТИЙРЭН БОЛЖ ЗYYДЭЛЛЭЭ
Би тийрэн болж зүүдэллээ
Биеэсээ том алтыг өргөж байна гэж зүүдэллээ.
Бишид хүмүүст түүнийгээ хувааж өгч байна гэж зүүдэллээ.
Би чи гэж хэрэлдэхийг нь чагнанхан зүүдэллээ.
Алт авсан нь намайг үнсэж байна гэж зүүдэллээ.
Алт аваагүй нь намайг үх гэж байна гэж зүүдэллээ.
Алт хүнээс үнэтэй байдаг гэдэг
Аанай л бас хэвээрээ л юм байна даа.
Би тийрэн болж зүүдэллээ.
Бийрээр зуршгүй гоо дүрийг олж зүүдэллээ.
Билгүүн цагаан сарнай шиг бүсгүйд очиж байна гэж зүүдэллээ.
Битгий яваачээ гэж гуйхыг нь сонсож байна гэж зүүдэллээ.
Надтай ойртсон нь учран хайж байна гэж зүүдэллээ.
Надтай ойртох гэж бусад нь уралдаж байна гэж зүүдэллээ.
Нарийн ухаанаас өнгө царай илүү байсан гэдэг
Намдаагүй дордоо юм шив дээ.
Би тийрэн болж зүүдэллээ.
Бичсэн номоо өөрөө хэвлэж байна гэж зүүдэллээ.
Бишид нөхөдийнхөө бүтээлийг ботилж байна гэж зүүдэллээ.
Бишгүй олон мянгаар нь хувилж байна гэж зүүдэллээ.
Шүлгийг минь дарж байсан хүмүүс үнсэж байна гэж зүүдэллээ.
Шүүмжлэн дайрч байсан хүмүүс намын *Yнэнд* магтаж байна
гэж зүүдэллээ.
Зүтгэлээс зусар нь үнэтэй байсан гэдэг
Зүгээр болоогүй улам дордоо юм шив дээ.
Би тийрэн болж зүүдэллээ
Бишид хүмүүсийг чадах гэж
Далай тивийн эм мангастай
Даамай амраг ханиллаа гэж зүүдэллээ.
БУХ
Аадрын хар үүл шиг
Аварга хар бух
Арханд минь ирээд
Аянга шиг хүржигнэв.
Сүүдэр туссан уул шиг
Сүрлэг хар бух
Сүргээ харамлаж ирээд
Сүнс зайлтал урамдав.
Голын усанд хувцсаа угааж
Гон биеэрээ нүцгэн суугаа
Би бол бухын дэргэд
Бичгийн харандаа шиг өчүүхэн амьтан.
Сүрдэж айхдаа тохойн чинээ
Сүүдэр минь ч арилах шиг
Чимээ дуунд нь нам цохиулж
Чих минь томорч, бие минь жижигрэх шиг
Бухны сүр улам нэмэгдэж
Бут сөөгийг эврээрээ онгилж
Булга татсан шороо чулууг
Булиа сэрвээн дээгүүрээ самран цацав.
Дохионы гэрэл шиг час улаан нүдтэй
Долоон тоннын самосвал шиг сүрт бух
Хонины дайтай хуухнаг унжуулж
Хот айлд хавтгайд нь агсам тавив.
Олон жил сайд явсан эр шиг
Овор бүдүүн тас хар бух
Ойчтолоо уусан архаг бөх шиг
Олиггүй тэнэг хар бух
Yнээнүүдээ надаас биш
Yржлийн зоотехникчээс харамлахаа
Yнэхээр мэдэхгүй болохоор чи
Yхрийн хүү үхэр юм даа!
ӨВГӨН БОЛЛОО БИ
Нээрэн энэ чинь юү вэ ?
Нэрэлхээд яах вэ
Нэр төр бие бялдар зүс царай
Нэг үеэ бодвол өвгөн болжээ.
Yнэндээ нэг үе ч мөн
Yдийн нар шиг явж гэм
Yй олон шүлэгт тэр үе минь дүүрэн болохоор
Yүн тухай үл өгүүлэн өгүүлэх нь :
Хорьтой залуусын жавхаа
Хонгорхон охидын инээдэм
Хоорондоо хэлцэх дэврүүн хөнгөн яриа
Хорвоогийн амьд толь энэ байна.
Өчигдөрхөн би ийм явснаа
Өнөөдөр би ийм байгаа юм шиг санаж
Өнөд би ийм л байх юм шиг бодож
Өдөж шуугих гээд тэднийг үргээв.
Халуу дүүгсэн бүжгийн хүрээлэнд
Хамт эргэх гээд хөл минь цуцав, хөлс минь дуслав.
Хан уулын эгц оргил өөд
Хамт авирах гээд тэнхээ минь дутав, тэндээ хоцров.
Ар талаас минь түрж ургасан
Атрын цэцэг шиг анхилуухан залуу үе
Араггүй намайг гүйцэж түрүүлэв.
Архаг хайлаасархуу би үлдэж хоцров.
Yс зүс ямар болж вэ гэж
Yзэж тольдох хэрэггүй
Yзэсгэлэнтэй залуусын гал хархан нүд
Yнэнийг үзүүлэх толь шиг байна.
Өөрөө би ийм явлуу ?
Өөрийн маань үеийнхэн ийм байл уу ?
Өнөөх шуугин цалгиж байсан миний тэнгис
Өнөр өтгөн залуу найзууд минь хаа байна ?
Нарны ганцхан сардаа улайран шаргалтсан арын мод шиг
Найз л олон нөхөд минь зүс даран буурцгаажээ.
Намрын ганцхан өглөө цавцайж ирсэн цагаан хяруу шиг
Найз бидэн ялгаагүй үс даран бууралтжээ.
Ган цүүц шиг шүлгээр хатуу хорвоог хэлтэлж
Галзуу нохойн аманд гараа хиймээр явсан
Гал дөлтэй нөхөд минь өрх гэр толгойлж
Гадаа гэртгүй шуугисан, нусгай бяцхан иргэдийн аав болжээ.
Гутлын өндөр өсгийгөөр мөндөр бороо шиг товшиж
Гунихыг мэдэхгүй явсан лусын охин шиг хүүхнүүд
Гурвалжин алчуур хийгээд үнэртэн өнгөтнөөн арчиж
Гурав дахин бүдүүрээд гэрийн мухар сахижээ.
- Эд маань ийм хойно би арга байж уу гэж
Элэг зүрхний гүнд битүүхэн гуниг ундравч
Эр хүн болохоор би өтөлснөөс үхсэн биш гэж
Эргэж хурган уулзаж наргиан цэнгээнд өдлөө.
Урьд сайхан зуны галзуу юм шиг наргиан
Улайж байгаа хэр нь асаж өгөхгүй сүүмэлзэв.
Улс орны байдал хүүхэд шуухдаа ярьсан
Учир мэдсэн иргэд намуун дуугаар хүүрнэлдэв.
Тэр жилийн бидний төрхгүйтэж явсан газраар
Тэгдэг ёстой насандаа хойч үе минь шуугив.
Тэнэгхэн болоод амттайхан цэнгэл уруу
Тэд яарч бид холдох нь зөв байна.
Айлын найрт өмссөн туфли шиг яваад
Аян дайныг туулсан бахиал шиг үлдэвч
Азай буурал нас гэдэг ухааны нэр болохоор
Алдсан оносон хоёроо боддог цаг минь энэ байна.
Нас хэмээх шатны бүх л гишгүүр элээсэн
Найз нөхөдтэйгөөн би хамт өтлөх ёстой.
Эс тэгвэл би хойч үе дунд багтахгүй
Эргээд очъё гэвч хуучин суудал зайгүй илүүдэл болно.
ЗYРХ МИНЬ
Зүдрэл догдлолын хэмжүүр
Зүрх минь чи уучлаарай
Зүйтэй амьдралын зүйгүй өдрүүдэд би чамайг
Зүгээр нэг ч байлгасангүй уучлаарай
Өнөөдөр чи эмнэлэгийн үүдэнд
Өвчтөний бүртгэлд нэр бичүүлж
Харь хийцийн цахилгаан багажийн
Хариу хүлээж суух чинь аргагүй ээ!
Yүлэн чөлөөний нар шиг амьдралд
Yздэгээ чи үзлээ ядарлаа
Yй олон учрал тохиол цүнхэлд
Yхчихээгүй чинь их юм.
Газрын өөд өгссөн хүний зүрх нь ядардаг бол
Ганц олдсон нас минь тэр чигээрээ өгсөлт байсан юм чинь
Яруу найргийн дуут өндөр өөд бүх насаар авирсаар
Ядрах чинь түмэн зөв миний зүрх.
Аюулт дайнд орсон хүний
Атгасан зүрх нь зовдог бол
Амьдрал минь бүхлээрээ тулалдаан байлаа
Алаг зүрх минь зовох нь зөвөө.
Илэрхий магтаалд хүний зүрх хөөрч зовдог бол
Ид насны минь гучин гурван хавар тэр чигээрээ
Иж бүрэн магтаал, алга ташилт, цайллага байсан юм чинь
Ингэж ядрах нь миний зүрхний түмэн зөв.
Байлдааны сум бөмбөгөн дээр
Балталзаж айсаар хүний зүрх өвчилдөг бол
Yзэл суртлын бөмбөгөөр өдий их бөмбөгдүүлсэн миний зүрх
Yхчихээгүй нь их юм өвчлөх бага хэрэг.
Зүдрэл догдлолын хэмжүүр
Зүрх минь чи уучлаарай
Зүйтэй амьдралын зүйгүй өдрүүдэд би чамайг
Зүүгээр хатгуулж явсангүйг минь уучлаарай.
Янаглах эрхийн үнэмлэх
Ямар ч хүний урд байдаг гэвч
Миний зүрхийг хайрлаж даахгүй
Хүний хүүхэнд өгч байгаагүйг минь уучлаарай.
Дайсагнаж өгсөн хүндэлж барьсан
Дарсны амт адилхан боловч
Хуурмаг гараас бялдуучлалын дарсыг
Хувь илүү хүртсэнийг минь уучлаарай.
Зүрх минь чамайгаан би нэг ч жаргаасангүй
Зүрх минь чи намайг нэг ч зовоосонгүй
Хорвоогийн үнэнд аргагүй гүйцэгдлээ
Хоёул эмнэлэгийн хаалга татъя даа.
БЯЦХАН СУРГААЛ
Тунгааж бодоогүй юуханд ч гэсэн
Туйлын дүгнэлт битгий хий
Тусдаа өөрөө толгойтойн учир
Тулгарсан юманд сүүлд нь дуугар.
Хүний амьдралд чухаг мөртөө
Хүүхэд хэлдэггүй сургаал гэж бий
Хүй ертөнцөд элбэг мөртөө
Хүүхэнд хэлдэггүй үг гэж бий.
Өнөө үдэш голсон хоол
Өглөө босоход эрдэнэ болдог
Өсөхийн цагт хайхраагүй янаг
Өтлөхийн үед бурхан гэгддэг.
Зун цагт новш болсон юм
Зудтай өвөл аминд орох ч бий
Хот газар булаацалддаг зүйл
Холын хөдөөд хог дээр хэвтэх ч бий.
Хадтай газар хадуур хэрэггүй
Модтой газар савар хэрэггүй
Морьтой хүнд бензин хэрэггүй
Мотоциклтой хүнд ташуур хэрэггүй.
Аргалын эвэр тэмээнд хэрэггүй
Адууны сүүл ямаанд хэрэггүй
Архины лонх шувуунд хэрэггүй
Алтан бөгж сармагчинд хэрэггүй.
Бөөгийн хэрэгсэл ламд гай
Бөхийн зодог эхнэрт лай
Бурхан тахил чөтгөрт дараа
Буу саадаг чавганцад төвөг.
Байгаль болоод хүний ёсонд
Байх байр зохицох зохицол гэж бий
Амьдрал болоод номын ёсонд
Арцаж болдоггүй орон зай гэж бий.
Хэн бүхэн балчир хүүхдийг өхөөрдөвч
Хээр тааралдвал айж зэвүүцнэм вэ
Хэвтэж байхдаа амьтны яс сонин ч
Хэл ороод босож ирвэл аюул гэдэг тэр.
Ууланд байхад мод гэдэг үзэсгэлэн ч
Унтаад босоход гэрт ургасан байвал ямар вэ ?
Усанд байхдаа загас гэдэг хөөрхөн ч
Уртын замд шөнө морьтой загас таарвал ямар вэ ?
Оронд тэврэхэд бүсгүй хүн тааламжтай ч
Олны газар тэр шалдан харагдвал ямар вэ
Од мичид огторгуйдаа чимэг
Ойчоод түрвэл нь дэлхий юу болох вэ.
Хөлийн оймсыг гарт өмсөгвөл ямар вэ
Хөхөөний дуугаар нохой донгодвол ямар вэ
Хөхний даруулгыг нүдэндээ зүүвэл яах вэ
Хөрсний анжисаар дээл эсгэвэл яах вэ.
Зохицохгүй юмыг зохицуулах гэвэл
Зовлон болохоос ашиг болохгүй
Зохицох ёсон гэвч дотроо бас
Зориуд тааруулсан өөрийн цагтай.
Yлгэрлэвээс өглөө галлах эхнэр
Yд өнгөрөөж босвол хэрэг юун
Yерхэж явсан нөхөр туслах тусаа
Yхсэн хойно санавал тус юун.
Yелзүүр залууд гоёж явсан гоёл
Yсэн бууралтахад инээдэм төдий
Yймээний жил түмнийг аварсан зэвсэг
Yе нь өнгөрөхөд түүхийн дурсгал төдий.
Учир иймээс амьд сэрүүн цагтаа
Урьд хойныг нь бодож юм бүхнийг зохицуул
Улс амьтны ёс горимыг дагаж
Ул суурьтай зүйн дотор яв.
Бусдыг хэлэхээсээ өөрийгөө урьтаж шинж
Буруу зөвөө ухаант хүнээс асуу
Цагийн юмыг цаг алдалгүй хэрэглэ.
Цагаас урьтаж элдэвт битгий сүйд.
МОРЬТОН БYСГYЙ
Залуу насны хорвоогоор зайж явсан миний
Зам мөрийг хөндлөн чагт тавин дарах шиг
Монгол түмний жавхаа явган надад хүндэднэм
Морьтой нэгэн бүсгүй дайрчих шахаад өнгөрлөө.
Хар суран жолоог тас атгасан бүсгүй
Хасаг ташуур шиг харцаар нүүр ороолгоод өнгөрөв
Хангал тарган морины гучин градус ташааг
Хагас тохой ташуураар зад гуядаад өнгөрөв
Өлмийдүү жийсэн дөрөөнд нь нар тусаад ойхдоо
Өнгө аархал хоёроор хамар сөргөх шиг санагдав
Өндөр хээр морьтны нь давхиа доороос дэгдсэн
Өлөн тоос нь намайг буурал болтол дарав.
Шаавай төрсөн бүсгүй намжир хаян одохдоо
Шантгардуухан хамраараа нарыг өргөх шиг үзэгдэв
Шар дурдам бүсээр хүрэн торгыг ороосон нь
Шармал алтан цалмаар зүрхийг уургалсан мэт харагдав.
Эрчлэн хийсэх газар морины сүүл хоёр
Эртний дайчин гүрний жанжин туг шиг сүртэй
Эмэгтэй төрсөн атлаа эр л морийг захирсан нь
Эрцүүл биднийг ялгаагүй унаад гуядсан шиг дүртэй.
Хүрэн торгон дээлийн чинь сэжүүрийг нөмөрье гэвэл
Хүүхэн чамайг гүйцэх унаагүй юм шиг байна уу.
Хүлэг цуцах газар шүлэг цуцаа гэж үү
Хүсэл цуцах алсад бие чинь хүрээ гэж үү.
САЛХИТАЙ ШӨНИЙН БОДОЛ
Дээвэр балбасан шуургыг
Дэлсэх хөгжим гэж ая татъя
Дэргэд байгаа ганц лааг
Дэгжин бүсгүй гэж хань татъя
Гадаах шуурга улам ширүүсэх нь
Галзуу фокстрот наадах адил
Гэр дэх лаа дөлөн урсах нь
Гэнэхэн бүсгүй итгэн уйлах шиг
Нэг байтугай нэг хэсэг лаа
Нэмэн нэмэн урсаж дуусавч
Аагтай шуурганы эрч сулрахгүй
Арилах л хэмжээндээ арилна.
Бүжигт донтож хичнээн ч хүүхэн
Бүхэл амьдрал биеэн сүйтгэвч
Дагшаа хөгжим тэднийг хайхрахгүй
Дараа дараагийн аялгуугаа тоглоно.
Салхи шиг хөгжимд лаа шиг бөнжигнөх
Сайхан бүсгүйд нөмөр нь болох гэж
Энэ бие минь чилж явсаар
Эргийн хайлаас шиг тахийсан байна.
БЯЦХАН СУРГААЛ
Хүн болж төрсний учир чи
Хүн бүхнийг хүндэлж яв.
Хүнээс хүчтэй амьтан энэ ертөнцөд үгүйн учир
Хүнээс чи айж болгоомжилж яв.
Буруу биш зөв сэтгэлтэй явбал
Бурхан биш хүн чамайг аварна.
Булзаж мэхэлж хорон санаатай явбал чинь
Буг биш хүн чамайг ална.
Цэцэн ч бай тэнэг ч бай хүний сэтгэл
Цэцэглэн ургахдаа амархан хүчит хөрс юм.
Хэрвээ чи өөрт хэрэггүй зүйлээр ч гэсэн
Хэн нэгнийг ядарч явахад нь баярлуулсан бол
Тэр хүний сэтгэлд чиний төлөө цэцэрлэг ургаж
Тэртээ хожим чи үр шимийг нь амсах болно.
Алив бүхэн ганцхан өдрөөр дуусдаггүй
Аавын хүүтэй ганцхан уулзаад өнгөрдөггүй
Амьдралын олон давааны чухам ямархан оройд
Азтай буюу эзтэй тааралдахыг мэдэхэд бэрх
Зурвасхан тохиолыг үүрд үл мартан
Зуун жилийн хойно ч гаргаж ирж болно
Аар саархан юманд үл хайхран
Аягүй нэгэн ул мөр хүний сэтгэлд үлдээвэл
Он жилийн уртад тэр чиний эсрэг
Ой хөвч болтлоо ургасаар явна
Ярвагар явахдаа хэрхсэнээ чи мартан
Ядрах нэгэн өдрөө тэр ойд орно
Гарах газаргүй хорт ширэнгэнд мухардаж
Гашуун бэрх шийтгэлийг хожимдсон хойноо амсана
Хөрөнгө зөөр нэр алдар албан тушаал
Хөгшдийн буян залуугийн тэнхээ найз нөхөд
Аль нь ч гэсэн өнөө байвч, маргааш хоосон
Алга дарамхан улаан нүүр л хэзээ ч хэвээр
Дайсан нөхөр хоёрын аль нь ч гэсэн
Дандаа уншиж явах амьд хуудас
Yхэн үхтэл гагцхүү чиний нүүр мөн
Yүний учир тэр хуудсанд инээмсэглэлээс өөр юм бүү бич
ЗYYДЛЭЭГYЙ ЗYРХ
Анх багаас өнөөдрийг хүртэл би
Айж, баясаж, сандарч, тайвширч
Асар олон зүүдийг, үнэгүй кино шиг үзжээ
Өвгөрч, залуурч, хоёр хувь болж ч зүүдэллээ
Өвчилж, эдгэрч, ан амьтан болж ч зүүдэллээ
Өндрөөс унаж, усанд живж ч зүүдэллээ
Өөрөө үхэж, өөрийгөө оршуулж ч зүүдэллээ
Хүний хүүхэн чамтай ханилж ч зүүдэллээ
Хүүхэд багачуул төрүүлэн найрлаж ч зүүдэллээ
Харин чамайг төчнөөн их хайр амлаад
Хайхрахгүй болчихно гэж огт зүүдэлсэнгүй
Уухилж байсан шуурга гэнэт намдах шиг
Ургаж байсан мод оргүй шатах шиг
Ундарч байсан булаг мөргүй ширгэх шиг
Ужиг хатуу хувиралт чинь зүүдэнд хүртэл багтсангүй
Авчрах жаргал чинь гэрт багтсангүй
Алтанхан бие чинь өвөрт багтсангүй
Ааш зан чинь зүүдэнд багтсангүй
Алс хожим чинь сэтгэлд багтсангүй
Учир иймээс чи бид хоёрын
Улсаас нууцгүй бяцхан дурлал
Богинохон ч гэлээ, энэ насны минь
Бодитой түүхэнд минь бас багтсангүй
ШYЛЭГЧ ТАНАА
Найргийн жигүүр ургасан шүлэгч танаа
Найзын ёсыг бодож нэгэн зүйл хэлье
Ард минь байгаа зам урд чинь байгаа учраас
Ахын ёсыг барьж хоёр зүйлийг захъя
Яруу найраг гэдэг мэргэжил биш
Яв цав гүйцэтгэдэг цэрэгжил биш
Яг баримтлан заалгадаг сургууль биш
Яс маханд заяасан торгууль юм
Алдрын зовлон эдлэх гэж шүлэгч хүн төрдөг юм
Алдар гэдэг өөрөө авьяасыг түшиж ирдэг юм
Авьяас гэдэг өөрөө онолыг дагуулж ирдэг юм
Анхнаасаан чи бусдаар заалгах хэрэггүй
Оноё гэснээ оносон анхны шүлэг яахав
Овооны ганц наадамд түрүүлсэн морины дайтай
Ойр хавиар түрхэрсэн ахиц муутай магтаал
Онгироо багахан шүлэгчийн нүдийг боодог ёсон бий
Дурлалт хүүхний сэтгэлд шүлгээр нэвтрэх нэг өөр
Дугуйлангийн хэмжээнд шүтээн болох нэг өдөр
Бүхэл бүтэн аймагт зар тарах бас нэг өөр
Бүгд найрамдах улсад нэр гарах бүр ч өөр
Ийм нэгэн үе шүлэгчийн насанд ирэхэд
Идээний дээж архи, суусан газраас олдоно
Идэрхэн явсан сэтгэлийн жолоог алдан архидаж
Их хүн болох залуус багадаа сөнөснийг санаарай
Улсын цаана улс бас бий
Уужим дэлхийн таван их тив бий
Урт удаан наслах түүхийн чигнүүр гэж бий
Урьтаж баясах явдал шүлэгчийн үхэл мөн
Заавал чамайг хөнөөнө гэж
Занасан дайсан байхгүй ч
Зайлуул, чамайг тэтгэнэ гэж
Залбирсан хүн байхгүй шүү
Шүнгэнэж дүнгэнэж явлаа гээд
Шүлгээ хулгайд алдахаасаа
Шүүрхий мулгуу загнаад
Шүлэгчээ алдаж болно шүү
Аль ч уншигч, номыг чинь
Амтархан уншиж байхдаа
Танихгүй ч гэлээ чамайг
Тагнай шогшрон магтана
Уншиж дууссан номтой хамт
Уншигч магтаалаа цааш нь тавина
Гурав хоноход, унаа булаацалдаад
Гудамжинд чамайг элдвээр хараана
Залуу байгаад мандаж явахад
Захидал зурвасаар хүүхнүүд булна
Орой болохоор болзсон хонгорууд
Орон тооны илүүдэлд орно
Ганц удаа шүлэг чинь доголж
Галтай шүүмжлэгч гуяа алагдахад
Хайртай гээд уйлж байсан хүүхнүүд
Хаврын турлиах шиг шуугилдан муулцгаана
Эгэл уншигчид бол, шүлэгч хүний
Эргүүлэг ихтэй хөлгүй тэнгис юм
Өвчүү завь шиг холбиромтгой шүлгээрээ
Өөрөө чи өөрийгөө авч явна.
Өнөр дэлхийд, шүлэгч хүнээс өөр
Өөртөө эзэн болдог чадалтан ховор
Өөрийгөө шүлэгч өөрөө төрүүлдэг юм
Өөрийгөө, аягүй бол өөрөө устгадаг юм
ХОНГОР ЧАМДАА ХЭЛЭХ YГ
Хонгор чамдаа хэлэх үг минь
Хосгүй хайрын тухай биш
Хойд зуны амралтын тухай биш
Хожид урьд бодож үзээгүй бодлын чинь тухай
Yнэндээ, бүсгүй хүн, юу эс бодох вэ
Yзэсгэлэн гоо баяр цэнгэл
Гал тогоонд хэрэгтэй бүхэн бэлэн байх тухай
Гар дээр нь хэдэн төгрөг байнга байх тухай
Эр нөхөр нь архиддаггүй байх ч тухай
Элдэв хүн цувж, шалыг нь халтартуулахгүйн тухай
Толгой шүд нь өвдөхгүй байх тухай
Толины урд хайрцагт аналгин бий эсэх тухай
Дэргэдэх айлын нь бүсгүй, нөхрийг нь
Дэндүү зөөлөн харсан тухай
Ер нь тэгээд юу эс бодох вэ дээ
Ертөнц заримдаа,
Гал тогооны өрөөнд багтдаг юм чинь
Одоо чи, намайг ноолоод эрхэлж байна
Оройн нам гүмд, муурын зулзага шиг нялуурч байна
Одод тэнгэрийг цонхоор хараад инээмсэглэж
Орчлонд, хамгийн жаргалтай хүүхэн байна
Тэгвэл, яг өдийд хонгор минь
Тив дэлхийн хэчнээн олон аавын хүү
Хань ижил, хамаатан саднаа орхиод
Халуун зэвсэг барин хил манан зогсоно вэ
Дэндүүлж хэлэх юм бол
Дэлхийн бөмбөрцөг бүхлээрээ
Эсрэг эсрэг, хилээ манасан
Эр цэргээр дүүрэн байна
Янагхан чиний үсийг илбэж байгаа
Яг миний гар шиг, хэчнээн сая гар
Аюулт зэвсгийн гохон дээр бэлэн
Амьсгал даран зогсож байна вэ
Намуухан өрөөнөө тэврэлдэн суугаа
Намайг, чамайг үнсэлдэж амжаагүй байхад
Аль нэг хил дээр буу дуугарах юм бол
Аймшигт 41 он, өндийж ирэхэд бэлэн байна
Өнөө үдэш, чамтайгаан эрхэлж суусан би
Өглөө гэхэд, чулуун царай царайлж
Цэмбэ, төмөр хоёроор өвч бүрэн тоноглосон
Цэргийн их цуваагаар хил рүү явахад бэлэн байна
Энэ тухай, хонгорхон чи минь уучлаарай
Эрт орой ч гэсэн ер нь бодож үзсэн үү
Эрхлэх, жаргах, хардах, хэрэлдэх юм бүхэн маань
Энгүй их үнээр чи бидэнд олдож байна
Олдсон энэ жаргалаа алдахгүйн төлөө
Орчлонд дахиад 41 оныг өндийлгөхгүй төлөө
Айлын бүсгүйг биш
дайныг чи хардах хэрэгтэй
Yүнийг, та нар л чадна
Yнэндээ та нар
биднийг дийлдэг шүү дээ
БЯЦХАН СУРГААЛ
Булаг усны цутгалан сөргөж ордог жамгүй
Буунаас гарсан сум сөөргөө ирдэг замгүй
Булт олны ёсыг ганц бие зогсоохгүй
Буруу зөв хоёр нэгэн дор шийдэхгүй
Бузрын нүх рүү өөрийгөө өөрөө түлхэх хэрэггүй
Буян завшаан хоёроос мэдсээр зугтах хэрэггүй
Алт алт гэвч алт хэвээрээ ургадаггүй
Арслан, заан гэвч хүчтэй хэвээрээ төрдөггүй
Амьд байгалийн хуулийг хүний хүү тэрсэхгүй
Алс одоо хоёрыг ганцхан орой шийдэхгүй
Алдаа ослоос айж биеэ тамлах хэрэггүй
Алдсан хойноо харин түүнээ давтах хэрэггүй
Би л айдаггүй хүн гэж сармагчин мэт загнасаар
Бие амьдрал хоёроо дэмий сүйтгээд ч яахав
Алдаж буруудах вий гэж юм бүхнээс айсаар
Ахиж олдохгүй насаа аргамжиж хүлээд ч яахав
Наргих ёстой газраа наргисан шиг нарги
Найман настай балчир шиг бодох юмгүй жарга
Сэргэх ёстой газраа сэргэсэн шиг сэргэ
Сэхээ муутай юмсыг ниргэсэн шиг ниргэ
Хүсэл бүтээл хоёртоо эзэн нь болж сур
Хүн урьд нь бүтээснийг заавал давуулахыг зорь
Мэдлэг бүхнээс амсаж мэдэхийн дайтай мэд
Мэдсэн хүний дэргэд ч мэргэдийн дайтай зэрэгц
Өөрөө тамхи татдаг бол бусдаас битгий гал гуй
Өрөөл чинь хэрэв гуйвал ялихгүй битгий харамла
Өвөр түрий хоосон бол шалигийн зүйл битгий шохоорх
Өр ихтэй бол нэгэн газар бүү суу
Архинд хэрвээ дуртай бол уухын эрдмийг бас сур
Амьтан бүхний түрүүнд унахын эрдэмийг бүү үзүүл
Алган дахиа хоословч лонхон дахиа хоослолгүй
Ахиад маргааш өглөө нь дотор засахаа бод
Эхнэрт хэрэв дуртай бол энхрийлэхийн эрдмийг сур
Эрэгчин адгуустай адил зайдагнахаа бүү яар
Энэ шөнө өнгөрөвч ертөнцийн маргааш олон
Эргээд хэзээ ч магадгүй уулзана гэдгээ бод
Ав гэсний нь зоргоор хүнээс юм авахдаа чи
Авдар савыг нь хоослоод бүгдийг нь авахгүйн учир
Аль гэсний зоргоор хүнд юмаа өгөхдөө чи
Ар талд нь бас өөртөө үлдээхээ бод.
Өөрийн нутагт явахдаа хүний хүнийг хайрла
Хүний газар явахдаа нутгийн нэрийг хайрла
Эцэг нь үгүй хүүхэд хүнээс төрөх ёсон байвч
Нутаг нь үгүй хүн хорвоод байдаг учиргүй.
Өөрөө цадах тусам өлөн хүнийг өрөвд
Өлсөх цагтаа харин цатгаланд бүү хогзогно
Өнгөтэй хувцас өмсөөд тостоос холуур яв
Өөрөө тостой бол харин өнгөтөөс бүү дөл.
Нэг идэх хоол бол хугас өдрийн хань
Нэг өмсөх хувцас бол хагас жилийн хань
Нэг олдох нэр бол хамаг насны хань
Нэр үлдэж бие үхдэгийг бүү март !
ГЭРЭЭСЛЭЛ
Yнэн шүү битгий гайхаарай
Yхэл гуай нэгэн цагт
Yүд тогшино тэгэхэд би
Yлдэх хүмүүст ингэж гэрээслэнэ.
- Өндөр жааны эрэмбэ хойно
Өөрийн минь хойноос бүү уйлаарай
Биеийг минь авсанд тааруулалгүй
Биед минь авсыг тааруулаарай.
Суусан бол суусан чигтээ
Суниасан бол суниасан чигтээ
Yүрд би оршихыг хүснэ ээ
Yүнд минь нөхөр авс захирагдвал зохино.
Хөгжим жагсаал хэрэггүй
Хөлтэй цуглаан ч хэрэггүй
Хөдөөний ард намайг
Хөдөөний зангаар л
Хөдөөлүүлээрэй
* Хойлогийн найр * гэж архи дарс
Хоосон гашуудлаар юу хийнэ
Хоорондоо агсарцгаавал яс булаалдах
Хотны ноходоос юуны өөр.
Харин хөдөө булшин дээр минь
Харахад сүр бараа багатай
Эмтэлж засаагүй чулуу босгож
Элгэн талд нь ингэж бичээрэй.
* Дуусан амьдарч чадаагүй
Дуучин Чойном энд нойрслоо.
Төдөөс төдөн он. Цэг *
Төлөвхөн даруухан байг.
Унаган биед минь бурхан багш
Уянгат дуучны хоолой хайрлаагүй
Учир иймээс амьддаан би
Улсын өмнө дуулж яваагүй.
Тэгэвч би сэтгэлээрээ
Энэ зууныхаа дуучин явлаа
Тив бүхэнд Поль Робсонтой
Эсвэл Робертинотой цуг дуулж явлаа.
Багад нутгийн ах нарыг минь авч одсон
Балагт дайныг бүү гараасай гэж
Эгнэгт би хүсэж явсан хүн
Энэ л хүслийг минь Поль Робсон дуулсан юм.
Зүдэг амьдралд үсэн бууралтавч
Зүрх сэтгэл минь балчирхан хэвээр
Эрх чөлөөгөөр дуурсаж явлаа
Энэ л өнгөөр минь Робертино дуулсан юм.
Мах цусанд минь хувьсгалын
Марш ритм шуугьж явсан юм.
* Магнаг үсэгтэй туг * болгон
Манай партизан цэрэг дуулсан юм.
Идэр насны минь гуниг
Ихэнх амьдралд нь цуг явлаа.
Ичинхорлоо гуай Гоолингоо гэж
Ийм л гунигийг дуулсан юм.
Ухаан бодол минь хүсэл минь
Уурга шиг шулуун, тал шиг уужим байлаа.
Уртын дуугаар Норовбанзад
Уянгалуулж үүнийг минь дуулсан юм.
Найраг шүлэг минь цагтаа
Наран саран хэлбэлзтэл жороолж байлаа.
Нарт хорвоод миний шүлгийг
Нансалмаа морь болгож дуулсан юм.
Өнөөдрийн амьдралын аар саарыг
Өөрөө би өөртөө дуулсан
Амрагийн болоод хувийн шогоо
Архины ширээнд согтуу дуулсан.
Дуу надгүйгээр төрсөн гэвч
Дуугүйгээр би төрөхгүй байлаа
“ Дуучин Чойном энд нойрслоо ” гэж
Дурсаж яваг миний ард түмэн.
ЧАМДАА
Гэрэлт цагаан царайг чинь
Гэтэж нууж хааяа харахад
Гээгээд олоогүй амьдын жаргал минь
Гэнэ гэнэхэн үзэгдэх шиг болох юм.
Тормолзон харах нүдэнд чинь
Тоотой насны минь алтан өдрүүд
Тоонотой гэрийн амьдрал цэнгэл
Тодрон тодрон ирэх шиг болох юм.
Ямархан нутгийн тэнгэр дор чи
Янагхан хайрын амьд эрдэнийг
Халхын шүлэгчид гардах ерөөлийг
Хаа холоос өвөртлөн төрсөн юм бол.
Уулын хормой Туулын хөвөөнд
Унаган мөрөө гаргахаас эхлээд
Учрах золгох өнөөдрөө хүртэл
Урт нь эс ч ээдрээт замаар
Заяаны намайгаа эрсээр ирсэн
Жаахан хөлд чинь би хайртай
Амрагаа хуурвал би энэ хөлөөр чинь
Аман дээрээ гишгүүлэхэд бэлэн
Зуурдын үхлийг тойрон тойрон
Зууны газраас биесээн эрэхдээ
Амрагхан жаргалын шидэт дарсыг
Асгал үгүй өргөсөөр явж
Учралын дайсанд хугалуулаад тэссэн
Уяхан гарт чинь би хайртай
Эцсийн удаа аз жаргалаар амьсгалж
Энэ гар дээр нойрсохыг хүснэм.
Тэмдэглэлийн дэвтэрт энэ шүлгийг
Тэнгэрийн дуутай хольж бичлээ
Залуу цагийн минь шүлэг шиг бороо
Зам татуулан асгарч байна.
Амраг минь чи бидэн хоёрын
Амьдралын маань дуут бороо
Аргагүй дөхлөө удаан ганг тайлж
Ахиад хэнз зунаар цэцэглэнэ.
Хүний жаргалд хүн жөтөөрхөж
Хүйтэн үер урсгах нь зайлшгүй
Yзэсгэлэнт хөмсгөөр чинь гүүр тавьж
Yерлэсэн урсгалыг гатлаад гарна.
Аль ч хааны батлаагүй хуулиар
Амьдралын хяслан биднийг цагдаж
Хүслэн хайрын минь отгон галруу
Хүйтэн ус цацаж магадгүй.
Улсаас гуйгаагүй шинэ амьдралын
Ууган хуулийг хоёулаа зохиож
Улаан уруулаар чинь тамга даруулж
Урдаас нь тулгаад ялж гарна.
Батноровын уйтгарт гацааг
Баяртай гээд үлдээхийн цагт
Энхрий хайрынхаа өчүүхнийг нь ч гэсэн
Энд харин үлдээчихэж болохгүй.
YYРЭЭР БИЧСЭН ШYЛЭГ
Yүрээр бичсэн шүлгийн
Yнэр нь ямар байдаг юм бэ ?
Yнэнээр хэлхсэн үгсийн
Өнгө нь ямар байдаг юм бэ ?
Дуутай шуутай олны
Дуг нойрон дундуур
Дурлал хардлага хоёрын
Дуу нийлэх газраар
Тархи дүүрэн шүлэгтэй
Танхай хархүү яваагүй
Зүрх дүүрэн дурлалтай
Зүдүү шүлэгч явлаа.
Зуны дунд сарын
Арван гурваны саран
Зууван улаан мөнгө шиг
Алсын хэц дээр тонгойж
Жаваргүй өглөөний үүр
Жаран мөнгөний сүү шиг
Баахан цонхигор цагаан
Бараг хойноос оньтоно.
Бүрэг бараг өрөөндөө
Бүсгүй хонгор нойрсон
Бүтэн мөчийн үнсэлтийг минь
Бүүр түүрхэн ухаарна.
Цав цагаан дэрэн дээр
Задарч унасан гэзэг нь
Цаасны энгээр дүүрэн
Бэх асгасан шиг харлана.
Хар бэх шиг гэзгэн дунд
Хасын царай туяарна.
Амраг хүний явдал
Амттай болоод хүндхэн.
Тэмтэрч өмссөн хувцасны
Тэлээ товч нь бултана.
Тэдний хаалга дуутай
Тэнд эндгүй цуурайлна.
Байшин бүрийн цонх
Бараан нүд шиг ширтэж
Анир авав уу гэмээр
Алсад нохой хуцна.
Ахан дүүс минь унтацгаа !
Амар тайван нойрсоцгоо !
Амраг хоёрыг зовоолгүй
Амин хувьдаа жаргацгаа !
ХYЙТЭН ШӨНИЙН ЗУРАГ
Намрын хүйтэн бороо
Нарийн ширхэгээр зүсэрч
Өтгөн бараан шөнө
Өрхөн дээрээс дарна
Харанхуйн хүйтэн салхи
Хаяан доогуур сэнгэнэнэ.
Халширч залхуурсан нохой
Хааяа хуцах сонстоно.
Хоргогүй лааны гал
Хойшоо урагшаа өдлөнө.
Хоёр баганын сүүдэр
Холдон ойртон хөдөлнө.
Гэрийн дотор зэврүүн
Гэгээ муутай зэврүүн
Гэмтэй ялаад бээрэн
Гэдрэг харан унана.
Томоо нь үгүй жаал
Тохь алдан уйлагнана.
Орон дээрээ ээж нь
Оймсоо тайлан бөртөгнөнө.
Хаяаны намхан орон дээр
Хадам ээж нь нам
Булга унасан хожуул шиг
Буурал толгой нь сэгсийнэ.
Энэтээ талын оронд
Эрээн хөшиг татаастай
Өдөн дэрний нь наагуур
Өтгөн гэзэг унжаастай.
Гучин долоон номерын
Гутал гэмээ нь гутал
Орны нь наана хоёулхан
Оймс татуурга төдийхөн
Зутруу хүйтэн намар
Эргэн тойрон сэнгэнэвч
Зуны гуравхан сар
Энэ л орон дээр үлдсэн мэт.
Хүмүүс хонь алж иддэг
Хүй балрын зуршил болохоор
Утсан амийг нь инээлдэн тасалж
Улаан гараа тоомсоргүй арчина.
Хорвоод нэг удаа хонь
Хэн нэгнийг барьж идвэл
Хөдөө хотгүй түрхрэн шуугиж
Хөөрхий хонийг хүйс тэмтэрнэ дээ.
Мөрөн гол бүхэн архи болчихоод
Мөндөр бороо бүхэн спирт болчихоод
Цэнхэр шилэнд архины оронд
Цэнгэг ус худалдах юм бол
Авгай хүүхнүүд хорин зургаан төгрөгтэй
Архины лангуунд шуугилдан шавж
Харцуул баргаараа хувин бариад
Хавийн ус уруу цувах байх даа.
Орчлонд огт архигүй бол сайхан аа гэж
Олон эхнэр санааширч явдаг байх даа.
Олон харцуул тэгвэл уйтгар тайлах юмгүй болоод
Оронд нь эхнэрээ зодож эхэлбэл сайхан уу даа ?
Өнөө өглөө босоод
Өөрийгөө тольдсон чинь
Би алга!
Өнөөх мурийсан хамар
Өрөвгөр үс сахал
Цөм алга !
Гагцхүү хоёр том далай
Газар дээрх цэнгэл зовлон хоёроор
давалгааланхан байв.
Энэ нь миний хоёр нүд юм санж.
Хорвоо гэдэг нарийн чигнүүрийн
Хоёр таваг тэнцүүхэн байлаа.
Хоёр тавгийн нэгэн дээр нь
Хонгор чинийхээ зүрхийг тавилаа.
Өөнтөгч хорвоогийн дэнсний нуруу
Өвсний толгой шиг бөхийгөөд явчлаа
Өөрийнхөө зүрхийг тэнцүүлье гэтэл
Өр зүрхийг минь чи аваад явчжээ.
Дээшээ өргөгдсөн энэ хорвоогийн
Дэнсний таваг дээр би зогслоо.
Дэвтэр харандаа алдар хөрөнгөө
Дэлгэж тавиад ч би дийлсэнгүй.
Хэрвээ чинийхээ сэтгэл зүрхийг ойлгохгүй бол
Хэзээ ч би ийм л хөнгөн явах нь дээ…
Хүсэл мөрөөдөл ихээрээ гайхуулна.
Хүртэх жаргал багаараан гайхуулна.
Хүйтэн өвөл цасаараа гайхуулна.
Хүний хүүхэн хөмсгөөрөө гайхуулна.
Хожимдсон дурлал хяслаараа гайхуулна.
Хоорондын хүмүүс соргогоороо гайхуулна.
Хотын зам холоороо гайхуулна.
Хоёрхон бие сэтгэлээрээ гайхуулна.
Амьдралыг чи алтаар үнэлбэл
Амьдрал чамайг алтаар мялаана.
Эс тоож сохор зоос шиг хандвал
Эргээд амьдрал чамайг бас
Элсний ширхэг гэж үзээд үлээчихнэ.
ХYYХЭД БОЛ ХӨГЖИМ ЮМ
Хүүхэд бол хөгжим юм
Хүний жаргал төөрөгдөл
Хүчит гуниг уйлалт
Yхэл гомдол цөмийг тоглодог
Yнэхээр хосгүй хүүхэд бол хөгжим юм.
УРГАА МОД
Алтан дэлхийд хаа яагүй ургадаг модны ижил
Амьдралын хөрсөнд ургасан нэгэн мод буюу би.
Учралын ногоон навч ургуулж хагацлын шар навч унагалж
Урган ургасаар би гучин өвлийг өнгөрөөжээ.
Ойн модны аль цэмцгэрийг нь шилж бие дээр нь
Овилгогүй зарим нь хутгаар элдвийг сийлдэг шиг
Өөрийн минь ч гэсэн зүрхний минь үйсэн дээр
Өдий төдий дэмий балай зураас сорви бий.
Хувиа бодож зарим нь нялх ногоон модыг
Хулгайгаар хөрөөддөг шиг намайг ч хөрөөдсөн бий.
Мөчир дээр минь дан ганц алтан гургалдай ч биш
Мөхөсхөн шувууд хар хэрээ ч сууж байсан удаатай.
Сүүдэрт минь дандаа амраг хос цэнгэн суугаагүй
Сүүлтэй эвэртэй мал навчийг минь бас идэж үзсэн
Эх газар байгаа цагт би үндсээрээ шим авч
Энэ бүх гарзыг нөхөн нөхөн ургасан юм.
Ургасан бүхэн тэнгэр тулах албагүй нь үнэн
Унасан бүхэн авдарт хадгалуулах учиргүй нь үнэн
Цэл ногоон хэвээрээ булгарч унахгүйг би хүсдэг
Цэцэглэж нэгэнт дууссан ч ургаа хэвээрээ үлдэхийг би хүсдэг.
Зэллэн ниссэн галуу шиг нүүдэл суудалт амьдрал минь
Зэрвэд энэхэн насыг хө газар холдоо тараав аа
Зэргийн олон нөхөдтэй шуугьж явсан сэтгэл нь
Зэврүүн намрын салхиндаа гэгэлзэнхэн үлдэв үү дээ.
Цанхуй цэцгийн адил гунхаж явсан нас минь
Цаст цагаан хөндий уруу гудайсхийгээд орлоо доо
Цаашаа яарах газаргүй сүүлчийн энэ өдрүүдэд
Цаг бололцоо хоёроо сүйтгэж л байж наргия
КОНТРАСТ
Зүүдэнд ч ороогүй хүний нэгэн үр
Зүрхэнд ч багтаагүй хайраар намайг хайрлав.
Сэтгэлийн минь тогоо, зүрхний минь дөл дээр
Сэвлэж болохгүй даргилж, бялхан бялхан дэврэв.
Амьд явахдаа хүн гэдэг
Алтан аяганаас ууж үздэг байна.
Уурлаж болохгүй цор ганц хүн маань
Уучилж болохгүй хар санаа гаргажээ.
Сэмхэн цогцлуулсан итгэл хайрын минь суваргыг
Сэтгэлийн минь аянга салам ниргэж нураав.
Yхээгүй цагтаа хүн гэдэг
Yзээгүй юм аа үздэг байна даа зайлуул …
Торгон элсийг хичнээн үнэрлэвч
Тоос үнэртэхээс тос үнэртэхгүй
Тоомсоргүй дэгжинг хичнээн үнсэвч
Торго үнэртэхээс хүн үнэртэхгүй.
Зэвхий төмрийг хичнээн долоовч
Зэв амтагдахаас жимс амтагдахгүй
Зэрлэг зантай хүний үрийг хичнээн дасгавч
Зэм гэм хоёр үзэгдэхээс хайр үзэгдэхгүй.
Хөр цасыг хичнээн үмхлэвч
Хөргөж хайрахаас хоол унд болохгүй.
Хөлд нь салхи орсон амрагийг хичнээн аргадавч
Хөнөөлийг нь амсахаас энхрийлэлийг нь амсахгүй.
Барьснаа учир мэдэлгүй ам уруугаа хийдэг нь
Балчир болоод тэнэг амьтны ёсон буй заа.
Харснаа хэнийг нь мэдэхгүй дагаж гүйдэг
Харанхуй болоод зорилгогүй хүний зан буй заа.
АРХИ
Урт өдрийн наранд
Умдаан болохгүй умдааныг
Ужиг холын замд
Хоол болохгүй идээг
Урьсан зочилсон айлууд
Уу хэмээн барив.
Урьдын танил нөхөд
Угж мээм шиг шахав.
Шимэн шимэн суухад
Шимийн идээний дээж
Шилэн шилэн уухад
Ширүүн хар архи
Шижгэр залуу насны маань
Шийтгэл болон тохиосон
Шилэн лонхонд бөглөөстэй
Шингэн биетэй чөтгөр.
Аагий нь хэлэх юм бол гучин найман градус
Аашийг нь хэлэх юм бол гучин найман алдаа
Аядуухан хэлэх юм бол гучин найман нас
Ахиухан хэлэх юм бол гучин найман үхэл !
Ууж эхлэх цагтаа би хамгийн цэцэн
Улайж халах үедээ би хамгийн баян
Унтаад сэрэх цагт мөнгө ч үгүй нөхөд ч үгүй
Ухаан бидэн хоёр бие биенээ олохгүй.
ЦАС
Тэр хүний орж ирэхтэй хамт
Тэнгэр бүүдийн бүүдийн бүрхэв.
Өөрт нь ч хэрэггүй надад ч хэрэггүй яриагаараа
Өрхийг минь бүтээж орхих шиг санагдав.
- Амраг чинь хотод тэгж явна билээ гэж
Аминчилж хэлсэн үг бүхний нь тоогоор
Энэ хүн бид хоёрын хооронд
Эрэг ганга улам улам томров.
Царцуу үгс шиг нь эмх цэгц муутай
Цасны ширхэг гэрийн тооноор булав.
Yгэнд нь итгээгүй миний зүрх шиг зууханд
Yл хүрэн хайлан хайлан замхрав.
Урилгагүй зочноон үдэж гаргаваас
Унах цасанд газар шороо сааралтав.
Ханиа итгэхгүй бол ганцаар өвгөрнө гэх шиг
Хар бараан хөрс орог буурал болжээ.
Орог буурал газар дээгүүр тэр хүн
Олон хар мөр үлдээсээр холдлоо.
Орчлонд хар мөр байх ёсгүй гэх шиг
Орох цас улам зузааран дарлаа.
Yйрмэг цасанд тэр хүний мөр дарагдахад
Yгийг нь хүнтэй нь цуг би ч гэсэн мартлаа.
Yймүүлж хутгасан зун байсан дорвол
Yнэн шулуун өвөл байсан нь дээр юм.
Архи ууж суугаа хүн бусдын
Алдааг ч бүү хяна оноог ч бүү дүгнэ.
Хүний биш гагцхүү өөрийн чинь амьдрал
Хүйтэн лонхон дотор өмнө чинь байгааг сана.
Өөр бусад хүн алдаж байж болно.
Өөр шиг чинь амь насаа уугаа ч билүү үгүй ч билүү.
Хаа нэгтэй хүн худлаа хэлж явж болно.
Халамцаад бусдад юм амладаг шиг чинь худал хэлээ ч билүү үгүй ч билүү
Амраг хоёр нэг нэгэндээ үнэнч биш харагдаж болно.
Авгайнхаа нулимс өөрийнхөө инээд хоёрыг
Нэгэн хундаганд хийгээд цуг залгиа ч билүү үгүй ч билүү
Нээрэн шүү хүнийг та биш таныг хүмүүс зэмлэх ёстой.
Хатсан талх мэрж усан шөл оочивч
Харамсаж би бусад хүмүүст атаарахдаггүй
Хатуу бүхнийг бүтээж дутуу бүхнийг гүйцээдэг
Хайрт түмэн минь цатгалан явбал би цатгалан
Гэтэл би өөрөө хоолны сайныг идэхдээ
Гэм хийсэн юм шиг сэтгэл жаахан зовдог
Нарлаг эх орондоо илүү ихийг бүтээсэн атлаа
Надаас дор хооллож байгаа хүн хаа нэгтэй байвал яана ?
Өөрийнхөө хайр сэтгэлийн тухай
Өвөөгөөсөө очиж битгий асуу
Ээдрээтэй дурлалынхаа учрыг
Эмээгээсээ битгий шалгаа
Аль хэдийн тэд чинь үздэгээ үзэж
Алддагаа алдаж ондогоо оносон юм.
Орчлонг тэд бидэнгүйгээр туулсан юм
Ойлгодог шийддэг цаг нь өөрсөнтэй нь цуг одсон юм.
Өнгөрсөн хаврын нарыг авчирч
Өнөө зуны цэцгийг ургуулж болохгүй
Өчнөөн зам туулсан их нүүдлийг зогсоож
Өөрийнхөө ачааг чи хүнээр үүрүүлж болохгүй.
УНШИГЧ ТАНАА
Цаг уурын товчоо яагаад
Цасгүй шуургагүй бороогүй
Хорин градусын дулааныг үргэлж зарладаггүй юм бэ гэвэл
Хорвоогийн үнэн гэдэг тэрээ.
Yнэхээрийн яруу найрагч яагаад
Yхэлгүй зовлонгүй уйтгаргүй
Аз жаргалын магтаалыг дандаа бичдэггүй юм бэ гэвэл
Амьдралын үнэн гэдэг тэрээ.
Уяхан дуугаа ганцхан аяар жиргэдэг
Улирлын дуучин шувуу би биш
Уншсан хүнд шүлэг бүхэн маань нэгийг хэлэхгүй юм бол
Урлаг бидэн хоёрын хэрэг юун
Чин үнэний энээхэн хуулийг мэддэггүй бол
Чи миний шүлгийг битгий уншаарай !
ХYЙТЭН ШӨНӨ
Ганхирсан сэтгэл шиг их талын дунд
Галзуу шуургатай тас харанхуй шөнө
Далайгаасаан тасарсан нэгэн загас шиг
Дассан чамаасаан хол миний нойр хулжив
Гэр дээр өрх дэрвэнэ
Дэр дээр зүрх шимширнэ
Хар будаг шиг хар шөнийн дунд
Шар цэг шиг итгэл минь сүүмийнэ
Өргөн хөнжлийн буланд хохийж
Өвөр дотуур салхи сэнгэнэнэ
Өчнөөн бодол од шиг өнгөц
Өглөө болтол хот шиг хол оо.
ХЭРЛЭН
Өссөн нутгийн минь дундаршгүй салхи
Өргөн цэнхэр Хэрлэн мөрөн минь
Өнө эртээс өнөөдрийг хүртэл
Өнөр түмний минь дуулсан дуу юм
Цэцэн хааны нутаг уужим болоод
Цээл сайхан хоолойт дуучин сайтай
Цэцгийн гурван сардаа Хэрлэн мөрөн
Цэнгэлийн сайхан дуугаар цэлэлзэн урсана
Улсын наадам болохуй дор дуу хуур ихсэж
Уяран хайлах сэтгэл, сормуус чийглэн баясана
Урт сайхан Хэрлэн, тэр л дуугаар үерлэж
Урд хойд эргээ даван даван мэлмэрнэ
Алтан намрын хуучаар, гүү тавих цаг
Ая дуу шингэрч ажил явдал ихсэнэ
Амгалан цэнхэр Хэрлэн, усан биеэ татаж
Аянчин олон шувуунд дуугаа хүртээж явуулна
Цастай цагаан өвөл, хүний дууг хүлээж
Цантай эргэн дундаа хэрлэн мөрөн саатна
Өнгөрсөн зуны дуу, удаах зунаа хүлээж
Өргөн хөндийд дүүрэн, болор өнгөөр хатуурна
Хүйтэн хүйтнээс айгаагүй, шинэхэн хоёр янаг
Хүслийн дуугаа дуулахыг, хэрлэн мөрөн сонсоод
Идэр есийн шөнө, мөсөө зад тийрээд
Ижийн чанасан цай шиг уур савсуулаад бялхана.
Наахнуур бодвол, амьдрал гэдэг
Насалмаа Юндэн хоёр юм.
Хойноос нь зүүлттэй хэрэгцээ нь
Хоролмаа юм.
Байнга зовоодог хөрөнгө нь
Балган юм.
Амьдралдаа энэ жүжгийг хэр найруулснаар
Аж төрөхийн нас сүүдэрт тооцогдоно.
Аян замын алтан тоос хөдөлгөж
Алс нутгаар би, наснаасаа олон явлаа
Алжаал тайлж, бор хоног өнгөрөөх гэж
Айлын хаалгыг мөн ч олон татлаа
Идээ ундаа нь элбэг сайхан атлаа
Ирсэн гийчэнд тансаг ор засавч
Ихэмсэг хүйтэн, цэмцгэр айл байх юм
Ийм айлд, алжаал улам нэмэгдэх юм
Хоол унд нь хомс ядуухан атлаа
Хоноцод дэвсэх илүү гудсаар маруухан ч
Ядаж хүлээсэн садан төрөл шиг айл байх юм
Яг тийм айлд, ядаргаа бүрэн арилдаг юм
Зуун зууны өнгөрөөсөн буурал уул
Зургийн морины дэл шиг сүмбэрлэнэ
Хагас зууныг ч наслаагүй би тэгэхэд
Хашин морины сүүл шиг унжиж болох уу даа
Эрин галавыг элээсэн хэрлэн мөрөн
Эрэг дүүрэн мэлтийж урссаар байна
Энэхэн залуу насандаа би тэгэхэд
Эрмэлзэл зорилго үгүй ширгэж болох уу даа
Та, миний хайр сэтгэлээс
Татгалзах эрх байна уу
Зүйрлэшгүй энхрийллээс зугтах
Зүрх сэтгэл гэж байдаг юмуу
Шугуйн мод, модноосоо зугтдаггүй байхад
Шувуу, шувуунаасаа зугтана гэж үү
Хүсэл, хүслээсээ зугтдаггүй байхад
Хүн, хүнээсээ зугтана гэж үү
Зугтах хэрэггүй битгий зугт
Зугтсанаас, угтсан нь дээр
Зургийг минь галд хийлээ ч гэсэн
Зургаар улаан дөлүүд, хайртай гэж дүрэлзэнэ
Зуун хэсгээр захидлыг минь ураад хаялаа ч гэсэн
Зуу дахин бий хайртай гэж гасална
Хүнд, хайраа өгөхөөс илүү
Хүндтэй гавъяа гэж байхгүй
Хар нүдэн минь, битгий эргэлз
Хайрыг хайрлах хэрэгтэй юм шүү
МИНИЙ МОНГОЛ ТӨРХ
Газрын зураг дээр биш
Гар дээр минь миний монгол байна
Гашуувтархан, говийн усаар чанасан цай
Ганган шаазанд бус, модон аяганд байна
Хүрэн болтол хуурсан цулхир хийгээд
Хүйт бүрдний ам нь хужраар амталсан
Ингэний сүүтэй цай, эмээгийн нүүр шиг өрөмтөн,
Их утаа ханхалсан
гэрийн сархинаг тооно түүн дотор харагдана
Баруун талд хажуулсан Мял богд шиг туранхай өвөө
Бараан царай, цагаан сахал, цагаан санаа нь
Хөтөлгөө морь шиг хоёр том ээтэн гутал нь
Хөндийд байгаа Дайчин улсын үеийн урт хар буу нь
Урьдны их бурхдаас авдар дээр нь үлдсэн
Утаанд баригдсан бойпор, зэс гэртэй хүрд
Дэргэд нь байгаа, хотод суудаг охины нь
Дэндүү биеэ барьсан, царай муутайхан хөрөг
Уяан дээгүүр үүрсэж байгаа эмээлт морины дуу
Унийн дунд оршиж байгаа оройн нар
Урд гол дээр шуугьж байгаа хүүхэд мал хоёр
Улаан хүзүүвчтэй улаан халтар нохой
Миний монгол энэ.
ЖАГСААЛ
Цэргийг яах гэж жагсаадаг юм бэ
Багадаа би гайхдаг байлаа
Цэгцтэй байлгах гэж жагсаадаг юм гэж
Баруун гэрийн өвөө хэлж өгч билээ
Өнөөдөр би, дорнод хил дээр
Өрөөстэй сум шиг, цэргийн булш үзлээ
Яг л дуулаад жагсаж яваа юм шиг
Ярайсан булшнууд дээр цэцэг ногоо ургажээ
Хээр талын онгон агаад бяцхан цэцгүүд
Хэд ургаж, хэд унасныг бүү мэд
Харин энэ цэргүүд, нэгэн удаа жагсаж очоод
Хамтдаа, нэгэн удаа унасан байна
Бууны дайзанд жигдэлсэн сум шиг
Булт олны төлөө энэ цэргүүд, сум болон жагсжээ
Буудчихсан хонгионууд биш, энэ дор
Буудуулсан цэрэг эрс хэвтэж байна
Түүхэнд тэд үхээгүй, хэзээ ч үхэхгүй
Түргэний бүрээ чагнаад жагсаатайгаа байж байна.
МАНЦУЙТАЙ ЖААЛ
Өлгий дотроо жаал, дээшээ харан хэвтэнэ
Өлгийгий нь, нойрмогхон ээж нь хөдөлгөнө
Өргөн далайн долгион адил хайвуулна
Өндөр сансрын жингүйдэл мэт дайвуулна
Yнэгчлэн байгаа, балчир хүүхдийн нүдэнд
Yзүүр хязгааргүй, одот тэнгэр цэлийнэм болов уу
Хонгор ээжийн нь, хамраараа гүнгэнэх бүүвэйн дуу
Хол үлдсэн дэлхийгээс нь
сонсдох цахилгаан хөгжим шиг байгаа болов уу
Өсөөд энэ, ямаршуу хүн болох болдоо гэж
Өвөг дээдсийн үед, итгэж ядан хэлцдэг байсан гэдэг
Өнөөгийн хүүхэд бол,
одон медаль нь цээжин дотроо байгаа баатрууд юм
Өчигдрийн мөрөөдөл,
өнөөдрийн ард, маргаашийн Гагаринууд юм.
ЗАХИДАЛ
Захидал гэдэг, баяр баясгалан
Залуу хүний хайрын сэтгэл
Заримдаа бас, хэн нэгэн дээр
Задран дэлбэрэх хүнд бөмбөг юм
Хуудас хуудсаар их захидал дотор
Хумхийн төдий үнэн үггүй ч бий
Хуруувчин чинээ нууцхан захидалд
Хувьхан заяа багтаад ирэх ч бий
Эрээлсэн цэцэгтэй дугтуйн дотор
Бараалсан аянга зангираад ирэх ч бий
Инээсэн зурагтай дугтуйн цаана
Ирлэсэн хутга нуугдаад ирэх ч бий
Yнэртэн шингээсэн анхилуун хуудсанд
Өмхий санаа багтаад ирэх ч бий
Yзэмж цэвэрхэн бичгийн мөрүүдэд
Yхсэн заль шингээд ирэх ч бий
Алга дарамхан захидлын дугтуйд
Алах дайсан, аврах нөхөр
Амрагийн дунд чулуудсан яс
Амьдралын замд булсан хавх
Хахууль амласан бялдуучлалын ембүү
Халдвар ихтэй сэтгэлийн тэмбүү
Ханилал, хагацал, инээд, нулимс
Хамаг хорвоо бүгд багтдаг байна.
ФЕЙЕРВЕРК
Тэнгэрт,
галын наадам нижигнэж
Тэр зүгт
залуу хөгшин ширтэцгээнэ
Замбуулинд
ургаа нь үгүй цэцэг гэмээр
Задран дэлгэрэх
өнгө төгс галын наадам
Зурсан шүдэнз шиг
ахархан гэрэлтээд замхраад
Зуны шөнийн тас хар тэнгэр
улам ч хар болох шиг
Газарт,
амьдын жавхаа тодруулсан
Ганган бүсгүй уруу
харцуул бүхэн нүдээ алдана
Баян байгаль
урд нь бүтээгүй гэмээр
Бардам ихэмсэг
цэвэрхэн төрсөн авхай
Галын наадам
шиг зуурдхан мандаад гандахад
Газар дээрх гашуун амьдрал
улам ч гашуун болох шиг …
ХYСЭЛ
“ Хэрвээ би нохой байх юм бол
Хэний эхнэрт хэн очдогийг андахгүй болохоор
Харанхуйгаар харанхуйг завшигч бүхнийг
Хага татчихаад өглөө нь гэмгүй царайлж хэвтэнэ” гэж
Халамцаад нэгэн нөхөр маань надад ярив аа.
“ Хэрвээ би хүн байх юм бол
Хэний нь хоол хаанаа байдгийг андахгүй болохоор
Хоол ихтийг хоосон хонотол цөлөмчихөөд
Хожим нь түүнд булууны яс зээлдүүлнэ дээ” гэж
Хог дээр хэвтээ нохой хэлж чаддаг сан бол ярьж байж магадгүй:
ХУВИЙН ӨМЧ
Айл болж амь зууна гэдэг
Амар ч эд биш юм амттай ч эд биш юм.
Атрын унага шиг явсан эл биеэ
Амьдралын аргамжаанд барьж өгнө гэсэн үг юм.
Хана туурга тусгаарлаж гэр барина гэдэг
Ханагар их ертөнцөөс өмчөө ялгана гэсэн үг
Халуун журмын сэтгэлээ ураг түмнээсээ салгаж
Хаалга үүдээ хаагаад хувиа бодно гэсэн үг
Гэрээ тойруулж хашаа барина гэдэг
Гэргий нэгийг өмчилж биеийг нь бусдаас харамлаад
Гэтэж мяраасан хулгайч шиг өмч хөрөнгө цуглуулсан
Гэмт хэргийнхээ учир өөрийгөө шоронд хорьж байгаа нь тэр.
БОРОО
Амгалан тэнгэрт зангирч гарсан үүлс болж
Агуу их байгалийн бодол үймэрч байх шиг санагдав.
Асгаран орох борооны жигд усан ширхэгүүд
Алтан ятга хуурын нь утаснууд шиг харагдав.
Нүд сохлом гялсхийх хүчит цахилгаан гал
Нүсэр их байгалийн тархинаа зурсхийн үүсэх онгод санаа гэмээр
Нүргэлэн дуурсах аянгын эрэмгий догшин чимээ
Түргэлэн товших хөгжмийн нь нэгэн аялгуу гэмээр …
Тэнгэр газрыг холбосон ятгын түмэн утсандаа
Тэнхээ ихтэй байгаль ялалтын марш тоглоод
Тэргэл дугуй солонгоор уул, үүлийг дамнуулан
Тэр хөгжмийнхөө нотыг гэрлийн хуулиар бичив.
Yрчлээ ихтэй элэнц хуланцын минь нүүр шиг
Yетэй дэржигнүүртэй эх орны минь замуудад
Хөхүүл нялхсын зулай шиг болтлоо элэгдсэн
Хөөрхий холын дугуйнуудыг би өрөвддөг юм.
Бөхөшгүй зул шиг гал залуу цагаасаа
Бүтэшгүй амьдралын ган зудыг туулсаар
Бөмбөгөн дугуйнаас дутуу нь үгүй элэгдсэн
Бөгтөр буурал настангуудыг би өрөвддөг юм.
Өчигдөрхөн би үйлдвэрээс гарсан дугуй шиг явсан ч
Өглөөгүүрхэн би үхэшгүй мөнхийн зул шиг байсан ч
Өтгөс буурлын хойноос зам нэмэх учиртай болохоор
Өөрийн биеийг өөрөө би огт өрөвддөггүй юм.
Халзан болтлоо давхих бөх дугуй болж чадахгүй ч
Хага үсрээд гээгдэх хохь дугуй болохгүй юм сан
Хүн төрөлхтний эрхиний хэлхээ шиг энэ цуваанд
Хүчээ нэмэхгүй ч хүчийг нь сорохгүй сэн гэж би хүсдэг юм.
Өөрийгөө би яваа яваандаа
Өдий чинээ сүйдэх юм гэж зүүдэлсэнгүй явлаа
Зүүдлэлгүй явсаар, сүйрэл зарлаж
Зүйрлэл үгүй бэрхээр энэ бүсгүйтэй даслаа
Жаран зургаан онд Икар дэлхийг мөргөсөнгүй
Далан зургаан онд энэ бүсгүй намайг онов
Амарлингуй байдал минь бут үсэрч
Амьдралын тойрог зам ерэн градус хазайв
Хиншүү хярвас ханхалсан сэтгэлийн тогоог
Хэчнээн халавч шүлэг буцлахаас өнгөрөв
Эрчээрээ эрсэн солир шиг энэ хүүхнийг
Эгдүүцээд эгдүүцээд өөрөө холдож чадахаас өнгөрөв
Энэ дэлхий дээр, хүний гаргасан
Эгэл амьдралын ул мөр дүүрэн бий
Эрэмцэл тэмцэл биеллээ олон сүндэрлэвч
Эргээд үнс болж явсан нь их бий
Хүйтэн халуун зэвсгээр урссан цус
Хүрэн улаан далай болмоор их гарсан бий
Хүн төрөлхтний эдгэдэггүй өвчин шиг дурлалд
Хүртсэн бүхэн балай болмоор давтагдсан буй
Асаад унтрах чүдэнзний гал шиг баясал
Алсын одод шиг сүүмэлзэж ирсэн нь зөндөө
Аадрын үүл шиг нүсэр хар цөхрөл
Атрын хөрс шиг, хорвоог бүрхсэн нь олонтаа
Эртний галваас, эдүгээг хүртэл онгичвол
Энэ дэлхий дээр, хүний мөр дүүрэн ч гэлээ
Эзэндээ хэрэгцээгүй хий мөрөөдөл хамгийн элбэг
Эрх чөлөө, хамгийн ховор байсан байна.
ХАРУУСЛЫН ШYЛЭГ
Атархан ч гэсэн, энэ насаа эдэлсэн
Атомын энэ зууны, өглөөг би мартахгүй
Амьдрал, сэтгэл нэгтэй өссөний учир
Ард түмэн цаг үе хоёроо би муулахгүй
Гэвч, сэтгэл нэг л дундуур байна
Гэмших мэт ирээдүйн өмнө ичиж байна
Шинжлэх ухааны өчнөөн их нээлтийн үед
Шинэ костюмтай, хуучин хүн олон байна
Өөрөө би, гэгээ багатай эгэл ард
Өнгө нь тааруу ч, дотор нь цагаан эр хүн
Өчүүхэн ийм амин хувийн олз эрэгчидтэй
Өлгий нэгтэй, найз нөхөд байсандаа ичиж байна
Аргагүй бид, нэгэн үед, нэгэн онд төрсөн юм
Арчаад арилахгүй, зугтаад холдохгүй чацуутан
Аав нэгтэй хамаатан, ээж нэгтэй ихрүүд шиг
Аянга нэгтэй өсөж, бэлчээр нэгтэй явлаа
Гэвч, бэлчээд бэлчээр гүйцэхгүй,
давхиад давхиад гүйцэхгүй
Гар зуурын луус олонх нь байжээ
Гэрт орж ирээд, гутлаа арчиж мэддэггүй шигээ
Гэмгүй санасан хүнтэйгээ, нөхөрлөж ч тэд сурсангүй
Уулзахдаа, бэл бэнчингий нь нүдээрээ бүртгэнэ
Ууж идэхдээ, аяганы томыг нь бүгдээрээ шилнэ
Уншсан шүлэг, урьсан гэр, ном судраас
Урьд, хойдохоо бодохгүй, хулгай хийхээ ид болгоно.
Найз юм даа гээд захиа бичихэд хариу бичихгүй
(Наалтыг нь задлаад
мөнгө биш захидал байхаар нулимдаг биз)
Наргиан юм даа гээд нанчид өргөхөд, ууж даахгүй
(Насаараа юм үзээгүй,
шунаг улс, шуналдаа согтдог биз)
Мөнгө харуулчихвал үнсэж үлгээд,
галзуу амьтан шиг нүүр шүлстэнэ
Мөнгөгүйгээ мэдэгдчихвэл үүдээ түгжчихээд:
-Байхгүй гэж хэл гээд багацуулаа турхирна
Мөр шүлэг, нэр зэрэг, цалингийн төлөө
Мөрийтэй тоглоомч шиг
аль ч найзаа хөнөөхөөс буцахгүй
Бурхан тахил дарга нар хоёрт ил далд мөргөнө
Бусдын гэр бүл, эхнэр хүүхдийг цаг ямагт гөрөөлнө
Харийн байтугай өөрийн хэлийг сурах чадал хүрсэнгүй
Харин тэгтлээ, булхай тоглоом, бузар бүхнийг сайн сурчээ
Анги нийгмийн маань идээт өвчин болсон ийм хүмүүст
Арга ч үгүй, миний чацуутан, найз нараас минь багтаад
Ажиг ч үгүй, тэгэх ёстой юм шиг сүрхий явах юм
Аяа хөөрхий, ирээдүйн нүүрийг би яаж харнам билээ
ЯРУУ НАЙРАГ
Залуугаараа өтөлсөн
Зарим хүн, шүлэг сонирхдоггүй гэнэ.
Яруу найргийг сонирхъё ч гэлээ
Явцуухан ой тойнд нь багтдаггүй бололтой.
Аргагүй ч юм уу даа
Арын уулын модыг хувийн пинд багтааж болохгүй.
Далайн усыг
Данханд яаж багтаах вэ!
Гэхдээ яруу найраг гэдэг
Гэрт хана унийн ширхэг бүхэнд
Өмссөн дээлд утас зүүний хатгаас бүхэнд
Өвөртөлсөн амрагийн уян шивнээний үг бүхэнд байдаг юм.
Хол гүнзгий худгийн уснаа
Ховоо хаяхад үүссэн долгис – яруу найраг мөн.
Хонь сувд мэт бүрхсэн дэнжид
Хоёр хүн уулзаад ширтэлцэх – яруу найраг билээ.
Тэнүүн талд агийн ааг босгож
Тэнхээт морьдийн довтолсон мөр – яруу найраг мөн.
Тэнгэрийн хаяатай нийлсэн цөлд
Тэмээн жингийн үлдээсэн мөр – яруу найраг билээ.
Хүнийг чимсэн байгаль,
байгалийг чимсэн хүн хоёр – яруу найраг билээ !
Хүчээр санаснаа зохиогоогүй,
Бас бэлэн хуулаагүй дуу – яруу найраг билээ !
Сампингүй тоорцогийг малгайд тооцоод яах вэ,
Сандалгүй ширээг ширээнд тооцоод яах вэ,
Санаж сарвайх дотно найзгүй хүнийг
Сайн муу цагт нөхөрт тоолоод яах вэ.
Товчгүй дээлийг хувцсанд тооцоод яах вэ
Тос нь үгүй техникийг техникт тооцоод яах вэ.
Толгой байвч бодох бодолгүй хүнийг
Том жижиг явдалд хүн гэж тоолоод яах вэ.
- Өдий болтол миний мэдээгүй юмыг
Хөдөө газар чи мэдсэн байх юм гэж
Насаараа сургууль хэсэж боловсорсон
Найз маань надад олонтаа хэллээ.
- Ухаан эрдэм гэдэг их далай юм санжээ.
Утгах саваа барьж багш нар чинь очжээ
Багш нарынхаа авч ирснээс чи бас хэмжээгээрээ
Балгаж чимхэж авч хоцорчээ.
Харин би тэр далайд чинь өөрөө очсон юм.
Хар багаасаа саваа хэлбэж байж очсон юм.
Халуунд халж, хүйтэнд хөрч, нойр хоолоо хасаж очсон юм.
Хамгийн гол нь хүнээр утгуулаагүй өөрөө утгаж авсан юм.
ШYЛГИЙН ТУХАЙ ШYЛЭГ
Өөрийнхөө шүлгээс уншаач гэж
Өнөөдөр та надад хэллээ.
Ямар шүлэг унших вэ гэдгийг харин
Ялгаж салгаж битгий захиалаарай.
Зурсхийн орж ирэх шүлгийн санааг
Зуушны газрын шөл шиг захиалж болдоггүй юм.
Яруу шүлэг сэтгэлийг дарс мэт халаах боловч
Янчаан мөнгөнд тохируулж граммаар аягалж болдоггүй юм.
Шүлэг гэдэг дэгжин бүсгүйн өмсөж
Шүүгч олны өмнө эргэлддэг хувцасны загвар биш
Уншигч сонсогч олны өмнө эргэлдэж маяглалгүй шууд
Ухаан бодлын нь төвийг олж хатгах хэрэгтэй.
Сэтгэж чаддаг хүний сэтгэлд
Сэрүүн сайхан цэцэрлэг ургуулах хэрэгтэй.
Эс чаддаг цөлөрхүү хоосон нэгэнд нь
Элсэн шуурга оволзуулах хэрэгтэй.
Хөөрүү заримын цээжинд түймэр тавих хэрэгтэй
Хөлдүү хөшүүн зүрхэн дээгүүр үгэн тэшүүрээр
гулсан наадах хэрэгтэй.
Цэгнэж тунгааж чаддагт нь
Цэвэр алтаар үнэн үгийг давтаж өгөх хэрэгтэй.
Цэцэрхэж сүржигнэх дуртайд нь
Цэцгийн сайхныг цаасаар хийгээд барих хэрэгтэй.
Уян дурламтгай хүнд
Уруул шиг шүлэг хэрэгтэй
Угийн уурламтгай хүнд
Зуруул шиг шүлэг хэрэгтэй.
Тогтворгүй гангамсаг заримд нь
Торго шиг шүлэг хэрэгтэй
Тоомжиргүй ихэмсэг заримд нь
Гар бууны сум шиг шүлэг хэрэгтэй.
Өрөөлийг шүлгийн сумаар онох сайхан ч
Өөр уруугаа эргэж тусдаггүй сумаар буудах хэрэгтэй.
Хүний газрын чулуу нь
Алт байгаад ч яах юм билээ.
Хүсэл нь тусдаа хүн
Амраг байгаад ч яах юм билээ.
Эсрэг гүрний шороо нь
Эрдэнэ байгаад ч яах юм билээ
Элэг буруутай хүн
Амраг байгаад ч яах юм билээ.
ЭХНЭР
Тэдний эхнэр Алимаа
Тэвдэх гэж байдаггүй
Салхи шороо дэгдсэн ч
Сандарна гэж мэддэггүй.
Амраг нөхөртэйгөө тэр
Ам мурийж үзээгүй
Айлын авгайгаа тэр
Аягүй харж ч яваагүй.
Гэтэл нэг өдөр
Гэнэт Алимаа сандрав
Хажуулдаж байсан орноосоо
Хатгуулсан юм шиг босов.
Yер усанд хөөгдсөн мэт
Yүд уруугаа ухасхийв
Тэрлэг дээлдээ ороолдож
Тэрий хадан босов.
Авдар сав нь доргиж
Артай толь нь дайвалзав.
Хамаг шаазан хангинаж
Халуун сав нь өнхрөв.
Тэгэвч Алимаа хүүхэн
Тэр бүхнийг тоосонгүй
Тээр болон ороолдсон
Тэрлэг дээлээ шидчихээд
Аргалын хайрцгаа эргүүлж
Авдрын өнцгөө мөргүүлж
Yүдээр яаран шагайхдаа
Yсээ тотгонд тээглүүлэв.
Тэгснээ санаа алдаад
Тэвдсэн байдал нь арилаад
Зүрхээ гараараа дараад
Зүүн орон дээрээ суув.
Алимаа яагаад сандарсныг
Амьтан мэдээгүй нь болж
Надаас өөр хүн
Наргихыг нь хараагүй нь яамай.
Хэт сандарсны учир нь
Хэн нэгэн хүүхэн
Хажуу айлын нь авгайгаас
Хар хүнийг нь сураглах дуулджээ.
Хонгорхон чамдаа зориулж
Хорвоогийн үнэнийг шүлэглэх юм сан.
Хар үнэнийг цагаан цааснаа
Харандаагаар сийлэх юм сан.
Даан ч чи минь уншихгүй л дээ
Даруухан дууллыг минь ойлгохгүй л дээ.
Хайрын андгай үнсэлт хоёр биш болохоор
Хараад хараад чи үнэнийг олж харахгүй.
Эрвээхэй шиг эргэн хурган тормолзсон
Эрдэнийн усан тэлмэн нүдтэй төрсөн ч гэлээ
Эрийн сайхныг олж харахаас биш
Ерийн үнэнийг огт харахгүй юм даа.
“ Сайхан чамд хайртай “ гэдэг шивнээг
Саахалтын газраас сонсдог байтлаа
Чин үнэний яруу тунгалаг шүлгийг
Чихэн дээр чинь уншивч сонсохгүй юм даа.
Янаглах эрийн уруулын амтыг чи
Ямар ч цахилгаан багажаас илүү мэдэрдэг атлаа
Яруу найргийн насан уртасгах шимийг
Аманд чинь хичнээн цутгавч амтыг нь мэдэхгүй юм.
Тэгэхээр чи хүн биш
Тэнгэрт үзэгдсэн хий үзэсгэлэн мөн өө дөө.
Тэртээ доор эх газар дээр цэцэглэсэн
Тэмцэл амьдралаас асар хол тасархай яа даа.
Найрагч миний дэргэд чи
Надад хэрэгцээгүй уран атлаа хүйтэн чулуун баримал,
Наалинхай чиний дэргэд би
Намуухан атлаа оёортоо шуургатай, оломгүй далай.
Хэрвээ болдогсон бол
Хээнцэрхэн чинийхээ хар нүдэн дээр
Яруу найргийн шидэт үзгийн үзүүрээр
Ялгуусан үнэний шүлгийг шингээнхэн сийлж өгөх юм сан.
Тэгвэл чи амьдралыг
Тэр шүлгээр харах болно.
Өөрийгөө бас олж хараад
Өрөвдөнхөн ичингүйрэх болно.
ЯРУУ НАЙРАГЧИЙН ЗYРХ
Yгүй ээ, хүндэт дүү минь уучлаарай
Yгээрээ яруу найрагч мөнхөрдөг ч
Yг хэлдэггүй болохоор шүлэгчийн зүрх
Yнэтэй байдаггүй юм хэнд ч.
Алаг зүрх нь цохилохоо болиход
Авьяаст найрагч төгслөө гэж
Найргийг хоолноос арай дээрд боддог нь
Нам гүм зогсож харуусдаг юм.
Тэглээ гээд хэрэг нь юу вэ.
Тэр чинь худлаа
Зүрх зогслоо гээд найрагч үхдэггүй юм.
Зүрх гэгч нохойд ч байдаг эрхтэн.
Яруу найрагчийн зүрх гээд
Ялгаатай нь юу вэ.
Дуртай бүхэнд хэлэгдсэн
Дурлалын хямдхан бай.
Тэр зүрхэн дээгүүр
Тэнэгүүд адуу мал шиг пижигнэж
Хотын хүүхнүүд тэр зүрхийг чинь
Хоногийн цувдайнаас хямдхан хүртэж
Албан бичгийн хуучин хавтас шиг хүмүүс
Алд биеийнхээ чилээг гаргах гэж
Дууч найрагчийн бэлэн зүрхийг
Дуртай буугаараа буудаж зугаацдаг юм.
Yнэхээрийн найрагч гэдэг зүрх нь
Yнэтэй бишээ, харин
Хүмүүсийн зүрхийг хайрлаж явснаараа
Хүндтэй улс – яруу найрагчид мөн.
Хэрвээ шүлэг минь танд таалагдвал
Хэн нэгэн танилдаа уншиж өгөөрэй
Танил чинь бас таашаавал
Тансаг шүлэг бүтээсэн монгол хүнд баярлаарай.
Надтай харин уулзах гэж бүү хүсээрэй.
Найраг шүлэг шигээ сайхан гэж бүү бодоорой.
Байгаль зураач миний дүрийг бүтээхдээ
Баруун гараараа бус солгой гараараа зурсан юм.
Алт хар тугалга хоёр
Адилхан жинтэй…
Алтаар гоёл хийнэ
Тугалгаар сум хийнэ.
Хар тугалган сумаар
Харагдсан амьтны ямрыг ч алж болно.
Харин алтаар сум цутгалгүйгээр
Гагцхүү хүнийг алж болно.
Энэ хорвоод би
Эдгүй тэнэг хүн тун олныг үзсээн.
Тэгтэл чи уурлаж хардахаараа
Тэнэгийн цаад тэнэг юм.
Энэ хорвоод би
Эрхэм мэргэд тун олныг үзсээн
Гэтэл чи хэрэлдэх болохоороо
Гэтлэх аргагүй цэцэн хүн юм.
YГ
Хэн хүнтэй үг ярина гэдэг
Хэрэг дээрээ тулалдаан юм.
Халуун хүйтэн ямар ч зэвсгээс
Хатуу зөөлөн үг хүчтэй.
Yгээр хүнийг захирч болно
Yхүүлж ч болно сэхээж ч болно.
Шалдлуулж, инээлгэж, уйлуулж болно.
Шархлуулж бас эдгээж болно.
Ярина гэдэг харин чанга дуугарахын нэр биш
Яруу уран илтгэхийн нэр биш
Гал шиг бадарч ус шиг урсгахын нэр биш
Гагцхүү зөв сэтгэж, зөв дуугарахын нэр.
Эсрэг талаа судлалгүйгээр
Эхэлж тулаанд ордоггүйн адил
Ярьж байгаа хүнээ мэдэлгүйгээр
Ямар үг түүнд тохируулах вэ.
Арслан заан шиг лут этгээдийг
Ангийн калибр шиг үгээр загатнуулах ч үгүй.
Танк эсэргүүцэх буу шиг хүчит үгээр бөмбөгдвөл
Тарвага шиг хүнээс юу нь үлдэх вэ.
Эхээс төрөхийн цорын ганцхан
Эвхмэл хутга шиг яриатай хүнийг
Дамаскийн илд шиг сүрт үгээр
Далайсны гарз шүү дээ.
Байлдааны хуягт шиг хүний урьдаас
Банз мод шиг үг хэлэх
Барын урдаас
Балиус барьсантай ижил.
Дундуур шингэнтэй лонх
Булгиж хэлбэлзэх дуртай.
Дутуу эрдэмтэй хүн
Бусдыг дүгнэх дуртай.
Архины лонх хагарахад
Архи уйлна.
Архийг асгарахад
Архичин уйлна.
Архичныг үхэхэд
Хэн ч уйлахгүй.
ДАНЗАННЯМЫН ИХ ХYY ШАГДАРСYРЭНГИЙН ДУРСГАЛД
Энхрий нөхөр минь ээ, чинийхээ тухай
Эмгэнэлээ тайлж шүлэг бичье.
Анд нөхөртөө зориулж өөрийн л босгож чадах
Амьд хөшөөний суурийг бадгаараа өрье.
Орчлонгийн цэнгэлийн гашуун нуурт ганганаж байсан
Олон шувууны нэг минь ээ
Амьдралын жолоог атгаж ч явсан, алдаж ч явсан
Арван хурууны нэг минь ээ.
Ийм болохоо мэдэлгүй сайдаж муудаж явсан
Ихэр биеийн өрөөсөн минь ээ
Холдоод удвал саналаа гээд сандарч явсан
Хос зүрхний нэг минь ээ.
Баяртай !
Бараагий чинь дахин харахгүй
Яриагий чинь дахин дуулахгүй
Дэлхийн ямар ч шуудангийн захиа хүрэхгүй
Дэндүү холд чи минь явчихлаа..
Yлгэр домгийн
Yл үзэгдэх шидэт хөшиг шиг
Yхэл хэмээх дөрвөн үсгийн цаагуур
Yүрд чи минь бараа тасарлаа.
Харагдахаас зөвхөн
Харууслын дугаарт хэвлэгдсэн
Эрүүл саруулхан, залуухан хөрөг чинь
Эгц урдаас ширтэнхэн үлдлээ.
Аяа чи минь ямар сайхан залуу байгаа вэ.
Арын хангайн шинэс шиг ямар сайхан эр байгаа вэ.
Зураг хархан хөмсөгт халхын олон хүүхэн
Зуны шөнийн нойр алдаж хөнжил дотор холхимоор
ямар сайхан эр байгаа вэ
Энэ – миний найз гэж ямар ч газар танилцуулахад
Эрийн хийморь сэргэж, дайсны зүрх шантармаар
ямар сайхан эр байгаа вэ.
Амьд сэрүүн цагт чинь гэвч
Аргиж наргиж явахдаа бид
Тэр сайхныг юманд бодохгүй явжээ.
Тэгэхэд бид бүгдээрээ сайхан залуус явжээ.
Газар тэнгэрийн завсарт багтаж ядан цалгиж
Галзуу нохойн аманд гараа хийхээр насанд
Хамт дуулж хамт уйлж явсан дундаа
Хамгийн сайхан нь ганцхан чи байгаагүй.
Гэвч орчлонгийн сайхан залуу насны
Гэрэлт хөшөө шиг оргилуун сайхан тэр оройд нь
Yүрд жолоогоо татаж мөнхөд зогсож үлдсэнээрээ
Yеийнхэн дотроосоо чи хамгийн сайхан,
хамгийн залуу нь боллоо.
Дахиад дээр нь нэг ч өдрийн нас нэмэхгүй
Дархлан зогсоосон энэ насан дээр чинь
Хоёр нүднийхээ нулимсыг, чинийхээ төлөө дусаагаад
Хонгор багын найзууд чинь өвгөн нас уруугаа явцгаалаа.
Танил маань шинэ малгай өмсөөд
Танихгүй хүн шиг дээгүүр харж явна.
Хуучин малгайгаа сольсноос биш
Хуучин муу толгойгоо солиогүй л баймаар юм.
Хүйтрэх дулаарах тэнгэрийн явдал
Хүний санасанаар болсонгүй гэж
Дэмий ч гэсэн сэтгэлээ засаж
Дээшээ хялалзан хялалзан муулцгаана.
Орчлонд хүн гэдэг амьтан
Овилго муутайгаараа гаргууд билээ.
Хэрвээ тэнгэр хүний санаагаар загнах юм бол
Хэдийнэ энэ ертөнц сөнөх байсан буй заа.
ХУНДАГА ӨРГӨХ YГ
Эргэж буцахгүйн төлөө
Энэ хундагыг өргөе
Урагшаа давшиж явна гээд
Ухарч шившиг болохгүйн төлөө !
Бусдаас дутуу байж илүү гэж
Буруу ойлгоод инээдэм болохгүйн төлөө
Хөвчин дэлхийн хүчтэнтэй зиндаархах гээд
Хөлд нь үрэгдэхгүйн төлөө !
Хайртыгаа гээд дайсандаа
Хаалгаа нээж өгөхгүйн төлөө
Бусдын доромжлон байгааг мэдсээр байж
Буруу ойлгосон болж худлаа инээхгүйн төлөө !
Товчоор хэлбэл хэн хүнгүй
Толгой бөгс хоёроо солихгүйн төлөө
Эхний бөгөөд эцсийн
Энэ хундагыг өргөе !
Хүүхэнд харагдах нуруу минь
Нум шиг бөгтөр ч яамай
Хүнд хэлсэн үгс маань
Сум шиг шулуун байгаасай.
Алдалж тавьсан сумыг
Агаарт зогсоож болдоггүй
Амнаас гарсан үгийг
Арчаад арилгаж болдоггүй.
Болчимгүй үгээр өөрийнхөө
Олдомгүй нөхрийг жигшээх
Харийн газарт морио
Харваснаас юуны өөр вэ.
Хүмүүст хэлэх үгс минь
Хүнд пулемётын сум шиг онож байх албагүй.
Yзэгдсэн бүхнээ хяргах
Yс авдаг тонгорог шиг хурц байх албагүй.
Гагцхүү цэцэн байхыг
Гажиг байхгүй шулуун байхыг
Yүрд хэзээ ч хуучрахгүй
Yнэн байхыг хүснэ !
Би тэнэх дуртай хүн
Бишгүй олон уул, усыг үзэж
Бичигдээгүй шүлэг болсон зам харгуйг уншиж
Би аялан жуулчлах дуртай.
Yй олон хүн зонтой нүүр учирч
Yйлдвэр завод хот сууринг үзэж
Yхэгсдийн үг сонсож, төрөгсдөд нэр өгч
Yлгэр туульст итгэж явах дуртай.
Хааны хувцаснаас, боолын хуулга хүртэл
Харагдсан бүхнийг өмсөхийг би хүсдэг
Хашралгүй дахин дахин дурлаж
Хайр даах хүүхнийг хайрлахыг би хүсдэг.
Амттан бүхнийг идэхийг би хүсдэг
Архи ууж, тамхи татаж, дуулахыг би хүсдэг
Айхтар их баярлаж, дэвхцэхийг би хүсдэг.
Ан агнаж, байшин барьж, найрлахыг би хүсдэг.
Хэрвээ би, энэ бүхэндээ дургүй болох юм бол
Хэн хүнд өөрөө бас хэрэггүй болж байгаа нь тэр !
Анхан өлгийнөөсөө гарахад
Амьдрал гэдэг
Алхмын цаахна байсан ч гэлээ
Алхаж очиж чадахгүй мөлхөж очсон билээ би
Алд биеэрээ мөлхөж очсоны учир
Амьдрал чамд хайртай би !
Амьдралын ханьдаа хүрье гэхэд
Амрагхан чи
Алхмын цаахна байсан ч гэлээ
Анхны харанхуй шөнө
Алхаад очиж болохгүй мөлхөөд очсон билээ би.
Амьтнаас нуун мөлхөж очсоны учир
Амраг чамдаа хайртай би !
Аюулт дайнд эх орноо хамгаалахад
Алдар ялалт хоёр
Алхмын цаахна байсан ч гэлээ
Алхаж хүрэх нөхцөлгүй мөлхөж хүрсэн билээ би.
Амь дүйн мөлхөж хүрсний учир
Алдар гавьяандаа хайртай би.
БӨМБӨГ
з жаргал чи
Алаг бөмбөг шиг ойж бууна
Атархан залуугаасаа би
Чамтай хөөцөлдлөө.
Хөлсөө дуслуулж
Хөлөө цуцаанхан гүйж хүрэхэд
Гарын үзүүрээс чи
Ганцхан ойгоод арилна.
Дээр дээр ойно.
Дэндүү хол үсэрнэ.
Дэвхрээд дэвхрээд чамд
Ихэнхдээ үл хүрнэ.
Хэрвээ би амрах гэж
Хэвтэх буюу суух юм бол
Хэзээ ч чи гүйцэгдэшгүй
Хэт хол арилна.
Yүний учир элдэв
Yхэн хатан элдэв.
Наранд саранд элдэв
Насан туршаа элдэв
Чамайг гүйцсэнгүй
Чадал одоо дуусжээ …
УУЛСЫН ОРГИЛ
Уулсын оргил өндөр өө
Ужиг зүүд мэт өндөр өө
Эх газраас үүл манан дунд
Эгнэгт тасархай өндөр өө
Өндөр түүний орчинд
Өвс ч үгүй, ус ч үгүй
Гагцхүү үл арилах мөс…
Ган хуяг мэт хатуу мөс…
Мөсөн дээр амьдрал байдаггүй
Мөнх цэвдэгийн хууль ноёрхоно.
Хамаг бүхнийг үхлээр захирах
Хатуу мөсөн чив чимээгүй.
Өндөр оргилын дүлий мөсөнд
Өрөвдөх тунгаах юу ч байхгүй.
Тэндээ өөрийгөө дархалж
Тэнгэрт царцсан хүүр !
САРАНЖАРГАЛ
Багын нутгийн Саранжаргал
Мөн үү, биш үү энэ чинь ?
Балданцэрэнгийн Саранжаргал
Мөн үү, биш үү та минь ?
Бараа туруугүй үлдсэн
Нутгийн борхон довцгоос
Бараг гучин жил уулзаа нь үгүй юм.
Гар хүрэхийн аргагүй
Цэвэр цэмцгэр хувцас,
Гангар шаазан адил
Цав цагаан хэнхдэг
Бүжгэн жүжгийн гоцлогч шиг
Суналзсан сайхан бие
Бүрэнхийд дэнлүү болмоор
Нүдний нь хөөрхнийг хараач.
Хэтэрхий сайхан түүнийг
Харах нүд далдирмаар
Хэлцэх наргих гэхээр
Ярих үг халтирмаар
Ханилаад алхъя гэхэд
Yе өвдөг чичирмээр
Хачин хувирч дээ миний
Yзэсгэлэнт Саранжаргал
Аашны нь зөөлөн гэтэл
Хувираа нь үгүй байнам
Амны хоёр тал дахь
Хонхорхой нь хэвээр байнам.
Алаг нүдний нь солбих
Намжир хэвээр байнам
Алтан хонхны дуу шиг
Инээд нь хэвээр байнам.
Унаган багын зан нь
Хэвээр байгаа юм бол
Усан бороонд нүцгэлж
Гэрээ тойрон гүйгээсэй
Уур савссан бие
Гэзэг хөмсөг бүхнээсээ
Ус дуслуулан аахилсаар
Манайд орж ирээсэй …
Эр хүн болоход минь анх
Энхрийлэн хайрлаж байгаа нь энэ гэж
Хайр гэдгийг өөрөө ч мэдэхгүй байж
Хар нүдэн Бурмаа хөглөж байдаг сан …
Хөдсөн дээлийн сэжүүр доор
Хөглөж байсан тэр цагаас хойш
Улирах цаг миний нас хоёр
Уралдан барилдан арилж өгчээ.
Холын замд үдүүлж угтуулж
Хосгүй ерөөл зөндөө сонслоо.
Хотын охидод үнсүүлж уйлуулж
Хорвоогийн дурлалын дээжийг амслаа.
Цэнгээний газар дарсны сайныг амсаж
Цэцэн мэргэний охь манлайг чагнаж
Элдэв бэлэг, цэцэг, магтаалыг
Энэ насандаа бишгүй нэг хүртлээ.
Буурал болж элдэв цэнгэлээс залхаад
Буцах дөхсөн энэхэн насны намар
Эргээд бодвол олсон бүхэн алга аа
Элдэв магтаал бэлэг цөм хоосон.
Зуурдын амрагийн дурлал нулимс хоёр
Зулын тос шиг ширгээд дуусаж
Авсан бүхэн буцсан байнам
Алдхан биед чухам юу үлдэв ?
Өөрөө хайр гэгчийг үзээгүй байж
Өрөөлийг хайрлах гэж ядаж байсан
Хөөрхий хар нүдэнгийн минь хэлсэн үгс
Хөдсөн дээл шигээ бүлээхэн үлдсэн байнам …
БЯЦХАН СУРГААЛ
Ямар ч юмыг хийж сур
Ядаж хийснээ хэрэглэж сур.
Өчнөөн зовж байж бүтээсэн юм даа гэж
Өөрөө өөрөөсөө бүү харамла.
Удаан оролдож бүтээсэн бүхнийг
Удаан хэрэглэдэг албатай бус
Арван жил бэлтгэсэн зүйлийг
Агшин төдийд ч дуусгаж болно.
Гуч хоног бэлдэж зэхээд
Гурав хоног наадам хийдэг
Насанд хүртлээ төхөөрч яваад
Найр хурим ганцхан хийдэг.
Их ажил болж хийсэн сумаар
Ирмэх төдийд буудаад дуусдаг
Зуун цагаар бүтээсэн шүдэнз
Зурах төдийд нүүрс болдог.
Учир иймээс бэлтгэсэн зүйлээ
Удаан хэрэглэх гэж өөрийгөө бүү зовоо
Өөрийн зэхсэнийг эзний эрхээр
Өөрийгөө баясган хэрэглэж сур.
Амьдралыг өгсөн эх орондоо ч бас
Алд биеэ зориулж сур !
ЖАРГАЛ
Хүчит амьдралын их дэвжээнд
Хүчин буурай энэхэн насанд
Хүслийн боол болж явахад
Хүний жаргал мөн ч олон янзаа.
Сайн морийг унаж
Салхи шиг явах нэгэн жаргал байхад
Сайхан бүсгүйн аашинд
Сархад шиг хөлчин суух нэгэн жаргал бас бий.
Өчүүхэн бараан амрагаа
Өндөр цагаан гэж бодож явах нэгэн жаргал байхад
Өчнөөн хүүхэд бужигнуулаад
Өөрөө дунд нь дарагдаж суух бас нэгэн жаргал байна.
Гэтэл морь ч үгүй, нохой ч үгүй,
Гэргий ч үгүй, хүүхэд ч үгүй
Гэр орон ч үгүй, засаг ч үгүй
Цагаан зээр шиг явах нэгэн жаргал байдаг.
Yгүй бол хэн ч хамаагүй нэгэнтэй
Yнсэлдэж муурын зулзага шиг эрхэлж
Yхлээ хатлаа гэж тунирхаж
Yсээ цайтал балчир мэт явах бас нэгэн жаргал байна.
Арай гэж олдсоноо хүнд тарааж
Архи дарсаар бусдыг дайлж
Амьтныг ганц удаа ч бол баярлуулахын тулд
Алд биеэ цөлмөж явах нэгэн жаргал байнам.
Хайртай гэснээс өөрөө зугтаж
Харь холын хүнд сэтгэл алдаж
Хаа хэзээ ч бүтэхгүй юмны төлөө
Хатаж санааширч явах бас нэгэн жаргал байна.
Өдөр шөнөгүй унтдаг жаргал
Өглөө үдэшгүй согтдог жаргал
Өөрийгөө хуурдаг жаргал
Өрөөлийг шулдаг жаргал
Өчнөөн төчнөөн жаргал …
Хүйтэн жаргал, халуун жаргал
Хүсмээр жаргал, хүсмээргүй жаргал
Хүн байтлаа мал шиг явах жаргал
Аяа жаргал юутай олон бэ ?
Энэ олон жаргалыг
Эдлэх гэж хүсэж яваа хүн цөм жаргалтай.
Эдлээд ханасан хүн бүгд зовлонтой.
Эцэстээ зовлонгүй жаргал хорвоод байсангүй.
Аугаа их өчүүхэн хоёр
Амраглан нөхцөх дуртай.
Өчүүхнийгээ агуу их нь
Өхөөрдөн өрөвдөнө.
Агуу ихдээ өчүүхэн нь
Айн биширнэ.
Их бага хоёрын завсарт
Инээдэмтэйгээр үрэгдэх вий гэж
Дунд зэргийнх нь амиа бодно.
Дув дуугай зайлан одно.
Орчлонд дунд зэргийнхэн
Овойх ч үгүй хотойх ч үгүй
Их бага хоёрын үлдээснийг
Идэж явдаг жамтай.
Өвлийн эхний цас сэм сэмхэн сэрвэгнэв
Өмнөд нутгийн салхи сэвс сэвс эрвэгнэв
Өтгөн дэрсний толгой сэрвэс сэрвэс бэрвэгнэв.
Торх сав шиг авгай аргал авчрахаар майраганав
Томдсон гуталтай жаал араас нь даган тайрганав.
Тогоруу шиг зэгзгэр охин аашлан загнан сайрганав.
ӨӨРТӨӨ ДУТУУГ ӨРӨӨЛӨӨС БИ ГУЙНАМ
Аварга их орчлонгийн өмнө
Алгаа тосонхон би гуйлга гуйж байна.
Алив надад эрх чөлөө гэгчийг
Арван мөнгөний дайтай ч гэсэн хайрла!
Yнэн гэгчийг гар дээр тавиач
Yзээд буцааж өгье л …
Хэтэрхий уян хүн та
Хэдэн дусал нулимс хайрла.!
Хэт эрт үхсэн найзынхаа
Хэвлэгдээгүй шүлэг дээр дусаая
Завхай хүүхэн та
Зарим илүү шөнөөсөө надад хайрла.!
Өр төлөөсгүй цэнгэлээр нэг цэнгээд
Өглөө нь эргэж харалгүй явж нэг үзье
Хүн уншихгүй ном хэвлүүлж суудаг
Хүндэт зохиолч та төлөвлөгөөнөөсөө хайрла !
Буруу ч байсан амьдралын хэлтэрхий
Бусдад хэрэг болох ганц шүлэг хэвлүүлье
Өнгөтэй сайхан хүнээс
Өгөөч гэж гуйх хэрэгтэй юмгүй.
Харин хүн аймаар, хүн та муухай төрсөндөө
Харамсахгүй явдаг гуниггүй зангаасаа
Хайрла.!
Баян бөгөөд тэнэг хүнээс
Бас би юугаа гуйх вэ.
Yгээгүй ядуу хүний өмнө харин малгайгаа тосъё
- Yг хайрла !
Нийгэм минь та
Нинжин сэтгэл хайрла !
Хүчирхэг мандсан хорьдугаар зуун та
Хүн чанар хайрла !.
Өнөө үе архины хаанчлалаа
Өөрийг минь өгөөч !
“ Yхнэм би ” гэж чи надад
Сүр бадруулан тунхаглав
Yнэдээ надад
Юуны хамаа байна ?
Yхжээ гээд би
Сонгино хэрчсэний дайтай уйлахгүй биз ээ
Yлджээ гээд би
Сонин худалдаж авсны дайтай сонирхохгүй биз ээ
“Yхнэм би” гэж
Хүнд зарлаж явдаг тэнэгийн нэг
Yнэдээ алга болбол
Хүн төрөлхтөнд аятай юу даа !
НЭРГYЙ НЭГЭН ХYН
Хавар намрын зэврүүн салхи
Хайргүй үлээх уужим талд
Хатсан хялгана буурал үс шиг
Хааяа сэрвэлзэх довцгийн энгэрт
Yхрийн нүдний ухархай гэмээр
Yл мэдэгхэн борог хонхорт
Yхсэн төрсөн он нь тодгүй
Нэгэн хүний булш нойрсоно.
Өдөрт хааяа чавхны чулуу шиг
Өнгөрөх болжмор тэнд буусангүй
Сард хааяа зүүдний юм шиг
Сажлах морьтон тэнд очсонгүй …
Зэлүүд бөглүү энэхэн газрын
Зэрэглээнээс өөр зочин үгүй
Зэрвэс үзэгдэх тав гурван
Зээрнээс өөр ёслох амьтангүй.
Дэндүү чимээгүйд мөнх дугжирсан
Хэний хүү хэн бэ гэдгийг
Дэрний нь чулуу мэдэх атал
Хэлье гэсэн ч хэл байхгүй …
Хамгийн сүүлд булшин дээр нь
Харуусан зогссон хэдэн хүнээс
Тав нь үхэж, гурав нь үхлүүт
Талийгаачийг бодохтой мантай.
Урьдаа, гэвч энэ хүн
Уужим цэнхэр энэ л талд
Улаан дөл шиг цовоо жаал
Уургын цээж унаж өссөн юм.
Марзтай тойромд биеэ угааж
Майжиг эмээгээс хусам горьдож
Малын захад дуугаа дуулж
Мандах нар шиг өөдөлж явсан юм.
Номхон мориноос ойчиж сурч байж
Догшин морин дээр тогтож сурсан юм.
Ногтны сур зангидаж сурч байж
Агтны зан амьдрал сурсан юм.
Yхрийн сүүл хугарам хүйтэнд
Yнэгэн малгай буулгалгүй
Yүрийн жавар үдшийн царцууд
Yстэй дээлтэй зуух шиг явсан юм.
Адууны хомоол уугим халуунд
Атрын өвсийг сэвэлзтэл исгэрч
Амьтан бүхнийг давчдаж байхад
Айраг нэвчсэн чулуу шиг явсан юм.
Дуутай шуутай наадмын довон дээр
Дуудах цолгүй түрүүлж явсан юм.
Дугарын хүүхэн Дулмаад дасаад
Намрын салхинд гэгэлзэж явсан юм.
Хугацаат цэргийн албанд тэнцээд
Хуаран байранд бужигнаж суугаад
Орос зэвсэг гартаа барьж
Монгол нутгаа хамгаалж явсан юм.
Хүнд пулемётын сумангийн даргын
Хүүхэн жаахан Нинад татагдаж
Албанаас халагдавч нутаг буцалгүй
Амрагийн эрхээр хот орсон юм.
Хот газрын олон Нинад
Хоёр нүдээ алдах шахан
Зохиох амьдрал үйлийн үртэйгээ
Зодог өмсөлгүй барилдаж эхэлсэн юм.
Ажиллая гэсэн ажилдаа орж
Авъя гэсэн амрагаа авч
Ахуй насныхаа ид зунаар
Аархаж болом дөмгүүр явсан юм.
Хэдэн яамны нэгэнд удаж
Хэлтсийн даргын нэгэн болж
Хуучин Нинагаа шинээр сольж
Хувийн хашаа байшин авч
Yйтэнхуар, драп өмсөж
Yдэш бүхэн дарс аягалж
Yүдэндээ өглөө машин зогсоож
Yүрдийн юм шиг гулгиж явсан юм.
Хангайн нуур шиг цэлэлзэж яваад
Хатах нас нэгэнт болоход
Хавар ирсэн шувуу шиг нөхөд
Намар нь болоод буцан зэллэв.
Албан тушаал насанд ахдаж
Аажим боловч зогсолтгүй уруудаж
Yүгээр түүгээр гуйсны хүчинд
Yүдний жижүүрт арайхан тогтов.
Гаднаас орох нь яв явсаар
Гантай зуны бороо шиг цөөрөвч
Гадагш гарах нь урьдын адил
Ганга мөрний урсгал шиг байсаар
Хашаа байшин эдлэн хөрөнгө
Хайлах мэт нимгэрэн барагдав.
Хар үс нь цайран цайрсаар
Хазаар мэт үрчлээнд дарагдав.
Олон амрагийн отгон болсон
Овоо зантай залуу эхнэр
Оломны цанхтай гүү шиг загнаж
Олсон хэдийг нь аваад арилав.
Насны эрхээр ажлаас огцорч
Нартын жамаар алжааж өтлөхөд
Наргиж явсан урьдын нөхөд
Наашаа бус цаашаа гэлцэв.
Хэлтсийн дарга явах цагт
Хэлээ олохгүй магтаж явагсад
Хөгшин болоод ядарсхийхэд
Хөлөө олохгүй зугтах жишээтэй.
Хүндлүүлж явсан цаг дуусаад
Хүндэлье гэхэд хүмүүс тоохгүй
Хүүхнүүд хүртэл загнах аядаад
Хүүхдүүд хүртэл тоглоом хийхэд
Тэмээ хүн хоёр ядрах цагтаа
Тэмцэж нутгаа зорьдог үлгэрээр
Эвдэрхий хуучин чемодан барьж
Эх нутагтаа ирсэн юм …
Ах дүү садан нь эрлэг хүрч
Амьд заримын нь элэг хөрч
Ажиггүй байвал наашаа гэхгүй
Аргагүй очвол цаашаа гэхгүй …
Таньдаг түмэн үхэх нь үхэж
Тарах нь тарж, зөнөх нь зөнөж
Танихгүй хүмүүс мэдэхгүй айлууд
Газар нь харин танил газар байв …
Энэ газар түүнийг тосож
“ Эзэн нь юм аа мэднэ ээ ” гэх шиг
Илч нь харьсан бөгтөр биеий нь
Гунигтай хамт өвөртөлсөн юм.
Тэрний хойноос хүн уйлсангүй
Тэгж явсан хүн гэж дуунд дуулсангүй.
Ажлаас орон тоогоор хассан шиг
Амьдралаас бас орон тоогоор хасжээ.
Цагтаа хүн шиг хүн яваад
Цагаа болоход хүнд хэрэггүй болоод
Уйтгартай нь аргагүй өнгөрлөө.
Уг нь энд төрсөн юм эндээ үхжээ …
Хатуу чанга шорон байсны
Хаалгыг үүрд хаагаад
Хар цоожоор цоожилсон байна.
Харин түлхүүрийг нь яагаа бол ?
Залхаах шоронг устгах ч яахав
Засарч өгдөггүй гэмт хэргийг харин
Yүрд дотор нь цоожлоо болов уу
Yлдээчихээд хоосон цоожилсон болов уу ?
Хөөрхий энэ шорон
Хөсрий болж дээ зайлуул
Энд би нэлээд сар жил
Эрх чөлөөгүй тарчилж билээ …
Ядарсан цагт гэр болж байсан
Явцуу шорон ч яахав сөнөж
Ялыг минь далимдуулж дарлаж байсан
Яргачин харин хаана яваа бол ?!
ГАНЦААРАА ЭР ХYН
Yе үе нижгэнэдэг чив чимээгүй өрөө
Yүдэн дээр нь ирдэг олон зочны
Yлдээсэн элдэв тэмдэг
Yнгэгдсэн шалны таархан….
Угаагаагүй удсан шал
Услаагүй удсан цэцэг
Унтарсан зуух шиг ор дэр
Урьдын тансаг сүмийн балгас шиг гал тогоо …
Тамхины бохь ханхалсан ширээ
Тарааж хаясан сонин сэтгүүл
Талхны хатсан үртэс(нэгэн хоёр удсан зүсэм)
Таваг дээр хуучирсан шар тосны үлдэц…
Олон халаасан зэлгээн цай
Ойрмогхон долоо хоногт хиамыг
Огтолж байсан хутга,
Оёортоо ёотонгийн хогтой дийз …
Угаагаагүй дотуур хувцас
Удсан шөлний эхүүн үнэр
Ханан дээр ялаа алсан мөр
Хайчилж наасан хүүхний зураг…
Сүрт хэрүүлийн үеэр нэгэн цагт
Сүйрсэн толины хэлтэрхий
Өмнө нь савангийн хөөсөнд зууралдаж
Өнгөө алдсан сахлын машин …
Цай давс гоймон авах тухай
Цаасан дээр тэмдэглэсэн бичиг
Цаана нь үнэнч хань болсон ганц түлхүүр
Цаг … арав хагас
- “ Одоо босъё доо “
ГОВИЙН ЖААХАН БYЖИДМААГИЙН ГУЙЖ ХЭЛСЭН YГ
Амьдралын ханиа чамайг болгож
Авъя гэж та бичжээ.
Амаар минь болъё гэж бодоод
Асууж байгаа юм уу даа ?
“ Эр хүний дотор
Эмээлтэй морь багтана “ гэдэг
Эргэцүүлж өөрөө бодсон юм байгаа биз
Би юу гэх вэ дээ …
Харсаар байж намайг
Сайхан хүүхэн гэж шилээгүй нь лав
Харин Бүжидмаа чинь танд
Сайн хань байхыг хичээнэ.
Өрх гэрийн чинь голомтыг би
Өөд нь бадраахыг бодно.
Өмссөн зүүснийг чинь бүтэн
Өнгөтэй явуулахыг хүснэ.
Хишгийн тогоог чинь түшиж
Хийморь жавхааг чинь дэмжиж
Хэчнээн бэрхшээл тохиолдсон ч
Ухарч цуцахгүйг бодно оо.
Халуун байлаа гээд
Халширч зугтахгүй нь магад
Хүйтэн байлаа гээд
Хүнээс дутахгүй нь мэдээж
Ажил үйлэнд Бүжидмаа чинь
Айхтар гаргууд биш ч гэсэн
Айл хөршийнхөө дотор
Айргийн тавд орох байлгүй.
Харин намайг та
Хамаагүй дээгүүр хөтөлж
Хатад дагинас шиг гангацуултай.
Хамт битгий суулгаарай.
Нүүр минь бараан билээ
Нүд минь онигор билээ
Хөдөөнийх болохоороо тэнд чинь
Хөлс бурзайгаад байдаг юм.
Бас та надад
Бариу салбагар өмд
Өндөр өсгийтэй шаахай
Өмсгөсний хэрэггүй шүү.
Майга болохоороо доогуураа
Майхны ам шиг харагдах биз
Гутлаар биш мориор
Гоёж өссөн билээ би.
Барагтай эмнэгийг авчрахад
Байя гэж буцахгүй ээ.
Шаахайнд харин булгиулаад
Шагайгаа мулталж магадгүй.
Эцэст нь танаас гуйхад
Элдэв дээдийн бүжиг уруу
Идшинд хөтөлсөн байдас шиг
Ийш тийш нь бүү хөтлөөрэй.
Сэвэлзсэн байдасны очсон газар
Сэвс цус байдаг шиг
Гоёж очсон бүжгийн цаана
Голдуу хэрүүл зодоон байдаг гэж
Арай худал хэлэхээргүй
Ахмад настан ярьдаг юм
Аливаа хэрүүлд ерөөс би
Амин голоосоо дургүй.
Өөрт чинь хэлэх юм
Өөр юу сан билээ ?
Өл хоолоо чамлахгүй
Өмсөх эдлэхээ голохгүй …
Бүрэгхэн ийм Бүжидмаа чинь
Бүдүүлэг ч санагдаж магадгүй.
Хэрвээ тиймэрхүү санагдвал
Хэлээрэй надад эртхэн.
Хань хэдий сайн ч
Халуун элгэнд хүрээ билүү
Хангай хэдий сайхан ч
Ханагар говийг минь гүйцээ билүү… гэж
Нутгийн минь дуу байдаг юм
Нуугаад яах вэ танаас
Алс нь ер нь говьдоо л
Амьдарна гэж боддог шүү …
Өөр юу ч хэлэх вэ
Өөрөө бусдыг нь бодоо биз
Бодоод надад хэлээ биз
Болно л доо… Би зөвшөөрнө.
Хүчтэй ганган явах цагт
Хүн байтугай нохой хүртэл инээнэ.
Ноорч ядуурахын цагт
Нохой байтугай хүн хүртэл урах гэнэ …
Аавын хүү нэгэнт доройтсон бол
Аз жаргалтай үеэ олон битгий дурс
Өлссөн хүн өөх яривал
Өөрийн биеийг тамлахын нэмэр
Зол жаргалыг нэгэнт эдэлсэн бол
Зовж явсан үеэ битгий март
Агшин төдийд жаргалынхаа үнийг мартвал
Амтгүй жаргал зовлонг болж хувирна.
Гучин наймтай аавыг минь
Амьд сэрүүн зүрх шиг
Гуниг баяраа дэргэд нь
Амсаж өссөн голомт минь
Тунарч хөхрөх утааны
Yнэр нь нэг л өөр
Тулган доогуур шилээсэн
Yнс нь хүртэл ондоо.
Ам бүлдээ хомсхон
Хоол нь нэг л амттайхан
Ахдаа шоглуулж уйлсан
Нулимс хүртэл аятайхан
Бурхан бага насны минь
Буурал ганцхан диваажин
Буургар талын дундах
Бууц минь тэр байна.
Жаахан тэр бууцан дээр
Жаргалаа орхиж зовлонгоо үүрээд
Илчгүй холын замд би
Эр бие ганцаар гарч билээ …
БАДГУУД
Жигүүртэй бүхэн шувуу мөн гэвч
Жиргэдэг ч бий, гаагалдаг ч бий …
Ухаантай бүхэн хүн мөн гэлээ ч
Уйлдаг ч бий дуулдаг ч бий …
Унтана гэдэг үхэхийн өөдөс
Уйлна гэдэг дуулахын хэлтэрхий …
Газрын холоос тэр хүн урьд
Гал халуун тулаанд бие нь шархлаад
ирж байсан юм
Газар доор үүрд нойрсоход нь
Гавьяаны олон одонгоор дээл нь шархлаад
үлдэв ээ хөөрхий …
ХОЛЫН СОЛОНГО
Аймгийн нутаг алгасан
Арилж байгаа хурын
Тэргэл алаг солонго
Тэнгэрийн хаяа мөрлөнө.
Ташиж холдох зайн
Таяг тойргийн хуулиар
Нарны гэрэл задарч
Найман өнгөөр мөрлөнө.
Ганган тунамал өнгөнд
Гараа хүргэе гэвээс
Багын сайхан зүүдийг
Барьж уяхтай адилхан.
Алсын тансаг солонго шиг
Айлын танхил бүсгүй
Зүрхний дэргэдүүр шүргэж
Зүсний сайхнаар гайхуулна.
Yгийн цэцнийг хангинуулж
Yнэртний дээжийг ханхлуулж
Дурлалын найман өнгөөр
Дугуй солонго шиг туналзана.
Солонго хэдий сайхан ч
Сохор хүнд хүртээлгүй
Булбарай дагинын ирмэлт
Буурал надад хүртээлгүй …
ИДЭР ЦАГИЙН ЗYYД
Идэр цагийн минь зүүд таяг тулан сажилна.
Ирэх намрын өвс шиг бөхөлзөнхөн бөртөлзөнө.
Yрчлээ баян нүүрэнд нь будгийн үнэр сүүдэр холцруутаад
Yс нь буурал хийгээд нүд нь цэнхэр цагирагтай.
Саяхан энэ авгай газарт унасан од байв
Сайхан түүний хойноос аймгийн залуус хошуурч байв.
Саруул талын дэвжээнд олон эрс өрсөлдөж
Сарны хүйтэн туяанд олон хөвүүд гунихрав.
Ирсэн шигээ буцдаг хорвоогийн ёс болохоор
Идэр цагийн минь зүүд
Таяг тулан буцав аа.
Сайхан залуу явж хүнд би гайхагдаагүй ч
Сайхан зүүдийг зүүдэлж хүний жишээ явжээ хө …
НАМТАР
Алд биеийн минь намтар гэвэл
Амьдралын хатуу бүхэнтэй
Аймшиггүй тулалдаж ирсэн
Ард Чойномын түүх юм.
Энэ биеийн минь намтар гэвэл
Эртдэж төрүүлсэн хорвоотой
Эрэгчин эмэгчинээ үзэлцсэн
Рэнчиний Чойномын түүх юм.
Хонгор багын диваажинд
Хотлын хүүхэд шиг байснаа
Хорвоогийн “ үнэн ” хэмээх
Хориотой модны жимсийг
Арванхан хэдтэйгээ тасалж
Амт, үнэрийг нь таньснаас
Амьдралын баруун ёроол уруу
Ад болон хөөгдсөн түүх.
Гарын бэлгүй тэнэж
Гашуун үнэнээр хооллож
Өнтэй жилийн чоно шиг
Өлсөж өссөний минь түүх .
Монгол шүлгийн атарт
Модон анжис үзгээр
Мохошгүй шан татаж
Морь мал шиг зүтгэж
Сургууль үзээгүй биеийнхээ
Жаргал үзээгүй хөлсийг
Нарнаар сарнаар асгаруулж
Найрагч болсны минь түүх .
Хорвоогийн цуут мэргэдийн
Yхэж явсан замаар
Хорьдугаар зуунд би
Yрэгдсэн ч яахав, гэхдээ
Шүлэг мэддэггүйчүүлийн ширээг
Шүдээ элэгдтэл мэрж
Нойтон хүйтэн шорон уруу
Нохой шиг хөөгдсөн түүх.
Тэгэвч сэтгэлээр унаагүй
Тэмцэж явсны минь түүх
Яруу шүлгийнхээ мөрүүдээр
Ялж явсны минь түүх.
Утас шиг энэхэн биедээ
Уул шиг зовлон чирэвч
Харцын хүүхдийн гэрт
Хаан шиг жаргаж явлаа.
ИХ YДИЙН СYYДЭР
Ирээдүйн хүн та намайг
Их үдийн сүүдэр байсан гэж
Илүү дутуугүй зүйрлэж нэгэн бодоорой.
Аагим зуны үд дунд
Атан тэмээний сүүдэр хүртэл
Алд хүрэхгүй жаахан болдог.
Өөрийнхөө цаг үед би
Өсөхөөсөө өтлөх хүртлээ
Өчүүхэн нэгэн ард явлаа.
Yдийн сүүдэр шиг ард миний
Yгийг минь сонсохсон гэж
Yеийнхэн булаацалдаж байлаа.
Их үдийн сүүдэр
Бага байлаа ч гэсэн
Сэрүүхэн болоод ховорхон билээ …
Та намайг удтал юунд ширтээ вэ ?
Тааламж мууламж хоёр өрсөлдөн
Ахуй сэтгэлийн чинь гоо сайхны
Алтан зүү хэлбэлзэнхэн байна уу даа ?
Надаас урьд учирсан сайхан сайхан хүний
Наалинхай нүдтэй нүд юугий минь жишиж
Царайгий минь гоо сайхан нэгний
Цагаахан зүстэй харшууланхан байна уу ?
Азийн шөнө шиг гүн хархан үсийг минь
Алтан согсоо үстэй адилтган ядан
Нуруу турууг минь циркийн тавцанд
Нугарч байгаа охиныхтой зэрэгцүүлэн байна уу ?
Битгий тэгж өөрийгөө та зовоо
Би тэдэн шиг сайхан биш гэхдээ
Тэднээс муухай биш дүндээ дүн
Тэд бол тэд, би бол би !
Өөрийн минь юм бүхэн зөвхөн
Өөртөө зохисон тусдаа хүн
Байгаль намайг хүн дуурайлгаж хийгээгүй
Баталж ганцхан хувь хэвлэсэн юм.
Энэ ганцхан хувийг авъя даа гэвэл
Эргэлзээд юу хийнэ надтай мэндэл !
ЗУНЫ ӨГЛӨӨ
Мөнгөн цагаан будан нарны доогуур татаад
Мөргөцөг ногоон хошуу халим загас шиг бараалаад
Мөлүү хөтлийг даруулсан хүрэн утас шиг замаар
Мөөр нойтон тэрэгтэй хөсөг хөлтрөг сажлаад
Ар газрын дэвсэг дээр зусаал гэрүүд цайран
Аргалын цэнхэр утаа нь зургийн юм шиг зурайн
Алсад хуцах нохдын нь хэмнэл нэгтэй дуун
Алх дөшний чимээ шиг хээрийн холд цуурайтана.
Жигүүр нь нороо юу гэмээр усны хоёр шувуу
Жигтэйхэн доогуур нисэж уйтгартай зөөлөн ганганаад
Жижиг ногоон толгойд шүүдрийн усан гялалзаж
Жирийн байтлаа хосгүй үлгэрийн өглөөг чимэглэнэ.
ХYН ТАНАА
Бор зүрхний минь алтан ураг болж
Бодлын хүйгээр холбоотой төрөх
Надаас хойчийн хүн танаа
Найрагчийн эрхээр хэлэх үг байна.
Амьдрах өдрүүд чинь ямар байхыг
Алсаас би зөгнөж чадахгүй ч
Эгэл шүлэгчийн амссан зовлонгоос
Эрхбиш хагас нь үлдэж магадгүй.
Насандаа миний үзээгүй жаргалаар
Наадан тоглох азтай ч гэлээ
Улиг болсон өнөөх л гачигдал
Улан доороос чинь ургаж мэднэ.
Гэрэл байваас сүүдэр байдгийн хуулиар
Гэнэхэн жаргал зовж болдог дуулиар
Гэр бүл хийгээд сэтгэлийн уйтгар
Гэтлэх аргагүй тулгарч ч мэднэ.
Атрын цэцэг мэт идэр насанд
Алтан зөгий мэт сархаданд хөлчөөд
Анхны уналтыг гэтлэхэд бэрх
Аймшигт өдөр ч ирж мэднэ.
Сартай нартай энэ хорвоо дээр
Сармагчин биш хүн гэгдэж явахад
Санаа зүүдэнд ч багтаа нь үгүй
Сайн саар учрал алийг тэр гэх вэ.
Хойчийн хүн чи тэр бүхэнд
Хотойлгүй бат зогсоорой
Дайсны довтолгоог өнгөрөөсөн цайз шиг
Дархан баатар чийрэг байгаарай.
Хоёр байтугай хорин хөлтэй байлаа ч
Хорвоод хүн бүдрэх үе байдаг юм.
Хойно нь хичээвэл далавчгүй ч гэлээ
Холхи өндөрт нисэх өдөр байдаг юм.
Уйлан хайлан хагацах өдөр байхад
Уяран баясан учрах өдөр байдаг юм.
Өнчин ганцаараа бүртийх өдөр байхад
Өнөр олуулаа бүжиглэх өдөр бас бий.
Ойр хавийнхандаа хараалгах өдөр байхад
Орчлон даяар ерөөлгөх өдөр ирдэг юм.
Ор дэрэнд ёолон хэвтэх өдөр байхад
Олны манлайд дуулан алхах өдөр бас бий.
Буу тулгуулаад бор гэрээ нэгжүүлээд
Буруут болон туугдаж гарах өдөр байхад
Залагдаж ирэх харь орны элчин мэт
Засгийн тэргээр хүргүүлж ирэх өдөр бий.
Энэ учраас дүү минь хүү минь чи
Элдэвт бат ажиршгүй зогсох хэрэгтэй.
Бүдэрвэл босож алдвал онож
Бүрэн төгс ялж явах хэрэгтэй.
Харин хэний хүү хэн ч төрсөн нэг өдөр байхад
Хариуд нь хэзээ хаа боловч, үхэх нэгэн өдөр зайлшгүй.
Yүний учир надаас хойших Хүн та
Yр бүтээлтэй зөв жаргаж амьдраарай !
Ямар ч хүн хэрвээ
Ялаа болж төрсөн бол
Хэдгэнэ болохсон гэдэг
Хэдгэнэ болохдоо болжмор болох гэдэг
Хэрвээ болжмор болчихвол
Хэт нь заавал бүргэд болох гэдэг
Хэн нэгнийгээ тэгээд багалзуурдахсан гэдэг
Хэзээ ёзооны зуршил юм шив дээ !
Анх учирснаас хойш чиний дүрийг
Ахуй сэтгэлдээ би зуу зуугаар нь бүтээв.
Надаас өөр хэн ч орж үзэж чадахгүй
Нандин тансаг чиний үзмэрийг байгуулав.
Аугаа тэр дүрүүдийг өөр хүн бүтээх гэвээс
Алт гантиг тэргүүтэн хаана нь ч хүрэхгүй.
Амьгүй мөртлөө, амьдаас дээгүүр дүрийг
Амраг сэтгэлээс өөр юу ч ингэж бүтээгээгүй.
Одоо би чамтайгаа уулзая хэмээн яарч явна.
Олон сайхан дүрүүдийг чацуулж үзэхийг яарч явна.
Оносон алдсан хоёроо бушуу мэдэхийг яарч явна.
Оносон бол би үр дүнгий нь үзэж
Онгон хайрын туузаа чамаар хайчлуулж
Орсон гарсан бүхэнд тансаг үзмэрээ толилуулъя.
Шулмас хийгээд бурхан гэдгийг
Шулуухан хэлэхэд би үзсэн хүн
Дэлхий дээр бий юу гэх нь бүү хэл
Дэргэдэх гудамд маань бий гэж хэлнэ.
Авралт бурхан гэр зуурын тэрлэг өмсөж
Аяга дүүрэн будаатай цай хийж
Амраг минь, ганц минь гэж энхрийлэн
Аав ээжээс ч илүү ивээн соёрхож байсаан.
Ад шулмас гэр зуурын тэрлэгээ урж
Аяга шаазангаа хага чулуудаж
Аашилж хардаад намайг хөөх үедээ
Аянга цахилгаанаас ч наанагүй гялалзаж байсан.
Шулмас хийгээд бурхан гэдэг чинь
Шулуухан хэлэхэд нэг хүний хоёр тал билээ л …
ӨВГӨН ХYНИЙ YГ
Хар Дуламсүрэнг та нар
Хазгар чавганц л гэлцэх юм.
Хазгар нь ч үнэн, чавганц нь ч үнэн
Хар царайтай нь ч үнэн л дээ, гэвч
- Та нарын насан дээр Дуламсүрэн ийм
Тас хар байгаагүй юм шүү.
Би юу андах вэ – Ээдээ
Битгий л та нараас илүү байсан байг даа.
Дун шиг цагаан царайтай
Дуран шиг хар нүдтэй
“ Дунд голын ногоо шиг “бүсгүй
Дунийж явлаа шүү дээ - Базарваань
Тэгэхэд би ч бас одоотой адилгүй
Тэнхээтэй бол тэнхээтэй царайтай бол царайтай
Ядаж исгэрэх шүдтэй, ирмэх нүдтэй
Яаж ч болохгүй залуухан явлаа
Хавийн залуусын нэгэн адил
Хар нүдэн Дуламсүрэнгийн хойноос
Харанхуй шөнийн нойроо алдаж
Хатавчнаас нь зүүлттэй хонож явлаа.
Дуламсүрэн гэдэг чинь манийг бодвол
Дуутай бурхан, гуутай зураг
Халхын сайхан эрцүүлийн
Хажууд нь өргөсөн зул шиг байлаа.
Гэнэ гэнэхэн инээд алдахад нь
Гэр дүүрэн гэгээ татах шиг
Гэрэлт цагаан шүд ярсхийн
Гэсэрийн хатан шиг авхай явлаа.
Нуруу гэж нуруу, бие гэж бие
Нуманд татсан сум шиг шулуун
Нууранд хөвсөн хун шиг цэмцгэр
Нутаг цэлмэж лус баясмаар хүн сэн.
Yс ч гэж үс
Yзүүр ёзоор хоёртоо
Yнэт сувдан даруулгатай
Yйзэн мөрөн шиг суналзаж байдаг сан.
Хоёр сайхан хөл гэдэг чинь
Хоолны савх ч түүний дэргэд юу ч биш
Хотос хотос алхах нь бүжиг гэмээр
Хосгүй сайхан амьтан явсандаа Дуламсүрэн.
Сайхан хүний сайхан явахыг үзнэ гэдэг
Сав ертөнцөд хүн болсны гавьяа гэдэг
Ингэхээр би ч үздэгээ үзсэн
Их ээ азтай хүн шүү хүүхэд минь.
Яая гэх вэ цагийн эрх гэдэг
Ямар ч улсын цааз хуулиас хатуу хойно.
Ялалтын туг шиг явсан Дуламсүрэн
Ялаа бээрсэн юм шиг болчихлоо
Хар ч гэж, хөөтэй тогоо шиг,
Хатингар ч гэж, говийн заг шиг
Харсан амьтан, хөгшин залуугүй л
Хазгар чавганц гэлцэх юм чухам даа
Ийм ч хүн яваагүй сэн дээ… Гэвч
Ийм л болчихдог юм байна даа хөөрхий…
Олон жил намайг элдсэн үхэл
Ойртсоор байгааг би алхам бүрээр мэдэрч
Гарцаагүй, багалзуурдуулан унах
Газар өөдөө дөхсөөр явна
Одоо, бүх юм өнгөрсөн
Оройтсон, шийдчихсэн… Гагцхүү
Амьсгалын эцсийн хийг дуустал
Амьтанд хэрэгтэй үг хэлэх…
Гарцаагүй, хүмүүст надаас үнэтэй
Ганц үг ч гэсэн үлдээх хэрэгтэй
ШӨНИЙН ШYЛЭГ
Намаршиж байгаа дорнын тэнгэр дор
Намуухан бороотой тас харанхуй шөнө
Зүрхний алтан зул чам юугаан бодож
Зүүрмэглэсэн шүлгээ нойрмоглосон шүлэгч бичлээ
Өрх тошсон хүйтэнхэн хурын
Өдий олон ширхэг шиг эмх цэгцгүй
Нарийн ширхэгтэй зовуурт их бодлыг
Найрагч би сэтгэлдээ тээж явнам
Гэтэл чи минь миний тухай
Гэнэ гэнэхэн учралынхаа тухай
Зав гаргаж боддог ч юм уу-үгүй ч юм уу
Захиа ч үгүй,
сураг ч үгүй л байх юм
Алтан өнгөт, гоёлын гутлын чинь
Алхаа тэгшхэн, дэгжин мөрийг
Асфальт зам дээр, хотын тэрэгнүүд
Арзгар бөмбөгөн дугуйгаараа
даран даран өнгөрөх шиг
Цэцэг цэврүү шиг ид насны минь
Цэнгэлт шөнүүдийг, эрцүүлийн хорвоо
чийрэг биеэрээ даран даран өнгөрч
чиний минь гоо үзэмж
бүдгэрэнхэн яваа болов уу
Аз жаргалын өтгөн тоосон дунд
Алтайн вансэмбэрүү цэцэг шиг
Аргагүй содон ургасан чамайгаа
Анх харсан түүхт өдрийг би мартахгүй ээ
Хас эрдэнэ мэт цав цагаан магнайдаа
Хараацайн даль мэт
хав хар шанх тавьж
Халуу дүүгтэл ширтэх
хоёр нүднийхээ
Хан хотын дэвүүр шиг
сормуус юугий нь өргөж
Ягаан шунхан уруулаар
үл мэдэгхэн мишээж
Ярсхийсэн шүд давуулж
мэндийн хариу чулуудсан
Тэгш сайхан мөртэй
нарийн гоолиг бие чинь
Тэр хэвээрээ миний
зүрхэн толинд үлдсэн юм
Ус олныг гаталж би,
чамтайгаа
Учралын долоон сайхан
жаргал амталлаа
Уул олныг гэтэлж би,
чамтайгаа
Уяралын долоон утсаар холбогдлоо
Хан хөвчийг дагуулж
энэ долоон утсаа
Хагас бүтэн өнгөөр
жигдрүүлэнхэн
чангаллаа
Халуун хайрын түлхүүрээр
эгшиг авиа зохицуулж
Харах биегүй утсан дээр
барих биегүй дуугаа бичлээ
Зүрхний минь дууны
нот бүхэн дээр чи
Зүггүйхэн гараараа
бакар тэмдэг тавьж
Хоёр хурууны
үйлний цагаан хайчаар
Холбоос лигатыг нь тас огтолсоор ирлээ
Унагаах тусам өөдөө дахин авирах
Ууц нь тасархай шоргоолж гэмээр би
Чин сэтгэлийн
итгэл цөхрөл орхилгүй
Чинийхээ оргил өөд
олон дахин авирлаа
Балчир хүүхэдсэн бол
аль хэдийнээ
Байдаг нулимсаа
дуусан уйлах сан
Барьж тэссээр залгиж явсан
нулимсыг минь
Бараан шөнө нутгийн тэнгэр
өрхөн дээр уйлж байна
Зүрхний минь атрыг
цоо хатгасан
Зүү шиг цэвэрхэн
алдрай минь
Энэхэн шөнө
энэхэн шүлгийг мэндлэх
Эрэвгэрхэн алаг нүдээ
аньж байгаа болов уу, харж байгаа болов уу.
Намаршиж байгаа энэ их тал шиг
Насны хорвоо хэнийг ч
өршөөдөггүй болохоор
Найзхан гоо минь
нэгэн цагт үгүй болж
Найрагчийн шүлэг л чамайг
мөнхлөн үлдэх байх даа .
МОНОЛОГ
Найз минь та нар минь
Намайг битгий хараагаарай
Найраг шүлэг нь, найрагчийн бие нь гомдоно.
Намайг бүү хоосон магтаарай.
Найрагчийн бие бялдар магтаалд жаргавч
Найраг шүлэг нь зовно, өвдөнө.
Найрагч гэхдээ би
Нацагдорж биш, Пушкин биш.
Бага гарын авсаархан
Баясал гомдлын бэлэн дуучин.
Аугаа их чадал хүрээгүйдээ биш
Алтан титмийг нь өмсөх заяа дутсандаа биш
Аугаа тэр сод хүмүүсээс би
Тэс өөр хүн.
Зам минь тусдаа
Зан минь ондоо.
Мөлхөж өссөн шороо минь өөр
Мөрлөж өссөн тэнгэр минь өөр
Уусан ус, суусан ёс, цаг үе минь өөр
Ууган хайр, ууган ном
Уналт ялалт минь өөр.
Алтан навчис хаялах
Хангай ханы намар
Аяны дуучин ангир шиг
Уянгаар уйлж яваагүй.
Аргал түлсэн гэрийн
Нүүдэл нүүдэлд түүртэж
Аугаа их дорно дахины
Түүхийг үүрэн бөхийсөн
Ачаа зөөгч билээ би.
Унаган багын найзууд минь өөрсдөө
Дорно дахины ардын дуу билээ.
Учирсан амраг минь өөрөө
Дорно дахины яруу найраг билээ.
Уншигч сонсогч түмэн минь өөрсдөө
Дорно дахины гүн ухаан билээ.
Ундааныг нь зөөгч миний бие
Дорно дахины нэг шүлэгч билээ.
Цусан төрөлт та нартаа
Цул алтнаас үнэтэй
Бэлэн шүлгээ би өгнө
Бэрх цагт хань чинь болог.
Аргих наргихын чинь цагт
Алтан шаргал сархад чинь болог
Аймшиг түгшүүрийн цагт
Агсаж явах зэвсэг чинь болог.
Унахын цаг ирвээс
Таяг чинь болог
Уйлахын цаг ирвээс
Алчуур чинь болог.
Учрахын цагт
Хөгжим чинь болог
Урт амьдралын чинь
Газарчин болог.
Амьдралын ай түмэн нугачаанд
Алаг зүрх чинь ганцаардахын цагт
Хаашаа явах вэ гэж
Бурхнаас битгий асуу
Хан хэнтийн шүлэгчээс асуу.
Найрагч миний бие
Нацагдорж ч биш, Пушкин ч биш
Орчлонд ганцхан хувь хэвлэсэн
Онгон талын яруу найрагч билээ.
YХЭЛ
Цэл залуугийн үзэмжээр
Цэнгэж яваа амрагхан минь
Газар дээр юунаас ч айхгүй
Гагцхүү үхлээс айна.
Yхэл гэж нэг тийм
Yлэмжийн тас хар юм
Хожмын нэг өдөр
Холын холоос ирнэ гэж
Тэнэгхэн насандаа эндүүрч
Тэнгэрийн зүүдээр жаргана.
Yхэл нь гэтэл түүнтэй
Yдэшлэгт хамт гүйнэ.
Мөхөөлдөс хуваан идэж
Мөсөн дээр цуг гулсан
Завхуул харцуулыг өдөлцөж
Зам хөндлөн гүйнэ.
Онгоцонд хамт сууж
Ононы амралтанд амарч
Тоохгүй залуугаа бас
Тоглож цуг гомдооно.
Орчлон их дэлхий дээр
Охид хүүхнүүд элбэг
Охин хүний үхэл
Оймсноосоо ч элбэг …
АЛДАА
Амьд насандаа хийсэн
Алдаануудын дотор
Архи амсахаа больсон минь
Аймшигтай алдаа байжээ.
Хөгжилдөж явсан машинаас
Хөдөө ганцаар хаягдсан юм шиг
Олны цэнгэлээс заазлагдаж
Орь ганцаар хоригдсон юм шиг
Хөшүүн уйтгарт дарагдаж
Хөлийн чимээ чагнаж
Тоохоо байсан найз нараа
Тоолон хүлээх хэцүү юм санж.
Хувцастай мал шиг явсан
Хугацаа цагтаа харуусан
Эрүүл саруул ухаанаар
Эргэж өөрийгөө шигшинхэн
Баяр ёслол болгоноор
Балгасан улсаас зугатанхан
Орох газраа олж ядахад
Орчлон багадаад бэрх юм санж.
Согтуу үзэгдэх найз нөхдийн
Солиотой яриаг чагнанхан
Амьсгалын нь муухай үнэрээс
Амаа тагланхан бөгчимдөж
Далд оруулахын түүс болж
Дахиад бүү үзэгдээсэй гэж
Орон байр сэтгэл хоёр
Ой гутан үлдэх гэж
Эрүүл ухаантай найзаар дутаж
Элэг цөсний өвчин тооцож
Эсгэлэн ундаанд нэвчсэн орчлонг
Элдвээр зүхэн ганцаардах гэж
Архинаас би гарсан байна.
Адгуус шиг согтуу бусадтайгаа
Адилхан завхраагүй минь миний
Алдаа юм санж !
ЦАГ ИРВЭЭС
Амраг минь чи намайгаа
Амьд сэрүүн цагт нь
Хайрласан шиг хайрлаарай.
Эргээд олдохгүй эрдэнэ минь билээ гэж
Энхрийлэл бүхнийхээ дээжийг зориулаарай.
Энэхэн замбуулинд мөрөө гаргах нас минь
Элгэн түмэндээ дуугаа дуулах онууд минь
Энхрий чамтайгаа эрхлэнхэн суух өдрүүд минь
Эрхиний хэлхээ шиг тоо хэмжээтэй билээ …
Амьдрах хугацаа дууссан тэр цагт
Амрагаа чи үхэлтэй булаацалдаж дэмий битгий зовоорой
Өгөх ёстой бүхнээ амьдад нь хайхралгүй яваад
Өнгөрсөн хойно нь амаа барьж, биеэ бүү тамлаарай.
Хорвоод ирсэн хүн буцдаг жамтай
Хоёр амрагийн нэг нь заавал түрүүлдэг ёстой.
Усны мандалд лянхуа цэцэг ганддаг цаг бий
Ум зандан ургах үе байхад унах үе бас бий.
Өглөө гарсан нар орой шингэдэг билээ
Өндөрт ниссэн шувуу газарт буудаг билээ
Өргөн мөрөн боловч ширгэх ёс байдаг юм
Өчүүхэн минийхээ хойноос уйлаад уйлаад яахав.
Хэзээ нэгэн цагт би чинь явлаа ч гэсэн
Хэлж байсан үг минь чиний цээжинд үлдэнэ.
Хэврэгхэн төрсөн бие минь хээр хөдөө нойрсовч
Хэлхэж байсан шүлэг минь амьд сэрүүн үлдэнэ !
ТОЛЬ
Гангалж ядсан бүсгүй
Гаравч оровч тольдоно
Гаслах цэнгэх завгүй
Босовч суувч тольдоно.
Ганцхан газар уяатай мэт
Толины өмнө эргэлдэнэ.
Гавтай тушаатай юм шиг
Тонгойж гэдийж зогсоно.
Хүний нүүр харахаасаа
Хүйтэн толь уруу ширтэнэ.
Хөвүүд залууст дурлахаасаа
Хүүхэн биедээ дурлана.
Өөрөө өөртөө дурлаж
Өнгө царайгаа ширтсээр
Харцуул эрчүүлд харин
Хайрлах зай гаргасангүй.
Нэг мэдэхэд он цаг
Нэвсийсэн цас шиг дарж
Торомгор тэр бүсгүйтэн
Толио тэврэн хөгшрөв.
Хүний оронд ханилсан
Хүйтэн шилтэйгээ цуг
Сэргэлэн бие нь хөрөв
Сэтгэл санаа нь хөрөв.
Нүүрийг нь тольддог толь
Нүглийг нь тольдож чадсангүй
Ганганыг нь хардаг толь
Ганц ч үг хэлсэнгүй.
Аягатай цай гашилсаныг
Амсаад асгаж болдог
Амрагийн сэтгэл гашилсаныг
Амар мэдэж болдоггүй.
Yүц хоол муудсаныг
Yнэрлээд мэдэж болдог
Yзэл санаа хувирсныг
Yнсэвч мэдэх аргагүй …
СОНЕТ
Уруул чинь аяа бүсгүй минь ээ
Ув улаан нум юм санжээ.
Ув улаан нумыг чи минь
Урьдаас минь онилсон юм санжээ.
Yг чинь аяа бүсгүй минь ээ
Yл өршөөх сум юм санжээ.
Yүл өршөөх сумыг чи минь
Yйлтэй зүрх уруу минь онилсон юм санжээ.
Уяхан инээдээр инээх чи минь
Ув улаан нумаа чинээнд нь тултал татжээ.
Уран наалинхай үгээ хэлэхдээ чи минь
Уйтгарт зүрхийг минь халуун сумаар сүлбэжээ.
Өөдөөс чинь би эсэргүүцэх нэгэнт оройтжээ.
Өөрийнхөө оносон байг дурсгал болгон ав даа.
Хутга элэгдэх тусмаа гэдийдэг
Хүн өтлөх тусмаа бөгтийдөг.
Яаж ч болохгүй дурлахаараа
Ямар ч ухаантан тэнэг болдог.
Амьтнаас ичих тэрхэн зуур
Амрагаа ч хайрлах ухаангүй болдог.
Ард түмний минь
Ачааны хүндэд зүтгэдэг
Автомашин
Амьд хүнтэй төстэй
Уухилан цангах үед нь
Ус умдаан хэрэгтэй.
Унтарч сульдах цагт нь
Тос шатахуун хэрэгтэй.
Хүүхэн хүн шиг бас
Өнгө үзэмж хэрэгтэй.
Хүйтэн шөнө
Хучлага хэрэгтэй.
Эв дүй
Энхрийлэл хэрэгтэй.
Энэ бүхний аль нэг нь дутвал
Эзгүй хээр үхнэ.
Хүн бас машинтай төстэй
Хүндийн хүнд хувь заяагаа үүрч
Уултай, устай, элстэй, мөстэй
Уртын урт замыг туулна.
Моторт тэргэнд
Морины хүчээр хэмждэг поршин байдаг бол
Хүнд бас зүрх бий
Хүчийг нь харин мориор хэмждэггүй.
Хүслийн замаар би
Хяслын их мөрнийг гатлан
Хүүхэн чамд
Хүрэх гэж хөдөллөө.
Сэтгэл хэмээх их ачааг ачаалж
Итгэл хэмээх урт гүүрээр би
Дурлалын будан дундаас
хайрын гэрэл дохио гялалзах
Дулаахан хот чам уруу яарахад
Морины хүчээр зүрх минь цохилоогүй
Монгол шүлгийн мянган мөрөөр уухилжээ.
Хүүхнүүд өнгө өнгө байдаг шигээ
Хүсэл нь бас янз янз гэнэ лээ.
Хувийн тэрэгтэй болохыг ихэнх нь хүсдэг гэсэн
Хувийн шүлэгчтэй болохыг
хонгор чи минь хүсэх болов уу ?
ТЭР ХОšР
Анхандаа тэр хоёр
Хэлгүй юм шиг явцгаав.
Аль алинаа хайхрахгүй
Нүдгүй юм шиг байцгаав.
Хоёр гэр нь айлсаад
Гурван сар болоход
Дөрвөн настай багачуул шиг
Таван чөлөөгүй тоглов.
Гар хөлөө шалбалж
Гаравч оровч ноцолдоно.
Болох болохгүйг хэлэлцэж
Босовч суувч хөхрөлдөнө …
Хоёул гадуур явахдаа
Холбоотой юм шиг цуг
Хэн нэгнийдээ орсон ч
Хэлхээтэй юм шиг цуг.
Хоёул тэгээд цугтаа
Хойд ууланд гарав.
Жимс түүхээр яваад
Жигтэйхэн удаж ирэв.
Ядарч зүдэрсэн бололтой
Яриа хөөрөө ч үгүй ирэв.
Цангаж өлссөн байртай.
Царай зүс ч жигтэйхэн …
Маргааш нөгөөдөр нь болов
Мань хоёр чимээгүй
Удаах хоногууд улирав
Урьдын шуугиан байдаггүй.
Бие биеэсээ дөлж
Бишүүрхсэн хүүхэд шиг байцгаана.
Нүүр нүүрээ харахгүй
Нүдээ буруулан сууцгаана …
Онгон цайлган үерхлээ
Ойд гээчхээд ирээ юу
Хэтэрхий тоглож дэндээд
Хээр хоёулаа зодолдоо юу ?
Гэтэл бас үгүй бололтой
Гэмгүй царайлсан хоёр
Улсын нүднээс далд
Учиргүй шивнэлдэж байв …
ХЭН ГУАЙ
Зайлуул хэн гуай бас л
Залуу авгай авсан гэнэ.
Авсан түүнээсээ бас л
Асар удалгүй салсан гэнэ.
Хөөрхий хэн гуай тэгээд
Хөсрийн шон шиг үлдэж
Залуу улс яахав
Замаа дагаад .. Баяртай!
Хэчнээн ч удаа ингэж
Хийрхэж үзэв дээ хэн гуай
Хий дэмий л өөртөө
Хилэнц хураахаас цаашгүй.
Буудлын гэр шиг өврөөр нь
Бурмаа, Дариймаагаас эхлээд
Алтаа, Шүрээ, Сувдаа
Аля, Галя, Валя …
Арван наймаас хорьтой
Алтан баримал шиг охид
Ороод гарах гийчид шиг
Олон жил цувлаа.
Олон жил хэн гуай
Охидыг хуурч чадсан ч
Орчлонг хуурч чадсангүй
Орог буурал боллоо.
Дээгүүр нисдэг шувууг
Дэвхрэх төдий мэлхийтэй
Дэр нэгтгэн суулгах гэж
Дэмий зовохын адил
Хавар намар хоёрыг
Хамт байлгах гэж
Хайран жилүүдээ, Хэн гуай
Яирин болтол оролджээ.
ЦЭРЭГ ЭРС
Цэрэг эрс минь хүүхдүүд минь
Цэцэглэж амжаагүй цэцгүүд минь
Цэнгэж амжаагүй эцгүүд минь
Цэмбэн дугтуйтай сумнууд минь.
Алтанхан амиараа өөр шигээ
Аавын хүү уруу нэгэн удаа буудаад
Дарийн утаа шиг замхарсан
Дайчин эр минь.
Эцэг минь ах минь болохоор төрөөд
Эдүгээ хүү минь болохоор үлдсэн
Эр цэрэг минь
Эх орны минь амьд зэвсэг минь.
Бүх л насны чинь намтар түүхийг
Бүртгэх юм бол нимгэхээн …
Эцгийн гэрээс дурсгалын хөшөө уруу
Эгцхэн татсан бүдэгхэн шугам.
БYСГYЙ ТАНД
(Наргиа шүлэг)
Бүсгүй та намайг
Бүтэлгүй эр гэж бүү бод
Буурал болсон надад
Буруу санасаны хэрэггүй.
Би муу юм хийхгүй
Битгий та цэрвээд бай.
Заяа нь би таныг
Заамдаж аваад зодчихгүй.
Наашаа ойртлоо гээд
Гоё хувцсыг чинь урчихгүй.
Налаад суулаа гээд
Гоолиг биеийг чинь идчихгүй.
Нэгэн биед чинь ч гэсэн
Нэр төрд чинь ч гэсэн
Ямар ч гэм хийхгүй
Яалаа гэж дээ, энэ чинь
Гэхдээ би амьдралаас
Гээгдэж үлдсэн хүн биш
Хүний ёсыг ёслохгүй
Хүйтэн сэтгэлтэн биш.
Хувьсгалт засгаас ч нуухгүй
Хувийн цэнгэлийн хөнжлийг
Хучлага олдохгүй бол тантай
Хувааж нөмрөхөд бэлэн.
Тоостод төрсөн хүний үр
Тойрохгүй дайрдаг жамтай
Тансаг тэр цэнгэлийг
Тантай хуваахад бэлэн.
Таалан хүртээх хорвоогийн хишгийг
Та хүлээж авах ёстой
Би ч өгөх ёстой
Битгий та гайх.
Эх болсон байгалиас
Эр эм хүйстэнд өгсөн
Yүрэг энэ байна.
Yгүй гэх газаргүй.
Эмэгтэй таныг харин
Дуртай ч гэсэн дургүй юм шиг бай гэж
Эр хүн намайг
Дуугүй ч гэсэн дуугарч хэлээ гэж
Бурхан багшаас
Буулгасан зарлиг
Заавал биелүүлэх
Захирамж бий.
Нарийн учир ийм хойно
Намайг битгий зэмлэ
Нас биеийнхээ бийд
Наашаа ойртож суу.
Та бид хоёрын хийх
Тааламжит энэ ажил
Хэнд ч хэрэггүй сэн бол
Хэрхэн би дурлах вэ.
Эрэгтэй эмэгтэй хоёрын
Эд мөрийн баримт
Амьд гэрч нь болсон
Анхны нь хүүхэд гармагц
Засаг төр биднийг
Зад шийтгэх ёстой.
Yзэл суртал таарахгүй гэж
Yлдэн хөөх ёстой.
Харин тэгтэл шийтгэдэггүй
Халамжилж тосч авдаг
Олон хүүхэд гаргах тусам
Одонгоор хүртэл шагнадаг.
Насаараа шүлэг бичээд бид
Найрагчийн одон аваагүй байхад
Алдарт эхийн одонтой
Авгай хүүхнүүд тоймгүй.
Учир иймээс энэ
Уран шүлгээс ч илүү
Улсад хэрэгтэй ажил юм.
Уучлаарай та.
Эцсийн эцэст
Эрхэм танд зориулж
“ Монголын үрс
Маш олон болтугай ! “ гэж
Надаас өмнө хэлсэн
Нацагдоржийн гэрээс бий.
Чандалж захисан гэрээсийг чинь
Чадалтай дээрээ биелүүлье !
ГАРЗ
(Зүүдэнд орсон шүлэг)
Орчлонгийн тоос хөдөлгөж яваа
Олон аавын хүүхдэд
Өөр өөрийн хэрээр олз гарз хоёр
Өдөр шөнө шиг ээлжилж байдаг юм.
Алддаг юм гээдэг юм
Амаа барих байтугай тархиа балбаталаа
Хонхойж хотойтлоо алддаг л юм
Хожим нь овойж оцойтол олдог л юм.
Энэ юу ч биш
Эргэж нөхөгддөг гарз – гарз бишээ
Ээжийгээ үгүй болоход харин
Эргүүлж юугаар нөхөх юм бэ ?
Санаа зүүдэнд багтаагүй аюул
Салам ниргэх цагт
Анзаараагүй явсан тэр эх хүний
Аугаа ихийг та ойлгох болно.
Таны сэтгэл зүрхэн дотор
Тас харанхуй нүх онгойж
Тансаг жаргал аль өнгөтэй бүхэн
Талаар хоосон юм шиг санагдана.
Өчигдөрхөн болтол энэ хүнийг
Өнө мөнхөд байж л байх юм шиг
Хайхрах ч үгүй хүндлэх ч үгүй
Хар багаасаа одоо болтол зовоож
Зовохын эрхэнд хэлсэн үгийг нь
Зориуд тохуурхаж илүү үг хэллээ гэж
Инээж наадаж явсан байна.
Ижий гэдэг шүтээнээ газар хаяж явсан байна.
Өнөөдөр гэтэл хорвоогийн
Өгснөө авах өдөр болж
Тив дэлхийд хаанаас ч олдохгүй шүтээнийг чинь
Тэнгэр ниргэх мэт аван одлоо.
Одоо болоход энэ өдрөөс өмнө
Орчлонд та хамгийн баян хүн явжээ.
Ерийн эхийн ер бусын хайранд цадаж
Ертөнцөд та хамгийн танхи хүн байжээ.
Тэр хүний дэргэд зовлон бүхэн зовлон биш
Тэр хүнтэй жишвэл гарз бүхэн гарз биш
Өөрөө ч мэдэлгүй жаргаж явсан алтан үе чинь
Өчигдрөөр тасалбар болсон байна.
Ээж … нэгэнт үгүй болсноос хойш
Эд хөрөнгөөр яах юм бэ ? Мөнгөөр яах юм бэ ?
Эхнэр хүүхэд юу юм бэ ? Найз нөхөд юу юм бэ ?
Энэ бүхэн цөм … хэрэггүй санагдана.
Одоо тэр хүнгүйгээр
Орчлон дээр амьд явна гэдэг
Утгагүй зүйл шиг бодогдоно.
Уй гуниг ийнхүү сэтгэл зүрхийг бөмбөгддөг юм.
Чухам энд л таны зориг
Чулуу юм уу, шавар юм уу гэдэг нь танигдана.
Энэ гарзыг даасан эсэхээрээ та
Эр хүн мөн биш ээ харуулах болно.
Тэмцлийн хуультай амьдралын орон тоонд
Тэнцэх эсэхийн шалгалт энэ ээ
Ээжийн чинь хэлсэн үг бүхэн
Энэ шалгалтын бэлтгэл байсан юм.
Өнөөдрөөс урагших амьдрал чинь
Амьдрал бус сургууль байсан юм.
Өнөөдрөөс хойш та энэ
Өрх айлын жинхэнэ багана болно.
Эрчилсэн их гашуудал намдаж
Эгшин зуурын цөхрөл арилж
Эргэцүүлж та юм бүхнийг бодно.
“ Эр хүний дотор эмээлт морь багтана “
Ухааран бодвоос юм бүхэн
Урьдынхаасаа үнэтэй санагдана.
Амьдралын жинхэнэ гарзыг хүн
Амсаж байж сая ойлгодог юм.
Д.НАЦАГДОРЖИЙН ХӨШӨӨНИЙ ДЭРГЭД
Олон удаа би тэр хөшөөний дэргэд
Очиж толгой гудайн зогссон
Хөөрхийлөх сэтгэлдээ дийлдэж
Хөшөө юм даа гэлгүй шүүрс алдсан.
Шүлэгчийн хөшөө тааруухан
Шүлэг шиг нь даруухан
Гадаах өнгө нь тааруухан
Гаргасан ур нь маруухан
Улсын гүйлгээнээс хасагдсан
Улаан мөнгөнүүдийг хайлж
Зургаан жил маргаж байж
Жаран хоёр онд босгосон юм.
Хүндэт шүлэгчийн хөшөө уруу
Хүмүүс баяр хөөртэй очсон юм.
Хар халтар зэсэн цутгамалыг
Харж харж гунигтай буцсан юм.
Хөшөөг цутгасан зэс мөнгө шиг
Хөөрхий шүлэгч хямдхан амьдарч
Жинлүүр муутай бүдүүлэг лангуун дээр
Чимээ багатай тор гэж унажээ.
Хөшөөний бие дотор талдаа
Хөндий хийгээд гуниг шиг харанхуй
Аранжин зэсийн ногоон бал
Архи дарсны шарталт мэт гашуун
Хөшөөний бие өнгөн талдаа
Хөсрий мэт хөх саарал
Царцуу зузаан цемент суурь
Цаг үе шиг нь нүсэр хүйтэн.
Буун дуу шиг огцомхон насандаа
Бухимдаж явсан яруу найрагч
Бутархай мөнгөний зэс нүдээр
Бузрын хорвоог ширтсээр байна.
Өнгөний хорвоод ид залуудаа
Өнхөрч унасан тэр шүлэгч
Мөнгөний хорвоод ийм дүрээр
Мөнхөрч үлдсэн байна хөөрхий.
Ц.ГАЙТАВЫН ТУХАЙ БОДОЛ
Өрөвдөхийг мэддэггүй орчлон
Өр зүрхийг минь бас л дахиад цөм өшиглөлөө
Өнхрөх ёстой, мөнхрөх ч ёстой хүндэт тэргүүн
Өдөр судраасаа арай л эрт биднийг орхилоо.
Яая гэх вэ байгалийн хууль манай хуулиас хатуу
“ Ядаж майгаар нэг наргиад яв даа “ гэж бодох биш
Яруу найргийн хуучин байлдагч чиний бие
Ялалтын төлөө фронтын шугамд нас барлаа.
Уулзаж учирч байсан онууд маань
Уулзаж наргиж байсан үеүүд маань
Уурлаж баярлаж хэлэлцсэн үгс
Улирч бүгдээрээ түүх болон үлдлээ.
Угаасаа хөшүүн хийгээд баргар
Ур муутай хөшөө шигээ барзгар
Хүндэт дүр чинь сэтгэл зүрхэн дотор
Хүндээс хүнд хүрэл дүр болж сүндэрлэн үлдлээ.
Арвай хээрийн домогт буурал талд
Авьяас билэг танхай төрсөн эр хүн чи
Амьдрал хийгээд хайр дурлалд өвдөг сөхөрсөнгүй
Архин далайд сэлсэн алтанхан завь шиг явлаа.
Анх төрөхдөө чи охин хүүхдээс томгүй төрж
Амьдрахдаа олон түмнээс илүүгүй явж
Yхэхдээ харин Нацагдоржоос томоор үхлээ
Yлдэх хөшөө чинь
ямархан хэмжээтэй болдоо Гайтав минь !
Хаад ноёдоос ч илүү баян төрсөн байтлаа
Хамаг насаараа би гуйлгачин явлаа.
Хар толгой дотроо эрдэнийн сан агуулаастай
Хатаж цангаж, өлсөж нүцгэрч явлаа.
Алдарт дуртай хүмүүс ийм эрдэнийн санг мөрөөсөж
Алт мөнгөө үүрсээр бас гуйлга гуйж явна.
Харин би гагцхүү талхны төлөө
Хар багаас буурал болтлоо тэнэв.
Yнэт эрдэнэс болсон яруу найргийн шүлгүүдээ
Yмх талхнаас хэзээ ч солихгүйн учир
Авьяасгүй төрсөн тэр чинээлэг хүмүүс
Алтан валютаа тэврэн гуйлгачин хэвээр үхнэ.
Харин би үхэхгүй зуун зууны нүүр үзэж
Халуун залуусын зүрхэнд Монгол шүлгээр мөнхжинө.
ЗYРХНИЙ БИЧЛЭГ
Эмч
- Зүрхний бичлэг хийлгэ ! гэж тушаав.
Эрэвгэр нүдэт бүсгүй
- Нүцгэлээд хэвт гэж тушаав.
Эртний Христос шиг дөрвөн мөчөө би оосорлуулж
Эцсийн дүнг цахилгаан багажинд тушаав.
Хавирган сараалжны цаана
насаараа суух хоригдол шиг
Харанхуйгаас зүрх
өөрийн хэлээр өчив
Хамгаалалт шилний цаана
өчгийг хөтлөх байцаагч шиг
Харь хийцийн аппарат
өөрийн хэлээр бичив
Шулуун чичигнэсэн зураас
Шууд өгссөн ирмэгүүд
Өндөр өндөр шовх орой
Өргөн нарийн ангал
Өнчин зүрхний өчиг энэ байна
Өчгийг нь бичсэн бичиг энэ байна.
Дотрын эмч зүрхийг минь өвчтэй гэж
Дор хаяад валидол бичих нь байна.
Ахлах сувилагч лааны тос шиг царайлж
Аль эртний Вавилон бичээс унших мэт
Тааж ядан дув дуугай сууна уу даа
- Танд би өөрөө тайлж өгье
Энэ чичигнэсэн зураас чинь зэрэглээ татсан тал
Эгц өндөр ирмэгүүд чинь миний нутгийн уул
Асралт хайрхан оройтой
Ахай таван Хан Хэнтий уул
Арын жалга цэнхэр хөндийнүүдтэйгээ
Арын мод ан гөрөөстэйгөө
Агсам цэнхэр гол мөрөнтэйгөө
Аль ч нутагт явахад зүрхэнд минь багтаж явдаг юм.
Агшин бүхэнд зүрх минь түүнийг дурсан цохилдог юм.
Зүрхийг минь тайвшруулахад валидол хэрэггүй
Зүйтэйхэн төрсөн Балжиймаа хэрэгтэй !
НАЙРАГЛАЛ
МИНИЙ МОНГОЛ
Олон өнгийн ялгаатай
Олон хилийн залгаатай
Орчин үеийн бөмбөрцөгийн
Улс төрийн зураг дээрх
Овор даруухан зүстэй
Онгон улаан хилтэй
Онцгой нэгэн дүрийг
Газарзүйн багш нар
Модон саваагаар тойруулан зааж
“ МОНГОЛ “ гэж товчхон хариулдаг.
Австралид ч гэсэн, Америкт ч гэсэн
Африкт ч гэсэн, Европт гэсэн
Азийн Монголтой ингэж танилцдаг.
Харин :
Дулмигхан тэр үгийг нь сонссон төдийгөөр
Дунд сургуулийн хүүхэд ч ханаа гэж үү.
“ Тивүүдийн газарзүйн сурах “ – д бичсэн өгүүлбэрээр
Тэр багш нар нь ч хангагдаа гэж үү.
Морин туурайгаар эх түүхийг тамгалсан
Монголын тухай тэгвэл би дуулж өгье.
Уужим энэ орны үүдийг нээж
Унаган шүлэгчийн нь хувиар хууч хөөрье !
Гандаж, мандаж, цэнгэж, зовж явсан
Газар газрын цэцэд мэргэд дундаас
Ямар ч хүн нь шүлгээр ярьдаг энэ орны
Яруу найрагч байх гэдэг амаргүй хэрэгээ.
Цэнхэр хадагны мяндсан ширхэг тоолон
Цэцэн ерөөлийн үгс нь асгаранхан гардаг
Уужим цээжтэй ахас буурлынхаа дэргэд
Уран үгээр тоогдоно гэдэг бэрхээ.
Гэхдээ :
“ Эрхийг сурахаар бэрхийг сур “ гэсэн
Эцэг өвгөдийнхөө хүндэт сургааль дагаж
Эх болсон буурал Монголынхоо тухай
Энэ дэлхийд дуулах иргэн нь би байна !
Алтан говь, ногоон тал, цэнхэр хангай нь
Алагланхан тэнийсэн нарлаг тэнгэрийн орондоо
Эртний туульсын билгүүн цагаан хөлгөөрөө
Эзэн ард нь маргаашаа угтан довтлоосой.
Тариа үйлдвэрийн бэлэг тэмдэг нь ургаастай
Таван хошуу одыг зулай дээрээ өргөөстэй
Тайван энх төрийн сүлдээ өвөрлөсөн
Тавиун чөлөөт нийгэм журмын орны иргэн.
Монгол хэлэндээ Жангар, Гэсэрийг хуучилсан
Морин хуурандаа Жонон харыг хуурдсан
Зуун зуунтай гүндүү нь үгүй ханилсан
Зузаан бор Монгол Ард гэгч би байна.
Би –
Туулын усыг урсаа нь үгүй байхад
Тужийн нарсыг ургаа нь үгүй байхад
Алтай ханыг даваа – гүвээ байхад
Алтан говийг далай тэнгис байхад
Сайн морийг салаа туурайтай байхад
Сарлаг хайнагийг сарьдаг Химаалайд байхад
Хонь ямаадыг уулын гөрөөс байхад
Хонгор тэмээдийг Тангудын оронд байхад
Задын чулууг биежээ нь үгүй байхад
Зайран тэнгэрийг мэндлээ нь үгүй байхад
Урьдын урд усан галавын тэртээд
Эртийн эрт элир балрын тэртээд
Удган ээжийнхээ уйлан дуулах онгодоор
Улаан галыг үүлэн дээрээс залж
Урцан гэрээ Монгол овогтны голомтыг
Унхиалуулан асаасан буурал овогтон
Би –
Агуй хонгилын ханан дахь мянган наст чулуун дээр
Арслан зааны цусаар бух гөрөөс зурж
Ангийн хишиг гуйж, есөн тэнгэрт мөргөсөөр
Анхны нумын хөвчийг алдалж татсан эр
Би –
Хөвчин Монгол омогтны хөх толбот үрийг
Хөдөө хээрийн жаварт барсын арьсан дээр эх барьж
Гүрэлзэж байгаа хүйг нь хүрэл хутгаар эсгэж
Гүрэн их улсынхаа тулгын чулууг тулахдаа
Гантай хөө хуягаар өссөн биеэ чигжиж
Гянтат болд сэлмээр өрнө зүгийг чичиж
Гал усыг туучин тэнгэрийн хаяа хүрч
Галзуу догшин эзнийхээ нэрийг нэрлүүлсэн цэрэг.
Би –
Цайдам өргөн талаас шарга тахийг уургалж
Цавчим өндөр уулсаас сүрэг малыг буулгаж
Цас, бороо, шуургатай ширээсэн ган шиг тулсаар
Цагийн саалтанд уярсан чөлөөт талын нүүдэлчин.
Би –
Отог омгийн дажинд Онон, Хэрлэн цалгихад
Охин нойтон үрсээ хормой доороо нууж
Одоо – хожмын түүхэнд Монгол угсааг үлдээх гэж
Одтой тэнгэрийг орчтол тэмүүлж тэмцсэн ижий.
Би –
Хүннү - Шаньюгийн үеэс хүч тэнхээтэй явлаа гэж
Хүний нутгийн шажны хүлээс гинжинд баглуулж
Хүүрнэн уйлах домогтоо эрх чөлөөг дээдэлж
Хүйтэн чулуун шоронд зогсоо нөгчсөн аав !
Би –
Хангайн дөрвөн мөрөн хага хөлдсөн өвлөөр
Ханагар уудам орноо харийн дайснаас чөлөөлж
Харанхуй хуучин нийгэмийг гэгээн үеэр солих гэж
Харц ардын хувьсгалд тангаргаа өргөсөн ах.
Би –
Будант тэр онуудад шинэ соёлыг түгээх гэж
Буун дуу намдаагүй шил талыг туулж
Ирээдүйн жаргалын төлөө амь биеэ зориулсан
Ид залуу цагтаа цэнгэж амжаагүй эгч.
Би –
Орос ахын байгуулсан “ Арван сарын хувьсгалын “
Очноос бамбар асаан, Ази тивийг гийгүүлсэн
Орчлон дэлхийн түүхэнд хөрөнгөтөн нийгмийг алхахдаа
Олон шалгалт туулсан Бүгд Найрамдах Монгол !
Бүгд Найрамдах Монголынхоо бүрэн алдрыг өргөлцье гэж
Бүхий энэхэн биеэрээ шүлгийн моринд дөрөөлж
Урт найргийн дөрөөнд уурга сунган мордъё
Урд холын зам минь уужим саруул болтугай.
Нүдэн балай хааныг хувьсгалт намаар сөгтгөж
Нүүдэлч задгай үндэстнийг шинэ нийгмээр нэгтгэж
НYБ – н ширээнд хатгасан хөх халзан туг шигээ
Нүүр бардам өндийсөн хөвчин Монгол овогтны
Мянга мянган жилээр “ Миний “ гэж хэлцсэн
Мяралзсан зэрэглээг хэрчиж морин туурайгаар хэмжсэн
Алхаж хэн ч эзлээгүй алтан босгот өргөө
Атар баян орон Азийн цээжинд байдаг юм.
Бэлчээр тэлж налайсан энэ орныг туулахад
Бидэрт хонгор хулангийн онгин туурай сэтрэм
Билгүүн цагаан хунгийн онгон жигүүр таарам.
Бичиж ханашгүй шүлгийн унаган жороо алдрам.
Зуу зуун нүүдлийн Халх, Харчин алхаа бий
Зуур зуурын даваа хангай говь нь алаглаж бий
Зураг тоймонд автаагүй түмэн горхины нь хөвөөнд
Зузаан түүхэнд багтаагүй буман домгийн мөр бий.
Хартай Тайсун хаан, хатан Алтайг занчсан
“Харганын зоо” хэмээх сэрүүн сайхан дэнж
Хаан Чингисийн тамгыг, харц Цавдан чулуудсан
Хар усны ёроол, Хэрлэн мөрний хөвөө
Одтой төрсөн Мандухай дуулж явсан Алтай
Олон жилийн самууныг дуурсгаж дарсан хангай
Орхон гүний хөндий дэх “ Эртний ихсийн газар “
Онон мөрний хөвөөн дэх эх Өэлүнгийн нутаг
Тусгаар Монголын төлөө Амарсанаа, Чингүнжавын
Туурт мориор гэтэлсэн бор – Цонжын говь
Тугийн түмэн гилбэрт нь шувуу тээглэм дайсантай
Тулж ялж явсан Зүүн гар, Кашгарын цөл.
Яруу найрагч Равжаа ”Yлэмжийн чанар“ – аа аялсаар
“Янзган зоотой шарга” – аараа Yзэмчин хошууг зорихдоо
Явдал саадгүй туулсан Дайн – Даваагийн тал
Явган зэрэглээ наадсан Молцог, Мэнэнгийн элс.
Хангайн шувуу буцахдаа ханилсан ханиа санаж
Халхаар сайн эр Торой хагасарч гэгэлзэж явсан
Гал хар чулуутай газрын холын толгод
Ганга нуурын усанд зайрмаг татсан шөнүүд.
Yйзэн засгийн морьдыг үүрийн жингээр элдсэн
Yзээ нь үгүй нутаг мэдээ нь үгүй ус.
Yлэг гүрвэлийн өндөгийг хөргөл үгүй хадгалсан
Yлгэрийн үеийг элээсэн хөх Монголын нутаг.
Хорьдугаар зууны өрнө зүгийн соёлд
Хормой дэвсэн дагаж өөрийн жингээ алдаагүй
Холын будант эртнээс Монгол хэлээр нэршиж
Хөрвүүлж орчуулж болшгүй мөнхөрч үлдсэн газрууд.
Хар – Шаарын хязгаар, Хасан – Туурын цөл
Хатан – Сэврэй уул, Сэгс Цагаан Богд
Хараа Ерөөгийн хөндий, Халх, Нөмрөгийн гол
Хангай, Булнайн нуруу, Хар – Азаргын зоо
Алгуй Улаан цав, Алмасын улаан уул
Атас Чингис хайрхан, Арвайхээрийн тал
Ариг ус, Асмалжин сүүж, Аж Богд
Алтан булаг, Мөнгөн дөш, Гуулин тал
Захуй зарам, Элст мянган, “Гурван хүүхэд”
Загдал зөөхий, Эрчимийн нуруу, Гуна гунж
Завхан - Чигэстэй, Хөх төмөртэй, Хар ямаатай
Захаар намагтай, цагаан чулуутай, Ар Бургалтай
Нарийн Хөхийн говь, Тагна Соёны нуруу
Нарс Шинэстийн даваа, Тамчийн шар тал
Наранбулаг, Баян зүлэгтэй, Балж Улз
Нагал – Навчтай, Гүн – Галуутай, Барх Хурх
Хүйн долоон худаг, хүйтэн зургаан булаг
Хүн нэрлэдэггүй ус, тэмээ буйлдаггүй хөтөл
Хүрэн цармын өвөлжөө, Хөндлөн гармын хаваржаа
Хүүшийн хоолойн зуслан, Хүрдэт – Мааньтын намаржаа
Монгол хүн бүхний дасаж суусан хөндийнүүд
Морин сайвар явдлаар даруулж оёсон хөтлүүд
Молцог цагаахан ишгээ тоглуулж өссөн бууцнууд
Мойл хархан нүдтийн тойглож дассан хонинууд.
Ан үзэмж тэгширсэн “Торгон шаргын нуруу”
Ангал байц жигдэрсэн “Толбо хүний нуруу”
Адууны өвөг идээшсэн “Тахийн шар нуруу”
Анчин мэргэний зүрх аргамжаатай үлддэг газрууд
Хайнагийн бухны мундаа шиг дүүхийж тогтсон тайгууд
Хаттай хэтний ган шиг дүнхийж тогтсон шилүүд
Ороо хангалын дэл шиг од самнасан хангай
Орсон буурын бөх шиг онь холбосон хайрхан.
Хонины бөөр шиг болтол чулуу бүхний нь элээж
Хоргой торгон хөрсий нь үйлийн хайч шиг эсгэж
Хонуут өнжүүт замдаа хотол амьдралыг умдааж
Холын далайг зорьсон жороо цэнхэр мөрнүүд
Ижийн самрах сүү шиг хөөсрөн нүргэх хүрхрээнүүд
Их найрын сөн шиг хөлгүй баян нуурууд
Ид шидийн эм шиг хүйтэн халуун рашаанууд
Ингэн тэмээний нүд шиг хөдөө цөлийн шанднууд.
“Дидэг – Сахалтын” бургаасанд шивнэж үлдсэн домгууд
Диван галавын мөрийг шингээж үлдсэн говиуд
Дэрс хулс, хужиртай, дэндэл сондуул, тойрмууд
Дээдэс өвгөөс учиртай дэлгэр их орон мину.
Тоньюкукийн хөшөөний Уйгараар сийлсэн бичээсний
Танамал ган цүүцийг урж нийлсэн гуранз шиг
Даруу гүдэсхэн болоод эршүүд хатуу хөрсөнд нь
Даанч бага л насныхаа эхний мөрийг гаргаж
Сүүн шүдээ ургатал хөрвөөж мөлхсөн шороо
Сүн далай шиг төвшинд нь хүлгээ дөрөөлсөн газар
Сүнжидмаагийн аалинд нь сүрхий дассан нутаг
Сүмтэй Бударын чулуунд нь шүлгээ хэлхсэн хязгаар.
Аавын ямар ч хүүгийн алдаж оносон довууд
Амрагийн ямар ч болзоонд адгаж яарсан нугууд
Алс мянганд зурайсан амьдрал сургуулийн замууд
Ард Монгол Улсын минь алтан өлгий энэ байна !
Дууч Гомерийн мөнхөлсөн, эртний Эллад орноос
Дутуу нь үгүй замыг элээж туулж үлдэхдээ
Дуулим энэ нутаг дээр хүний шинэ нийгмийг
Дуудаж зөгнөж ирснийг арван есөн зуун мэднэ.
Шинэ төрмөлийн адгууснаас ам тангарагаа тусгаарлаж
Шийдэм бороохой барьж, Кайнозейн галавыг доргиосон
Дээд хүн төрөлтний дэвшиж ирсэн түүхийг
Дэлгэр их Азид хүүрнэж үлдсэн үндэстэн.
Өвч дархан нутагтаа эзний ёсоор байх уу
Өвдөг бохирон сөгдөж боолын ёсоор суух уу
Булт олны заяаг бурханд даатгаад өнгөрөх үү
Буу барин босож буурай нийгмийг халах уу гэдэг
Гарцаагүй тулсан асуултыг Монгол хүн хариулсан юм
Гал мэсийн шалгалтыг ардын нам давсан юм
Ган бат сахилга дор ганц хүн шиг нэгдэж
Газар нутгаа хамгаалж шинэ үеийг байгуулсан юм.
Хорвоо дэлхийн энгэр дээр таван эрдэнээр сийлсэн
Хосгүй алдрын одон шиг тансаг баян нутагтаа
Хоньчин малчин ардын улс – гэр төвхнүүлэхийг
Хорин нэгэн онд илдийн ирээр шийдсэн.
Цэл залуу жанжны маань цэвэр гоолиг дүр
Цэргийн тангаргаа өргөсөн малчин ардын сүр !
Азийн содон хувьсгалын алтан үсэгтэй ботид
Аугаа баатар хөвгүүдийн ариун цусаар бичигдсэн юм.
Ухаа хонгорын дэл дээрээс хувьсгалыг бүтээсэн жанжин
Улс орноо төлөөлсөн хурц содон хоолойгоор
Уужим дэлхий дахинд – “Бүгд Найрамдах Монгол!” гэж
Уламжит тусгаар тогтнолоо бүрэн эрхээр зарласан юм !
Хаан Богдыг залсан шиг жууз тэргээр авчраагүй
Хангинах болд сэлмийн хатыг зааж авчирсан
Харц ардын маань жаргал хамтын эрх чөлөө
Хаалга бүхнийг нээж хүн бүхэнтэй золгоход
Хойморт тавьсан хуураа буурал аав минь хөглөж
Хорвоод туулсан зовлонгоо нэгэн хялгасанд нь дэглэж
Хойч үеийнхний жаргалыг нөгөө хялгасанд нь тэгшилж
Хосолж татсан чавхдсанд нь бүхэл симфони тоглосон юм.
Гучин хоёр бүстэй шаргал хулсан лимбэний
Гуниг баясал хоршсон зургаан нүхийг тоолон
Yүрээр жиргэх шувууны өдөн жигүүрийн хэмээр
Yхэшгүй мөнхийн аясыг адуучин ах минь үлээсэн юм.
Намрын гурван сардаа навчин титмээ дэрлэж
Наран хаан зүүрмэглэх гал халуун өдрүүдэд
Нарийн суран зэлэн дээр унаганы зүүдэлсэн зүүдээр
Найрын сөн бялхаж наян дугараа мэлтийхэд
Эдийн дээж хадагны эвхээс юугий нь задалж
Эрийн дээд настанд ерөөл магтаал айлтгаж
Эртийн эртээс цэцтэй монгол шүлгийн бадгууд
Эвлүүлж шахсан эгнээгээр аадар бороо шиг асгарнам.
Онгон догшин байгальтай нүд цавчилгүй тулалдаж
Он оны атираа нүүрэн дээр нь зурайлдсан
Элсэн говийн манхан шиг хал үзсэн буурал
Элээж ирсэн насныхаа харсан дуулсан бүхнийг
Даавуу дээлэн дороо гүн ухаанаар цэцэлж
Дааган зээрдийн хатираар гүйдэл тэгшилэн цэгцэлж
Ус нутгийн олондоо шүлэглэж үлдээдэг заншлаар
Уужим Монгол орон яруу найргаар ярьдаг юм.
Ард түмний бүтээсэн долоон гайхамшигийн нэг
Африкийн пирамидыг өрсөн ам дөрвөлжин гантиг
Aйзам хэмжээ тэгшилсэн монгол шүлгийн бадгууд
Алдарт Вавилон хотын агаарт тарьсан цэцэрлэг шиг
Мөндрийн цагаан үүл өөд мөр зэрэгцэн ургасан
Мөчир салаа бүхэн нь мөрөөслийн жимсээр цэгцтэй
Мөнх ногоон төгөлд нь мөлхөө өвс ургамгүй
Мөнөө цагийн сонгодогт манийг төрүүлсэн цэцтэй.
Энэхүү сонгодог шүлгээр хүүхэд нь хэлд ордог
Эхийн хайрын тухай хүүхнүүд дуугаа дуулдаг
Эх орноо хамгаалахаар хөвүүд нь тангаргаа өргөдөг
Эмгэд - өвгөд гэрээслэлээ энхрий үрстээ үлдээдэг.
Удаах үеийнхээ манцуй дээр ууган буурал нь ерөөдөг
Удамт хурдан хүлгийнхээ жолоог өргөн цоллодог
Угсраа дөрвөн оноон дээр уухай түрлэг өргөдөг
Улам нэмэх аваргын уламжит гуншинг дууддаг.
Хорол тоонот нүүдэлчний морин дээр ирсэн заншлаар
Холбоо цэц хэлдэггүй Монгол хүн байдаггүй юм.
Хоёр загалын хатираа шиг явдал зүс нь нийлсэн
Хосгүй сайхан шүлэг нь дуурсаагүй газар байдаггүй юм.
Хүсэл хяслыг уралдуулж хүйтэрч халуусаж эргэсээр
Хүрдэт түүхээ бичсэн Монголын дөрвөн улиралд
Хүн байгаль хоёрын ургийн үзүүр холбосон
Хүйн алтан судас шиг Монгол шүлэг мөнхөрсөн юм.
Хөвчийн цэнхэр уулс алтан хоргой нөмөр
Хөдөө цайдам талд мөнгөн хяруу цавцайж
Хөх халзан оонын хөндий хүхээ хүнгэнэхэд
Хөөсрөн дэврэх айраг яруу найргаар шуугина.
Нуураа орхин зэллэсэн нугас галууны цуваа
Нууцхан амрагаа санасан цэргийн дуунд илрэхэд
Нутгийн борхон алдрай нь хадлан тариаланд түүртэвч
Нуруулдаж дүнхийх өвснөөс нь халуун нэрмэл ханхална.
Уулын сонгинын аагинд гөрөөсний мэлмий тарж
Улаагана жимсний шүүс ууган цасыг шунхдаж
Тос даасан боргоцойгоор аварга хушнууд шиврэхэд
Торгон шаргал навчсаар намрын уянга гэгэлзнэм.
Зах нутгаас ирж сургуулийн хаалга татах
Зандан модны мөчир шиг чийрэг борхон багачуудын
Захидал үнсэлт хоёрт дөжрөө нь үгүй зүрхэнд
Залуу сайхан цагийн алтан шүлэг буцална.
Дуншиж өвдөх тэнгэрийн сүүмгэр цагаан мандлаас
Дуугүй унах цасны сүйх мөнгөн ширхэгт
Дулаалж буусан айлын жаргал ханхлах утаанд
Дун цагаан өвлийн ууган шүлэг жигдэрнэ.
Морины хондлой цантах үүрийн улаан жаварт
Модны орой гинших үйрмэг цасан шуургат
Буурын шавалт царцаж бугын зуулт хөлдөм
Будан хүүрэг татсан идэр есийн шүлэг бий.
Төгрөг бараан нуурын төвийж хөлдөх мандалд
Төмөр дөрөөгөө хайрч өглөө цанхлах эмгэнд
Төрсөн үрээ бүүвэйлж шөнөөр чичрэх ижийд
Төв Азийн өвлийг Монголоор дуулах aйзам бий
Марал гурван цасыг тотгон дээрээ залсан
Малчны дулаахан өргөөнд цагаан сараа ёсолж
Идээ цагаалга амсаж ууц таллах өглөө
Ижий бууралдаа золгох энх мэндийн шүлэг бий.
Хөөрхөн хурганы дуугаар хөр цасан уярч
Хөндий тал зэрэглээтэж хөх униар татаад
Дэлхий байгаль нозоорох дэлгэр хаврын сардаа
Дэлбээлж мишээх яргуйнд нь янаг амрагийн найраг бий.
Охин хөхөө донгодох будан татсан өглөө
Ойн цагдаагийн охин түлээнд явахдаа шивэгнэсэн
Орчин үеийн шүлэгчийн зүүдлээ ч үгүй үгсээр
Онголж тахисан зүрхэнд монгол хавар багтдаг
Нарны гурав дахь бөмбөрцгийг мэлхийн замаар тойрдог
Нандин хаврууд дотроос миний нутгийн хавар
Хатуу ширүүн говийн арван галавыг сэртэл
Хатуу зөөлөн уянгаар ингэн тэмээ буйлдаг.
Буйлан хайлах дууны нь есөн түрлэгийг өргөж
Буурал халзан галуу зэл татсаар ирэхэд
Бугын эвэрт чинэрэх орчлонгийн залуу шимээр
Буцалж оргих цуснаа зуны шүлэг чинэрнэ.
Нарны шижир цацрагийг газрын гүн уруу сүвэлье гэж
Навчин алгаа тоссон зуны түмэн бодис
Дахин сэргэлтийн урчуудын бүтээгээ нь үгүй хөргийг
Далайн төвшнөөс дээш мянган алдад шаглана.
Уран ээжийн зүүгээр утас ороосон хатгамал шиг
Угалз хуараар алагласан ум зандан хангайдаа
Усны хоёр ангир шиг ижилдэж яваа хосын
Уруул уруулын улааханд уянгын шүлэг тунарна.
Намар, өвөл, хаврын гурван улиралд бичих
Найраг шүлгийнхээ балыг зуны цэцэгсээр шимж
Насан залуу цагийнхаа цэнгэлд хөлчүүрч яваа
Найз л дотно нөхдийн минь инээдэм дуурссан улирал.
Улирал улирал дундаа ус бүхэн хөгжимдөж
Ургамал цэцэгс дундаа эрвээхэй бүхэн эргэлдэж
“ Шугуй бүхэн шуугидаг, шувуу бүхэн шулганадаг”
Судар номд бичээ нь үгүй амьд найргийн улирал.
Мөөгөн цагаан малгайтай, миний охин Хулан
Мөнгөн далавчит эрвээхэйг элдэж гүйдэг улирал
Мөндөр цагаан бөмбөг, од шиг зурах ширээнээ
Өндөр борхон дүү минь, өд шиг дүүлдэг сарууд
Эрхэс тэнгэрийг хавах мөнгөн сум шиг туфль дээр
Эрдэнэчимэгээ бүсгүй, онгон согоо шиг гунхдаг
Энх амар үдшүүдийн цэнхэр торгон гэгээн доор
Эзлүүлж шахсан бадгууд минь парад гишгэдэг зун .
Жир амьдралыг халааж жинхэнэ охийг нь тунгаах
Жил хэмээх тогоог насны гал дээр тулсан
Жигд дөрвөн тотго шиг энэ дөрвөн улиралд
Жиргэж дэрвэж явах гэж монгол шүлэгч төрдөг юм.
Хүсэл хяслыг уралдуулж хүйтэрч халуурч эргэсээр
Хүрдэт түүхээ бичдэг Монголын дөрвөн улиралд
Хүн байгаль хоёрын ургийн үзүүр холбосон
Хүйн алтан судас болж монгол шүлэг мөнхөрдөг юм.
“Уяхан замбуутивийн наран” доор цэцэглэж
Уур цагаан гэрийнхээ унин доор цэцэлж
“Шинийн хоёрны сарыг шил дээр очоод шингэтэл”
Шилж шимтсэн янагтаа шивнэж нэгэн айлтгасан
“Манантай хөндийг туулдаг
Мажигийн саарал алхаа” шиг
Магнайн хөхлөө цацалсан шүлэг сайвар үгсээр
“Мантайн тохойн шил дээр
буугаа үүрээд бугаа намнахдаа” аялсан.
Магтан гэгэлзэх эгшгээр амрагийн дуунууд нь төрдөг
Цэлгэр их Азийн гоцлон дуулагч үндэстний
Цэцийг гүйцэж цэцлэх яруу найрагчийн алдрыг
Хөнгөн хөгжмийн дууны хөвсөргөн үгээр олдоггүй
Хөөсрөн бялхах айраг шиг монгол шүлгээр хүртдэг
Дуулим талаас тодорсон жирийн ард Лувсангийн
Дуулуулж уйлуулж явсан морин хуурын эгшиг
Дугаржавын хоолойтой, Цэрэндоржийн лимбэний
Дур булаам зохицсон “До мажорын” хоршил
Амгалангийн жаахан бүсгүй Дашдэлэгийн ёочингоос
Арван зургаатын хэмээр давхцаж гарсан аяс
Анх удаагаа Монголд гэгэлгэн твист сэдэж
“Амраг Гоолингоо” – гоо дуулсан Ичинхорлоогийн үес
Говийн тэмээн дээр татсан Мөрдоржийн баянхуур
Гомбын Сэр – Одыг догдлуулсан дуучин Төмөрийн “Дөмөн”
Гончигсумлаагийн симфони, Дамдинсүрэнгийн дуурь
Гоёхон явсан Цогзолмаагийн уяхан явсан хоолой
Шуманы “Бодол” – оор
гэгэлзсэн Жамъянгийн морин хуур
Шубертийн нотоор дэвэлзсэн Цэрэндолгорын хуучир
“Yлгэрийн холбоог” бөмбөрүүлсэн Мядагбадамын шанз
“Yзэгслэн гоог” зангируулсан замчин Шаравын лимбэ
Гавьяат Чулууны хийл шиг Дорждэрэмийн хоолой
Галуу ганганах намар шиг Түмэндэмбэрэлийн дуунууд
Бүхэл найрлыг намдаасан Пүрэвдоржийн хүрхрэлт
Бүжгийн хүрээлэнг доргиосон Жаргалсайханы хүнгэнэлт
Хөдөөгийн агаар ханхлуулсан Норовбанзадын дуулалт
Хөөрхий “Чио - Чио сан” – ыг авчирсан Найдалмаагийн уйлалт
Хөвчин энэ Монголын хөгжиж дэгжин яваа
Хөгжимчин дуучин бүхний алдраа зөгнөх замналд
Амьд яруу найргаар алхам бүхнийг нь хангах
Аугаа содон итгэлийг шүлэгч бид хүлээсэн юм.
Алтан дэлхийн түмэнд ахуй Монголоо дуулах
Ард түмнийхээ сэтгэлийг шүлэгч бид төлөөлсөн юм.
Олон зууныг царайчилсан отог омгийн нүүдэлчнээс
Одоогийн шинэ нэгдлийн овог нэрийг нэрлүүлж
Онгон хээрийн зэрэглээн дунд ордон харш ярайлгасан
Оч шиг халуун зүтгэлтэй малчин ардын минь дуулах
Уургын улааны замаар уурын тэрэг жолоодож
Уулс үүлсийн онийг мөнгөн онгоцоор сүвлэж
Улаанбаатарын мэндийг хязгаар нутагт хүргэж
Ууган гавьяагаар дуурссан жолооч бүхний дуулах
Yүлсийн нүүдэг замд гантиг уртаар хөндөлдөж
Yйлдвэр завод жагсаасан барилгачин бүхний дуулах
Yрэл сувдан хөлсөөр газрын гүн уруу замчилж
Yнэт эрдэнэсийн давхарганд уурхайч хүний дуулах
Ууган ахмад Чадраабалын усан дээр нээсэн замаар
Уухилах ган хөлөг дээр удаах үе нь дуулах
Умар өмнийг холбосон уянгын нот шиг замаар
Улс хоорондын вагонд Уранчимгээгийн дуулах
Аглаг уулсын шилд хөрс шинжээчийн дуулах
Атрын бараан талбарт тракторч эрийн дуулах
Аварга суурь машины дэргэд ажилчин хүүгийн дуулах
Анхны шавиа үдэж багш бүсгүйн дуулах
Тооцоо хэмжээт найрагт толгой холбож багтамгүй
Томруун их хөдөлмөрийн тоо алдрам мэргэжилд
Бүрэн эзэн нь болж нийгэм журмыг гардсан
Бүгд Найрамдах Улсын маань иргэн бүхний дуулах
Цагийг эзэлсэн дууны үгийг байлдан дагуулахаар
Цаасан цагаан талбарт үзгэн зэвсгээр тулалдаж
Энэ зууны шүлэглэлд эрэлхэг гавьяа байгуулсан
Эрхэм цэц хөвгүүдээ эх орон нь мартахгүй !
Аяс нийцүү үгсээрээ уул талыг баясгаж
Ард бүхний сэтгэлд унаган дүрээ үлдээсэн
Алдарт ерөөлч Сандаг, Гэлэгбалсан нарыг
Алтан гургалдай гэмээ нь гүйцэн донгодоо гэж үү.
Гүрэн улс донсолсон гүжир хатуу онуудад
Гүйдэл жороо шүлгээрээ удаах үеэ дагуулсан
Гүнзгий тунгалаг ухаантай Ядамсүрэнгийн тухай
Гүндүүгүй Монгол сэхээтэн Буяннэмэхийн тухай
“Учиртай гурав” – ын цомнолоо чихрийн цааснаа бичсэн
Уран үгсийн байлдагч Нацагдоржийн тухай
Удаах үеийг нь дааж “Бэр цэцгээ” ургуулсан
Улаан тэрмэн дээлтэй Ренчин өвөөгийн тухай
Харь холын нутгаас “Буурал ээжээ” дуулсан
Хатгин овгийн шүлэгч Дамдинсүрэн гуайн тухай
Хан Хэнтийн найрагч Цэдэнжав гуайн тухай
Хагас зууны түүх дэлхий дахинд ярьж байна.
Дайны үеэр дуурссан залуу Чимидийн шүлгүүд
Даруу зөөлөн аяст Лхамсүрэн гуайн найраг
Давхиа дундаа жороолсон Явуухулангийн уянга
Даваа олныг давсан Нямдоржийн бадгууд
Хорьдугаар зууны жараад онуудын үес
Хотын сөөсгөр охидтой жаргал зовлон хуваалцаж
Хоньчин малчны хамт жавар салхи сөрөлцөж
Ховдын өндөр даваанд жолоочийн кабинд суулцаж
Цэнгэлийн алтан дарсанд хөөс сагатал уншиж
Цэнхэр шилэн жүнзний хөвөө сэтэртэл тулгаж
Цэцэн мэргэний одонд хориод насаа цацсан
Цэвэр хөнгөн сэтгэлтэй хонгор найзуудын шүлэгт
Шаравын Сүрэнжав, Шагдарсүрэн, Нямаа
Шагдарын Дулмаа, Пүрэвсүрэн, Бадраа …
Цайлган зүрхэн дунд минь мөнх дүрсээ сийлсэн
Цаг үеийн чацуутнууд мөр мөрөөр ярайнам.
Өнөө бидэнд эгэлхэн, маргааш түүхэнд ховорхон
Өнгө өнгийн аястай малчны энэ хүүхдүүд
Өөр өөрийн алдраар үе цагаа эзэмдэж
Өнөр дэлхийн түмэнд Монголын тухай дуулсан юм.
Цагаан хэрмээр гинжилсэн “Тэнгэр уулыг” хайж
Цастан тундраар эмжүүлсэн Сибирь орныг мөрлөж
“Ишиг хөл” нуураас Хайлаар мөрнийг тултал
Идэр бөхийн цээж шиг ханхайж тэлсэн нутаг
Ванчинбалын бийрээр Инжинашийн хэлхсэн
Баатарлаг туульсын халаанд ээлжээ аван гарч
Байгуулах их хөдөлмөрийн шинэ эринийг дуулах
Байнгын хүндэт харуулд шинэ шүлэгч зогсож байна.
Зуу зуун шүлэгчийн магтаж цэцэлж ирсэн
Зуур зуурын түүхэндээ мандаж гандаж үзсэн
Зураг сайхан байгальтай борог даруу Монголын
Зузаан намтраас хуучлах нь түүхч бүхний зөв өө.
Ургаа бие тэнхээтэй ч уулыг хараахан өргөхгүй
Ухаан бодол тэнхээтэй ч урьдын түүхийг өөрчлөхгүй
Улирахыг, угтахыг, өнөөдрийг тус тусад нь
Ул суурьтай тунгаах учир шалтгаан гэж бий.
Наран шингэх далайд мориныхоо туурыг угаасан
Найман зууны өмнөх Монгол өвөг яахав.
“Цагийн юм цагтаа” цалгиад халгиад өнгөрч
Цаас чулуу хоёр дээр гүнзгий мөрөө үлдээсэн юм.
Хатуу догшин өвгөөсөө тэс өөр замд бид
Хамтын хөгжлийн үнэнээ тэмцлийн цусаар баталж
Хар цагаан хоёрыг ард түмнээрээ ялгуулж
Хаш цагаан барилгуудаар үеийнхээ түүхийг бичсэн юм.
“Отгон тэнгэрийн” зулай дээр төрийн далбаагаа хатгаж
“Орхон түшээ гүн”- г тарианы сувгаар хөтөлж
Ой хөвчийн модыг орон хотдоо жагсааж
Овор хатуу цөлийг худгийн өрмөөр цоолж
“Хөдөлмөрийн гавьяаныхаа улаан тугийн одон” болсон
Хөдөө аж ахуйн тосгон ардын нэгдлийн төвүүдээр
Хөвчин их орныхоо алдрыг өргөн шагнасан
Хөрслөг хатуу булчинтай залуу түмний минь гар
“Эрхт тэнгэр эздийн” үлдээж чадаагүй дурсгалыг
Энэ Монголын шороонд үүрдийн болгон цогцлуулж
Эрчим хүчээр суниах үй түмэн хот юугаар
Эл хуль талын зүүд нойрыг сэрээсэн юм.
Шүлэг дуу төдийгөөр шүтээн мөрөөсөж авчраагүй
Хүлэг морин дээрээ хүч үзэлцэж авчирсан
Ардын энэ хувьсгалын алтаар цэгнэшгүй үнийг
Арван нэгдүгээр оны партизан ах нар гэрчилнэ.
Мөнхийн энэ хувьсгалыг энхийн замд нь оруулах гэж
Мөн ч олон бэрхшээлийг энэ үе минь тоолсон юм.
Дэлхийн олон хувьсгалын дэвтэрлэж үлдээсэн ботид
Дэвшүүлэх хувь нэмрээрээ өвөрмөц замыг туулсан юм.
Бурхныг халаад бид ганц хүнийг шүтэж үзсэн
Будлиу тулгам алдаанаас цус ханхлахыг ч үнэртсэн
Бушуу түргэн хөгжих гэж яараад даарч ч үзсэн
Бурууг зөвөөр нөхөж нийгэм журмыг байгуулсан.
Монгол гэдэг ийм орон байсан юм.!
Морьтон эрчүүл нь
Зодгон доор өсөж
Зогсоогоороо нөгчдөг
Зоримог эх орон байсан юм.
Монгол гэж ийм орон байсан юм !
Саран гоо
Саальчин хүүхнүүд нь
Салхинд боролсон
Сайхан эх орон байсан юм
Монгол гэж ийм орон байсан юм !
Тэнгэр нь цэнхэр
Тэгш тал нь цэлгэр
Тэнд суугчид нь цэмцгэр
Тив дэлхийд хосгүй эх орон байгаа юм !
Монгол гэдэг ийм орон байгаа юм.
Уул нь өндөр
Ус нь тунгалаг
Ургамал нь өнгөлөг
Уужим эх орон байгаа юм !
Монгол гэж ийм орон байх юм.!
Тансаг цагаан өргөөндөө
Таван тивийнхнийг
Тараг айргаар зочилсон
Тайван энхийн орон байх юм !
Монгол гэдэг ийм орон байх юм !
Хүний хийсэнд дадаж
Хүний хийгээгүйг сэдэж
Хүй энэ орчлонтойгоо
Хүж барилцсан орон байх юм.
Монгол гэж
Байсан ч орон
байгаа ч орон
байх ч орон !
Байлгах ч гэж
Байгуулсан юм
бахдуулсан юм бид !
Байх байхдаа
Баргийн юм биш
Баатрууд билээ л !
Баатар гэж мэдэх үү ?
“Олон өнгийн ялгаатай
Олон хилийн залгаатай
Орчин үеийн бөмбөрцөгийн
Улс төрийн зураг дээрх
Овор даруухан зүстэй
Онгон улаан хилтэй
Онцгой нэгэн дүрсэн дотор
Мянган үеийг дархалж
Ташуураа бариад босохдоо бүтэн нийгэм алхдаг
Танай монгол ер нь ямаршуу хүмүүс вэ ?” гэвэл
Таван тивийн чуулдаг үзмэр, тэмцээн, хурал дээр
Танилцацгаа, Миний Монголын үр садтай !
Орчин үеийн хувцасны онцгой маяг шалгаруулах
Олон улсын комиссыг амьсгал татан гайхтал
Оёдлын ураар аархаж үнэт үсээр туйлсан
Оноот монгол дээлтэй ойн согоо шиг бүсгүй
Сарны мөнгөн туяа шиг тэгшхэн чийрэг хөлдөө
Савхины дээдээр хийсэн дэгжин гутал жийж
Сайхан хар гэзгээ мөрөн гол шиг суналзуулж
Сансрын ганцхан цолмон шиг гялалзаж явааг хар !
Сайхан тэр бүсгүй чинь миний Монгол орны
Саран гоо гэгдсэн уран цагаан бүсгүй
Саяар тоолох сүргийнхээ сааль сүүг бялхуулж
Сав ертөнцийн түүхэнд Монголыг төрүүлсэн ижий !
Алтан бамбар дүрэлзсэн “Олимп” наадмын талбарт
Алга ташилт нижигнэсэн чөлөөт бөхийн дэвжээнд
Арван зүгээс шалгарсан алдарт эрцүүлтэй тулж
Арслан зааны тэнхээгээр ааглаж байгаа бөх чинь
“Даншиг” наадмын оноонд хоёр зуун жил цоллуулсан
Далай Даян Дархан, Хүдэр, Дугар аваргуудын
Дараах үеийг эзэмдэх хүндтэй гавьяа хүлээсэн
Даруу түвшин Монголын давшиж яваа залуус !
“Эр бор харцага нь жигүүрэндээ хүчтэй” гэдэг
Эртний цэцэн түмний жирийн энэ хөвүүд
Энх наадмын талбарт төрийн тугаа өргөж
- “Энэ миний Монгол” гэж дэлхийд харуулсан бөхчүүд !
Ертөнцийн заяаг шийдэх Нэгдсэн Yндэстний Байгууллагын
Ерөнхий Ассамблейн хурал дээр таслах эрхтэй өндийж
Даян дэлхийн амгаланг дархлан хамгаалж байгаа
Даруухан тэр дипломат – миний Монголын иргэн !
Цахиур чулуу хагарам нүсэр хатуу онуудад
Цаг төрийн шуургатай нүд цавчилгүй тулж
Ахуй улсынхаа нэр ард түмнийхээ хүндийг
Аваад гардаг байсан монгол төрийн зүтгэлтэн
Ядуурал дарлал хоёрын гашуун бүхнийг хүлээж
Ялалт ололт хоёрын гавьяа бүхнийг хүртэж
Эрх чөлөө, тусгаар тогтнол, тэгш байдлын
Эрхэм үнийг ухаарсан малчны хүү энэ байна !
Морин туураар эх түүхийг тамгалсан
Монголыг үзье гэвэл ийм орон байдаг юм !
Морьтон ардын хувьсгалаар шинэ түүхэнд тодорсон
Монгол түмэн гэвэл ийм хүмүүс байдаг юм.
Ханагар энэ Монголынхоо харьшгүй алдрыг үүрч
Хан хурмастыг алхаж одны чулуунд сийлэх
Хамгийн түрүүчийн үгээр гарчиг тавьсан найргаа
Хатан дэлхийн хүн ард та нартаа өргөе.
Шүлэгч Гулрансын есөн намар анхилуулсан
Сүмүн өвсний үнэрийг гүйцээ нь үгүй гэвч
Дэлгэр Монголынхоо тухай сэтгэл нээж дуулсан
Дэндүү залуу найргийг минь зүрхэндээ хадгалаарай !
БУРИАД
Хээрийн гөрөөс шиг насны минь
Хээтэй хоргой шиг намтар дунд
Арилшгүй мөрөө үлдээсэн
Аяа миний буриад.
Шүлэг бидэн хоёрын ханилсан
Шүр сувд шиг жилүүдийн хэлхээнд
Алтанхан эрх болж үлдсэн
Аяа миний буриад.
Дураар задгай амьдралын минь
Дундуур дүүрэн хундаганууд дунд
Аагтайхан сархад болж амтлагдсан
Аяа миний буриад.
Урган төлжих насны минь
Ум зандан шиг цогцсонд
Эйдельбесийн цэцэг болж дэлгэрсэн
Энэ миний буриад.
Өндөр оройтой малгайд чинь
Өргөн эмжээртэй дээлд чинь
Утсан цацагтай бүсэнд чинь
Улаан сөөхий гуталд чинь
Ойд хангинах сүхэнд чинь
Ононг гатлах бирваазанд чинь
Мойлтой тос зөөхийд чинь
Монцгор мөнгөн трубканд чинь
Булиа хүрэн хүзүүнд чинь
Бух юлдэн хутганд чинь
Уяхан эршүүд аашинд чинь
Угийн ажилсаг аясанд чинь
Хадуур тармуур анжсанд чинь
Хашаа амбаар бууцанд чинь
Хатгуур мөөртэй тэргэнд чинь
Хатирч морьтой чарганд чинь
Нэр минь, зүрх минь, шүлэг минь
Нэг л эрхгүй татагдаад байна л
Мэнд амараа! Буриад зон.
Тагш дүүрэн мэлтийлгэж барьсан
Таван шимийн дээжнээс чинь
Ядам хуруугаараа сүслэн өргөж
Яруухан Онондоо сэржим цацаж
Баавай та нарыгаа Хан Хэнтий шигээ
Бат түшин жаргаж суухад
Ариухан ерөөлийг зүрхэндээ шившээд
Амьсгал татан хөнтөрч орхиё.
Халх гэдэг их сансарт
Ард түмэн гэдэг однууд дунд
Буриад гэдэг нэгэн эрхсийн
Будант мандалд алхан орж
Өвөрмөц гадаргуунд нь хөл тавьж
Өвөр гүн уруу нь нэвтрэн орох
Эрдэнийн алтан түлхүүр болсон Сэмжүүхэй
Элэг зүрхнээс минь гарамгүй
Хол үнэнтэй ариун дуртгал
Холдоо толирсон алтан Ононой
Хонгиохон дуугаа намдаа дуулыш
Холширхон зантай Сэмжүүхэй минь.
Мүнгэн шөнийн наргиантай намиан соо
Мүльхэн сэсэг хангир жингэр
Мөрөөдөл дүүрэн юндэн соо нь
Мэшид олон гялар ялар.
Уучлаарай бусдын хэлэнд хуруу дүрж
Ур муутайхан дөрвөн бадаг хэллээ.
Буруу байх аваас жинхэнэ
Буриадаар нь болгон хэлнэ биз.
Ямар ч гэсэн хориод насандаа
Ялалтын буудлага шиг бадарч явахдаа
Чамбайхан басганы хайрын сэтгэлд
Шатаж байсан тэртээх шөнүүд
Цэнгэлийн дугарааг нэгмөсөн
Цэлэлзүүлэн бялхаагаад хөлчүүрэх шиг
Ааш болоод баяр гунигаар
Арван жил шархалсан юм шиг
Одоо хүртэл зүрхэнд хөндүүр
Олон дуртгал сэтгэлээс өндийнө.
Онон минь, буриад минь уучлаарай
Овилгогүй ч явлаа, залуухан ч явлаа
Хүрэн улаан түүдэг галын туяанд
Хөвгүүд охид цогтой шоволзож
Хатираа бүжих хөлийн нь сүүдэр
Ханын шийрний шүүдэр шиг цацарна.
Тал бүр тийшээ хувь заяаны
Таавар зөн шиг хувилан одож
Тас харанхуй шөнийн хэвлийд
Танай манайгүй уусаж байсан.
Уран цэнгүүн ёохорын аяс
Ургаа модны үзүүр дамжин
Уран овоо хөлийн өлмийнүүд
Угалзрах голыг тойрон дэвсэлж
Намжир шидэх адтай нүдний
Нарийн давхраанд зүрхээ хавчуулж
Хархан гэзэг уургын хуйв шиг
Хацар дундуур шилбүүрдэн эргэж
Аминдаа махлаг зөөлөн гар нь
Ассан дөл шиг халуу дүүгэж
Надтай хамт буриад басган
Наадам зугаанаас албаар төөрөв.
Чийг даасан Ононгийн шөнөөр
Чингэлэгтэй тэрэгний арал сандайлж
Чийрэг болоод зузаан уруулаар
Чимээ нь ихтэй таалж байсан
Натгар жаахан Сэмжүүхэй нь
Намайг одоо мартаа болов уу ?
Насан ахиж үс нь бууралтсан ч
Наалинхай зан нь хэвээрээ болов уу ?
Харин би яасан ч мартаагүй
Халуун залуу насны минь дуртгал
Хал үзээгүй диваажингийн орон
Харанхуй шөнүүд минь мандтугай !
Мөнгөн саран уулын цаанаас
Мөрний усанд зоос цацахад
Мөнхийн уснаас зүүдлэн тамшаалж
Мөргөцөгийн эрэг уруу халит жийх нь
Баргажин төхөмийн буриад самганы
Балиусаар хуссан загасны хайрс
Тунгалагхан уснаа бутрав уу гэлтэй
Туссан гэрэл нь бүжиглэн байхад
Зүрхэм ни, зүрхэм ни, инаг нь
Зүгээр инеэхдээ яанавши
Yжин Эльдэн баархамни
Yглөөдөр бүү ябаарай гэж
Ононой жаахан Сэмжүүхэй
Онцгойхон надад шивнэж билээ
Хацар нүүрээ зүрхэнд минь
Халуун дүүгтэл наалдуулж билээ.
Дуугүйхэн ингээд наалдаж байх нь
Дух нь хамраасаа төвгөрхөн ч юм уу даа.
Хайрлан хайрлан гэмшихийг нь үзвээс
Халхын хүүхнүүдээс эрххэн ч юм уу даа.
Аяа хөөрхий Сэмжүүхэй
Алтан ононой Сэмжүүхэй
Аашны чинь хөөрхөнд би чинь
Арга ч үгүй автсан юм сан.
Хайр хайрынхаа илчинд
Хайлах шахам шатаж байдаг
Самрын боргоцой шиг жаахан басган
Сайн хүүхэн байж билээ.
Эгзэгтэй цагт түшиг болж
Эргэж буцашгүй шийдэж чаддаг
Эрэмгий зантай буриад басган
Эгэлгүй хүн байж билээ.
Сайхан сэтгэлтэй тэр бүсгүйтэй
Сайн нөхөр минь танилцуулсан юм.
Ам нээвэл уушиг нээнэ гэдэг
Аавын минь үг үнэн юм байна.
Дайны талбарт нэг нэгнийгээ үүрэх
Дайчны ёсоор тэр бид хоёр
Ярайсан шүлгэн сумаа бүсэлж
Яруу найргийн талбарт гарсан юм.
“Натгар жаахан Сэмжүүхэйд минь
Зуун зүрх тэмүүлээ юм биз.
Найзаас минь хойш
Ерэн ес нь шархлах юм биз”
Хэнтийн дунд сургуулийн
Хээгүй найз минь хэлсэн сэн
Заяаныхаа оргилыг байлдан эзлэх
Замаа тэндээс эхэлсэн сэн.
Харин би буриад биш ээ
Халх Боржгоны үр сад
Хаяа нь алдрах талын тэртээ
Хазаарт морин дээр өссөн хүүхэд ээ.
Тоглон дэвхцэх бяцхан хөлдөө
Тоногт бойтог өмсөө нь үгүй
Цанхаалж өссөн толгой дээрээ
Цацагт малгай тавиа нь үгүй
Би өөрөө буриад биш ээ
Бишгүй дээ л би олон удаа
Биндэр, Дадал, Батширээтийн
Бяцхан буриад хөвгүүдтэй
Хэнтийн сургуулийн довон дээр
Хэмх нанчилдаж өссөн хүүхдээ
Ялаа ч үгүй, ялагдаа ч үгүй
Яамай тэр нь хамаатай биш.
Буриад гэдэг чинь хэн бэ гэдгийг
Буруу биш зөвөөр нь таньсан
Дуутай шуутай тэр жилүүд минь
Дунд сургуулиас ч илүү санагдана.
Хими, физик, алгебрь, геометрийн
Хэцүү томъёонуудаар яах юм бэ
Хэрлэн Хэнтий хоёрын завсарт
Хэнтэй нөхөрлөхөө мэдвэл болоо биш үү.
Халх хүний бүдүүн бараг амьдралд
Халбага шөлнөөс илүү үнэгүй
Буруу номын үсгээр мэдрэлээ нүдүүлснээс
Буриад нударгаар хамраа нүдүүлсэн нь
Алсдаа дээр байсан юм нээрээ шүү
Амьдрал гэдэг чинь ном биш шүү дээ
Алтанхан Ононой буриад басганд
Алгебраар захиа бичихгүй шүү дээ.
Хайртай жаахан Сэмжүүхэйг минь төрүүлсэн
Халуун элгэн буриад зон
Хан Хэнтий, Онон, Хурхын
Хатуу сахиус буриад зон.
Наалдаж дасахгүй цэрвүү явбал
Нанчилдхаб гээд өрж ч мэднэ.
Хуудуу гаргаж хундага залилбал
Хутгалхаб гээд дүрж ч мэднэ.
Зангий нь мэдэхгүй сониуч хүнд
Зайдуу газраас сонжин харвал
Тосон будгаар ур муутайхан
Товшиж зурсан зураг шиг
Дээлийнхээ арыг ганц нугалж
Дэргэр суран бүс бүсэлж
Дэрвэгэр шилтэй шовгор малгай өмссөн нь
Дэрсэн овоохой шиг харагддаг биз.
Хоёр гар нь тэрэгний мөөр шиг
Холуур дугуйрч бээлий нь унжаад
Хөмөн гутлаа гадагш нь өшиглөж
Хөвөөтэй мөрөө үлдээж алхахыг
Хатуу мохоор хуурай зажилж
Хаясан шүлс нь шарлаж хоцрохыг
Энд тэнд харсан төдийгөөр
Эндүү хуудуу дүгнэж болохгүй
Эл хуль хөвчийн эзэн болсон
Эрдүү түмэн тэд нар мөн.
Балт сүхээ гэрнээс нь авч
Бавайсан сахлаа нэг шувтарч
Барвайсан алгаа хэд нулимснаа
Баруун хөлөө гэдрэг нь гишгэж
Аажуухан далайсан хүдэр эрийн
Алиман сар шиг сүхний ир
Агаар тэнгэрийг зүсэн бууж
Арын модонд цуурай хадаж
Хар модны дүнгэнэсэн биед
Хагас сөөм шигдэх сацуу
Хүч алдах тунгалаг давирхайгаар
Хүний өмнө байгаль уйлна.
Аглаг ууланд мод бэлдсэн
Ажилсаг буриадын өмбүүл урцанд
Аагтай цай, соодтой ёпоошигий нь
Амтлан суух нэгэн жаргал аа.
Зуны тэнгэр хураа татаж
Зугаатай цэцгийн тоос дэгдэх
Хадлангийн цагт нар хүн хоёр
Халуунаа булаалдан тулгарч байдаг.
Халиурсан өвстэй цэнхэр талд
Ханарсан жагсаал цэгцрэн давшиж
Хадуурууд хагас гортиг татаж
Ханарсан мөр гөвийн үлдэнэ.
Нарны цацраг шугаманд бичсэн
Наймтийн задгай нотууд шиг
Хар ногоон бухлууд ярайж
Ханхар том нуруунууд өндийхөд
Сэрвээ сайтай буриад эрчүүд
Сэрээ барьж өвс шордоно.
Бүдүүн улаан самгад нь
Бүтэн бухлыг өргөх дөхнө.
Орой болоход газар зуухнаас
Олгойдох утаанаар цай ханхална.
Өөрсдийн барьсан амттай талханд
Өтгөн шаргал зөөхий түрхэнэ.
Хожуухан гарсан хоридын саран
Хойргохон юм шиг мэлэрч байхад
Майхны амны хоёр баадан
Майга хөл шиг дугуйрч байхад
Хэдийнэ унтсан Төөдаагийн хамар
Хэдгэнэ адил дүнгэнэж байхад
Баавайн гаансны бохь нь буцлаад
Батгана адил жингэнэж байхад
Шүүдэр буусан ногоон дээгүүр
Сүүдэр адил чив чимээгүй
Халуун сэтгэлт нөмгөн басган
Хайрын болзоонд гүйгээд ирнэ:
Хоёр хөлийнхөө бүдүүн шилбийг
Хормой хотоороо ороон сууж
Дураа өссөн хөвгүүний цээжинд
Духаа нааж ийнхүү шивнэнэ.
“Бууралхан бааваймни унтана үгүй л даа
Буцалсан трубканий нь намжаа нь үгүй л даа
Бодохо гэхэдэмни болно үгүй л даа
Борхон зүрхэмни тэснэ үгүй л даа
Ийгэж л би шамдаа ирээб
Ирэх л гэж би заалхаа ирээб”
“Аяа шамдаа л адил басганыг би
Онон худар эреэд эреэд
Олохгүйб даа “ гэж
Омголон залуу санаа алдана.
Хөндийн адаг уруу хадланч залуусын
Хөгжилтэй ёохорын дуу хадна.
Барх, Хурхын хатан урсгалыг
Бялхаж үерэлтэл бүжин хатирна.
“Yндэр хадын саанахаа
Yүрэй сайтар хатаръя л
Yе тэнгийн залуушууд
Зугаалангүй яахам найб”
Нарсны шилмүүс найган бүжнэ
Наадам зугаа тэднийг дуудна.
Наргиантайхан, долгиотойхон
Энэ л буриад гэгч хэн бэ.
Цагаан сараар эхнэр хүүхдүүд нь
Цангинатал дуулж бөөн бөөнөөрөө
Yүр цайтал айлаар наргиж
Yхрийн халуун нэрмэл уудаг
Уран цагаан хуруугаараа
Утас ээрч оймс нэхдэг
Ууж наргихдаа хүүхнүүд нь бэрх
Угийн буриад гэгч хэн бэ ?
Алтанхан тайгын ар шилийг
Анчны нүдээр дуран шиг харж
Идэр есөөр хүрэн баавгайг
Ичээн дээрээс нь зангадан дардаг
Баргажины хэрэм, Дагуурын сувд
Байгалийн булга, Ярууны хандгайгаар
Бахархан дуулах анчдыг төрүүлсэн
Энэ буриад гэгч хэн бэ ?
Байгаль далайгаар нутагтай л гэдэг
Баргажин төхөмөөс гаралтай л гэдэг
Баялаг түүхийн эртний бичгүүдэд
Балар ойн иргэд гэдэг.
Заншил нь содон, байдал нь сонин
Зан нь эршүүд сэтгэл нь цагаан
Заяаны энэ буриад зон
Түүхийн бэрхэд үүссэн билээ.
Умар зүгийн ян хөвчид
Ургасан удам, торнисон угсаа
Уйлсан уянга, дуулсан дуу
Урссан цус, дусалсан хөлс
Якут, Тувагийн цус холилдож
Яагаад тунгус, хамниган болж
Ямар учраас баргууд тасарч
Явдал нүүдэл үүсэн өнгөрснийг
Хатуу жилүүдийн амьд гэрч
Хашир баавайнууд хүүрнэнэ үү гэхээс
Хадмын аясаар жолоо татсан
Халхын түүхчид мэдэхийн аргагүй.
Адуу малын билчээр дагаж
Амд түвдийн уншлага цээжилж
Арван долоогоос хорь дахь зуунд
Аниастай ирсэн халх түмэнд
Эх дэлхийн соёлоос эмтэлж
Энэ буриадууд үүрч ирсэн юм
Оёдол тааруу тансар дээлдээ
Орос хэлийг өвөрлөж ирсэн юм.
Бараан тоонотой хөмөн гутлаараа
Балрын ёсыг зориглон өшиглөж
Тэрэгний төмөр ширгээдэг дөшиндөө
Тэмцлийн илдийг давталцаж өгсөн юм.
Зориг нь дэндэж цагаан, бароны
Золиосонд давхиад буруутаж үзсэн юм.
Зогсолт бол үхэл мөн гэсэн Ленины үгийг
Зогсоогоороо орчуулж өгөөд буудуулж явсан юм.
“Революция гэж мэдэхгүй бол
Энэ маузерээр ярихаб, сархинсаг” гэж
Монголоор хэлээд ойлгохгүй этгээдүүдтэй
Модон хуйтаар ярьж явсан буриад,
Гаминд ч буудуулж
Баронд ч буудуулж
Лам нарт бороохойдуулж
Газар орныг минь чөлөөлөлцөж өгсөн юм.
Газар орныг маань чөлөөлөлцсөний шанд
Ганц морио унаад туугдаад явсан юм.
Мянга есөн зуун гучин хэдэн оныг
Миний бие нүдээр үзээгүй ч
Өвгөд хөгшдийнхөө тухай уйлан дурсах
Өчнөөн олон Сэмжүүхэйг би үзсэн.
Будантай манантай тэр жилүүдийн
Буутай манаатай яам тамгуудын
Буруу зөвийг нь тунгаах гэсэн юм биш
Буриадыг өмөөрөөд тулах гэсэн юм биш.
Гайхамшигт энэ тэмцлийн үед
Гарыг нь ганзаганд, хөлийг нь дөрөөнд хүргэсэн
Эрин цагийн соёл иргэншилд
Эхний жигүүр нь бололцож өгсөн
Хэлмэрч, сургагч, комиссар
Хэл бичгийн ухааны доктор
Ууган эмч, хөгжимчин, дуучин
Улсын гавьяат багш
Тэргүүний хадланч, агротехникч
Тээврийн жолооч, автын механик
Аварга саальчин, Ардын Их Хурлын депутат
Амжилт бүтээлийн эздийг дуулнам.
Халиурсан их талыг хагалана, хагалахгүй гэж
Хамтрал коммун байгуулна, байгуулахгүй гэж
Мархайн Бат сүр бадруулан дэвж
Шархайн Болд сүх барин дэлж
Буруу зөв хоёрын торгон зааг дээр
Буриад нь буриадыгаа цавчиж унагасан
Ангийн тэмцлийн ширүүн жилүүдэд
Араас нь бид сажилж явсан
Аягүй бол одоо ч гэсэн сэхээтний
Анкетыг үзвэл буриад олон биз.
Ажилсаг энэ буриад зонууд
Ард түмэнд минь ихийг өгсөнюм.
Ид цэцэглэх хориод насанд минь
Их зүйлийг ойлгуулж өгсөн юм.
Хараацай гэдэг жигүүртэн шувуу
Хадан дээгүүр нисээд байна аа хө.
Хамгаас хайртай миний алдрай
Хаахна газрын үр юм бол доо гэж
Насны залуу, нарны эртэд
Найзлан дассан миний алдрай
Намайгаа санаж суугаа болов уу.
Натгар жаахан Сэмжүүхэй минь.
МОНГОЛ БYСГYЙ
Зүтгэн зүтгэн тэмүүлж яваа
Зүс нийлсэн алаг морьд шиг
Галтай залуу насны минь солонгын өнгө
Чи хаана байна аа
Ган төмөр шиг сэтгэлийн минь соронзонгүр
Чи хаана байна аа.
Галавын далайгаас түүсэн
Сондор чулуун шүлгийн минь
Галиглаж болдоггүй хэлхээг
Соёрхон нэгэн таална уу даа.
Мөрөөдөл их насны минь
Мөнгөн сарнай чи хаана байна.
Мөсөөр шаргих амьдралын
Мөнхийн зун чи хаана байна.
Мөчид гүехэн жаргалаа
Мөлүү болтол элээсээр
Мөхөс дархалсан шүлгээ
Мөрөн дээр чинь тавья.
Гүн мөрөн шиг амьдралын
Гүүр болсон алдрай минь
Хүн хэмээх алдрын
Нүүр болсон амраг минь
Хүүхэн хэмээх нэрийн
Турьхан бүхнийг агуулж
Түүхт Монгол орны
Тулгыг түшсэн эхчүүд минь
Мойл жимсний ширхэг шиг
Тормолзсон нүдтэй
Морин цэргийн сэлэм шиг
Туялзсан нуруутай
Монгол бүсгүй таныхаа
Гэрэл сүүдрийг тодруулсхийж
Монгол яруу найрагч
Гэгэлзэн байж дуулах уу даа.
Хүний хайрыг анхан амссан
Хөвгүүн зүрхний түгшилт гэмээр
Хүслэн хосолж болзоонд ирсэн
Хөөрхий нэгний тогшилт гэмээр
Яаруухан бөгөөд эрчимтэй чимээ
Хэцийн цаанаас тодрон байна.
Яруухан бөгөөд хэмнэлттэй aйзам
Хээрийн пянзанд бичигдэж байна.
Тэнгэр газрын савслага нийлэх
Тэртээ цэнхэр гүвээний цаанаас
Тэнгис далайн долгио хавах
Тийм гүн харанхуй гэмээр
Нэр усгүй толгодыг даваад
Нэг морьтон тодроод ирлээ.
Өнгийн цэцэгтэй ногоон хөндийг
Омголон морьтон тоосоор шугамдав.
Багваахай цэцгийн өдөн малгайг
Багц багцаар үргээн хийсгэж
Харж зогссон миний нүдийг
Халуун салхиар алгадаад өнгөрөв.
Хээрийн тоос морины хөлс
Хээнцэр хувцасны үнэртэн ус
Хэсэгхэн зуур ханхийгээд
Хэдэн гүвээ даваад одов.
Навчин чихтэй суман хүлгийн
Нарийн суран жолоог түшин
Насан залуу монгол бүсгүй
Надад гайхуулж ийнхүү өнгөрөв.
Хэмнэл нарийн давхиат морины нь
Хэрлэнгийн хар ус шиг сайхан нүд
Духны хөхөл, нарийн халз
Дунгийн ам шиг хамрын нүх
Зангиран товойх овгор булчин
Загасны хайрс шиг гялтганах зүс
Сэрвээнд зууралдах гурван хавирга
Сүүлний нь хийсэлт тодроод өнгөрөв.
Сайхан хүлгийг санаагаараа захирч
Саран даруулгыг гэзгэндээ шигтгэж
Саарал эсгий малгай духдуулж
Салхин дарцаг шиг торойх бүсгүйн
Холцруу унхиалган бор нүүр
Холбирон бултах хар нүд
Хотгор нуруу гүдгэр цээж
Хоромхон зуур харагдаад өнгөрөв.
Сайн морины ширүүн давхилтаас
Сайрын чулуу зүлгэн дээр шидэгдэнэ.
Сайхан бүсгүйн ширвэх харцнаас
Шүлгийн тоос зүрхэн дээр шингэнэ.
Хүний сайхныг олж төрөөд
Хүслийн сайхныг дээжилж өсөөд
Морины сайныг унах заяатай
Монголын сайхан бүсгүй гэдэг
Тив дэлхийн жаргал хуваалцаад
Тэгш таван хүслэн гэмээр
Талын дунд ингээд учрахад
Дөлхөн таван тэнгэр гэмээр
Хүний газар нутгаа санахад
Хүслийн таван судас гэмээр
Хүүгээ тэврээд бүүвэйлж суух нь
Хөгжмийн таван утас гэмээр
Эмээлийн дөрөө дархалж өссөн
Эрийн сэтгэлийг уяруулдаг байна.
Эрчлэн дэврэх омог бахархалаар
Шүлэгчийн зүрхийг уяруулдаг байна.
Цэнэгтэй пуужин газраар хавах шиг
Цэцэгтэй талыг зүсээд өнгөрөөхдөө
Цээлхэн бодлын онгод гүйдлээр
Цэгцтэй шүлгийг хүсээд өнгөрөв.
Айлаас эрэхээр авдраа уудлах
Ардынхаа сургаалийг давтаж дуудваас
Арга ч үгүй амраг минь гэсхийн
Амьдралынхаа жаргалд автаж туйлбаас
Уяхан төрсөн хүний үрийг эрж
Уул ус давалтгүй гэлээ
Монгол бүсгүйд хайраа өгье гэж
Морьтон авхайг дагалтгүй гэнэ.
Монгол бүсгүй дэлхийд гайхуулж
Морь унадагаараа гайхамшиг болсон
Хүдэнтэй хөндийг мориор туулахаас
Хүний сэтгэлийг мориор хэмждэггүй юм.
Холын замыг мориор туулахаас
Хонгор амрагаа мориор хайрладаггүй юм.
Өнөр хотын чулуун талбарт
Өндөр өсгийтөөр бүжиглэж ядраад
Өдөн дэр дулаан хөнжилд
Өсөж төрсөн цагаан бүсгүйн
Хот хийцийн цагаан туфлиэр
Хорь дахь зууны дэлхийг гишгэх
Хөлийн чинь цэвэрхэн өлмийд
Хоног дараалсан удам бий.
Хөнгөн хөлтэй морио эмээллэж
Хөдөө талдаа дүүлж өсөөгүй ч
Мөнгөн цагаан тэшүүрээ хийж
Мөсөн талбайд дүүлж өссөн
Хаван тэших тэмээний нуруун дээр
Халуун говийг туулж яваагүй ч
Халин гулсах тэртээд улаалж
Хангайн цасыг туулж явсан
Майлах төлөөр симфони тоглуулах
Малчны хотонд дасаа нь үгүй
Бүхэл оркестр танго үлээх
Бүжгийн хүрээлэнд дутуу нь үгүй
Хууранд хөтөлсөн хоёр чавхдас
Хулсан лимбэний арван нүхэнд
Уяхан цэгцтэй боржигин намбаар
Уртын дуу дуулж үзээгүй ч
Унаган хүлгийн хур дэл дээр
Уртын дуугаа бүтээж ирсэн
Урьдын олон өвгөд эмгэдийнхээ
Удмын санааг зүрхэндээ тээсэн
Ийм нэгэн монгол бүсгүй
Ирээч гэж намайг дуудав.
Идтэй дурлалын шидтэй цэнэгээр
Идэр зүрхийг нам буудав.
Эмнэгийг сургаж унаатай явах
Энэ монголын ёсон байвч
Эдэлж чадахгүй нуруугий нь авбал
Эмээлээ аваад зайлдаг ёсон бий.
Хорвоо дэлхийн айл гэж явахад
Хогшил хөрөнгө цуглуулдаг ч гэлээ
Хожмоо хэрэггүй илүүдэж муудсаныг нь
Хог дээр хаядаг ёсон бий.
Дээрх зүйлийг дэмийд үзээд
Дэгжирч тоохгүй гөлөрч явбал
Дурлал хайрын хог дээр таныг
Дуртай дургүй ч хаях л болно оо.
Амьдрал яахав өөрийнхөө жамаар
Алгуур эргэнэ үү, түргэн эргэнэ үү
Авдаг санж уу, хөөдөг санж уу
Амраг минь байхад юугаар дутах вэ.
Энийг авъя тэрийг олъё гэж
Эдлэх минь, өмсөх минь, үзэх минь гэж
Энэ дэлхийн зарим гангачуул шиг
Эрдэнэт биеэ гутаах юм чи.
Этгээд хачин элдэв аашаар
Эрүүл өвчтэй алин болох хийгээд
Эцсийн эцэст чи хүн нэртэй л байх юм.
Өсөхийн цагт чихэр шиг үгийг
Өтлөхийн цагт таяг шиг үгийг
Өлсөхийн цагт хоол шиг үгийг
Өвдөхийн цагт эм шиг үгийг
Алс явахад унаа шиг үгийг
Айхын цагт зэвсэг шиг үгийг
Ядрахын цагт янчаан шиг үгийг
Ямбалахын цагт тэрэг шиг үгийг
Дээл олдоход хөнжил болох үгийг
Энэхэн ганц насанд минь
Ээж аав хэлдэг юм байна.
Эр ганц биед минь харин
Эхнэр хүн хэлдэг юм байна.
Хүндтэй чадалтай монгол бүсгүйн
Хүчтэй атлаа уяхан цогцос
Хүлэг морины онгон зоон дээр
Хүнийг хайрлаж түүнийг төрүүлнэм
Шулуун бус адармаатай түүхийн
Чулуун хуудсууд эргэж байхад
Халуун тэмцлийн тоосон дунд
Бүлээн цус асгарч байхад
Морин цэргийн сэтэрсэн эгнээг
Монгол бүсгүй нөхөж явсан юм.
Хайртыгаа тэвэрдэг уяхан гараараа
Хаттай сэлэм атгаж явсан юм.
Хар хилэн гэзгээ шууж
Хаж мөнгөн дуулгаар даруулж
Найр наадмын гоёлын оронд
Нарийн ялтсан хуяг тааруулж
Саалийн хувин барьдаг гартаа
Саран дугараг бамбай атгаж
Исгэрээд ирэх гилбэрт сумыг
Ирмэх ч үгүй сөрж явсан
Эртний цуут Монгол бүсгүйн
Эрхэм алдрыг өргөхгүй бол
Ээжээс төрсөн монгол шүлэгчийн
Энэхэн насны азанд муу.
Ахуй энэ Монгол орныхоо
Ариун тэмцлийг хүүгээрээ дэмжсэн
Аугаа их маргаашийн төлөө
Амгалан тайвныг сүүгээрээ дэмжсэн
Манай сайхан монгол бүсгүйд
Хүний сайхан цөм бүрдсэн юм.
Даруу сайхан зан чанарт нь
Яруу сайхан увидас шингэсэн юм.
Эвэр нум шиг хархан хөмсөгтэй
Эрвээхэй цэцэг шиг алаг нүдээрээ
Талд бичсэн сүргээ тоолох шиг
Таны миний сэтгэлийг уншдаг
Тэнд эндхийн будаг түрхэлгүй
Тэнгэрийн хаяаны өнгөтэй төрсөн
Намуу цэцэг шиг ариухан уруулаар
Насны жаргалыг шивнэн хэлдэг
Өрх тоонот эсгий гэртээ
Өглөөний нарыг авчирдаг гараараа
Yйл оёдол цагаан идээ
Yгүйршгүй баялаг бүтээж өгдөг.
Нуурын хун шиг намба дөлгөөн
Нутгийн агаар шиг ааш ялдам
Нуруу цэгц бие чийрэг
Нууцгүй ил сайхан сэтгэлтэй
Хорвоод хосгүй монгол бүсгүйн
Хотол алдрыг өргөхгүй яах юм бэ ?
Ганган ганган цэцгэсийн дундаас
Гэрлийн цэцэг тодхон байдаг
Газар газрын хүүхнүүд дундаас
Монгол бүсгүй содон байдаг юм.
Алдар алдраас өндөр алдрыг
Ариухан бүхнээс ариун байг гэж
Тэнэгэр ерөөлөө дэвшүүлж барья
Тэгэвч бас хэлэх үг байна.
Хорьдугаар зууны аяс дагаж
Хот бараадах нь зөв боловч
Хорвоод хосгүй монгол бүсгүй
Хог самардах арай болоогүй.
Хувьсгалын ачаар нүд тайлж
Хуучнаа халах нь зөв гэлээ ч
Хуурдах дуутай монгол бүсгүй чи
Хулгаж эргэлзэх арай болоогүй
Цаасан гутал нейлоны төлөө
Царай алдаж хөөцөлдөж явснаас
Ноосон даавууны эх орондоо
Хоосон хоносон ч яадаг юм бэ.
Зажилдаг бохь твистийн хойноос
Загас шиг давхиад дэгээдүүлснээс
Нуур шиг хөдөөдөө гэдэс цатгалан
Нугас шиг ганганаад цэнгэж үзээч ээ.
Африк хэмээх халуун тивийн
Аз муутай бараан хүүхдүүд шиг
Зарц боол болж хэзээ ч та нар
Зах дээр худалдагдах зовлон үзээгүй
Идэх өмсөхөөрөө хэзээ ч дутаагүй
Итгэх амраг хаанаас ч эрэхгүй
Иргэн бүхний итгэлийг булаасан
Ийм орныг хаанаас ч олохгүй.
Дэлгэр баян ийм орны
Дэгжин дээшлэх үр ач нар нь
Дээдийн зэрэгтэй сайн явъя гэвэл
Дэлхий дахины эрдмийг сур !
Өмсөх зүүх, идэх уухаа
Өөрийн гараар хийж сур
Элгэн хайртай монгол эрчүүдээ
Энхрийлэн хайрлаж хүндэлж яв.
Хамтын жаргалаа нэгэнт ярьсан бол
Ханилсан шиг ханилж сур
Эртний сайхан заншил соёлоо
Эргэж харалгүй хаяж орхивол
Ирээдүй болсон залгамж халаа чинь
Эцсийн эцэст гомдох цаг ирнэ шүү !
ОХИНДОО ИЛГЭЭХ ЗАХИДАЛ
Зуурдхан жаргалт тэр нэгэн жилийн
Зуны нарны хэлтэрхий болж үлдсэн
Зулзаган жаахан охин минь сайн уу ?
Зутруухан мэндээ аав чинь илгээе !
Эр хүн шиг эрвэлзэж явах цагийн
Эрх чөлөөний минь эмтэрхий болж үлдсэн
Эс таних охин та сайн байна уу
Эцгийнхээ мэндийг хүлээн авна уу …
Би шоронгоос бичиж байна
Бичих бичихдээ чанга дэглэмээс бичиж сууна
Битгий гайхаарай охин минь
Бие сэтгэлийн бяцхан соронзон минь !
Жаахан тэр соронзонд татагдалгүй
Жаргал зовол хоёрын хил алхахдаа
Аав чинь зоригтой байж, тэнэг ч байж
Архитай, нөхөдтэй, нэр төртэй ч байж
Хүн ер нь дэлхийн татах хуультай
Хүч сорилцож хөл дээрээ босдог юм.
Уул өөд авирч огторгуйд нисдэг юм.
Унахдаа нөгөө л газартаа унадаг юм.
Газарт унаад зогсохгүй, газар доор
Гарцаагүй ноёлох таталтын хуулиар
Эцсийн эцэст нойрсдог юм алаг үр минь
Эцгийн зүрхний алтан соронзон минь.
Төвөөс зугтах хүч болж аав чинь
Төмөр тор уруу солир шиг орсон юм сан.
Зүггүй цаг дуусч үр чамдаа татагдан
Зүрхний минь үлдэц хэлбэлзэнхэн байна.
Өдийд миний охин том болоо биз ээ
Өнгөрснийг шоглосон юм шиг, ирээдүйг зөгнөсөн юм шиг
Өөр хүн ойлгохын эрхгүй зургуудын
Өнгийн харандаагаар эрээлж суугаа биз ээ.
Аавынхаа шүлэг бичдэг хэлийг
Айхтар сураа биз дээ … Ээжтэйгээ
Ач тач ярьж байгаа биз. Сайн сураарай
Алдаагүй цэвэрхэн бичдэг болоорой.
Харагдсан бүхнээ багшаасаа асууж
Харагдаагүй, бодогдсон бүхнээ ээжээсээ асууж бай !
Харин охин минь “Аав яасан бэ ?” гэж
Хаанахын хэнээс ч битгий асуугаарай.
Энэнийг хэн ч чамд хэлж өгөхгүй
Ээж чинь ч үнэн хэлэхгүй, бүү асуу
Эцсийн эцэст цаг хугацаа чамд бүхнийг хэлнэ.
Энэ дэлхий дахин хэлж өгөх болно.
Магадгүй чи балчир хүүхдийн ухаанаар
Маргааш ч юм уу, өнөө шөнө ч юм уу
Аавыгаа ирээсэй гэж боддог байлгүй
Аугаа сайхан эр бий гэж санадаг байлгүй
Олимпийн чөлөөт бөхийн аварга шиг
Омголон тэнхлүүн, өндөр, зузаан
Онц гоё хувцастай, бас сайд шиг
Одон тэмдэгтэй, гялалзсан машинтай
Гэрэл цацарсан тийм лут аав
Гэрийн чинь үүдэнд сүндэрлэн зогсож
Олон түмнийг шавуулж чанга дуугаар
Охин минь хэмээн дуудна хэмээн бодно болов уу ?
Эвий гэж дээ охин минь зөв өө
Эцэг нь охиндоо хүн хүндээ
Энхрий сайхан харагдах ёстой
Энэ бол гэвч номын үг шүү.
Одоо би охиныхоо санаагаар
Очжээ гэж бодъё. Yүдэн дээр чинь
Чөлөөт бөхийн аварга шиг биш
Чөтгөр шиг амьтан зогсож байх вий.
Зүрхийг нь ухаад авчихсан юм шиг
Зүүн тал нь хоосон … цээж нь хазгай
Зүдрүү туранхай, нөмгөн нүцгэн
Зүс нь хувхай цагаан хүн харагдах вий.
Хатаасан шарил шиг энэ хүнийг
Хараад чи айна аргагүй зугтана
Хаалган цаана орж ээжээ дуудна
Ээж чинь ч айна. Гэр чинь ч айна.
Хойд урд өрөөний чинь айлын аавууд
Хорины дарга цэцэрлэгийн чинь багш
Шилэн тэрэгтэй том дарга ч айна.
Шинэ аав чинь бүр ч их айна.
Айхын эрхэнд чи уйлан хайлан
Аав биш яв гээж хашхирах байх
Аргагүй шүү дээ, гэвч харыг цагаанаар
Ариун цагааныг хараар нууж болдоггүй юм.
Нэгэн цагт энэ муухай хүн
Нэрийг чинь чамд өгсөн юм
Бичгийн ширээнээ эзэн нь явах цагт
Биеийг чинь чамд хайрласан юм шүү.
Төрөх газрын цонхоор анх чиний
Төө хүрэхгүй улаахан нүүрийг хараад
Сансарт аялсан Гагариныг харсанаас илүү
Сандарч баяссан хүн бол би билээ.
Хатуу ааштай үйлчлэгч авгайг уярааж
Халуун савтай цай барин хоргоож
Арван өдөр – шөнө төрөхийн үүдэнд
Аргамжаатай байсан хүн бол би билээ.
Гарах өдөр нь өлгийтэй чамайг
Ганган сайхан ээжтэй чинь хоёуланг
Энэ дэлхийн гурван миллиард хүнээс
Эцэг нь гэж үнссэн нь би билээ.
Өлгийг чинь түшиж даавууг чинь хуурайлж
Өглөө эртийн жавраар сүүнд зогсож
Мөлхөх цагт чинь өвөр дээрээ дэвхцүүлж
Мөн ч олон өмдөө нэвтлүүлсэн юм сан …
Ор түшээд хөлд орж байхад чинь
Орхиод аав чинь явсан юм сан
Охиныхоо амаар хэлсэн нэг ч үгийг
Одоо болтол сонсоогүй л явна даа.
Тохойн чинээ бие нь хэрхэн өсөж
Том болсны нь үзээгүй л явна даа.
Хэнийг дуурайж, юу юу сурч
Хэт нь яахыг хараагүй л явна даа.
Гэвч өвлийн энэ шөнө дөлөөр
Гэрэл гэгээ болж алс газраас
Даарсан зүрхийг минь ээх охин буй гэж
Дандаан бодож сэтгэл бүлээсдэг юм.
Бүлээсгээд зогсохгүй халуусгаж
Бүр сэтгэлийн минь ганг тайлах
Бүсгүй үр нэгэн ширхгийг би
Бүх дэлхийн нэрийн өмнөөс хүснэ ээ.
Дамжиггүй чи өснө охин минь
Даарсан ч өснө, халууцсан ч өснө.
Хаврын ногоог гишгэлсэн ч ургадаг юм.
Хагасыг нь тас татсан ч ургадаг юм.
Хайлаас шиг муу аав чинь эзгүй ч
Хангай шиг сайхан ээж чинь байхад
Миний охин юугаар дутах вэ
Хүний охины л жишээ өснө.
Ээж чинь чамд юм бүгдийг өгнө.
Эмэгтэй хүний гоо сайхныг өөрөө
Эзэмшсэнийхээ хэрээр чамд өгнө.
Эрдмийг л харин өгч чадахгүй байх.
Би ч гэсэн ээж чинь ч гэсэн чамд
Биеийг чинь өгөхөөс ухааныг өгөхгүй
Өгөх дургүй дээ өгөхгүй байгаа юм биш
Өөрчлөн хөгжихийн хуулийг хүндэлнэм.
Орчлонг сүүдэр талаас нь хардаг
Одооны миний нүдээр чи
Аугаа их хорин нэгдүгээр зууныг
Аав шигээ танхай харж болохгүй.
Эсэргэн их хорин нэгдүгээр зуунд
Ээж шигээ зүгээр сууж болохгүй
Эрдмийг тэгэхдээ сурна уу, байна уу
Энэ бол чиний хэрэг охин минь.
Оюун эрдмийг зэрэмдэглэж сурснаас
Огт сураагүй нь дээр байдаг юм.
Муу жолооч тэрэгтэйгээ цуг
Мухар ганга уруу онхолддог юм.
Онхолдохдоо бас хамт явсан
Олон хүнийг сүйд хийдэг юм.
Оюун эрдэм түүнтэй адилхан
Огт сураагүй бол харин аюулгүй
Эх орон ард түмэн хоёртоо чи
Эрдэмтэй ч зүтгэнэ, эрдэмгүй ч зүтгэнэ.
Эгэл олноосоо юуг бүтээнэ түүнийг
Энд тэндээс нь дэмжилцэх ёстой.
Халуунаас тасарсан үрийн хувьд
Хайрт охин чамаасаа би
Хүн төрөлхтний нэрийн өмнөөс
Хүсэх зүйл нэг байна. Сонсоно уу ?
Yүрд чи хүүхэд хэвээрээ
Yсэндээ туузтай, амандаа чихэртэй
Yсэрч цовхорч явахгүй ээ. Мөдхөн
Yйл явдалд оролцох нас чинь болно.
Аав ээжийнхээ залуу насыг
Ахин чи шинээр давтана
Арай гэрэлтэй, арай уужим
Алтанхан өдрүүд чамд ногдоно.
Над шиг зураач бол гэхгүй
Найз нар шиг минь шүлэгч бай гэхгүй
Дамдимаа шиг барималч бол гэхгүй
Дашдулам шиг хөгжимч бай гэхгүй.
Ер нь тэгээд охин танхил бие чинь
Ертөнцийн хүний олон нарийн эрдмээс
Алины нь ч сурахгүй өнгөрч болно оо
Аав чинь үүнд буруу өгөхгүй. Харин
Сайн шүлэгчийн охины хувиар чи
Сайнаас сайн уншигч байх хэрэгтэй.
Ойлгуулдаг зохиолчоос гадна
Ойлгодог уншигч байх хэрэгтэй юм шүү.
Зураач хүний үр садын хувиар чи
Зураг таньдаг нүдтэй байх хэрэгтэй
Хүслийг нь ойлгож чанарыг нь танилгүйгээр
Хүний бүтээлийг хүн дүгнэж чадахгүй ээ.
Яаж ч чи гоёж гангаллаа гэсэн
Яс угсаагаа далдартал гоёод хэрэггүй
Ямар ч ном олон хэл сурлаа гэвч
Яруу сайхан Монгол хэлээ мартаж болохгүй !
Энэ хэлээр аав чинь
Эхнийхээ шүлгийг хэлхсэн юм.
Энэ л хэлээр аав чинь
Эцсийнхээ шүлгийг хэлхэх болно.
Энэ хэлээр дуулж, энэ хэлээр уйлж
Энэ хэлээр онож, энэ хэлээр алдаж
Эцэг чинь өөрийнхөө хөшөөг өөрөө
Эл Монгол хэлээр босгосон юм шүү !
Азийн цээжин дээр Монгол гэдэг
Аугаа нэрийг сэлмээрээ сийлсэн
Тал шиг сэтгэлтэй уул шиг хүмүүсийн
Тасархай нь гэдгээ мартаж болохгүй !
Амаржих газрын хаалганы завсраар
Амрыг нь асууж ээжийг чинь уяраасан
Анхны бүүвэйг манцуй дээр чинь
Аялан дуулсан энэ хэлийг чи
Гарцаагүй сайн сурах ёстой.
Гажиг бүхэнтэй нь тэмцэх ёстой.
Ганцхан чамаас үүнийг хүснэ.
Газар доороос ч гэсэн хүссээр байх болно !
НАНЧИДИЙН ШИРЭЭ ХАВЬД УНШИХ ЗАХИДАЛ
Холбогдох хүний нь сонорт
Хойшлуулалгүй хүргэх ёстой
Энэ нэгэн ер бусын захидлыг
Эзний нь амнаас буулгаж бичлээ.
Олон хүний элдэв намтар
Оволзсон баяр хүлцсэн гуниг
Онгон дурлал хөнгөн хагацал
Охидын гоморхол, нөхдийн бахархал
Сэтгэлт хосын уяхан дуудлага
Сэмхэн атгуулах уран захидал
Сэргэлэн инээдэм энэ бүхнийг
Шүлэглэж суухад амар билээ.
Эдүгээ гэтэл тэс өөр
Энэхэн найргийг Долгор хүүхний
Эмзэг сэтгэлийн догдолуун үгээр
Эр нөхөрт нь дамжуулж өгөх
Зайлж болохгүй үүрэг хүлээж
Захидал болгон сийрүүлж бичлээ
Зарим талаар Чулуунтай төстэй
Залуу нөхдөдөө зориулж бичлээ.
Нөгөө муу Долгороос чинь
Нөхөр Чулуун чамдаа бичлээ.
“ Хавар – зуны зааг юутай сайхан
Хангай дэлхий цэнхэрлэн цэцэглэж байна.
Хайртай нөхөр чулуун чи минь
Хаахна газар явнам бэ ? …
Өөрийн чинь хойноос үргэлж ширтэх
Өрөвч сэтгэлийн усан нүдэнд минь
Өртөхөөс чи минь халширсан бол
Өгүүлэн хэлэх үгийг минь сонс л доо !
Буурал болсон ч хагацахгүй гэж
Буруу явсан ч хаяхгүй гэж
“Бурууг хэлж зөвийг сонсоно” гэж
Хүн хүнтэйгээ ханилдаг биш үү.
Амьдын жаргалаар жаргана гэж
Асарч нэгнийгээ хайрлана гэж
Алтанхан сургаалийг нь сонсоно гэж
Анхан бид ханилсан бус уу.
Гэтэл чи минь ямархан учраар
Гэрийн бараа харахыг болив.
Гэргий намайгаа юунд зовоож
Гэм зэмтэй алдаагаа давтав ?
Олон жил дамнан гуйсан
Охин зөөлөн итгэлийн минь үгийг
Одоо болтол чамайгаа гэсээр
Овоолж үүрсэн сэтгэлийн минь зовлонг
Чиний төлөөнөө нойргүй хонож
Чилж зүдэрч, ичиж гуньж
Чимхийсэн хүйтэн жаварт хөрч
Чинэрэм гийсэн хурц наранд халж
Уйлах газар нь уйлж явсан
Уурлах газар нь уурлаж ядсан
Учирлан гуйж аргадаж цөхсөн
Намайгаа чи хайрлахаа яав даа.
Хамгийн сүүлд гэрээсээ гараад
Харагдалгүй чи, зургаа хонолоо
Хамгийн сүүлчийн оддыг шууртал
Хараа нойргүй би, зургаа хонолоо.
Аагтайхан цайгаа хөргөлгүй дүүргэж
Амраг чамдаа зургаа хоног зэхлээ.
Аяганд чинь хоолныхоо дээжийг
Амталж хийгээд зургаа хоног тавилаа.
Yүрдийн гэсэн чамайгаа аятайхан угтах гэж
Yс зүсээ янзлаад зургаан өдөр харлаа.
Хөнжлийг чинь засаж орыг чинь зэхээд
Хөлний нь дэргэд би, зургаан шөнө уйллаа.
“Аав чинь шөнө ирнэ” гэж зургаан орой
Алаг хонгор үрстээ худлаа хэллээ би.
“Аав чинь эрт явсан” гэж зургаан өглөө
Алаг хонгор үрсээ хуурч мэхэллээ.
Эх хүн төрсөн үрдээ худлаа хэлнэ гэдэг
Энгүй хүнд нүглийг зургаан хоног үйлдлээ би.
Энхрий үрсээсээ зургаан хоног нүдээ нуулаа би
Эрээн даавуу алчуураа зургаан хоног нэвтэллээ би.
Арван таван жил чинийхээ
Айсуй яваа барааг баярлан харж
Ахуй сэтгэлд дасал болсон газруудаа
Зургаан өдөр би элэгдтэл нь ширтлээ.
Арван таван жил чинийхээ
Аяархан ханиасхийгээд ирдэг
Аниран шингэсэн чимээг чинь
Зургаан шөнө би хүзүүгээ хөштөл чагналаа.
Тэгтэл чи минь алга аа.
Тэнгэрт хийссэн утаа шиг
Тэнгист шидсэн чулуу шиг
Тэр чигтээ алга болчих юм ! …
Хайртайхан амраг Чулуун минь ээ
Найртайхан сэтгэлээс гуйн сөгдөх
Нандинхан гэсэн хэдэн үгийг
Насныхаа янагаас сонс л доо.
Энэхэн захидлыг унших цагтаа чи
Эрээд намайг олохгүй юм байна гэж
Эрэмшиж битгий биеэ магтаарай
Эхнэр намайгаа бүү шоолж үзээрэй.
Өнөө болтол чамайг мэдээгүй дээ
Өдөр шөнөгүй зовж суугаа юм биш ээ
Өөрөөс чинь өөр тоох хүнгүй дээ би
Өнчин хүүхэд шиг уйлж суугаа юм биш ээ.
Амраг Долгор гэж гэмгүй нэгэн бүсгүй
Ар талдаа хүлээж байгааг мартсан атлаа
Архи харчихаад “Цагаан Долгор” гэж
Намайг орлуулж яваад чинь би гомдох юм.
Хаана наргиж унаж, шартаж явааг чинь
Харснаас өөрцгүй мэдэж байна би.
“Хайран чиг миний нөхөр дөө” гэж
Харуусанхан бодож байна би.
Амьдралын хань, үрийн минь эцэг
Анхны янаг минь энэхэн хорвоод
Аргагүй чи мөнөөс мөний тул
Алдхан биеэ зовоож чамайг гэсээр суунам.
Санаж байна уу Чулуун минь ээ
Саяхан чи бидэн хоёрын
Сандал дээр ихэр од шиг зэрэгцээд
Сайхан гарсан цэл залуухан зураг бий еэ.
Одоо би энэ зургаа хараад
Олон хаврын цаадах арван найман насны
Онцгойхон үеийг сэтгэлдээ дурсан
Өөрөө өөртөө атаархаж суунам.
Тэгэхэд би зэгс хулс шиг биетэй
Тэвхийсэн мөртэй, инээд алдсан харцтай
Тэнүүхэн царайтай гал дөлтэй …
Тэнгэр минь ! (ёстой хүүхэн шиг хүүхэн байж дээ)
Хүүхэн шиг хүүхэн байхдаа бас
Хүүхэд шиг хүүхэн байсан юм уу даа
Хүссэн бүхэн сэтгэлчлэн бүтнэ гэж
Хүний жаргаагүйгээр жаргана гэж
Бүжиг эргэж дуу цээжилж
Бүтэн сайнаар ууланд авирч
Амаа цэнхэр болтол жимс идэж
Амьдралыг жимс шиг л санаж явж дээ !
Тэр үеэр … санаж байна уу ? Чулуун
Тэргүүн сарын урьхан тансаг
Тэргэл өдөр байсан аа даа ?... Цэнгэлдэхэд
Тэмцээн ид дундаа … сайхан аа !
Yелсэн суудалд хүмүүс пиг дүүрэн
Yзэсгэлэнт цэцэгс шиг эрээн мяраан
Yеийн хүүхнүүд нүцгэн сэлгүүцэж
Yзэм зажилж мөхөөлдөс шимж байсан сан.
Хөвгүүд залуус бие халаалтад
Хүнд хөнгөн дасгал хийцгээж
Хүрэл шиг биеийн нь булчин зангирч
Хүрэн зандан шиг гялалзаж байсан сан.
Олон өнгийн туг дарцаг
Огторгуйн наахна аяархан дөлсхийж
Арван найман насны минь сэтгэл шиг
Агаар тэнгэр сэвгүй цэлмэг байлаа.
Найман зуун метрийн кросс уралдаанд
Намайг түрүүлж ирээд цэцэг гардаж
Амжилтдаа бүх биеэрээ инээмсэглэж байхад
Анхан чи надтай учирсан шүү дээ.
Тэгэхэд чи хорин нэгхэн настай
Тэнхлүүн мөрөндөө цэргийн погонтой
“Алдар” нийгэмлэгийн тамирчин гэгдэж
Алга ташилтан доор мандаж байсан даа.
Ширхэг нийлэн гялбах өтгөн хар үстэй
Шил хангайн царс шиг өндөр гоолиг биетэй
Шулуун зантай чадал тэнхээтэй
Чулуун чамдаа би сэтгэл алдсан даа.
Амьдын диваажин болсон тэр зуны
Алтан өдрүүдийг би одоо санаж байна.
Ахин дахин учирч нүүр хагаранхан
Аяархан үнсэж байсан үе өчигдөр шиг санагдана.
Гэтэл арван таван он өнгөрчээ
Гэр бүлийн маань алаг эрээн амьдрал
Намайг чамайг өнгөөрөө илбэдсээр
Насны үд дунд өнөөдрийг хүргэжээ.
Өнөөдөр би нүдэндээ нулимс хавчуулж
Өнгөрсөн сайхнаа эргэцүүлэн бодож сууна.
Өөрийн амсаж явсан залуу насан бус
Өөр бусдын ярьсан амтат тууж шиг санагдана.
Хар л даа Чулуун минь энэ жаазанд
Хагас жилийн өмнө чи бид хоёр
Хамгийн бага охиноо дундаа суулгаад
Хаврын баяраар авахуулсан хүрэн зураг байна.
Атираа тодорч мах нь шуусан нүүртэй
Алжаасан дүртэй энэ хоёр хашруудад чинь
Арван таван жилийн цаадах бидний дүрс
Алга шүү дээ Чулуун минь !
Хаа байна миний Чулуун
Хар хөмсөгтэй, хар нүдтэй
Хацар нь тэгш дух нь толигор
Ханхар сайхан эр чи хаа байна.
Оронд нь бүдэгхэн гүлмэр харцтай
Овор ихтэй бүрсгэр ширүүн царай
Шанаа нь хонхойж магнай нь атирсан
Шал өөр хүн байна. - Чулуун минь
Хайран тэр залуу насыг
Хаана гээснийг би чинь мэдэж байна.
Хамгийн анхан чи согттолоо уусан
Тэр л ширээн дээр залуу нас чинь бий.
Тэр л ширээний хулдаасан дээр
Тэнд эндгүй архи пиво асгаж
Норсон шүдэнз дутуу татсан тамхи
Новширч үлдсэнийг санаж байна уу.
Яг л тэрэн дунд чиний минь
Ялалтын сахиус шиг залуу насан
Янаг дулаан сэтгэл, нэр төр чинь
Яруухан хурц цог жавхаа чинь
Өөрт чинь мэдэгдэлгүй үлдсэн байна.
Өнөө болтол чи тэр л ширээнээс
Өнхрөх утасны сул үзүүр хөвөх шиг
Өчнөөн жил өөрийгөө хөвсөөр явна.
Гайтай нэг өглөөг сэтгэлээсээ би
Гаргая ч гэсэн гарч өгөхгүй юм Чулуун минь
Ганцхан эмзэг өдөр бүхэл амьдралыг
Ган хутга шиг шархлуулдаг юм байна шүү дээ.
Алсын аймгаас найзыг чинь ирнэ гэж
Алтан одтой коньяк хэмээх сархад
Авдрандаа хадгалсанаа даа бид хоёр
(Архи тэгэхэд ховор байсныг яана)
Өдөр дунд би ажил уруу чинь утасдсан сан
- “ Өнөөдөр ажилдаа ирээгүй” гэж хариу сонстсон сон.
Өглөө нь чи ажилдаа яаран гарсан сан.
Зуны нар шиг чиний минь дүр
Зуу дахин өнгө орон санагдаж
Зуурдын осолд өртөө юм уу гэхээс
Хоёр нүд минь харанхуйлж билээ.
Yдээс хойш ажлаа ч хийж чадсангүй
Yүгээр түүгээр асууж сураглаж ядаад
Yүдтэй бүхнээр эрж шагайж цөхөөд
Yдэш нь гэртээ уйлан хайлан буцсан сан
Арван хоёрдугаар сарын хорин хоёрныхоос ч илүү
Аймшигтай тийм урт шөнийг би үзээгүй
Аажимхан цохилох цагийн цохилт бүхэн
Аварга хүнд сүхээр зүрхийг минь цохих шиг …
Нам гүм өнгөрөх агшин хором бүхэн
Нас биеэс минь чимхэж аваад явчих шиг
Хацар дээгүүр бөмбөрөх нулимс бүхэн
Хайран залуу үе минь урсаж байх шиг бодогдсон.
Анхны хүү минь тэгэхэд хэвлийд байсан шүү дээ
Алжааж чилэхдээ би хэвтэж амжилгүй үүрэглэж
Аягыг чинь зэхээстэй, хоолыг чинь халаагаастай
Авиа чимээ чагнасаар би зогсоогоороо унтсан.
Гэтэл чи маргааш өглөө нь
Гэрийнхээ хаалгыг маажиж малтан
Дайнтай киноны шархадсан хүн шиг
Даанч хачин амьтан орж ирж билээ.
Ариухан зүс чинь зэвхий даан цайрчээ
Алагхан нүд чинь зэс мөнгө шиг улайжээ.
Амраг ханиасаа айн сэжиглэх
Анхны сүүдэр тэгэхэд намайг дайрсан юм.
Урьд хаврын дунд сарын
Урьхан салхи шиг байсан амьсгал чинь
Уусан архи татсан тамхи хоёрын
Угаартаж унамаар аягүй үнэр ханхлуулж
Жаргалын минь дайсан болсон тэр үнэр
Жаахан зүрхийг минь сархдын зүүгээр
Цээжийг минь хамгийн түрүүчийн уураар
Цэнгэлийг маань гоморхлоор хатгаж билээ.
Зуурдын осолд ороо болов уу гэж чамайгаа
Зуу дахин бодож уйлсан сан өчигдөр нь
Yнэхээр чи зуурдын осолд өртжээ
Yнэн амьдралаа хөнөөм хүнд осолд оржээ.
Аягүй үгээр чи намайг загнаж
Архи нэхэж шаазангаа хагалсан.
Авдрын түлхүүр гараас минь булааж
Авах зуураа бас унатал минь түлхсэн.
Надад зовлон чамд цэнгэл болсон
Нанчид хэмээх умдааны эхний салхи
Нам гүм гэрийн маань босгыг тэгж алхсаан
Найдаж итгэж явсан сэтгэлийг минь тэгж алсаан !
Асар удалгүй би хүүгээ төрүүлэх гэж
Амаржих газар чамаараа хүргүүлж очихдоо
Ахиад битгий уугаарай гэж хүүхэд шиг
Аргадаж ядан гуйж байсныг санана уу.
Долоо хоног би төрөх тасагт байхдаа
Дотроо үргэлж чамайгаа бодсон сон
Хамгийн хэцүү өвдөхдөө бурхан шүтээн шиг
Хайрт чинийхээ нэрийг хашгиран дуудсан сан.
Хүүгээ “Баяр” гэж бэлэгшээн нэрлээд
Хүй нь цөглөсөн дор гэр өөдөө яарсаан
Хүйт оргиж сархдын үнэр ханхалсхийсэн
Хүнийх шиг гэртээ би өөрийнх гэж орсоон !
Шилний чимээ, инээд, хараал долоо хоног
Шингэж тогтсон өрөөний агаарыг
Шингэн дуугаар үр минь тэгэхэд сүлж
Шинэ үеэ хоосон лонхны чинь дэргэд тунхагласаан !
Олон жилийн өмнө архины дээжийг
Оочиж эхэлсэн анхны өдрөөс чинь
Омог зориг төгс эсэргүүцэн тэмцсэн сэн би
Одоо болтол чи минь уурласаар яваа болов уу.
Анхны босгосон амьдрал жаргалаа харуусаж
Алаг үрийнхээ алтан маргаашийг хамгаалж
Ариун үнэн сэтгэлийн аргаа барсан уураар би
Архины зовлон мэдэхгүй мөн ч их зовоогоо доо.
Яая гэх вэ ? эхнэр болгон ингэдэг хойно.
Яваа яваандаа элдэв зовлонгий нь ухаарч
Яриа цуурхал хэл амнаас хамгаалж
Янаг нөхөртэйгөө хуйвалдаж хүртэл сурдаг юм.
Ханийг минь уруу татах нь гэж айхдаа
Хамт уудаг нөхдөөс чинь чам юугаа
Харамлаж элдэв муухай ааш гаргаад
Хар толгойгоо цайтал тэдэнд муулуулж суудаг юм.
Архидахаар гарахад чинь сэтгэлийн зөнгөөр мэдээд
Аргадаж саатуулж ядаад гэнэтийн уур хүрч
- Ахиад битгий шагайгаарай гэж ! хаалгаа хаахдаа
Араас чинь шороо цацмаар байдаг сан.
Уур яах вэ мөчийн дараа л намдана
Уугаад нөгөөх минь яаж яваа бол доо гэж
Унаж тусаж, хөлдөж бэртээ болов уу гэж
Уйлан өрөвдөн чамайг эрхээр гардаг сан.
Таньдаг улсаас ичиж чамайг эрээгүй юм шиг
Тайван баясгалантай явах шиг хэцүү юмгүй сэн.
Тарчлан зовж мөрөөсөж явсан сэтгэл минь
Чамайг хармагцаа гэнэт хувьсан уурладаг сан.
Хумсын чинээ ч амралгүй миний яваа энэ
Хувийн жаргалаа бодоод үүний байгаа энэ.
Хайран ч сэтгэл минь гэхээс уур минь хүрч
Хамаагүй загнаж явсныг минь уучлаарай.
Уух цагтаа гэртээ чи уу ! гэж
Уусан хойноо гэртээ чи бай ! гэж
Учирлан гуйж архи дарсыг чинь зэхээд
Унах шартах гэгчийг нүдээрээ би үзсээн.
Бүлэглэж уудаг нөхөд чинь манайд цуглаад
Бүтэн хороо цэрэг шиг нижигнэж байхад
Бүгчим үнэр тамхины утаа хоёроос
Хүүгээ тэврээд би хавчигдан зайлж байсаан.
Заваарч гүйцсэн өрөөг нойроо хугаслан цэвэрлэж
Задгай мөнгөө хамж шарыг чинь тайлж өгөөд
Захиж зөвлөх үгээ нулимстай хольж хэлээд
Засрах болов уу гэж мөн ч их горьддог сон.
Сайхан сэтгэлийн минь халуун дөлөн дээр
Сархад асгаад чи олон удаа унтраасан
Сав бүхэн өөрийн хэмжээ байдаг гэтэл
Сархад уусан хүнд хэмжээ байдаггүйг мэдсэнгүй.
Архийг чинь гарах бүхэнд чамдаа би
Ахин давтахгүй байх гэж мөн ч олон итгэжээ.
Ахин уух бүхэндээ намайгаа чи
Аль сайхан үгээр тун ч олон мэхэлжээ.
Дархан амьдралын үнэт эрдэнэ шиг холбоог
Дарсны бөглөө анх үхэр буу шиг буудсан даа.
Дахин эвлүүлэх гэж би мөн ч их ядсан даа
Дахин эвлүүлсэн бүхнийг чи ч их эвдсэн дээ.
Гэхдээ би Чулуун чамдаа өшрөө нь үгүй
Гэргийн хувиар шулуун хайраа зориулсан хэвээр
Гэгээн наран доор гэрэлт нүдээрээ харж
Гэнэн сэтгэлээ өгсөн хойно өөр хэндээ гомдох вэ.
Уруул давж бусдын сонорт алхсан үгийг
Уурга цалам хаяад ч буцааж авдаг ёсон үгүй.
Уян халуун хайрыг минь эрүүл цагтаа асаасан хойно
Умдаан хэчнээн хүчтэй ч унтрааж чадах учиргүй.
Надад хэлсэн үг чинь зүрхнээс минь уяатай
Намрын шөнө сойсон хүлэг морь шиг бөмбөлзөн
Нам гүмийг эвдэж ууган хайраараа үүрсэж
Наалинхай үгсийн туураараа сэтгэлийг минь цавчиж байна.
Yнэн итгэл хугаралгүй зуун түмэн удаа
Yглэж чамдаа хэлсэн зүй ёсны үгс минь
Yхэх сэхэх хоёрын чинь шийдийг хамгаалан тулалдаж байна.
Энэний минь хариу болгож наддаа
Энхрий нөхөр минь чи юу хийж яваа билээ ?
Эрхэм нөхөд, албан газар, шударга ёсыг
Эргэцүүлж бодооч! Намайг санаач !
Хатуу сархдаар өөрийгөө зугаацуулж
Халаасан дахь мөнгөө тоолон зарахдаа
Хайраа өгч хойноос чинь ширтсэн миний
Халуун нулимсыг чи тоолон зарнам биш үү !
Чадалтай цагт мөнгө яахав олдоно.
Чамайг гэсэн сэтгэл түрийвчин дотроос олдоно гэж үү !
Хундаганд мэлтийж байгаа эхнэрийнхээ нулимсаар
Хувьхандаа чи минь цэнгэн жарганам биш үү.
Амраг нөхөр минь миний үгийг сонс л доо
Архинд бус надад чи хэрэгтэй.
Амьдралдаа, эх орондоо чи хэрэгтэй
Алаг үрдээ өөртөө чи хэрэгтэй !
Исгэлэн ундаа хэдий амттай гэвч
Эх орныхоо итгэлийг хундагалан ууж болохгүй
Эр нөхөд наргих хэдий аятай гэвч
Эр хүний сэтгэлийг худалдан ууж болохгүй.
Орчлон хорвоог чагнаж байхад “ Хайртай “ гэж хэлсэн
Охин хонгорынхоо итгэлийг чи хугалах ёсгүй
Олдсон энэ насаараа дэнчин тавин байж
Оролдож босгосон амьдралаа чи нураах ёсгүй.
Хүнээс олдошгүй хайрыг уруул дээр минь андгайлж
Хүчин буурай биеийг минь хүслийн галаар улайсгаж
Нэлэнхий орчлонгийн хувь заяаны нүдэн дээр
Нэгэн биеийг минь хоёр болгосоноо мартах ёсгүй.
Энэ хүүхэд чи бидэн хоёрын
Эн чацуухан биений амьд хэлтэрхий
Эргээд хожим, өнөөдрийн маань амьдралд
Эрс хатуу дүн тавих шүүгч маань биш үү !
- Аав минь яасан бэ ? гэж том болоод зайлшгүй
Асуун тулгахад нь би юугаа хэлэх юм бэ ?
- Архинд ороод гудамжны булан дэрлэж
Адгуус шиг нөхцсөн ! гэж хариулах гэж үү.
- Yгүй ! Чулуун минь яасан ч үгүй.
Yг гэдэг баян үйлс гэдэг арвин ч
Yүрдийн жаргал элэгдсэн чинийхээ тухай
Yрд нь би тийм үг хэлж чадахгүй.
Ирээч Чулуун минь хүүхдээ хараач
Ижилдэн шуугилдаад гэрт гадаагүй
Их галын оч шиг бужигнаж байна.
Ийм амьтдыг хайхрахгүй байж болох уу.
Гулсан өнгөрсөн он жилүүдийн архиваас
Гучин өвлийн цаадах хүүхэд насыг маань
Авчраад дэргэд минь тавьсан юм шиг
Амраг чи бидэн хоёр дахин төрсөн юм шиг.
Хүүхдүүд минь юутай сайхан харагдана вэ
Хүнийг бий болгоно гэдэг бага хэрэг гэж үү.
Хүчээ тавьж эднийгээ бойжуулах хэрэгтэй биш үү
Хүндэтгэж эднээсээ бас зовох хэрэгтэй бус уу.
Эд нар чинь чи бидэн хоёрын алдааг
Эцсийн өдөр ялган тунгаах хүмүүс
Эд нар чинь чи биднийг төлөөлөн
Эсэргэн зуунд биднээр овоглон очих хүмүүс.
Аугаа их хорин нэгдүгээр зууны анкетанд чамайг
“ Аав минь архичин “ гэж бөглүүлэх гэж үү.
Аугаа их хорин нэгдүгээр зууны анкетанд намайг
“ Аавыг минь татаж аваагүй “ гэж бичүүлэх гэж үү
Yгүй ! Чулуун минь хань ижил минь.
Yр хүүхдээ чи бид төрүүлээд зогсохгүй
Yнэн ёс түүхийн өмнө хариуцаж
Хүн шиг хүн болгох үүрэгтэй.
Хоорондоо бид амьдарч чадаж байж
Хожим эднийг амьдарч чаддаг болгоно.
Хожмын өмнө чи бидэнд их шалгалт байна.
Хонгор минь ир … Наддаа ир !
Халуун биеийн хэлтэрхий үрээ гэсээр
Хайрт чамайгаа хүрээд ирнэ гэсээр
Хамгийн сүүлчийн оддын шууртал
Хараа нойргүй би зургаа хонолоо.
Аагтайхан цайгаа хөргөлгүй дүүргэж
Амраг чамдаа зургаа хоног зэхлээ.
Аяганд чинь хоолныхоо дээжийг
Амталж хийгээд зургаа хоног тавилаа.
Yүрдийн гэсэн чамайгаа аятайхан угтах гэж
Yс зүсээ янзлаад зургаан өдөр харлаа.
Хөнжлийг чинь засаж орыг чинь зэхээд
Хөлний нь дэргэд би, зургаан шөнө уйллаа.
Хайрт минь ир ! Наддаа ир !
Хараад ханашгүй үр хүүхдүүддээ ир !
Хатуу сархдаа орхиж хундагыг нь
Хага шидчихээд эр хүн шиг ирээч !
ЗАЛУУ НАС МИНЬ МАРГААШ ДУУСНА
Оршил
Хавар зуны мөөгний мананд төөрсөн
Хангай нутгийн бор болжмор явлаа би.
Хайлаас модны ногоон мөчирт туялзанхан
Хатан дэлхийд хувийн дуугаа дуулж нэгэн явлаа би.
Зүйдэл үгүй торго шиг, номин ногоон дэлхий
Зүрхэн толио шиг навчнаа мөнгөн ус шиг бөмбөлзөх
Зун – дагинын нулимсыг мөнхийн юм гэж
Зуун найман хоног жиргэж нэгэн суулаа би.
Цээлийн загас зүүрмэглэх, гүн тунгалаг өглөө
Цэнхэр дурдам мөрний гучин гурван тохойд
Цэвэр танхил бүсгүйн хувин барин гунхалзахыг
Цэцгээс наахнуур бодон, хайхраа нь үгүй явлаа.
Идэрхэн ээжийн гэзэг шиг, зуны бараан шөнөөр
Идтэй дурлалын шивнээ, зуун долгионд тархаж
Ихэмсэг хангай нилдээ, сэтгэл алдран тачаахад
Ирэх өдрийг бодолгүй, хөлчүүрч нэгэн цэнгэлээ би.
Аяа тэгтэл өдөр гэдэг өрсөн ирдэг байна.
Аугаа байгалийг захирсан хаан болон мөнхжиж
Амьдрал өөрөө бидэнд хар цагааныг хослуулан
Аваа өгөө хоёртоо хоногийн тоо тогтоожээ.
Ууган амрагийн хөмсөг нууц болзоонд даллах шиг
Уян ялдам бөхөлзөх хайлаас модны мөчир
Улирах хоногийн эрхэнд бэрсүү тогтон хөшиж
Уран ногоон навчсаа ганцхан орой сэгсрэв ээ.
Шингэн сувдан дүрээр бөнжигнөж байсан шүүдэр
Шилэн хяруу болж зүрх хайрам цавцайв аа.
Ширэг ногоон хангай намрын салхинд хөрвөөж
Ширүүн гилим хивс шиг навч ч үгүй барзайв аа.
Хүний, өөрийн сэтгэлийг жигнэж үзэн хэлбэлзэх
Хүсэл хайрын дэнс шиг хүүхэн хонгорын мөр
Хангайн голын тохойгоос үүрийн зүүд шиг арилж
Хатир дундаа зогссон мөсөн долгио гялалзав аа.
Хүйтэн цагаан саран уулын сэрвээ хадарч
Хүнд бараан шөнүүдийн уг шагийг огтолсоор
Хүн байтугай морины зүрх шимшрэн янцгаах
Хөхөө өвлийн жаврыг шөнийн парадаар авчрав аа.
Yүрээ ч засаж амжаагүй өнчин бор болжмор
Yүр цүүрийн салхинд хэлгүй болтол чичрэв.
Yглэн дуулах шүлэг хөлдүү бадгаар жагсаж
Yе тэнгийн нөхдийн халуун сонор уруу гулсав.
Нэг –
Тоостойхон хорвоогийн алтан зул цэцгэн болж
Тоотойхон хоногтоо адтайхан дэлбээлсэн
Аавын хүүгийн жавхаа залуу халуун нас минь
Алив, наашаа суу, энэ хундагыг өргө !
Өтөл энэ биеийг минь шинэ цусаар сэлбэж
Өргөн нарийн судсыг минь шүлэг найргаар тэлж
Өдөр дундаар дэлгэрсэн Бадамын цэцэг шиг явахдаа
Өмнө зүгийн тал дунд Гүмдайн цэцгийг гишгэлсэн.
Аяа залуу нас минь чи бидэн хоёрын
Арга ч үгүй салах сүүлчийн өдөр туллаа.
Амсар мэлмэрэх жүнзнээ шингэн алтыг хэмжиж
Ай чөлөөгүй үерхсэн нарлаг өдрүүдээ дурсъя !
Хөвүүн балчир цагийн минь гүн нойрыг сэрээж
Хөдсөн дээлийн доороос ган сэлэм шиг ширээж
Хөдөө талын хүйсэнд гар барин золгож
Хөрстийн халуун цэнгэлд намайг хөтлөн алхсан
Омголон залуу нас минь чи бидэн хоёр
Огторгуйд шувуу болж, усанд загас болж
Орчлон хорвоод салхи залгисан хөвүүн болж
Олон сайхан найзынхаа хамар сөргөж явлаа.
Дардан замын энгээр шөнийн хотыг тойрч
Давхар ширэн улны шөрмөс утсыг тасартал
Шинэхэн хар шаахайг ханз гишгэн алхаж
Шингэн дуутын хаалганд түгжээ тэсгээхгүй явлаа.
Өвлийн түрүү сарын хорин тавны үдэш
Өтгөс буурлын өргөсөн хоргот зул шиг туяарч
Өр л зүрхэн дунд шампанск дарс шиг хөөсрөх
Өвчин адил хүслийн шазруун аагаар дүрэлзэж
Бүхэл хорвоог түймэрдэм халуу шатаж явахдаа
Бүжгийн танхимын шалнаа шөнийн танго хатирч
Бүлтэгнэнхэн гэрэвшсэн зээрийн янзага шиг охиныг
Бүтэн сайны үдшээр дуун алдуулж явлаа.
Газар дэлхийн онгон болсон зүрхийг нь
Галзуу хүслийн онгод орсон үгсээр
Гартаа атгасан туялзуур жад шиг хатгахдаа
Ганзай дарсанд согтсон дээрэмч адил явлаа.
Yе тэнгийн нөхөдтэй үймээн дундаа мансуурч
Yйсэн бөглөөнүүдээр үхэр буу шиг буудаж
Yйлс бүтээлийн тэнгэрээ цоолж нэгэн явахдаа
Yүлэн чөлөөний нарнаас халуун байжээ. Шүтээн минь !
Дөрвөн есийн хүйтэнд энгэр яран тэмүүлж
Дөнөн согоо адил эрхэм бүсгүйг сөгдүүлж
Дөвчигнөж бүхий цагтаа шүлэг – сэтгэл хоёрынхоо
Дөлөн дээр нь би хорзыг нэрж явлаа.
Мөнгөн жүнзтэй хорзоор хүний зүрх алдруулж
Мөн ч олон амьтныг уйлууланхан орхиж явжээ.
Мөрөн дээрээ үүрсэн хувь заяаныхаа ачааг
Мөн ч олон газраар цувууланхан тарааж хаяжээ.
Алив залуу нас минь, сүүлчийн хундага өргө !
Алдаа ихтэй замынхаа сүүмийх энэхэн даваанд
Арван гурван жилийнхээ сүлдэн дуулал болсон
Аманцар нэгэн найргаар хөшөө босгоод салъя.
Yдэш шөнийг ялгалгүй намайг донтуулж явсаар
Yрчихээ алдсан чамдаа гомдоо нь үгүй – Баярлалаа !
Yүр – цүүрийг хайхралгүй, “пүрштэй чөтгөр” шиг босож
Yүлгэрдэж явсан биед минь чи гомдохгүй биз ээ !
Арван оны хойно миний охинд очихдоо
Аавын нь явсан замаас давуулуулан гишгүүлэхдээ
Архи шүлэг хоёроос өөр бэлэг гардуулаарай
Алив миний залуу нас … маргааш өглөө салъя даа !
Хоёр –
Залуу цагийнхаа алтан өдрүүдийн шугуй дунд
Загал буга шиг сэтгэлийн өнгө ижилдүүлсэн
Задгайхан цэнгэл яруухан шүлгийн найзууд минь
Зав гаргаж даруухан ширээнд минь морилно уу !
Тавхан үсгээр “нөхөд” гэж холбохдоо би
Таван тивийг гар доороо холбосон юм шиг
Таван хуруугаа зүрхэн дотроо атгасан юм шиг
Тайван болоод ихэмсэг бардам явлаа.
Сэтгэлийн минь оч итгэлийн минь од болсон
Сэргэлэн нөхөд минь залуу насыг минь үдэж
Сэргэх гандах хоёрын хар цагаан зааг дээр
Сэржим болгон өргөх шүлэг хураа хайрла.
Уйтгар ихтэй үеүүдийн уй ганихралыг хөөж
Уран цэцэн бодлоор ухаан бодлыг минь нөөж
Уушгийн халуун судлууд шиг нийлэн дассан та нарын
Уянга сайхан шүлгээс амтлах хэмжээ дутуу байна !
Алтайн цас нурмаар инээлдэж явсан та нартайгаа
Аагим зун шиг насны сүүл сарын шөнөөр
Ахин нэг бужигнах зураг тавилан дутуу байна.
Ам цуурам нижигнэх зуурдын жаргал үлдээд байна.
Залуу насан явчих маргаашийн цаад өдрүүдэд
Загал буурал тэргүүнтэй бүрэгхэн дорой өвгөнд
Гал шиг шүлэг, тал шиг сэтгэлээ яаж ойлгуулах юм бэ ?
Ганцхан үдэш үлдлээ, одоо ярилцаж авая !
Зуу зуун шөнөөр хорвоог ичээж явсан
Зуны дэлгэр инээдэм одоо надад хэрэгтэй байна.
Зуур зуурхан алдаагаар хотлыг шүүмжилж явсан
Зугаатай сэргэлэн философи, өнөө надад чухаг байна.
Давирхай түрхсэн бамбар шиг халуун магтаал хаа байна.
Дагзан дундуур буулгах хараал зэмлэл хаа байна.
Дампуурч явсан паян алиа наргиа хаа байна.
Дараа нь надад хэрэггүй би өөр болчихно.
Болхи даруу гудмуудаар хувийн эргүүл хийж
Бор л хоногийн тэнгээр эрх чөлөө исгэрч
Бодлого багатай явсан эр нөхөр чинь маргааш
Бодгаль дүрийг сахиж өрхийн тэргүүн болно.
Давхар өрөөний мухарт гэрийн халаад нөмөрч
Далай ламын шуумал шиг гэдийн ярвайж суугаад
Давилуун зантай эхнэрээр үүд хаалгаа мануулж
Дангинасан түгжээн цаанаас “завгүй !“ гэж хариулна.
Арави бурхны дайтай бүүдгэр тэр өрөөнд
Атархан залуу насны бүдэгхэн ч мөр үлдэхгүй
Архи нөхөд хоёроос үүрдийн чөлөө гуйсан
Ахимаг буурай би чинь гэрийн Богд болчихно !
Эр хүний насанд заавал учрах жамтай
Эмгэнэлт тэр үе маргааш эхлэх нь лавтай
Эрхэм хонгор нөхөд минь хундага юугаа өргөе
Энэ сүүлчийн үдшийг та нартайгаа өнгөрөөе !
Yхэр чулууг сүлжсэн уулын олон горхиноос
Yер харгиа нь татарч нэг нь ийнхүү зогсох нь
Yлдэж байгаа бусдыг нь нэртэй том мөрөн болгох
Yе цагийн аяс нэгдэл зориг хэрэгтэй шүү.
Элбэг найрын далайгаас зам гажин хоцорч
Эрэг ирмэг газарт зангуу хаян буусан
Рэнчиний дунд хүүгийн залуу явсан өдрүүдийг
Эцэс хожим та нар заавал дурсах нь магад.
Аяа тэр өдөр шүлгийн унаган нөхөд минь
Алдрын ширээг чинь тойрсон сандлаас нэг нь онгойно.
Алтан сархдаар дүүрсэн хундаганаас нэг нь үлдэнэ
Алтайн хасагийг элэглэдэг гитар хөгжим дуугай байна !
Өдөр өдөрт нь таталсан зугаа наадмын шүлэг
Өнгө солгой ч гэсэн шүлгээ унших хоолой
Өрвөгөр шар сахал аль аль нь эзгүй байна.
Өнөөх Чойном алга аа гэж зүрх чинь тэгэхэд шивнэнэ .
Гурав –
Идтэй залуу насныхаа байгаа дээр нь амжиж
Ирүүл тулааны талбарт дайсан чамайгаа дуудъя.
Ирмүүн цовоо өдрүүдийг минь дарж байсны шагналд
Ийм хүн явлаа гэдэг тэмдгээ зүрхэнд чинь үлдээе.
Арван хаврын тооцоот миний хүндэт дайсанд
Амь шиг хайрлах ширээгээ мөчийн төдий орхиод ир !
Аялгуут шүлгийг минь сүлбэдэг улаан харандаагаа бариад ир
Ар л хонгоор шивнэлдсэн бараан үгсээ үүрээд ир !
Төрсөн энэ биеийг минь илдээр сийчсэнээс өөрцгүй
Төмөр үзгэн заазуураар шүлгийг минь хэрчиж суухдаа
Төрийн нэрийг барьж шударга нэгэн шүлэгчийн
Төвшин цагаан сэтгэлд юу унагааснаа хар.
Эрээн хивс дэвсэж хүрэн мебель тавиагүй
Эвхдэг толины өмнө хүүхдийн тоглоом өрөөгүй
Эгэл даруу өрөөнд минь хүний сайн нь цувсаар
Элэгдэж муудсан шал дээр хөл тавин морилж үз.
Өнгөт чулуун шалтай хаан ордноос эрхэм
Өргөст дэлхийн шүлэгчийн хаалга татах хэргэм
Өөрт чинь дахиад олдохгүй – хайрт дайсан минь чи
Өчнөөн их азтайгаа дотроо санаж үлдээрэй.
Таван жилийн хугацаанд харийн ном заалгаагүй би
Таван мянган настай халх түмний цэцийг
Тансаг баян дорнын хатир жороо шүлгийг
Талын малчин ааваараа хэлүүлж өссөн шүлэгч
Алдар гавьяа нурахаас айгаа нь үгүй явахад
Амьдрал жаргал тарахаас ичээ нь үгүй байхад
Албан тушаалын төлөө зэвтэй хутга ханцуйлж
Алтан гургалдайн хоолойг чичихээс чи зовсонгүй.
Хүндэт дайсан минь гэвч чамд би хайртай
Хүлэг морин адил чамайг би унаж
Хүүхэд багын оюунаа чиний хүчээр өсгөж
Хүний нийгэмийн дотор сүүдэр байдгийг ухаарсан юм.
Өстөн дайсан маань нялх шүлгийг минь хөнөөхөөр
Өсгий даран мөрдөж байгааг сэтгэлдээ сэрэмжилж
Өдрөөр бус цагаар хурд мэдэн урагшилж
Өнөр түмнийхээ цэцийг хайрлаж хамгаалж сурсан юм.
Хурд ихсэх тусам арын тоос ихэсдэг юм.
Хуйлран гарах тоос минь дайсан та нар билээ.
Тэртээ холын хүмүүс ч их тоосыг хараад
Тэнд нэг юм хурдалж явна гэж хэлүүлэлтгүй мэднэ.
Дайсан чиний хүчээр би өдий болтол ахилаа
Даяар олонд нэрийг минь чи тарааж өглөө.
Дахиад чи хувь илүү чадалтай болооч
Дарж орхиод би хорвоогийн сонгодогтой нийлье !
Дөрөв –
Ганцхан шөнө үлдлээ, цадиггүйн хэмжээ дуусав
Газарт түгсэн одод минь, гийгүүлэнхэн соёрхооч
Гантай хэт шиг насны минь сүүлчийн чөлөөт өрөөнд
Галтай залуу цогцсоо гаргаж нэг мялаагаач.
Аяа тэр залуу насыг та нар мэднэ шүү дээ
Алаг нүдний чинь харцанд бие мэдэн өртөж
Амьд бурхны хишгийг хүртээх ёстой цэцэгст
Автобусны талон шиг толгой дараалан түгээж
Бутархай мөнгө шиг үнсэлтээр хариу шагнуулж явахдаа
Буурал ихсээс ичсэнгүй булбарай нялхсаас зовсонгүй
Будант энэ үеийнхээ цэл залуу хэвлийд
Бурхан чөтгөрийн эрлийзийг цутгаж байсан бус уу ?
Зүс таних, танихгүй, янагийн олон тэнгэр минь
Зүрх гэгчээр чи бид тоглоом шиг наадаж
Зүлэг ногоот зуны цэнхэр буданд хөлчүүрч
Зүүд нойрын онгод шиг цэнгэж явсан бус уу ?
Хорвоо дэлхийг жиндүүлсэн хоёр одны тохиол шиг
Хотын өргөн зээлээр хотолзонхон гунхаж
Алаг цоохор махтай газрын зураг шиг хуушуурыг
Амьтны тоосон дунд хуваалцаж явсан бус уу ?
Буурал алаг таксины арын суудалд тэврэлдэж
Бужигнаан ихтэй хотоос алсын уул уруу зугтаж
Бургаас модны гүнд амьдын жаргал эдэлж
Буян нүгэл хоёроор тоглож явсан бус уу ?
Шилэн торго адил залуу зөөлөн цогцсыг
Шимэн үнсэж байхад цээр хориг байсангүй
Шив шинэхэн зуны үүр цүүрийн шүүдэр шиг
Шиврэн гарах хөлсөнд минь нүүр угаахаас буцсангүй.
Одоо тэгвэл алдрай минь миний улирал солигдлоо
Онгон зуны шөнө шиг бараахан үсэн дунд минь
Одон солир зуржээ ! би чинь явах боллоо.
Орхин одох цэнгэлтэйгээ салах ёсоо гүйцэтгэв.
Хорвоог гижигдэм танхил уяхан нуруугаа
Хорасан тахир сэлэм шиг нумлаж
Хоёр мээмээрээ уушиг зүрхийг минь тэмтэрч
Хорзын дээжийг чи уруулаараа над уулгаач !
Ширмэн өнгөтэй хорвоод алтан хадаас шиг явахдаа
Шилэн болор жүнзийг шимж амталж ханалаа.
Шим сайтай сархдын зүрх түлэм дээжийг
Чиний амаар дамжуулж хүртэх нэгэн дутуу байна .
Нанчдын ааганд би согтоё. Алдрай минь зөвшөөр
Надаас харин чи согт алагхан нүдэн минь
Насан залуугийн сүүлчийн дуслыг шавхан шимж
Навчин улааны тамгаа хүзүүнд минь дарж хайрла.
Улаа өртөө дамжсан их төрийн зарлиг шиг
Улаан тамга даруулсан хүчин төгөлдөр хүн
Уяхан та нарын сүргийг уйлууланхан орхиод
Уймраа өвгөний замаар салжилж одоход амар.
Сормуусан цаанаа инээж дуугүй битгий суугаач
Согоо сайхан дүрээ нүцэглэнхэн харуулаач
Сохор заяат орчлонгийн хөлгүй цэнгэлийн дээжийг
Согтууранхан амталъя. Надаас чи автугай.
Залуу нас минь маргааш үгүй болно.
Залуу цогцсын хэмжээ маргааш бас дуусна.
Заарын үнэр, янагын амт, хайрын гал
Энэ шөнийн орноо цагаан даавуун дотор үлдэнэ.
Ав, хонгор минь, ав, чиний мэдлийн юм шүү.
Аадрын үүл шиг шивэрч эх биеийн чинь дээгүүр
Ахиад яруу найрагчийн залуу нас бүрхэхгүй!
Аяа тэгэхэд зүрх чинь ганцхан намайг үгүйлж мэднэ!
Yгүйлэн үгүйлэн санавч янагийн домен зууханд чинь
Yнэтэй залуу насаа багц багцаар нь шатааж
Yнсэн тамшаах аманд чинь диваажинг амлуулж явсан
Yүлэн чөлөөний наран ахиж чамд харагдахгүй.
Харин чиний зүрхнээс, рестораны хундаганаас
Харанхуй шөнийн гудамжнаас, эзгүй хээрийн бургаснаас
Хаш цагаан орны эргүүлж хаясан хөнжлөөс
Халуун залуу өдрүүдийн шүлгийн мөрүүд сонстох бий !
Ухаан алдам хайрын мөнхийн усаар бичсэн
Уурга алдам шүлгэнд миний залуу нас бий.
Уужим энэ дэлхийд нэг хүн залуу явсан юм ! гэж
Уяран сонсох болгондоо санаж яваарай алдрай минь !
БИ
(Ирээдүйд илгээх захидал)
Залуу насны цусыг, хөгшрөх насны хөлсийг
Зарцуулж дусал дуслаар нь тоолсон.
Зарим нь оносон, зарим нь алдсан, зарим нь бүр төөрсөн
Задгай шүлгүүд бол та нарын юм !
Та нарт өргөх миний бэлэг
Та нарын эрин үед төлөх миний төлбөр
Та нарын нийгэмд тавих миний
Тайлан илтгэл, танилцуулах хуудас, хөшөө дурсгал мөн.
Эгэл ардын эгэл шүлгэнд минь
Эсгэсэн оёсон гоёл байхгүй.
Эрээлсэн будсан чимэг байхгүй
Эрээгүй бялдуучлал, гүтгэлэг байхгүй.
Энд миний дотоод ертөнцийн
Эхлэл төгсгөл, эвдрэл хөгжил, хур тогтоц бий !
Буруу ч бай, зөв ч бай
Бусад хэний ч гаргаагүй
Будаагүй
Будгийг нь халцлаагүй миний өнгө бий !
Миний шүлгийн цар
Миллиметрээр ч юм уу, километрээр ч юм уу
Нарийн өргөн ямар хэмжээг хамарсан байваас
Намайг харах телевизийн дэлгэц тэр !
Оршил буюу омгорхол дууслаа
Одоо намайг харцгаа !
1. Миний нэр
Өвөг минь Монгол, омог минь Боржигон
Овог минь Ренчин, өөрөө би Чойном.
Хүрдний маань шиг энэ зургаахан үсэг
Хүлээх газрын цонхны тоосон дээр байлаа.
Хүндлүүлж номын нүүрэн дээр,
хараалгаж ялын тогтоол дээр байлаа.
Хүүхний аманд заримдаа тарни болсоор
заримдаа хараал болсоор
Хүнд цагт нь мөнгө болж ч явлаа
Хүүхдэд нь овог болж ч явлаа.
Хэрэгцээний бутархай мөнгө шиг
Хээгүй мөртөө чухаг нэр болж
Жараад оны эхээр Улаанбаатарын
Жаал хүүхнүүдийн халаасаар дүүрч байлаа.
Хот газрын хагссан залууст
Хоолны оронд хоол, цайны оронд цай болж
Ганц номны минь төлөө хоёр залуу
Гараа тулгартал зодолдож байлаа.
Оюутан дүү нар миний нүдээр
Олон хавар хийрхэж явлаа.
Олон үдэшлэг дээр миний нэр
Одтой барилдсан бөх шиг цоллуулж явлаа.
Орох бороо шиг алга ташилтаар шагнуулж
Овоо байлаа.
Одоо ч хуучраагүй байна.
Олон арван, зуун, мянган жилийн хойно ч
Огцорч бүү хуучраасай гэж
Энэ зууныхаа нэрийн өмнөөс
Эрхбиш би хүсэх байна.
2. Аав бидэн хоёр
Нэрийг минь хайрласан хүн – Аав
Нэгэн биеийг минь заяасан хүн – Аав
Нээгдэж амжаагүй өргөст цэцгийг орхиод
Нэн эрт явсан – Миний Аав !
Цанид номын тарнийн үсгээр
Цаст Гималайг давуулан авчирсан
Хүн бүхэнд байдаггүй нэрийг баруун чих минь
Х.Цэрэнсодном бус Гилогринчинээс
Хэлж өгсөн юм гэсэн
( Санавал аав минь тэр зүгийн номд
Саяхны оюутнаас арай дээр байсан байлгүй )
Сар жилүүд тэр үеэс хойш улирсаар
Сахал ургаж би гучин намрыг үджээ.
Эргэж бодоход миний бага нас
Эрээн бараан болоод уйтгар гуниг ихтэй
Илчилгүй нүүдлийн зэрэглээт зам дээр
Эрт өнчирч орой бойжсон байна.
Аав минь, хөөрхий аав минь
Амьдрал хэмээх сархдын
Алтанхан аягыг та
Арай эрт хөмөрч дээ !
Эрт намайг орхиж
Ээжийг дүү нарыг минь орхиж
Эдүгээ би орхисон настай чинь чацуу болоод
Эл зэрэмдэг шүлгийг хэлхэж сууна.
Алаг үрийн элэг өвөрлөсөн болохоор
Аавдаа би эгэлгүй хайртай билээ
Анх үзсэн ертөнц минь гучин хэдэн он болохоор
Аав бид хоёр нэгэн гэрт багтсангүй.
Эрхэлж суусан чулуун тоглоом дээрээс минь
Эцэг бид хоёр хоёр тийшээ явсан юм.
Эргэж тэр хүн ч харсангүй, эргэж би ч харсангүй …
Эргэж сүүлд харахад тэр хүн алга байлаа.
Өмнөх үедээ би
Өстэй төрсөн ч юм уу.
Сэлгэж үлдсэн үеийнхэндээ аав минь
Сэтгэл дундуур ч байсан юм уу.
Нарийн юмыг нь би ч залхуугүй сүйтгэж
Намайг эцэг минь залхуугүй шийтгэж
Эцсийн эцэст цэрэг суран бүсний
Эр цунгийн зузаан хавдрууд үлдээгээд
Энэ биеийг минь долоохон насан дунд
Ээж дүү нарыг минь олоохон гачаал дунд
Эх орноо дэлхийн дайны сүүдэрт
Гучин долоохон насандаа орхисон.
Тэр хүнийг байхад ач гавьяагий нь мэдсэнгүй
Тээршээж бараг ад үзэхэд бэлэн байсан
Тэнэг дуулгаваргүй балчир нас минь .
Аавыг
Амьсгаа хураасан 1943 оны гантай намар
Алс өрнө зүгт Курскийн их тулалдаанд
Ажилчин тариачны хүүхэд
Аричуудын ган болд хоёр хутгалдаж
Азай буурал Европ нойр хоолгүй чичирч байхад
Арай эртдэж хугацаа нь дууссан юм.
Адайр тэнэгхэн балчир нас мину !
Тэр хүнийг явчихаар ач гавьяагий нь
Би ч ойлгосон юм.
Биш нь ч ойлгосон юм.
“ Тэнэгүүд нь үлдэж цэцэн нь явчих юм даа “ гэж
Амьдад нь хэрэлдэж муулж явсан хүн
Алгаараа нүдээ арчсан гэдэг.
Алган дээр нь
Арвайн үрэн чинээ доголон нулимс
Байсан ч юм уу
Байгаагүй ч юм уу –
Бүү мэд !
Байсан л байх болтугай.
Харин тэр хүнийг явчихаар
Ханат гэрийн минь хоймор тал
Харлан хонхойх шиг болсон юм.
Айл хот даяар тэр хүний
Аргилдуухан дуу нь үгүйлэгдэж
Айл хотлоороо өнчрөх шиг болсон юм.
Хээрийн бэлчээр сумын нутаг
Хээр морин дээр
Хэлтгийдүүхэн суусан тэр хүнээр дутаж
Хэсэгтээ өвөл болж өгөхгүй удаж
Мэгдрэхдээ
Мэнэрсэн тэнгэр манарсан газар хоёр
Мэгшин гиншин орилох шиг
Мичин жилийн их зуд болсон юм.
Байгаль хэмээх догшин эцэг
Баллуураараа
Балрын зуршил
Баячуудын омог дээрэнгүй зан
Хоттой малыг нь
Хоёр зуун сая хүргэ ! гэсэн тушаалтай хамт
Арчаад өнгөрсөн юм.
Адилхан дааруулж
Адилхан өлсүүлж
Алсын энэ нийгэмд
Овоо дөхүүлж өгсөн юм.
Олоон хүний
Омгийг нь дарж өгсөн юм.
Хүнийг муу хэлэх нь бус би ч гэсэн
Хүүхэд байхдаа
Олон удаа аавыгаа уурлуулсан
Одоо гучин жилийн хойно магтаж сууна.
Хаа ч гэсэн
Хэзээ ч гэсэн, хэнийг ч гэсэн амьдад нь
Харааж
Хавчиж
Хардаж
Хазайлгаж
Хажуу бөөрнөөс нь
Өр хонгоноос нь, улнаас нь ухаж ухчихаад
Yхэхээр нь
Yүрд садаа болохгүй болохоор нь
Өөрөөс нь урьтаж талхыг нь идэж чадахааргүй болохоор нь
Өргөн олонд
Арай дөмгүүр харагдахгүй болохоор нь
Ганц үгээр хэлбэл магтаал гарзгүй болсон цагт
Гай ч болохгүй, нэмэр ч болохгүй болсон цагт
Гашуудаж
Газар хотойтол магтдаг юм байна.
Yгүй ээ !
Yхсэн хүнд нэхэн олгох
Yнэгүй алдар, үнэгүй магтаал хэрэггүй.
Yнэн л хэрэгтэй !
Хүнийг хэнийг ч гэсэн үхэхээр нь
Хрущев шиг авсыг нь ухахгүй л байвал болоо !
( Чадалтай бол амьдад нь товлоно биз
Чадалгүй бол хохь нь )
Авсаа тонуулсан тэр сахалт хүн шиг
Аав минь тийм том гавьяатан биш
Амьтанд хал балгүй
Ард хүн байсан юм.
( Амьтанд хал балгүй явна гэдэг үнэндээ
Айхтар том гавьяа юм шүү ! )
Хооронд маань яс хаясан тэр цаг үеийн
Хол явахгүй мунхруулал арилж
Хожуу би аавыгаа ойлгож
Хосгүй өрөвдсөн юм.
Аав минь эгэл нэгэн боловч
Ааваас цааших бүх үеийг харах
Аргагүй “миний цонх” тэр хүн билээ.
Тэр хүнээр би хорьдугаар зууны эхэн үеийг харж
Тэр хүнээр би арван есдүгээр зууныг харж
Тэмцэл, цөхрөл, Амарсанаа, Чингүнжавыг харж
Тэнүүн говийн ухаантан Равжаа хутагтыг харж
Тэмүжин, Аттиль, Эртний Дорно дахиныг харж
Тив дэлхийнхээ үсэн буурал эринийг
Хүн төрөлхтний хүүхэд үетэй нь ойлгоном !
3. Залуу нас мину !
Өнцөг нь мөлийсөн хиртэй ёотонгоо харамлаж
Өсөхөд минь сульдаа, улаан эсэргэнэ, хамуу томуугаа
Өгч гийгүүлсэн
Өнөөх дайны хүнд жилүүд
Өнөөх зуд турхант өвлүүд
Өнчрөл, нүүдэл
Өлсөх, ядрах, бусдад ад үзэгдэх …
Бас хүнд үрчлэгдэх бүгдээрээ нийлээд
Балчир насыг минь тас огтолсон юм.
Балчир насыг минь тас огтлоод
Бага насыг алгасаад, залуу насыг хүчээр залгасан юм.
Гундуухан сэтгэл, гандуухан цогцсонд
Гутал нь цоорхой, дээл нь ноорхой
Инээд хүрмээр тэр залуу нас
Уур хүрмээр эрт эхэлсэн юм.
Уурлахдаа би :
Уурга дааж ядан, эргэцээ мориндоо мордож ядахдаа
Ус багатай худаг дээр цангасан малыг цатгаж ядахдаа
Урж идчих шахсан тахилчийн Очирын Бүтэдмаагийн
Уруул үг хоёрыг дийлж ядахдаа
Урмыг нь, хүслийг нь хангаж ядахдаа
Увайгүй энэ хорвоогийн
Учрыг нь олж ядахдаа
Улсын нүднээс далд
Уйлж явсан юм …
Сэтгэгдэл:
Тэр жил тэнэг Цог гуай
Тэмээнд тийрүүлээд цусаар бөөлжиж
Тэрнээс хойш улам тэнэг болсон гэлцдэг
гэдэг хэсэг нь алга даа
Би чинийхээ хархан нүдний сормуус чинь болъё
би чинийхээ уруул дээрхи мэнгэ чинь болъё гэдэг шүлэг байдаг билүү хайгаад олохгүй юм .олж өгч туслаач баярлалаа